Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2022/02444

 

 

 

  2022           05           25                                     101/ШШ2022/02444

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч З.Баярмаа,  Б.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.М-д холбогдох

Гэм хор учруулсны хохиролд 5,449,000 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Бат-Очир, хариуцагч М.М-, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар зохигчдын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б- хариуцагч М.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,449,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах  байдлаар тодорхойлсон. Үүнд: 2021 оны 05 дугаар сарын 29-ний шөнийн 04 цагийн орчимд М.М- надруу залгаж манай найз намайг хаяад явчихлаа чи ирж ав гэхээр нь За гээд Баянзүрх дүүрэг, 26 дугаар хорооны нутагт байрлах Сүмбэр Орд хотхоны 601 дүгээр байр 709 тоотод байх М.М-ийн гэрт очиход зүс таних Амарболд ганцаараа унтаж байсан 5 минутын дараа М.М- согтуу орж ирээд надруу агсам тавьж үгийн зөрүүгүй нүүр дүү 2 удаа маш хүчтэй цохиж миний хамрыг хугалж биед гэмтэл учруулж мөн миний гар утсыг шидэж ашиглах боломжгүй болгож эвдэлсэн.

Уг асуудлаар Б.Б- миний бие Цагдаагийн байгууллагад хандаж Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс эрүүгийн ******* дугаартай хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.дэх хэсэгт зааснаар М.М-д холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах гэм хорын хохирлоо гэм буруутай этгээд буюу М.М-эс холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсэн.

М.М- нь миний бие учруулсан гэмтлийн эмчилгээний зардал, гар утас эвдсэн хохирол огт барагдуулаагүй би өөрийн зардлаар Гоёл медикал гоо сайхны эмнэлэгт хамраа засуулсан. Иймд М.М-эс хамрын хугарал засах мэс заслын зардал 4,500,000 төгрөг, ******* А51 маркийн гар утасны төлбөр 949,000 төгрөг нийт   5,449,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.М- хариу тайлбартаа:М.М- миний бие нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Би 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Б.Б-ийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч найзаасаа уучлалт гуйсан. Одоо бидний харилцаа энгийн найз нөхдийн харьцаатай байгаа. Б.Б-  хэрэг болохын урдах нь хамар өндөрлүүлэх хагалгаанд орсон байсан. Нэхэмжлэлийн шаардлагад бичсэн шиг би дуудаагүй, Батцэнгэл манайд амьдарч байсан бөгөөд хэрэг 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай гэрт миний хажууд, бид хоёроос гадна өөр 4 хүн байсан.Батцэнгэлийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох мэс заслын зардалд 4,500,000 төгрөгийг би зөвшөөрөхгүй. Би өөрөө өмнө нь хамар өндөрлүүлэх хагалгаанд орж байсан.Би энэ төрлийн мэс заслын төлбөрийг судалж үзэхэд эмнэлгүүдийн төлбөр 1,500,000 төгрөгөөр хийгддэг юм байна. Гоёл медикал эмнэлгээс тодруулахад мэс заслын төлбөрийг 1,500,000 төгрөгөөр хийнэ гэсэн. Хавтас хэргийн 12 дугаар талд байгаа нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн 4,500,000 төгрөг гэсэн баримт шүүхийн журмаар Гоёл медикал эмнэлгээс ирүүлсэн баримт 2,600,000 төгрөг гэж үнийн дүн зөрдөг.Гар утасны төлбөр нэхэмжилсэнг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэг гарах үед ямар нэгэн гар утас яригдаагүй,энэ талаар хохиролд тооцсон зүйл  байхгүй, би зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусдыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд:Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1294 тогтоол (хх-ийн 5-9), мөнгөн орлогын баримт (хх-ийн 12), гэрэл зураг(хх-ийн 13), Гоёл медикал гоо сайхны эмнэлгийн үзлэг(хх-ийн 34),  зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.

Талуудын хүсэлтээр шүүх:Гоёл медикал эмнэлгээс ирүүлсэн баримт(хх-ийн 48-54),Мобиком ХХК-иас ирүүлсэн Гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээ(хх-ийн 71-73) баримтыг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлээс 2,600,000 төгрөгийн шаардлагыг хангаж, 2,849,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч  Б.Б-  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М.М- эрүүл мэндэд гэм хор учруулсны улмаас хамрын мэс ажилбарт орсны төлбөр 4,500,000 төгрөг, гар утас эвдэлсний төлбөрт 949,000 төгрөг нийт 5,449,000 төгрөгийг гаргуулахаар тодорхойлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн болно.

Хариуцагч М.М-  гоо сайхны эмнэлгүүдийн төлбөрийг судалж үзэхэд хамрын мэс заслын төлбөр 1,200,000-1,500,000 төгрөгийн хооронд хийгддэг ханштай байх тул энэ хэмжээний үнийн дүнг хүлээн зөвшөөрнө, хэрэг гарах үед ямар нэгэн гар утас яригдаагүй, энэ талаар хохиролд тооцсон зүйл  байхгүй тул төлөхгүй гэж маргасан.

1.    Мэс заслын зардал 2,600,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/1294 дугаар Шийтгэх тогтоолоор хариуцагч М.*******ийг 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 06 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодолдож, нэхэмжлэгчийн эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун дал, баруун бугалга, сүүж, бүсэлхийн урд болон баруун хажуу хэсэг, баруун сүүжний дэлбэн, зүүн мөр, бугалганы цус хуралт буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д эх хэсэгт зааснаар хариуцагчид холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.(хх-ийн 5-9)

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан.

Хариуцагч М.М-ийн  буруутай үйлдлийн улмаас Б.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх тул тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч  Б.Б- 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  Гоёл мэдикал гоо сайхны эмнэлэгт Мэс засал /мэс ажилбар/ хийлгэх үйлчлүүлэгчийн зөвшөөрлийн хуудас-т (Лгарын үсэг зурж, 2,600,000 төгрөгийн төлбөрийг төлж,  мэс ажилбар хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын тайлбараар нотлогдсон, дээрх мэс ажилбар хийлгэсэн нь  гэмт хэргийн  улмаас Б.Б-ийн биед учирсан гэмтэлтэй хамааралтай болно.(хх-ийн 48-50, 52-53)

Хариуцагч шүүхийн хэлэлцүүлэгт “ .... хавтас хэргийн 12 дугаар талд авагдсан эмчилгээний төлбөр 4,500,000 төгрөг, шүүхийн журмаар цуглуулсан баримтаар мэс ажилбарын төлбөр 2,600,000 төгрөг гэсэн баримтууд өөр хоорондоо зөрөөтэй, бусад гоо сайхны эмнэлгүүдийн үнэ тариф 1,200,000- 1,500,000 төгрөгийн хооронд байдаг тул 1,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө.” гэж маргасан.

Хавтас хэргийн 12 дугаар талд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Бэлэн мөнгөний орлогын баримтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэж уншигдах Гоёл, Батцэнгэл, хамар гэмтэл засах 4,500,000 төгрөг гэх баримт нь нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болсон баримт гэж дүгнэх боломжгүй.

Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт Гоёл медикал гоо сайхны эмнэлгээс ирүүлсэн “Мэс засал /мэс ажилбар/ хийлгэх үйлчлүүлэгчийн зөвшөөрлийн хуудас”-ны  Мэс заслын төлбөр хэсэгт ...Та мэс заслын төлбөрийн бэлэн болон бэлэн бусаар мэс засал хийлгэхийн өмнө бүрэн төлсөн байна... гэж, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бэлэн мөнгөний орлогын баримт №88700909 дугаарт Б.Б- /хамар мэс 2,600,000 төгрөг/-ийг төлсөн, мэс заслын тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч Б.Б-ийг тухайн мэс ажилбарт 2,600,000 төгрөгийн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Харин дээрх  гэрээнд дурдсан өдрөөс хойш  1 өдрийн дараа  буюу 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлөгдсөн 4,500,000 төгрөгийн баримт нь нэхэмжлэгчийг мэс ажилбар хийлгэснээс хойш төлөгдсөн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэхээргүй байна.

Иймд хариуцагчаас эрүүл мэндэд гэм хорын хохирол учруулсны төлбөрт 2,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

2. Гар утасны төлбөр 949,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.Б- гэмт хэрэг үйлдэх үед миний гар утсыг авч хана руу шийдэж эвдэлсэн тул 949,000 төгрөгийг төлбөр гаргуулахаар шаардсан.

Хариуцагч  М.М- хэрэг гарах үед ямар нэгэн гар утас яригдаагүй,энэ талаар хохиролд тооцсон зүйлгүй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”., 510 дугаар зүйлийн 510.1.-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчийн хүсэлтээр А.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан. Тэрээр шүүхэд мэдүүлэхдээ Би Б.Б- өөрийн нэрээр *******  маркийн A гэх гар утсыг зээлээр авч өгсөн, зээлийг өөрөө төлж дуусгасан гэх мэдүүлгийг шүүхэд өгсөн.(хх-ийн 75-78)

Эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн Шийтгэх тогтоолд  хохирогч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжилсэн зүйлгүй байх бөгөөд хавтас хэрэгт хохирогчоор мэдүүлэхдээ .. эмчилгээ хийлгээгүй болохоор одоо надад гаргаж өгөх баримт байхгүй учир нэхэмжлэх зүйлгүй байхгүй гэж дүгнэснээс үзэхэд хариуцагч М.*******ийн буруутай үйлдлээс гар утас эвдэрсэн гэх шалтгаант холбоо баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд хариуцагч М.М-эс 2,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,849,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нт хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч М.М-ээс гэм хор учруулсны хохиролд 2,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б--д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,849,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2., Иргэний хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 56,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                     З.БАЯРМАА

                                                                           Б.УНДРАА

Б