| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-04-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дашням |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
2025 04 03 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал ,
Улсын яллагч Д.Дашням
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530000240040 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Баазын 8 айлын байрны” 01-08 тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “DJ Tower” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Хоорондоо хэл амаар муудалцаж доромжилсноос болж муудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан гэв.
2530000240040 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч ******* “...Би 2024 оны 12 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнийн 01 цагийн үед найз *******тай хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “DJ Tower” бааранд орсон юм. ******* бид хоёр тухайн бааранд миний танил тааралдаад нэг ширээнд суугаад юм ярьж байхад миний зүс таних гэх залуу гаднаас орж ирсэн. Тэгээд бид нартай хамт суугаад юм ярьж байгаад бид хоёр үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдсан. Тэгэхэд нь миний толгой руу гартаа барьж байсан шилээр цохисон. Тухайн асуудлаас болж миний сэтгэл санаанд ямар нэг хохирол учраагүй тул сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримт байхгүй. Надад гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10 х ),
Гэрч “...Би 2024 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим дүү Мягмарсүрэнгийн гэрт байх үедээ найз рүү залгаад уулзахаар болсон. Тэгээд намайг ирж аваад бид хоёр уулзаагүй удсан болохоор нэг газар хоолонд ороод “Сэнгүр” нэртэй лаазтай пиво 2 ширхгийг хувааж уусан. Тэгээд 00 цагийн орчим 16 давхрын лоунжид 1 хүний хоёр пиво уугаад тэндээсээ гараад “DJ Tower” бааранд орсон. Тухайн бааранд бүжиглээд, пиво уугаад сууж байсан. Тухайн үед би пиво их уусан байсан болохоор согтоод ширээн дээр нам унтсан байсан. Тэгээд намайг унтаж байхад намайг нэг юм онох шиг болоод би сэрсэн чинь манай найз ийн толгой нь хагарсан цус гоожиж байсан. Тэгээд нь аа гэх залуутай маргалдаад байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16 х),
Гэрч “...Би 2024 оны 12 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 04 цагийн үед баарныхаа үйл ажиллагааг зогсоогоод хаах гээд үйлчлүүлж байсан хүмүүсээ гаргаж байхад миний танил *******, Х.******* нар ирээд надтай хамт гаръя гээд байхаар нь би хамт жаахан суусан юм. Тэгтэл ******* гэх хот хоорондын тээвэрт явдаг миний танил залуу орж ирээд бид нартай сууцгаасан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад сууж байтал *******, ******* хоёр хоорондоо юм ярьж байгаад гэнэт ам зөрөн маргалдаж ******* гартаа барьж байсан пивоны шилээр ******* толгойг цохисон. Тэгтэл ******* толгойноос их хэмжээгээр цус гараад эхэлсэн. Тэгээд ******* нь уурлаад гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-21 х),
Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 26 х),
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 64 дугаартай “...1. ******* биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 27-28 х),
Яллагдагч *******ын “...2024 оны 12 дугаар сарын 17-оос 18-нд шилжих шөнө 02 цагийн үед Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “DJ tower” бааранд орсон юм. Тэгээд тухайн бааранд архи, пиво ууж бүжиглээд нэлээд удсан. Тэгээд баар хаах болоод гадагш гарчхаад буцаад ортол миний танил Н.Нямбаяр, н., дахиад нэг танихгүй залуу нар байсан. Тэгээд би тухайн хүмүүстэй нэг шил виски задлаад ууж байх зууртаа *******тэй ярьж байсан зүйлээсээ болоод хоорондоо маргалдсан. Тэгээд хоорондоо ам зөрж маргалдаж байснаа санаж байна. Тухайн үед би уусан архиндаа согтсон байсан болохоор цааш болсон асуудлын талаар санахгүй байна. Дараа нь Н.Нямбаяр, ******* хоёр надад хэлэхдээ намайг пивоны шилээр ******* толгой руу цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45 х),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 33 х /
Шүүгдэгч Г.Тамиын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 х/
Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “DJ Tower” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч ******* “...******* бид хоёр тухайн бааранд миний танил тааралдаад нэг ширээнд суугаад юм ярьж байхад миний зүс таних гэх залуу гаднаас орж ирсэн. Тэгээд бид нартай хамт суугаад юм ярьж байгаад бид хоёр үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдсан. Тэгэхэд нь миний толгой руу гартаа барьж байсан шилээр цохисон...” гэх,
Гэрч “...Тухайн бааранд бүжиглээд, пиво уугаад сууж байсан. Тухайн үед би пиво их уусан байсан болохоор согтоод ширээн дээр нам унтсан байсан. Тэгээд намайг унтаж байхад намайг нэг юм онох шиг болоод би сэрсэн чинь манай найз ийн толгой нь хагарсан цус гоожиж байсан. Тэгээд нь аа гэх залуутай маргалдаад байж байсан...” гэх,
Гэрч “... Тэгтэл ******* гэх хот хоорондын тээвэрт явдаг миний танил залуу орж ирээд бид нартай сууцгаасан. Тэгээд бид нар хоорондоо юм яриад сууж байтал *******, ******* хоёр хоорондоо юм ярьж байгаад гэнэт ам зөрөн маргалдаж ******* гартаа барьж байсан пивоны шилээр ******* толгойг цохисон. Тэгтэл ******* толгойноос их хэмжээгээр цус гараад эхэлсэн. Тэгээд ******* нь уурлаад гараад явсан...” гэх
Яллагдагч *******ын “...Тэгээд би тухайн хүмүүстэй нэг шил виски задлаад ууж байх зууртаа *******тэй ярьж байсан зүйлээсээ болоод хоорондоо маргалдсан. Тэгээд хоорондоо ам зөрж маргалдаж байснаа санаж байна. Тухайн үед би уусан архиндаа согтсон байсан болохоор цааш болсон асуудлын талаар санахгүй байна....” гэх мэдүүлгүүд, яаралтай тусламжийн хуудас, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 64 дугаартай “...1. ******* биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “DJ Tower” бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт нь пивоны шилээр цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж пивоны шилээр толгой руу нь цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тэй маргалдаж түүний толгой руу пивоны шилээр цохиж зодон эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй байдал зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба ******* нь уг хохирлын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч ******* гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР