Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/414

 

   Б.Н-, О.Х-нарт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай   

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Д.Тунгалаг,

шүүгдэгч О.Х-, түүний өмгөөлөгч М.Машбат,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/294 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлээр Б.Н-, О.Х-нарт холбогдох эрүүгийн 2002005690348 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б.Н-, 1975 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч, сурган хүмүүжүүлэгч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            2. О.Х-, 1995 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

  Б.Н- нь ***  дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа иргэн О.Х-гийн “өөрийн төрсөн хүүхдээ оршин суугаа газрын харьяаллын бус цэцэрлэгт бүртгүүлэн суралцуулах” ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын 2.18-д заасан “Хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах”, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай тушаал /Хамран сургах тойрог тогтоох тухай/-ын 2-т заасан “Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай” гэсэн заалтуудыг зөрчиж, хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлэн суралцуулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд иргэн О.Х-гаас хахууль өгөхийг шаардаж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 50326680** дугаартай дансыг ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт,

О.Х-нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн төрсөн хүү Г.Ц-ыг хамран сургах тойргийн бус цэцэрлэгт элсүүлэхээр ***  дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-д эрхэлж буй албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 50140536** дугаартай дансыг ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, О.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.          

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр...” гэх нотолбол зохих байдлыг нотлоогүй байна.

1. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Н-гийн эзэмшлийн Хаан банкны дансыг ашиглан авсан гэх 500.000 төгрөгийн зарцуулалтыг бүрэн шалгаагүй, хэдийгээр шүүх хуралдаанд улсын яллагчаас Б.Н- нь тавилгын мөнгөнд О.Х-гаас хахуульд авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэж, гэртээ авсан тавилгын мөнгөнд шилжүүлсэн гэх боловч хэрэгт авагдсан дансны хуулгаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл тус мөнгийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан уу, хувийн хэрэгцээнд хэрэглэсэн үү гэх яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулж, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй.

2. Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэст статистик, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Б.М-гэрчээр мэдүүлэхдээ “...хамран сургах тойрогт хамаарахгүй хүүхдийг авах эсэх асуудал нь тухайн эрхлэгчийн эрх мэдлийн асуудал...” гэжээ. Энэ талаар дахин тодруулж, эрх зүйн баримтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай.

3. О.Х-нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...би утсыг нь олж аваад Б.Н-тай утсаар ярьсан, хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн юм, манай нөхрийн хаяг танай цэцэрлэгийн ойрхон байдаг гэхэд 500.000 төгрөг шилжүүлчих, наад мөнгийг чинь цэцэрлэгтээ зарцуулна гэж хэлсэн..., ...хандив гэсэн утгатай зүйл ярьж байсан...” талаар мэдүүлж байсан бөгөөд Б.Н-г ямар нотлох баримтыг үндэслэн “О.Х-гаас хахууль өгөхийг шаардсан” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь тодорхойгүй байна. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэргийг прокурорт буцаасан 3 үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудад тулгуурлан бий болсон хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1. Гэрч Г.О-гийн “...0024 гэдэг захиалгын хуудасны дугаар юм шиг байхаар нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн захиалгын хуудсыг шүүж үзлээ. 0024 гэсэн захиалгаар Б.Н- гэх хүн 2.422.000 төгрөгийн ханын стейк /3 хос/ худалдаж авсан байна. ...” гэсэн мэдүүлэг /1хх 20/, яллагдагч Б.Н-гийн Хаан банк дахь 50326680** дугаартай депозит дансны хуулга /1хх 151-164/, Б.Н-гийн 2.422.000 төгрөгөөр тавилга хийлгүүлснийг тодорхойлох 0000024 дугаартай захиалгын хуудас зэргээр Б.Н- нь О.Х-гаас хандив нэрээр халхавчлан Хаан банк дахь харилцах дансаараа шилжүүлэн авсан 500.000 төгрөгийг мөн өдрөө буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тавилгын худалдаа эрхэлдэг иргэн Г.О-гийн Хаан банк дахь харилцах дансанд тавилгын төлбөрт шилжүүлсэн болох нь тогтоогдсон. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт Б.Н- мэдүүлэхдээ дурдагдсан тавилгыг өөрийн хувийн хэрэгцээнд, гэрээ тохижуулахаар авсан талаар болон хандив нэрийдлээр цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулна гэж О.Х-гаас шаардсан 500.000 төгрөгийг хувийн дансаараа шилжүүлэн авсан гэдгийг хүлээн мэдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүх Б.Н-гийн О.Х-гаас авсан 500.000 төгрөгийг тухайн өдрөө хувийн хэрэгцээндээ зориулж авсан тавилгын төлбөрт шилжүүлэн өгсөн үйл баримтад дүгнэлт хийлгүй хандив нэрээр халхавчлан бусдаас авсан мөнгийг бүхэлд нь зарцуулж дууссаны дараагаар буюу 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хугацаанд Б.Н-гийн цэцэрлэгтээ өөрийн хувийн мөнгөөр ариутгал, халдваргүйжилтын бодис авсан, хог асгуулсан зэргийг тодорхойлсон баримтуудыг шалгаагүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан талаар дүгнэлт хийж буй нь хэргийн бодит байдалтай огт нийцээгүй гэж дүгнэх үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл хахууль өгөгч, авагч хоёрын хоорондын ашиг сонирхлын нэгдлээс үүдэн бий болсон халдлагын зүйл болох мөнгийг хахууль авагч өөрийн хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгод ашигласан бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхааралгүй, гагцхүү өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээгээгүй яллагдагчийн хэрэгт ач холбогдолгүй, нэгэнт тогтоогдсон нөхцөл байдалтай шалтгаант холбоогүй үйл явцыг тогтоолгох талаар мөрдөн шалгах ажиллагаа явуул гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзнэ.

2. Боловсролын тухай хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэг /Аймаг, Нийслэлийн боловсролын газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ/-ийн 281.1.6заасан “... орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох;” гэсэн заалтын хүрээнд Нийслэлийн боловсролын газрын дарга 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр А/39 дугаартай “Хамран сургах тойрог тогтоох тухай” тушаалыг батлан, уг тушаалын хавсралтад Нийслэлийн ***  дугаар цэцэрлэгт суралцах хүүхдүүдийг оршин суугаа харьяалах хорооны дугаараар тогтоож, уг тогтоосон байршилд харьяалагдаж буй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгчид даалгасан байдаг /1хх 100-115/. Энэхүү тушаал болон түүний хавсралтаар батлагдсан хамран сургах тойргийн хязгаарт багтаан Б.Н- харьяа төрийн өмчийн цэцэрлэгт элсэлт зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл яллагдагч О.Х-нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 1-55 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй буюу тэрээр өөрийн төрсөн хүү Г.Ц-ыг Чингэлтэй дүүрэгт бус Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах харьяалах цэцэрлэгт элсүүлэн суралцуулах, яллагдагч Б.Н- ***  дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд тус дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух албан ёсны бүртгэлтэй, хамран сургах тойрогт багтаж буй иргэдийн хүүхдийг элсүүлэх үүрэгтэй атал энэхүү үүргээ хэрэгжүүлэлгүй, хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлэх хийх ёсгүй үйлдэл хийхээр О.Х-д урьдчилан амласан нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.8 дахь хэсэгт цэцэрлэгийн эрхлэгч “хамран сургах тойргийн хүүхдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үндсэн болон хувилбарт сургалтад бүрэн хамруулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах, эцэг, эх, асран хамгаалагчид сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх” гэсэн үүрэгтэй болохыг тодорхой зааж өгснөөс үзэхэд, 56 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Н- нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг буюу Нийслэлийн боловсролын газраас тогтоож өгсөн хамран сургах тойрогт багтахгүй иргэн О.Х-гийн хүүхдийг элсүүлэх эрхгүй болох нь тодорхойлогдож байна. Харин Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.М-ын гэрчээр өгсөн “...хамран сургах тойрогт хамаарахгүй хүүхдийг авах эсэх асуудал нь тухайн эрхлэгчийн эрх мэдлийн асуудал...” гэсэн мэдүүлгийн эх сурвалж дээр дурдагдсан нийтийн албан тушаалтны чиг үүргийг тодорхойлж өгсөн хууль, түүнд нийцүүлэн гаргасан тушаал, түүний хавсралт, албан тушаалтны албан тушаалын тодорхойлолт /1хх 95-97/ зэргээр батлагдахгүй, үгүйсгэгдэж байх тул энэ талаар дахин тодруулах, эрх зүйн баримтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа нэмж явуулах шаардлагагүй гэж үзнэ.

3. Боловсролын тухай болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд хандив авч харьяаллын бус хамран сургах тойрогт багтаагүй хүүхдийг элсүүлэн авах тухай зохицуулалт байхгүй, харин эрх бүхий байгууллагаас тогтоосон хамран сургах тойргийн дагуу элсэлт зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгчид үүрэг болгон заасан зохицуулалт дурдагдсан хуулиудад тусгалаа олсныг тэмдэглэхийн хажуугаар Б.Н- нь цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд огт хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад баримт бичгүүдэд зохицуулагдаагүй “хандив нэрийн доор” харьяаллын бус цэцэрлэгт хүүхдээ элсүүлэх гэж байгаагаа сайтар мэдэж байсан О.Х-гаас 500.000 төгрөг нэхэж авсан үйл явдлыг нийтийн албан тушаалтан Б.Н- хахууль өгөгч О.Х-гийн өөрийн төрсөн хүүхдийг харьяаллын бус цэцэрлэгт элсүүлэн суралцуулах ашиг сонирхлын үүднээс хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх буюу хийх ёсгүй үйлдэл хийхийн тулд түүнээс хууль бус хандив нэрийн дор бэлэн мөнгө нэхэж буюу шаардан авсан гэж тодорхойлох бүрэн үндэслэлтэй. Энэхүү үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Б.Н-г яллагдагчаар татсан нь хуулийн тодорхойлолтод бүрэн нийцсэн, Б.Н-гийн дурдагдсан үйлдэл энэ хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй болно.

Нэгтгэн дүгнэвэл, Б.Н- нь өөрийн хувийн хэрэгцээнд зориулан захиалсан тавилгын төлбөрт мөнгө шилжүүлэх бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага үүссэн үед хамран сургах тойрогт багтаагүй, өөр дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух бүртгэлтэй иргэн О.Х-нь бодит байдлыг сайтар мэдэж байсан /өөрийнх нь хүүхэд Б.Н- эрхлэгчтэй ***  дугаар цэцэрлэгт суралцах хамран сургах тойрогт багтахгүй, тухайн цэцэрлэгт хууль, дүрэм, журмын дагуу суралцах боломжгүй байсныг мэдэж байсан/ хэдий ч Б.Н-гийн “хүүхдийг чинь цэцэрлэгт хамруулна, харин хандив 500.000 төгрөг өгөөрэй” гэж тодорхой үнийн дүн, хууль бус хандив нэрээр халхавчилсан зориулалт хэлж мөнгө өгөхийг шаардсан үйл баримт мөрдөн байцаалтаар цуглуулж, бэхжүүлсэн, яллах дүгнэлтэд тусгагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж дүгнэж, шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагааг мөрдөн байцаалтаар хийх шаардлагатай гэж дүгнэн мөрдөн байцаалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг бүхэлд нь бус яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг үндэслэлтэй гэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал” гэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Н-, О.Х-нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н- тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгч О.Х-тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Д.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Б.Н-гийн гэм буруу хангалттай нотлогдож тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед зөвхөн Б.Н-гийн дансны хуулга буюу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зарцуулалтын талаар шалгасан. Харин  2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хандиваар авсан мөнгийг бэлнээр гаргаж цэцэрлэгтээ ковидын халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалалтын хувцас авсан болохыг шалгаж байгаад орхисон байдаг. Б.Н-г тойргийн бус хүүхэд авсан, хандив нэрээр хахууль авсан гэсэн 2 үндэслэл зааж улсын яллагчаас яллахаар оруулж ирсэн нь үндэслэлгүй байна. Улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан Нийслэлийн боловсролын газрын 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А39 дугаартай тушаалд хамран сурах тойргийг тогтоосон. Гэхдээ хамран сурах тойргийг зөрчсөн тохиолдолд захиргааны арга хэмжээ авахаар байгаа. Өөрөөр хэлбэл, эрүүгийн гэмт хэрэг биш гэж үзэж байна. ***  дугаар цэцэрлэгийн тухайн сургалтын жилд бүртгэсэн хүүхдийн жагсаалтыг нэг бүрчлэн гаргаж ирсэн. Энд Чингэлтэй дүүргийн тойргийн бус хэд хэдэн хүүхдүүд байгаа боловч энэ дундаас онцлон О.Х-гийн хүүхдийг авч үзсэн нь өрөөсгөл болж байна. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.5 дугаар хэсэгт зааснаар цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх талаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй. Энэ талаар Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б.М-мэдүүлэг өгсөн байгаа. Хамран суралцах тойрогт хамрагдаагүй хүүхдийг элсүүлэх нь  тухайн цэцэрлэгийн эрхлэгчийн эрх хэмжээний асуудал юм. Тэгэхээр 56 дугаар цэцэрлэгт тойргийн бус хүүхэд авсан, хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, 3 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулснаар энэ хүүхдийн Үндсэн хууль болон бусад хуулиудаар олгогдсон эрх нь хэрэгжиж байсан. 500.000 төгрөг нь хандив эсхүл хахууль эсэх асуудал яригдана. Прокуророос хандив авахыг хууль, дүрэм журмаар зөвшөөрөөгүй гэж дурдсан. Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын 56/64 дугаартай тушаалаар цэцэрлэг сургууль хөгжүүлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг баталсан. Үүнд эцэг, эхчүүдээс хандив авч болно гэж заасан. Ингээд цэцэрлэгийн эрхлэгч Б.Н- 2020 оны 8 дугаар сарын 19-ны өдөр А17 дугаартай тушаалыг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, ковидоос урьдчилан сэргийлэх хамгаалалтын хувцас авах мөнгө төсөвт тусгагдаагүй учраас хандивын арга хэмжээг авч шийдвэрлэх боломжтой гэж цэцэрлэгийн зөвлөлийн гишүүдийн хурлаар хэлэлцэж А27 тоот тушаал гаргасан. Энэ тушаал нь Нийслэлийн боловсролын газрын цахим санд давхар бүртгэлтэй байгаа. Тэгэхээр Б.Н- хууль, дүрэм журмын дагуу хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед Пайрбрек компаниас 385.000 төгрөгийн халдваргүйжүүлэх хувцас авсан талаар шалгасан. Тус компанийн хүмүүсийг асууж шалгаж байдаг. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан баримтад тулгуурлаж үнэн зөвөөр шалгахгүйгээр энэ асуудлыг орхигдуулсан байна. 500.000 төгрөгийн хандивыг авч шилэн дансанд бүртгэсэн байдаг. Хууль, дүрэм журмын дагуу албажсан, Нийслэлийн боловсролын газарт цаг тухайд нь мэдээллэсэн. Иймээс хэргийн бодит байдлыг мөрдөн шалгах ажиллагааны үед заавал зайлшгүй тогтоох шаардлагатай. Зөвхөн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн зарцуулалтаар авлига авсан гэж дүгнэх боломжгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч жирийн л нэгэн албан хаагч. Хэрэв хахууль авсан бол өөрийнхөө дансаар авахгүй байсан. Хэтэрхий нэг талыг барьж байна. Өмгөөлөгч Д.Тунгалагийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч О.Х-гийн өмгөөлөгч М.Машбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...тавилга авсан гэх мөнгө хувийн дансаар орчихсон юм чинь хувийн хэрэгцээнд холилдоод зарцуулагдана. Хувийн дансанд орсон мөнгийг буцаагаад цэцэрлэгтээ зарцуулсан байна. Энэ гэмт хэрэг хахууль өгөх, авах гэмт хэрэг мөн юм уу, эсхүл хувьдаа завшсан гэмт хэрэг юм уу, эсхүл захиргааны зөрчил юм уу, эсхүл хандивыг авахдаа журам зөрчсөн юм уу, эдгээр асуудлаар анхан шатны шүүх хуралдаанд хангалттай мэтгэлцээн явагдсан шүү дээ. Энэ гэмт хэрэг нь өөртөө болон бусдад давуу байдал олгохыг хэлдэг. Харьяалал тогтоох асуудал нь цэцэрлэгийн эрхлэгчийн эрх хэмжээний асуудал гэж харьяалах дээд шатны албан тушаалтан гэрчээр мэдүүлдэг. Нийслэлийн боловсролын газрын А39 дугаартай тушаал яригддаг. Энэ тушаалд хориглосон заалт байдаггүй. Энэ асуудал нь захиргааны арга хэмжээ авагдах зөрчил. Авлигын гэмт хэргийн гол шинж нь авах талдаа заавал шунахайн сэдэлт агуулсан байдаг. Шунахайн сэдэлт гэдэг нь өөртөө хувьдаа ашигласан байвал сая авлигын гэмт хэрэг болдог болохоос цэцэрлэгийн үйл ажиллагаанд зарцуулчихсан байхад яаж өөртөө ашигласан болж хувиргаад байгаа юм бэ. Өөрийн данснаас 500.000 төгрөгийг хамгаалах хувцас хэрэгсэлд зарцуулсан байхад үүнийг яагаад прокурор анхаарч үзэхгүй байгаа юм бэ. Мөнгө авсан үйлдлийг буруутгах гээд байгаа бол тэр чинь хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдахаар зөрчил байна. Байгууллагаас гаргасан тушаал зөрчиж хувийн дансаар хандив авч байгууллагын хэрэгцээнд тухайн мөнгийг зарцуулсан бол ажлаас халагдах юм уу, эсвэл сахилгын шийтгэл оногдуулах арга хэмжээ яригдана. Гэтэл үүнийг прокурор гэмт хэрэг болгож оруулж ирсэн байна. Олон зүйл тодорхойгүй байгаа. Төрөөс Үндсэн хуульд заасан хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчиж байна. Авлига авах гэмт хэрэгт санаа сэдэлт зорилго нотлогдож байх ёстой. Гэтэл энэ хэрэгт нотлогдохгүй байна. О.Х-анхнаасаа тогтвортой мэдүүлэг өгсөн. Авлигатай тэмцэх газарт шалгахдаа “би хандив гэж ойлгож мөнгө өгсөн” гэж мэдүүлсээр байтал таамаглалаар яллаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Б.Н-г ***  дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа иргэн О.Х-гийн “өөрийн төрсөн хүүхдээ оршин суугаа газрын харьяаллын бус цэцэрлэгт бүртгүүлэн суралцуулах” ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтын 2.18-д заасан “Хамран сургах тойргийн хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажлыг зохион байгуулах”, Нийслэлийн Боловсролын газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/39 дугаартай тушаал /Хамран сургах тойрог тогтоох тухай/-ын 2-т заасан “Батлагдсан хамран сургах тойргийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг зохион байгуулж ажиллахыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга нар болон цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай” гэсэн заалтуудыг зөрчиж, хамран сургах тойргийн бус хүүхдийг элсүүлэн суралцуулахаар буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд иргэн О.Х-гаас хахууль өгөхийг шаардаж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 50326680** дугаартай дансыг ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

О.Х-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу өөрийн төрсөн хүү Г.Ц-ыг хамран сургах тойргийн бус цэцэрлэгт элсүүлэхээр ***  дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Н-д эрхэлж буй албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 50140536** дугаартай дансыг ашиглан 500.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн шалгаж тогтоогоогүй байна. Иймээс Б.Н-гийн авсан гэх 500.000 төгрөгийн зарцуулалтыг бүрэн шалгах, Чингэлтэй дүүргийн боловсролын хэлтэст статистик, хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтэн гэрч Б.М-ын өгсөн “...хамран сургах тойрогт хамаарахгүй хүүхдийг авах эсэх асуудал нь тухайн эрхлэгчийн эрх мэдлийн асуудал...” гэсэн мэдүүлгийг тодруулах, Б.Н- нь О.Х-гаас хахууль өгөхийг шаардсан гэх асуудлыг бүрэн нотлох шаардлагатай...” гэж дүгнэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр бодит үнэнийг тогтоох боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан ба прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд бусад оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх болон цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Б.Н-, О.Х-нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, эргэлзээ бүхий зарим асуудлыг тодруулахаар шаардлагатай гэрчийг талуудын хүсэлтээр оролцуулан шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Н-, О.Х-нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Б.Н-, О.Х-нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэртээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй болохыг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЗ/294 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Н-, О.Х-нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Прокурор Ч.Мөнх-Эрдэнийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 23 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Н-, О.Х-нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

   4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН