| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Цэгмэд |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
2025 04 28 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,
Улсын яллагч Б.Цэгмэд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530000000086 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум дахь Зэвсэгт хүчний 0186 дугаар салбарт ахлах оператор ажил эрхэлдэг, ам бүл 2, эхийнхээ хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг, ******* тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* /РД: *******/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар түүний биед зүүн хөмсөг, дагзанд шарх, дух, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ******* “... 2025 оны 3 дугаар сарын 07-ний өдөр 16 цагт "Аяз" зоогийн газар... цэргийн ангийн эмэгтэйчүүдээ хүлээж авсан юм. Орой 22 цагийн үед "Аяз" зоогийн газраас гараад "Содон" баар луу ороод тэндээ бүжиглэж байгаад шөнийн 00 цагийн үед баарнаас гарч байхад ******* таараад гэр лүү нь хүргэж... өгтөл ээж, дүү хоёртоо агсам согтуу тавиад надтай маргалдсан. Маралдах явцдаа манай хоёр тогоочийг амтгүй муухай хоол хийдэг гэж хэлсэн. Тэгэхээр нь би цаанаасаа өгсөн материалаараа хоол хийж байгаа шүү дээ гэж хэлсэн чинь чи хоёр тогоочоо өмөөрлөө гээд над руу дайраад намайг түрүүндээ байсан морины хусуураар миний дух болон дагз руу цохисон. Миний дух болон дагз хэсэгт зүсэгдэж тус бүр дөрөв, дөрвөн оёдол тавиулсан байгаа. , , нар хамт байсан. Би Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний эмчид үзүүлж гэмтлийн зэргээ тодорхойлуулна. Надад гаргах гомдол, санал байхгүй. Надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй тул нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11-р хуудас),
Гэрч “...2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед манай нөхөр цэргийн ангийн хүүхнүүдээ хүлээж авна гээд “Аяз” зоогийн газар луу явсан. Тэрнээс хойш надтай холбоо бариагүй байж байгаад шөнийн 01 цагт над руу залгасан. Тэгэхэд нь би утсыг нь аваагүй юм. Тэгтэл манай найз над руу утсаар холбогдож танай нөхөр эмнэлэг дээр цус болчихсон ирсэн байна гээд ярьсан. Тэгэхлээр нь би нөхөр лүүгээ залгаад юу болсон талаар асуухад би *******аар толгойгоо хагалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ын хамт эмнэлэг рүү очсон. *******, З.Доржнамжим нар юунаас болж маргалдсан эсэхийг нь бол би сайн мэдэхгүй байна. Надад юунаас болж муудалцаж маргалдсан талаар хэлээгүй. Духан дээрээ язарсан, ар дагз дээрээ язарсан байдалтай байсан. Тухайн хоёр газраа тус бүр дөрөв, дөрвөн оёдол тавиулсан. Манай нөхрийн биеийн байдал нь одоогоор хэвийн байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18-р хуудас),
Гэрч ын “...Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. 2025 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө над руу ******* гэх хүн залгаад би хүнд зодуулчихлаа танай эмнэлэг дээр ирсэн байна гэж утсаар ярьсан. Тэгээд би шөнийн 02 цагийн үед эмнэлэг рүү очиход манай бага эмч, сувилагч хоёр цусыг нь цэвэрлээд оёдол тавихад бэлэн болгосон байсан. Тэгээд би ******* зүүн нүднийх нь дээд талд 3 см зүсэгдсэн шархтай хэсэгт дөрвөн оёдол тавьсан. Мөн арын дагз хэсэгт 5 см зүсэгдсэн шарханд дөрвөн оёдол тавьсан. Нийт найман оёдол тавиад боолт хийгээд явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37-р хуудас),
Гэрч гийн “...2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед манай цэргийн ангийн эрэгтэй алба хаагчид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан "Aяз” зоогийн газар эмэгтэйчүүдээ хүлээж авсан. Тэндээс 10 гаруй хүмүүс "Содон” баар луу очсон...”Содон” баарнаас шөнийн 00 цагийн үед харих гээд гарах үед ******* таарсан. Тэгээд З.Доржнамжим, Б.Эрдэнэпүрэв нарын хамт гэр лүү нь хүргэж өгөхөөр явсан... гэрийнх нь гадаа очоод *******ыг З.Доржнамжим гэрт чинь ирлээ буугаарай гэсэн буухгүй гээд З.Доржнамжимтай маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хоёулаа гадаа гаръя гээд машинаас буугаад муудалцаад байсан. ******* нь З.Доржнамжим руу морины хусуур бариад цохиод дайраад байсан. Тэгж байгаад тэр хоёр гэр лүү орсон. Тэгтэл ээж нь та нар хүүхэд архи уулгалаа гээд загнаад гараад ирсэн. Тэгэхээр нь гэр лүү нь ортол ******* толгойноос цус гарсан байсан. Яасан талаар асуутал ******* намайг морины хусуураар цохисон гэж хэлсэн. Би юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. З.Доржнамжим, ******* нар согтуу байсан. З.Доржнамжим бол бааранд хэдэн ширхэг пиво уусан.******* нь баарны гадна согтуу таарсан ба хаана уусан талаар мэдэхгүй байна. ******* нь түрүүндээ морины хусууртай явж байсан гадаа гарч зодолдохдоо тэр хусуураараа цохиж байсан. ******* духан хэсэг дээр цус гарсан байсан зүсэгдсэн гэмээр байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22-р хуудас),
Гэрч гийн “...2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед манай цэргийн ангийн эрэгтэй алба хаагчид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан "Аяз" зоогийн газар эмэгтэйчүүдээ хүлээж авсан. Тэндээс 10 гаруй хүмүүс "Содон" баар луу очсон. Бид нар “Экс” нэртэй 7,5 граммын архи 1 шилийг хувааж уугаад "Содон" баарнаас шөнийн 00 цагийн үед харих гээд гарсан. Тэгэхэд Баасанжав гадаа таарсан. Тэгээд , З.Доржнамжим, Б.Эрдэнэпүрэв бид дөрөв явна гэхээр нь суулгаад гэр лүү нь аваад явсан. Тэгээд гэрийнх нь гадаа очоод *******ыг З.Доржнамжим гэрт чинь ирлээ буугаарай гэхэд буухгүй гээд З.Доржнамжимтай маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хоёулаа гадаа гаръя гээд машинаас буугаад муудалцаад байсан. ******* нь З.Доржнамжим руу морины хусуур бариад цохиод дайраад байсан. Тэгж байгаад тэр хоёр гэр лүү орсон тэгтэл ээж нь та нар хүүхэд архи уулгалаа гээд загнаад гараад ирсэн. Тэгэхээр нь гэр лүү нь ортол ******* толгойноос цус гарсан байсан яасан талаар асуутал ******* намайг морины хусуураар цохисон гэж хэлсэн. Би юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30-р хуудас),
Гэрч “...2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн үед манай цэргийн ангийн эрэгтэй алба хаагчид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болох гэж байгаатай холбогдуулан "Аяз” зоогийн газарт эмэгтэйчүүдээ хүлээж авсан. Тэндээс 10 гаруй хүмүүс "Содон" баар луу очсон юм. "Аяз" зоогийн газар бид нар “Экс” нэршилтэй 7,5 граммын архи 1 шилийг хувааж уугаад тэгээд "Содон" баарнаас 00 цаг өнгөрөөгөөд харих гээд гарсан. Тэгэхэд ******* гадаа таарсан. , З.Доржнамжим, бид дөрөв явна гэхээр нь суулгаад гэр лүү нь явсан. Гэрийнх нь гадаа очоод З.Доржнамжим нь *******ыг гэр лүү нь оруулж өгөх гээд орсон. Гэтэл ээж нь та нар хүүхэд архи уулгалаа гээд загнаад гараад ирсэн. Тэгэхлээр нь гэр лүү нь ортол ******* толгойноос цус гарсан байсан. Тэгээд бид гурав эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. З.Доржнамжим, ******* нар согтуу байсан. З.Доржнамжим бол бааранд хэдэн ширхэг пиво уусан. ******* нь баарны гадаа согтуу байсан. Хаана уусан талаар мэдэхгүй байна. Би хараагүй болохоор юугаар цохисныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26-р хуудас),
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай “...1. ******* биед зүүн хөмсөг дагзанд шарх, дух, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44-р хуудас),
Яллагдагч *******ын “... 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд байх н.Батсүрэн гэх найзынхаа гэрт нь 0.75 литрийн нэг шил архи хувааж уусан. Тухайн өдөр манай ажлын газрынхан эмэгтэйчүүдээ баярлуулах гээд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд үйл ажиллагаа явуулдаг "Аяз" зоогийн газарт цуглана гэж байсан юм. Би өөрөө үдээс хойш 16 цагийн орчим "Аяз" зоогийн газар луу очиход манай ажлынхан бүгд ирчихсэн эмэгтэйчүүдээ баярлуулаад хоол, цай идэж уугаад сууцгааж байсан... би тухайн арга хэмжээн дээр ганц хоёр татсан байсан. Арга хэмжээ орой 21 цагийн орчим тараад манай ажлын хэсэг хүмүүс "Аяз" зоогийн газраас гараад "Содон" зоогийн газар луу очиж үргэлжлүүлсэн. Би мөн хамт "Содон" зоогийн газар луу очсон. Тэгээд очоод бүгдээрээ бүжиглээд юм яриад ганц хоёр шил архи хувааж ууцгаасан. Би тухайн үед морьтой явж байсан юм. Орой 22 цаг өнгөрөөгөөд "Содон" зоогийн газраас морио тавина гээд гараад явсан. Тэндээс гараад гэртээ очоод морио тавьчхаад буцаад явган "Содон" зоогийн газар луу 23 цаг өнгөрч байх үед ирсэн. Намайг "Содон" зоогийн газрын гадаа ирэхэд манай ажлын хүмүүс болох салаан дарга, З.Доржнамжим, тогооч , , нярав Б.Эрдэнэпүрэв нар өөдөөс харьцгаая гээд гарч ирсэн. Тэгээд би тэд нарын машинд нь хамт суугаад "Содон" зоогийн газраас хөдөлсөн. Бид нар гийн машинтай явж байсан ба тэндээс хөдлөөд 3. Доржнамжимын гадаа очоод бид нар нэг шил архи машин дотроо хувааж уусан. Би тухай архинаас ганц хоёр татсан. Би нэлээн согтсон байсан. Тэгээд 3. Доржнамжимын гаднаас манайх руу очсон. Манай гэрийн гадаа очоод "намайг буулгана" гэхээр нь би "буухгүй" гээд ажлынхаа ******* маргалдсан. Бид хоёрын маргалдаан сүүлдээ ажил руу орж ******* муудалцаад би түрийндээ байсан морины хулсан хусуураар *******ын толгой руу нь хоёр удаа цохиж дух болон дагзыг нь язалсан гэмтэл учруулсан. *******ын толгой болон духнаас цус гарч манай ажлынхан *******ыг эмнэлэг рүү авч явсан. Би гэртээ үлдсэн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60-р хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтаглан ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар түүний биед зүүн хөмсөг, дагзанд шарх, дух, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч ******* “...тогоочоо өмөөрлөө гээд над руу дайраад намайг түрүүндээ байсан морины хусуураар миний дух болон дагз руу цохисон. Миний дух болон дагз хэсэгт зүсэгдэж тус бүр дөрөв, дөрвөн оёдол тавиулсан байгаа. , , нар хамт байсан. Би Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний эмчид үзүүлж гэмтлийн зэргээ тодорхойлуулна. Надад гаргах гомдол, санал байхгүй. Надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй тул нэхэмжлэхгүй...” гэх,
Гэрч “...би нөхөр рүүгээ залгаад юу болсон талаар асуухад би *******аар толгойгоо хагалуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би ын хамт эмнэлэг рүү очсон. *******, З.Доржнамжим нар юунаас болж маргалдсан эсэхийг нь бол би сайн мэдэхгүй байна. Надад юунаас болж муудалцаж маргалдсан талаар хэлээгүй. Духан дээрээ язарсан, ар дагз дээрээ язарсан байдалтай байсан. Тухайн хоёр газраа тус бүр дөрөв, дөрвөн оёдол тавиулсан....” гэх,
Гэрч ын “...шөнө над руу ******* гэх хүн залгаад би хүнд зодуулчихлаа танай эмнэлэг дээр ирсэн байна гэж утсаар ярьсан. Тэгээд би шөнийн 02 цагийн үед эмнэлэг рүү очиход манай бага эмч, сувилагч хоёр цусыг нь цэвэрлээд оёдол тавихад бэлэн болгосон байсан. Тэгээд би ******* зүүн нүднийх нь дээд талд 3 см зүсэгдсэн шархтай хэсэгт дөрвөн оёдол тавьсан. Мөн арын дагз хэсэгт 5 см зүсэгдсэн шарханд дөрвөн оёдол тавьсан. Нийт найман оёдол тавиад боолт хийгээд явуулсан...” гэх,
Гэрч гийн “...******* нь З.Доржнамжим руу морины хусуур бариад цохиод дайраад байсан. Тэгж байгаад тэр хоёр гэр лүү орсон. Тэгтэл ээж нь та нар хүүхэд архи уулгалаа гээд загнаад гараад ирсэн. Тэгэхээр нь гэр лүү нь ортол ******* толгойноос цус гарсан байсан. Яасан талаар асуутал ******* намайг морины хусуураар цохисон гэж хэлсэн. ******* духан хэсэг дээр цус гарсан байсан зүсэгдсэн гэмээр байсан.” гэх,
Гэрч гийн “...гэрийнх нь гадаа очоод *******ыг З.Доржнамжим гэрт чинь ирлээ буугаарай гэхэд буухгүй гээд З.Доржнамжимтай маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр хоёулаа гадаа гаръя гээд машинаас буугаад муудалцаад байсан. ******* нь З.Доржнамжим руу морины хусуур бариад цохиод дайраад байсан....” гэх,
Гэрч “...******* толгойноос цус гарсан байсан. Тэгээд бид гурав эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна...” гэх,
Яллагдагч *******ын “...******* муудалцаад би түрийндээ байсан морины хулсан хусуураар *******ын толгой руу нь хоёр удаа цохиж дух болон дагзыг нь язалсан гэмтэл учруулсан.... ” гэх мэдүүлэг мэдүүлгүүд
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 03 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялиг зүйлээр шалтаглан ******* хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар түүний биед зүүн хөмсөг, дагзанд шарх, дух, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байгаа учир шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй буюу бусдын биед халдаж зүүн хөмсөг, дагзанд шарх, дух, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: “Шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос хохирол нэхэмжилсэн баримт гаргаагүй, сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Хохирогч эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардалгүй. Шүүгдэгчийг цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн мал маллан амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч З.Доржнамжим нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь түүний цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл буюу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, гаргасан саналгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжилсэн зүйлгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй хохирогч гомдолгүй, нэхэмжилсэн зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР