| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2022/00792/И |
| Дугаар | 101/ШШ2022/02535 |
| Огноо | 2022-05-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2022/02535
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:.Б.Б,
Нэхэмжлэгч: Б.Ц нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.Э-д холбогдох
Өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, өмгөөлөгч Ш.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбат, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б-, Б.Ц- нар хариуцагч Г.Э-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******ын 20 дугаар гудамж 0айлын орон сууцны 0давхарт 46.35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Нэхэмжлэгч Б.Б-, Б.Ц- нар нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Г.Э-тай харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, *******ын 00 дугаар гудамжны 00 тоот хаягт байрлах газар дээр Г.Э-ы барьж байсан 25 айлын үйлчилгээний зориулалттай орон сууцны 6 давхрын 00 .кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний 3.1-д зааснаар Захиалж буй орон сууцны үнэ нь 68,134,500 төгрөг гэж талууд тохиролцоод захиалагч талаас гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 34,134,500 төгрөгийг төлж үлдэгдэл 34,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж дууссан. Гэтэл хариуцагч Г.Э- гэрээний 5.1.2, 5.13-т заасан үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа дууссанаас хойш бид гэрээнд заасан үүргээ биелүүлж Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг удаа дараа шаардахад удахгүй гэж янз бүрийн шалтгаан хэлж хойшлуулан 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүрсэн ба сүүлдээ манай байрыг чөлөөл, төлсөн мөнгө буцааж ав гэх зэргээр байнга дарамталж Өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй хохироож байна.Гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлсэн байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад Өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхгүй биднийг хохироож байна. Гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлсэн буюу байрны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаад гомдолтой байх тул бидний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, *******ын 00 дугаар гудамжны 00 хаягт байрлах газар дээр Г.Э-ы барьж байсан 25 айлын үйлчилгээний зориулалттай орон сууцны 6 давхрын 00.35м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-, Б.Ц- нартай иргэн харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******ын 20 дугаар гудамжны 484 тоот хаягт байрлах газар дээр Г.Э-ы барьж байсан 25 айлын үйлчилгээний зориулалттай орон сууцны 6 давхрын 00.35м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Захиалж буй орон сууцны үнэ нь 68,134,500 төгрөг бөгөөд захиалагч талаас гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 34,134,500 төгрөгийг төлж үлдэгдэл 34,000,000 төгрөгийг гэрээний 4.1-д зааснаар 2019 оны 11дүгээр сарын 29-ний өдрийн дотор Т.Д ******* банкны *******00 тоот дансанд төлөх үүрэгтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нар үүргээ зөрчсөн тул манай зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 16, 2021 оны 05 дугаар сарын 01, 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд нийт 4 удаа мэдэгдлийг манай ажилтан М.М хүлээлгэн өгсөн.Захиалагч нар гэрээгээ зөрчиж мөнгөө төлөөгүй тул бид орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд:Голомт банкны дансны хуулга(хх-ийн6-7), Орон сууц захиалан бариулах гэрээ(хх-ийн8-10) зэрэг баримтын гаргаж өгсөн.
Хариуцагч талаас шүүхэд:хаан банкны дансны хуулга(хх-ийн47-48),Барилгын ажил гүйцэтгэх гэрээ(хх-ийн49-51), шаардах хуудас(хх-ийн52-57), батламж(хх-ийн58), зөвшөөрөл олгох тухай(хх-ийн59-60), Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын дүгнэлт(хх-ийн61-63), Санхеро ХХК-ийн захирлын тушаал(хх-ийн106),******* банзны Д.Д дансны хуулга(хх-ийн107-119) зэрэг баримтыг өгсөн.
Зохигчдын хүсэлтээр шүүх: гэрч М.Э мэдүүлэг(хх-ийн102-103),Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан тоот(хх-ийн105), гэрч М.*******ийн дэвтэр үзлэг хийсэн тэмдэглэл(хх-ийн122-127) зэрэг баримтыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б-, Б.Ц- нар хариуцагч Г.Э-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, гудамж, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлалтай,00.35 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 2 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч Г.Э- нэхэмжлэгч нарыг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар үлдэгдэл төлбөрийг 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүйгээс 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон болно.
Нэхэмжлэгч нар шаардах эрхээ “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан даруй 34,134,500 төгрөгийг, 12 дугаар сарын 03-ны өдөр үлдэгдэл 34,000,000 төгрөг нийт 68,134,500 төгрөгийг Т.Д Голомт банкны дансанд шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн тул өмчлөгчөөр тогтоолгоно гэж тодорхойлсон.
Хариуцагч Г.Э- нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-22000 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, *******ын 00 дугаар гудамж 00 тоот хаягт байршилтай 180000 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 398 м2 талбайтай Ж.Т өмчлөлийн газарт 00 давхар 00 айлын орон сууцыг барьж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 288/2020 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулжээ.(хх-ийн58-63)
Б.Б-, Б.Ц нар хариуцагч Г.Э-тай харилцан тохиролцож Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, *******ын 00 дугаар гудамж, 00 айлын 6 давхрын 00 тоот хаягт байрлалтай, 00.35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 68,134,500 төгрөгт тооцон худалдан авах, худалдахаар харилцан тохиролцож “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулжээ.(хх-ийн 8-10)
Талуудын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгаас үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцсэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ’ гэж зааснаар хариуцагч баригдаж буй орон сууцыг санал болгож, нэхэмжлэгч тохирсон үнийг төлсөн зэргээс дүгнэхэд талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдрийн талаар маргаагүй.
Дээрх гэрээний:
- 3 дугаар зүйлийн 3.1-д “Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо *******ын 00 дугаар гудамж 00 тоот хаягт байрлах Г.Э-ы барьж буй үйлчилгээтэй 25 айлын орон сууцны орон сууцны барилгын 6 давхрын 00 тоот, 00.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны нийт үнэ 68,1,34,500 төгрөг байна.”;
- 4 дүгээр зүйлийн 4.1.-д “Урьдчилгаа 34,134,500 төгрөгийг 2019.11.22-ны өдөр Т.Д ******* банкны ******* тоот дансанд шилжүүлэн төлнө. Үлдэгдэл 34,000,000 төгрөгийг 2019.11.29-ний өдөр дотор Т.Д ******* банкны ******* тоот дансанд шилжүүлэн төлнө.”;
- 5 дугаар зүйлийн 5.1.4-д “ажил гүйцэтгэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан тохиолдолд төлбөрийг 100 хувь буцаан олгоно.”;
- 6 дугаар зүйлийн 6.2-т “захиалагч нь орон сууцны түлхүүрийг урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлснөөр хүлээн авна.”;
- 6 дугаар зүйлийн 6.3-т “төлбөр бүрэн төлөгдсөн өдрөөс эхлэн захиалагчид орон сууц өмчлөх эрх шилжсэнд тооцно.”;
- 8 дугаар зүйлийн 8.1-д “талууд гэрээний үүрэг болон хугацаа тогтоож үүргийн гүйцэтгэлийг сануулсан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 60 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөнд тооцон нэг талын санаачилгаар цуцалж болох бөгөөд гэрээ зөрчсөн буруутай тал нь нөгөө талдаа гэрээний нийт дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нэг удаа төлнө” гэж тохиролцжээ.
Нэхэмжлэгч нар уг гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар орон сууцны урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулсан өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Т.Д ******* банкны *******00 дансанд 12,628 ам доллар буюу 34,134,500 төгрөгийг шилжүүлж, гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар хариуцагч түлхүүрийг хүлээлгэн өгч, Б.Б-, Б.Ц- нар орон сууцанд нүүн орсон талаар талууд маргаагүй.(хх-ийн 7,47)
Нэхэмжлэгч нар орон сууцны үлдэгдэл төлбөрийн гэрээнд зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлөх үүргийг хүлээснээр 2019 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 03-ны өдөр Голомт банкны 110000000 данснаас Т.Д ******* банкны ******* дансанд 34,000,000 төгрөгийг шилжүүлсэн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.(хх-ийн 8,48)
Хэрэгт шүүхийн журмаар бүрдүүлсэн “Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 00,35.м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Улсын бүртгэлд бүртгэгдээгүй болно.” баримтаар талуудын хоорондын маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх эрхийн гэрчилгээ хэн нэгний нэр дээр гараагүй байна.(хх-ийн 105)
Хариуцагч Г.Э- нэхэмжлэгч нарыг гэрээний үүргийн 4 дүгээр зүйлд зааснаар үлдэгдэл төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлөх ёстой атал үүргээ зөрчсөн тул гэрээг 11 дүгээр сарын 30-ны өдөр цуцалсныг, “орон сууц чөлөөлж, суллаж өгөхийг шаардах тухай” албан тоотыг нэхэмжлэгч нарт 12 дугаар сарын 16, 2020 оны 06 дугаар сарын 06, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд буюу нийт 3 удаа “Албан мэдэгдэл”-ийг хүргүүлжээ. (хх-ийн 54-57)
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д ”Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, энэ хуулийн 225.4.1.-д ”үүргийг ялимгүй зөрчсөн” үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах эрхтэй гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч нар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр 34,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд тухайн өдөр хуанлийн тооллоор Баасан гариг, төлбөр төлөгдсөн 12 дугаар сарын 03-ны өдөр хуанлийн тооллоор Мягмар гариг байх бөгөөд нэхэмжлэгч нар үүргийг ялимгүй буюу 3 өдрийн дараа төлөгдсөн тул үүрэг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Хариуцагч Г.Э- нь хууль буюу гэрээнд зааснаар нэхэмжлэгч нарт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй шууд гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан нь хуульд нийцээгүй гэж үзнэ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ”.... Г.Э- 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг С ХХК-тай байгуулж төлбөрийн нөхцөлд 00 тоотод байрлалтай 00.35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна” гэж тайлбарласан.
Зохигчдын хооронд байгуулсан “Орон сууц захиалан бариулах гэрээн”-д Г.Э- нь С ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан талаар дурдагдаагүй, нэхэмжлэгч нарт энэ талаар урд нь мэдэгдээгүй, мэдэх боломжгүй юм.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1.-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.”, энэ хуулийн 106.1.-д” Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б-, Б.Ц- нар Иргэний хуулийн.гэж зааснаар хариуцагч Г.Э-стай байгуулсан гэрээний үүрэгт Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 00,00.м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлж, худалдан авч шударга эзэмшигч болсон зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б-, Б.Ц- нарыг Баянзүрх дүүрэг, *дүгээр хороо, *дүгээр хороолол, *дугаар байрны *тоот хаягт байрлах 43,35.м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1., 116., 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Б.Б-, Б.Ц- нарыг Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дүгээр хороолол, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 00,35.м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 498,623 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 498,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ