Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2022/01757

 

 

 

 

 

 

 

 

   2022 оны 08 сары 10 өдөр

                             181/ШШ2022/01757

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Би/РД /-д холбогдох,

 

10,700,000 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дашжаргалын Б би Эрэнбаатарын Битэй 2019 оны 11 сарын 2-ны өдөр Тэтгэлэгт зуучлах гэрээ байгуулан гэрээний дагуух урьдчилгаа төлбөр 2,675,000 төгрөгийг 2019 оны 11 сарын 4-нд, үлдэгдэл төлбөр болох 8,025,000 төгрөгийг 2020 оны 9 сарын 17-ны өдөр төлж, нийт 10,700,000 төгрөгийг Э.Биий Хаан банкны 5058293888 тоот дансанд шилжүүлсэн.

Би хонож өнжиж байж 6,000,000 төгрөгийг авсан. 10 сая төгрөгийг өгөөд 4 жил болж байгаа учраас энэ хүнээс тодорхой хэмжээний хүү авах ёстой гэж бодож байгаа. Өргөдөлдөө тийм зүйл бичээгүй учраас шийдвэрлэхгүй юм шиг байна лээ. Анх гэрээ хийхдээ хүүхдийг сургуульд явуулж өгөхгүй бол мөнгөний талаар тооцоо хийнэ гэж хэлээгүй. Би явуулна гэж бодож байсан. Гэрээ хийгээгүй учир танайд хамаарахгүй юм шиг байна.

Э.Би гэрээгээ зөрчиж, үйл ажиллагаагаа явуулаагүй учир Э.Биээс 10,700,000 төгрөгийг гаргуулан өгнө үү.” гэв.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан “Хаан банк” ХХК дахь депозит дансны 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулгууд, 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Тэтгэлэгт зуучлах гэрээг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Б хариуцагч Э.Бид холбогдуулан 10,700,000/арван сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Э.Бид 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан боловч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ.” гэж заасан.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэн Ч.Чулуунбаатар нь “Монголын хүүхэд залуучуудын боловсрол хөгжлийн төв” ТББ-тай 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Тэтгэлэгт зуучлах гэрээ” байгуулсан болох нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Тэтгэлэгт зуучлах гэрээ”-р тогтоогдож байна.

 

 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Тэтгэлэгт зуучлах гэрээ”-ний 1-ийн 1.2, 2, 4-ийн 4.1-т зааснаар “Монголын хүүхэд залуучуудын боловсрол хөгжлийн төв” ТББ нь Ч.Чулуунбаатарыг БНХАУ-ын их дээд, сургууль, коллежийн 2020-2021 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хамруулах, Ч.Чулуунбаатар нь төлбөр 10,700,000/арван сая долоон зуун мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Тэтгэлэгт зуучлах гэрээ”-р тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ ...” гэж заасан.   

 

Иргэн Ч.Чулуунбаатар, “Монголын хүүхэд залуучуудын боловсрол хөгжлийн төв” ТББ нар нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дахь хэсэгт заасан Нэрлэгдээгүй гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь Ч.Чулуунбаатар миний төрсөн хүүхэд, нэхэмжлэгч нь хариуцагч Э.Бид Гэрээний төлбөр 10,700,000/арван сая долоон зуун мянга/ төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Бид 10,700,000/арван сая долоон зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь “Хаан банк” ХХК дахь 5028170883 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөрөөс 6,000,000/зургаан сая/ төгрөгийг буцаан төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд ... буцаан шаардах эрхтэй:”, 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй ... хүчин төгөлдөр бус болсон;, 493 дугаар зүйлийн 493.1-т “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө ... нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна.гэж заасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хооронд үүрэг үүссэн гэж ойлгож хариуцагчид 10,700,000/арван сая долоон зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн байх боловч зохигчийн хооронд үүрэг үүсээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 6,000,000/зургаан сая/ төгрөгийг хүүнд тооцож авсан гэж тайлбарлаж байх боловч зохигчид хүү тооцохоор харилцан тохиролцсон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь 10,700,000/арван сая долоон зуун мянга/ төгрөгийг үндэслэлгүйгээр олж авсан байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нийт 4,700,000/10,700,000-6,000,000=4,700,000/ /дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 6,000,000/зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Биээс нийт 4,700,000/дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид Д.Бд олгож, үлдсэн 6,000,000/зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 186,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 90,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Биээс нийт 4,700,000/дөрвөн сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид Д.Бд олгож, үлдсэн 6,000,000/зургаан сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 186,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Биээс улсын тэмдэгтийн хураамжид 90,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ХИШИГБАТ