Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 532

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00267 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-т холбогдох

 

Гэм хорын хохиролд 41 438 375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.П,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Энх-Амгалан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 08:30 цаг орчимд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны 109 байрнаас Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал Тауэрт байрлах ажилдаа явганаар ирж явах замд гарцаар гарч явахад замаар явж байсан 17-44 улсын дугаартай автобусны жолооч Б.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 7.6, 2.3а заалтуудыг зөрчиж, явган хүний гарцан дээр мөргөж, түүнд хүнд гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан. Ажилтан маань зам тээврийн осолд орсноор Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1.5-д ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед гэмтсэн тохиолдолд үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасны дагуу энэ ослыг үйлдвэрийн осолд тооцож, акт тавигдсан. Мөн жолооч Б.Б ын буруутай үйлдлийн улмаас манай ажилтан Ц.Энх-Амгалангийн бие махбод, эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтэл учирч, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 54814 тоот шийдвэр болон актаар хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан болох нь тогтоогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д ажил олгогч 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөхөөр заасны дагуу дээрх Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын актуудыг тус тус үндэслэн “Э” ХХК-ийн Ерөнхийлөгч 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/50 дугаартай тушаалаар ажилтан Ц.Энх-Амгалан ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан байх тул түүнд 18 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний буюу 41 438 375 төгрөгийн нөхөн төлбөр олгох тушаал гарган, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус нөхөн төлбөрийг олгосон. Иймд зам тээврийн осол гаргасан гэм буруутай этгээд болох Б.Б оос, компанийн Ц.Энх-Амгаланд олгосон нөхөн төлбөр болох 41 438 375 төгрөгийг төлүүлж, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндэсний томоохон компаниудын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болох “Э” ХХК-ийн зүгээс 41 438 375 төгрөгийг иргэн надаас гаргуулахаар нэхэмжилжээ. Энэ мөнгө бол тухайн компанийн хувьд ямар байхыг хэлж мэдэхгүй ч миний хувьд асар их мөнгө юм. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа ослын актыг мэдэгдэх, судлан бүртгэх, нөхөн төлбөр олгох харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон уг хуулиудыг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 269 тоот тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмээр зохицуулдаг. Уг эрх зүйн актуудад тусгагдсанаар акт тогтоогдсон байдаг. Хариуцагч би уг актыг судлан бүртгээгүй. Дээр дурдсан хуулиудад зааснаар нөхөн төлбөр олгох үүрэг нь ажил олгогчид хамаардаг байна. Хохирогч Ц.Энх-Амгалангийн ажил олгогч нь хариуцагч Б.Б  би бус “Э” ХХК  юм. Нэхэмжлэгч компанийн ажилтан байсан бөгөөд тус компанид ажил, үүргээ гүйцэтгэж байсан. Хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг гаргахдаа Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэсэн байдаг (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж хэсгээс тодорхой харагдана). Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн осол гэдэг ойлголт нь ажил олгогч болон ажилтан хоорондын харилцаанаас үүдэлтэй, хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох үүргийг хуулиар ажил олгогчид хүлээлгэсэн байдаг. Нэгэнт хуулиар нэхэмжлэгчид өөрт нь нөхөн төлбөр олгох үүргийг хүлээлгэсэн байхад иргэн надаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд хохирогч хохирол бүрэн төлөгдсөн талаар хэлсэн. Энэ талаар шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан байгаа. Мөн уг шийтгэх тогтоолд хохирогчийг болон Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит Аж Ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан байдаг. Зөрчигдсөн гэж үзсэн хэн ч шүүхэд хандах эрхтэй боловч хуулиар өөрт нь хүлээлгэсэн үүргийг бусдаар гүйцэтгүүлэхээр шүүхэд хандах эрхгүй. Хэрвээ нэхэмжлэгч нь нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэж үзсэн бол Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд зааснаар харъяалах этгээдэд нь гомдол гаргах эрхтэй байсан. Харин “Э” ХХК  нь өөрийн үүргийг хүлээн зөвшөөрч, нөхөн төлбөрийг хохирогчид төлсөн байдаг. Нэгэнт өөрийн байгууллагын үүрэг гэдгийг хүлээн зөвшөөрч төлсөн бол одоо надаас нэхэмжлэх учиргүй. “Э” ХХК  нь миний өмнөөс хохирлыг төлсөн бус өөрийн гүйцэтгэх ёстой үүргийг биелүүлсэн. Энэхүү нэхэмжлээд байгаа 41 438 375 төгрөг нь хохирогчид учирсан гэм хор, хохирол бус харин хуульд заасан хөдөлмөрлөх эрхийн баталгаа бол ажил олгогчоос ажилтанд олгогдсон нөхөн төлбөр юм. Хариуцагч миний хувьд санаатайгаар хүний бие эрхтэнд хохирол учруулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйийн 1.9-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрх нь зөвхөн хохирогчид байхаар хуульчилсан гэсэн. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б-с 41 438 375 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 142 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б оос улсын тэмдэгтийн хураамжид 365 142 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хууль буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын талаар дурдаж, улмаар Үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон болон хөдөлмөрийн чадвар алдалтын талаар бичиж, "...Дээрх үйл баримтын талаар хариуцагч маргаагүй...” гэжээ. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн эсэх, хохирлыг төлсөн эсэх, хохирлыг хэн нэхэмжлэх эрхтэй талаар дүгнэж, тусгасан байдаг. Эрүүгийн хэргийн шүүхийн зүгээс дүгнэлт хийсэн үйл баримттай маргахгүй нь ойлгомжтой. Мөн үйлдвэрлэлийн ослын актын талаар маргаж эрх нь хууль тогтоомжийн дагуу нэхэмжлэгчид олгогдсон байхад хариуцагч маргах боломжгүй. Үйлдвэрлэлийн осол гэж тооцоход гуравдагч этгээдийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхыг заавал шаарддаггүй. Өөрөөр хэлбэл гэм хорын асуудал хөндөгдсөн ч бай хөндөгдөөгүй ч бай үйлдвэрлэлийн ослын харилцаа бий болж болох, ажил олгогч нь нөхөн төлбөр төлөх боломжтой юм. Тиймээс анхан шатны шүүхийн гэм хорын асуудалтай шууд холбон тайлбарлан, шийдвэрлэж байгаа нь буруу юм. Гэм хор нь хэн нэгний хүсэл зоригоос үл хамааран үүсч буй хохирлын асуудал. Харин энэ тохиолдолд шууд гэм хор гэж үзэх боломжгүй. Учир нь хавтаст хэрэгт байх "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт"-аас харвал "Э" ХХК-ийн эрх бүхий ажилтнуудын хүсэл зоригоос хамаарч байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ажил олгогчоос нөхөн төлбөр олгохдоо эрүүгийн эрх зүйн хууль тогтоомжийг баримтлаагүй, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг ч үндэслээгүй байдаг. Тиймээс хөдөлмөрийн эрх зүйн харилцаа гэж ойлгоно.

Хариуцагч нь санаатайгаар гэм хор учруулаагүй бөгөөд хэдий тийм боловч Эрүүгийн эрх зүйн харилцааны явцад маргаагүй. Харин Үйлдвэрлэлийн осолтой холбоотой зохицуулалтад, үйлдвэрлэлийн осол гэж тооцсонд, нөхөн төлбөр олгосонд хариуцагч буруугүй. Авто осол болсон учраас л үйлдвэрлэлийн ослын акт тавигдсан, уг ажилтан ажил олгогч "Э" ХХК-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай байсан учраас л нөхөн төлбөрийн асуудал үүссэн гэдгийг ойлгож, ялгаж салгаж, шийдвэрлэх ёстой. Иргэн Б.Б ын хувьд гэмт хэргийн шинжтэй үйлдэлд буруутгагдаж, эрүүгийн эрх зүйн зохицуулалтын үүднээс холбогдох төлбөрийг төлж байхад дээрээс нь хохирогч нь нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай байсанд буруутай мэт уг харилцаанаас үүдэлтэй нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь хариуцагчийг илтэд хохироож байна.

Ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогчид үүрэг болгосон. Харин холбогдогч төлөхөөр, үүрэг болгож зохицуулаагүй. Өөрөөр хэлбэл мөн нөхөн төлбөр олгохыг ажил олгогчид үүрэг болон зохицуулсан. Ц.Энх-Амгалангийн ажил олгогч нь "Э" ХХК юм. Нэгэнт ажил олгогчид үүрэг болгосон байхад ажил олгогч бус этгээдээс нэхэмжлэх үндэслэлгүй. Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үүссэн харилцаа гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл ажил олгогч болон ажилтны хооронд үүссэн харилцааны улмаас үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлд өртөхийг ойлгоно.

Анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн нь хууль буруу ойлгож, тайлбарлаж, хэрэглэж байгаагийн илэрхийлэл юм. Энэхүү заалтад төлбөр гэж зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудад өөр нэр томъёогоор буюу "нөхөн төлбөр" гэж тусгайлан тодорхойлж томъёолсон байдаг. Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хэрэглэж байгаа "нөхөн төлбөр" гэсэн ойлголт нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт дурдсан "төлбөр" мөн гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Нэгэнт уг хоёр харилцааг хамаатуулсан зохицуулалт байхгүй хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК  нь хариуцагч Б.Б-т холбогдуулан гэм хорын хохиролд 41 438 375 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.Б  нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 08 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын баруун замд 17-44 УНБ улсын дугаартай Daewoo-106 маркийн автобус жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 7.6 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч Ц.Энх-Амгаланг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь хэргийн 17-22 дахь талд авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 497 дугаар шийтгэх тогтоол болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Дээрх зам тээврийн ослын улмаас Ц.Энх-Амгалан хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан болох нь хэргийн 26-27 дахь талд авагдсан Хан-Уул дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актаар тогтоогдсон бөгөөд Ц.Энх-Амгалангийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 75 хувиар, 12 сарын хугацаагаар тогтоожээ.

 

            Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Б/104 тоот тушаалаар Ц.Энх-Амгаланг тус компанийн худалдан авалт, системийн удирлагын хэлтсийн хангамж, худалдан авалтын ахлах ажилтнаар томилон ажиллуулж байсан үйл баримт тогтоогдсон байна.                                    /хх-16 дахь тал/  

 

            Нэхэмжлэгч байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан үүргийнхээ дагуу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордогыг судлан бүртгэсэн актаар дээрх зам тээврийн ослыг үйлдвэрлэлийн осол гэж тогтоосонтой холбоотойгоор /хх23-25/ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу “Э” ХХК-ийн Ерөнхийлөгчийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Б/50 тоот тушаалаар Ц.Энх-Амгаланд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний буюу 41 438 375 төгрөгийн нөхөн төлбөр олгосон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.                                                     /хх-28-29 дэх тал/

 

             Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар Ц.Энх-Амгаланд олгосон 41 438 375 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагч Б.Б оос шаардах эрхтэй. Хариуцагч нь үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогч нөхөн төлөх үүрэгтэй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогч өөрөө шаардах эрхтэй гэж мэтгэлцсэн боловч түүний тайлбар, татгалзал үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

            Анхан шатны шүүх хариуцагч Б.Б оос 41 438 375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Э” ХХК -д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, зөв болжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2019/00267 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ