Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/03111

 

 

 

 

 

                          

 

 

 

                  2022       06           30   

           101/ШШ2022/03111

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК-ийн гаргасан,

 

Хариуцагч: Д.Бд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,732,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.


            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, өмгөөлөгч А.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Н, өмгөөлөгч М.А, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

             

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Б.Б нь манай компанитай зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх фидуцийн гэрээг байгуулж, нийт 12,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирч хариуцагч мөнгийг хүлээн авч, зохигчдын дунд зээлийн гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцож, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан.

 

Уг зээлийг эргэн төлөх хуваарийг талууд харилцан тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ огт биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 12,000,000.00 төгрөг, зээлийн хүү 11,732,000.00 төгрөг, алданги 6,000,000.00 төгрөг, нийт 29,732,000.00 төгрөг болж байна. Зээлдэгч нь үүрэг гүйцэтгэх хугацааг 838 хоног хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлдэгч 2019 оны 08 дугаар сарын        21-ний өдөр зээл авснаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Талууд үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.5-д хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгч эзэмшил ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж, ашиглана гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд Lexus RX 450H маркийн улсын дугаартай автомашин байх хугацаанд зээлдэгч Б.Б зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас манай байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй.

 

Улмаар фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг н.Сод холбогдох эрүүгийн хэрэгт битүүмжилж дуудлага худалдаагаар худалдан борлуулсан тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйл нь хариуцагчийн буруугаас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй болсон тул үүргийн гүйцэтгэлийг уг фидуцийн гэрээний дагуу хангуулах боломжгүй болсон.

 

Уг хэрэг маргаантай холбоотойгоор 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 792 дугаартай Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан ба тус магадлалын 17 дахь талын хоёр дахь догол мөрд н.С нь 2,449 ширхэг обойг иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон н.Ц, Б.Б нарт өгч оронд нь ford M150 маркийн автомашин, LX RX 450H маркийн авто машиныг бартераар авсан талаар маргаагүй, улмаар нэхэмжлэгч нарын мөнгийг өгөөгүй учир тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлээгүй байхдаа LX RX 450H маркийн барьцаанд тавьж, 12,000,000.00 төгрөгийг авсан болох нь тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 тээврийн хэрэгслийг битүүмжилж, анхан шатны шүүх LX RX 450H маркийн автомашиныг үндсэн зээлийн гэрээний үүргээс үлдэх хэмжээнд, доорх дурдсан автомашиныг хохирогчид учирсан хохирлыг арилгуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5.1.1, 2.1.5.1.2, 36.3, 36.4.2-т заасантай тус тус нийцсэн байна гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн явцад тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Хоёр автомашиныг битүүмжилж, ford M150 маркийн автомашиныг битүүмжилж В.Нгийн хохирлыг барагдуулахаар шилжүүлсэн. Хоёрдахь тээврийн хэрэгсэл буюу одоо яригдаад байгаа LX RX 450H маркийн автомашин нь тухайн үед нэхэмжлэгчийн нэр дээр байсныг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулаад үлдэх хэмжээгээр нь хохирогч нарын хохирлыг барагдуулахаар давж заалдах болон анхан шатны шүүх дүгнэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдээд тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Худалдан борлуулсан мөнгө нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршсан байгаа. Үүнийг шийдвэр гүйцэтгэлээс юу гэж ойлгож байгаа вэ гэхээр барьцаанд байх үед Эрүүгийн хэргийн шүүх мөрдөн байцаалтын шатанд барьцааны гэрээг үл харгалзан хурааж аваад хэргийг шийдэхдээ тэргүүн ээлжинд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуул гэж заасан байгаа учраас яг энэ асуудлаар бид нар иргэний журмаар Б.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэдэн төгрөг нэхэмжлэх ёстой вэ талаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тодорхойлох нь зүйтэй байна гэж тодорхойлуулахаар явж байна.

 

Тус асуудлыг аваад үзвэл үнийн дүн хэд байхыг шүүх шийдвэрлэж, тодорхой үнийн дүн гарснаар шийдвэр гүйцэтгэлийн явцад худалдан борлуулагдсан тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс энэ төлбөр барагдах нөхцөл байдал үүссэн байгаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин нотлохгүй гэсэн заалт байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар тухайн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлал үнэн зөв буруу байсан үгүй гэдэг талаар бид нар маргах боломжгүй. Энэ нь тухайн тогтоол, магадлалын хүрээнд заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр гарсан байгаа учраас магадлалын хүрээнд болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн зээлийн гэрээний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байна

 

Иймд, хариуцагчаас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,000,000.00 төгрөг, хугацаа хэтэрсэн 12 сарын хүү 5,040,000 төгрөг, нийт 17,040,000.00 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувиар тооцож алданги 8,520,000.00 төгрөг, нийт 25,560,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаас 4,172,000.00 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд өгсөн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, Эрүүгийн шийтгэх тогтоол дээр хохирогч иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, иргэний хариуцагч гэсэн субъектүүд оролцсон. Тус хэрэгт Б.Б иргэний нэхэмжлэгчээр оролцсон. Өөрөөр хэлбэл, уг автомашиныг өөрийн өмчлөл гэж маргасан. Шүүх энэ автомашиныг Б.Бд холбоо хамааралгүй тус автомашин нь н.Сынх бөгөөд зээлийн гэрээ, барьцааны гэрээг хамааралгүй гэж шийдвэрлэсэн. Барьцааны гэрээ болон зээлийн гэрээг хамааралгүй гэдэг нь юуг хэлж байна вэ гэхээр шүүх авч хэлэлцээгүй, Б.Бийн нэр дээр байсан хөрөнгийг шууд н.Сын төлбөрт гэж шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд автомашиныг хураасан шилжүүлсэн баримт дээр тодорхой байдаг бөгөөд н.Сын төлбөрт авлаа гэж бичсэн байдаг.

 

Тэгэхээр энэ хэргийн хариуцагч нь н.С байх ёстой. Эрүүгийн журмаар олж авсан эд хөрөнгийг цааш нь дамжуулсан, зээлсэн гэж үзсэн. Энэ тохиолдолд авсан өгсөн зүйлээ буцаах зохицуулалт үйлчилдэг. Авсан, өгсөн зүйлээ буцаах зохицуулалт гэдэг нь анх авсан 12,000,000.00 төгрөг буцааж олгогдоно. Буцааж олгогдохдоо автомашиныг худалдан борлуулсан мөнгөнөөс олгогдох ёстой. Эрүүгийн хэрэгт “Т” ХХК нь нэхэмжлэгчээр оролцсон. Иргэний нэхэмжлэгчээр оролцохдоо 10,000,000.00 гаруй төгрөг нэхээд оролцсон байдаг. Тухайн зээлийг төлөх зүйл нь автомашин байдаг. Эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэн нь давагдашгүй хүчин зүйлийн асуудал яригддаг. Б.Б энэ хэрэгт зуучлагчаар яваад дууссан, хэнээс юу ч авахгүй, хэнд ч юу ч өгөхгүй. Тэгэхээр анх Эрүүгийн шүүхэд нэхэмжилсэн дүн нь өөр дүн байдаг. Дараагийн асуудал нь яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн байна. Шийтгэх тогтоол дээрээ яллах дүгнэлтэд дурдсан 56,000,000.00 төгрөгийг Б.Б нь н.Соос гаргуулж, өөрт нь олгох санал ирүүлсэн байдаг. Үүнийг шүүх эрүүгийн журмаар шийдсэн. Цагдаа болон прокурор хоёр иргэний нэхэмжлэгч гэсэн хувилбараар үзсэн боловч шүүх Б.Бтэй ямар ч холбоо байхгүй. Б.Бийн автомашиныг н.Сын эд хөрөнгө гээд шүүхийн шийдвэрийг гаргасан байна. Нэгэнт н.Сын эд хөрөнгө гээд шүүх шийдвэр гаргасан тохиолдолд хариуцагч нь н.С байх ёстой. н.Сын байгаа шоронгийн харьяалах газраар нь нэхэмжлэлээ гаргаад шийдвэрлүүлэх боломжтой.

 

Нөгөөтэйгөөр эд хөрөнгийг Б.Б нэхэмжлэгчид Фидуцийн гэрээгээр шилжүүлсэн байдаг. Шилжүүлж авсан эд хөрөнгийг нь бусдад хураалгахдаа яагаад Б.Бд мэдэгдээгүй вэ? Албан ёсоор мэдэгдэж, хураах үед Б.Б оролцох ёстой байсан. Энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл. Гэтэл энэ асуудал нь Б.Бд хамааралгүй болсон буюу зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж эрүүгийн шүүх дүгнэсэн гэж үзээд нэхэмжлэгч нь Б.Бд мэдэгдэхгүйгээр барьцааны зүйлийг өгч явуулсан байна. Ер нь энэ хэрэгт Б.Б ямар буруутай вэ? ямар ч буруугүй. Алданги, хүү төлөх ёсгүй, эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг уншаад үзэхэд ямар нэгэн буруутай зүйл алга. Хохирогчид олго гэж бичигдсэн. Шийтгэх тогтоол дээр нэг сонин зүйл байдаг нь нэхэмжлэгчийг ББСБ гэсэн үг яваад байдаг. Иргэний шүүх дээр ч гэсэн ББСБ гэсэн зүйл яригдаад байдаг. Банк болон ББСБ, ломбард нарын хооронд дахь зохицуулалт нь өөр байдаг. Өөрөөр хэлбэл, тасралтгүй үргэлжилдэг алданги, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг ББСБ тооцох эрхтэй байдаг бол ломбардад тийм эрх байхгүй. Ломбардад хууль бус аргаар олж авсан эд хөрөнгөтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд авсан өгснөө буцаах зохицуулалт буюу анхны өгсөн мөнгөн дүн дээр очдог.

 

Гэхдээ энэ хэргийн хариуцагчаар заавал н.С оролцох ёстой. Тэгж байж энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй. Хариуцагчаа зөв сонгоогүй гэдэг үндэслэлээр энэ хэрэг хэрэгсэхгүй болох ёстой. Өөрөөр хэлбэл н.Сыг оролцуулаад гуравдагч этгээдийг оролцуулж, гуравдагч этгээд нь хамтран нэхэмжлэл гаргаж болно. Шүүх тухайн автомашиныг н.Сын өмч хөрөнгө гэж үзсэн байгаа учраас Б.Б биш, н.С хамтран хариуцагч эсвэл дангаараа хариуцагчаар оролцох ёстой. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагчийн хариу тайлбарыг сонсоход өмнө нь эрүүгийн хэрэгт шийдвэрлэсэн асуудал гэж тайлбарлаж байна. Гэтэл шүүх шийдвэрлэхдээ иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг би шийдвэрлээгүй байна гэж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадаллаас харж байна. Гэхдээ нэг үндсэн ойлголтыг шүүхэд ойлгуулахад Б.Б, н.Ц нар нь н.Соос обой худалдаж аваад обойн үнийн төлбөрт автомашиныг шилжүүлж өгөхөөр тохирсон. Эд хөрөнгийн төрлийн шинжээр харилцан тохиролцож эд хөрөнгийг шилжүүлсэн. н.С нь автомашиныг унаж, ашиглаж байх үед нь Б.Б, н.Ц нар “Т” ХХК-ийг таньдаг байсан учраас эхнэр н.Н гэх хүнд 2 удаагийн гүйлгээгээр зээл олгосон. Тухайн мөнгөө авч чадахгүй болоод ирэхээр нь автомашиныг барьцаанд тавьсан.

 

Учир нь автомашины өмчлөх эрхийн гэрчилгээ нь шилжээгүй байсан. Тухайн давуу эрхээ ашиглаад “Т” ХХК-нд барьцаанд тавьсан. Нэгэнт төлбөр тооцооны үлдэгдэлд автомашиныг шилжүүлж өгсөн. Автомашиныг н.Сын зөвшөөрөлтэй, аль эсвэл зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн байна. Автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлж өгсөн нь обойн үнийг авахын тулд өөр газарт барьцаалсан нь нийтээр хүлээн зөвшөөрөх хэм хэмжээг зөрчсөн харагдаж байна. Өөрөөр хэлбэл, н.Ц, Б.Б нар мөн адил залилах гэмт хэрэг үйлдсэн үү? эсвэл н.Сыг хохироох үйлдэл хийсэн эсэх талаар тусдаа тогтоогдсон зүйл байхгүй. Энэ талаар н.С нь гарч ирж байж мэтгэлцэх боломжтой. Гэтэл гуравдагч этгээдээр эрх ашиг нь хөндөгдөх этгээд нь шоронд байгаа учраас энэ талаар хэн нэгэн хүсэлтээ гаргаагүй байна. Энэ талаар өнөөдрийн шүүх хуралдаанд дурдаж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөн тухайн үед зээлийн харилцаанд Б.Б нь идэвхгүй оролцож эхэлсэн. Зээлийн эргэн төлөлт, автомашиныг хураах эсэх гэх мэт асуудалд идэвхгүй оролцож, орхигдуулсны улмаас иргэн В.Нгийн н.Сод залилуулж, 116,000,000 төгрөгөөр хохирсон хохиролд өөрөө явж хураалгаж авсан эд хөрөнгийг нь цагдаагийн байгууллага битүүмжилсэн. Тэгээд хохирол төлбөрт нь төлөгдөх ёстой, обойн төлбөрт шилжүүлсэн эд хөрөнгө байна гэж дүгнээд тус автомашиныг В.Нд олгох боломжтой гэж үзэж байтал Б.Б нь нэмэлт тооцоо гаргаад би 70,000,000 гаруй төгрөгийг аваагүй байна гээд эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон.

 

Үүнийг н.С нь давж заалдах гомдол өгч иргэний нэхэмжлэгч нь Б.Б, н.Ц нар биш. Миний өгсөн обойн ширхгийн үнэ нь 45,000 төгрөг болохыг тогтоосон баримт хэргийн материалд авагдсан байхад анх хэлэлцэж авсан 35,000 төгрөгөөр тооцож надаас үнэ үнэлгээг нэхэмжлээд байгааг зөвшөөрөхгүй гээд үнэлгээ, хохиролтой холбоотой асуудлын талаар шүүх задгай орхисон юм шиг харагдаад байдаг. Яг үнэнийг хэлэхэд н.Ц, Б.Б нар нь обойн үнийг авсан, нэмэлт шаардах эрх үүсээгүй юм шиг харагддаг. Одоо харин нэмэлт шаардах эрхтэй байсан иргэний нэхэмжлэгчээр эрүүгийн хэрэгт оролцсон байж яагаад автомашины хойноос хөөцөлдөөгүй вэ? Яагаад н.Сын хөрөнгө болох автомашинаас тодорхой хувийг буцааж шаардана гэдэг асуудлыг яриагүй вэ гэдэг талаар шүүх анхаарал хандуулах хэрэгтэй. Нэгэнт шүүхэд өөрөө өөрийгөө төлөөлж ярих боломжгүй иргэн үлдсэн байгааг дурдах нь зүйтэй байх.

 

Мөн В.Н тухайн автомашинаар 116,000,000 төгрөгийн хохирлоо бүрэн барагдуулан гэж байхад “Т” ХХК гээд аж ахуйн нэгжээс манайх энэ хүнд 12,000,000 төгрөгийн зээл олгосон гээд ороод ирсэн. Гэтэл энэ газрын нэрээс нь ББСБ байна гэсэн төөрөгдөлд ороод байдаг. Гэтэл энэ байгууллага нь ББСБ биш юм байна. Финанс гээд хэлэхээр нь бид нар ББСБ гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ хүмүүс зээл олгохдоо С ломбард гэсэн ломбардын үйл ажиллагаа эрхлэхээр аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлдөө нэмэлтээр бүртгүүлсэн байна. Гэтэл энэ нь 2018 оны 08-р сарын 21-ний өдрөөс 2019 оны 08-р сарын 21-ний үед хийгдсэн зээлийн гэрээний үед барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард нь тусгай зөвшөөрөл хэрэглэдэггүй байсан. Дараа нь 2021 онд энэ төрлийн маргаан буюу цар тахлын үед барьцаалан зээлдүүлэх газрын хүү, алдангийг зогсоох зохицуулалт нь ББСБ-тай холбоогүйгээр тусдаа орхигдож маш их хэмжээний хүү, алдангийн асуудалд хүмүүс эд хөрөнгөөр хохирсон учраас Засгийн газраас Барьцаалан зээлдүүлэх газрын тухай хуулийг 2021 оны 01-р сард баталснаар ломбард нь тусгай зөвшөөрөл авах ёстой гэсэн зохицуулалтай болсон.

 

Уг зохицуулалтаар тус байгууллага нь ломбард ажиллуулаад, зөрчигдсөн эрх ашгаа сэргээлгэх эрхтэй байгууллага мөн эсэх талаар нотлох баримтаар шаардана гаргуулахаар хүсэлт гаргасны дагуу өнөөдөр авч ирж өгсөн нотлох баримтаар өмнө нь Нийслэлийн Засаг даргын газрын албанаас батламж гэсэн хуудсыг эх хуваарь нь авч ирээгүй. Тухайн баримтыг нотариатаар гэрчлүүлсэн тамга тэмдгийг харахад н.М гээд ганцхан тойргийн нотариатчаар батлуулсан дардсыг скайнераар татуулахад хар хүрэн, бор хүрэн өнгөөр хэвлэгддэг. Өөрөөр хэлбэл, авч ирсэн баримт нь тийм байдалтай байна. Энэ нь хуулийн шаардлага хангахгүй хуурамч нотлох баримт байна гэж үзэж уг тайлбарыг гаргаж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа 12,000,000 төгрөгөө олж авах тухай нэхэмжлэгч тал 2018 оны 09-р сард л мэдсэн. Өөрөөр хэлбэл, өөрсдийнх нь олгосон зээл төлөгдөх боломжгүй талаар мэдсэн. Бусдад обойн төлбөрт өгсөн автомашиныг манайд барьцаанд тавьсан байна. Өөр этгээд нэхэмжлэх эрхтэй этгээдийн хөрөнгийг манайд барьцаалж, манайх барьцаалсан хөрөнгийг алдах эрсдэл үүссэн байна гээд зээлийн гэрээний зүйл заалт зөрчигдөж байгаа нөхцөл байдал илрэхэд барьцаалагч буюу нэхэмжлэгч мэдэх бүрэн боломжтой байсан. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд мөрдөн байцаалт буюу хэрэг шалгагдах явцад нэхэмжлэгч талыг н.Д гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрчээр мэдүүлэг өгөхдөө 13,242,000 төгрөгийн өр төлбөр одоогийн байдлаар үүссэн байна. Зээлийн эргэн төлөлт хийх хүү, алданги нийт ийм хэмжээний болж байна гэдгийг хэлсэн.

 

Дараа нь 12-р сард нь иргэний нэхэмжлэгчээр тогтооход иргэний нэхэмжлэлийн шаардлагадаа 15,342,000 төгрөгийн өр төлбөр үүссэн байна гэж иргэний нэхэмжлэл гаргасан. Энэ үед хэргийн материалд авагдсан байгаа мэдэгдэх хуудсыг Б.Бд хүргүүлсэн нотлох баримт байдаг. Уг мэдэгдэлд зээлийн гэрээний үүрэг зөрчигдөх шинжтэй, биелэгдэхгүй болж, нэг талын санаачилгаар зээлийн гэрээ цуцлагдах нөхцөл байдал үүснээс хойш 10 хоног үүссэн тохиолдолд фидуцийн гэрээнд заасны дагуу автомашины өмчлөх эрхийг шилжүүлж авсан байдаг. Ер нь бол бусдын эд хөрөнгийг фидуцийн гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр шилжүүлж авах эрх ямар ч тохиолдолд үүсэхгүй. Гэхдээ тус эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан байдаг. 10 хоногийн дотор хүү, алданги тооцохгүй байх хууль зүйн зохицуулалтай буюу шаардах эрх үүсэх 10 хоногоо дурдаад түүнээс цааш зээлийн эргэн төлөгдөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрх нь хэвээрээ байгаа. Энэ барьцаа хөрөнгийг өөрийн нэр дээр болгож авсан байж, дуудлага худалдаагаар худалдан борлуулж, өөрийн өр авлагыг барагдуулах боломж байсан байтал 2 жил гаруй хугацааг санаатайгаар өнгөрөөж хүү, алдангийг өсгөсөн. Шүүхийн шийдвэр нь 2021 оны 07-р сарын 22-ны өдөр эцэслэн хуулийн хүчин төгөлдөр болсон буюу Улсын Дээд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Энэ хугацаанаас хойш иргэний нэхэмжлэл гаргаж, шаардах эрхээ эдлээгүй. Тухайн бичгээр хийсэн зээлийн гэрээг харвал 1 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд 1 жилийн хугацаа өнгөрснөөс хойш хүү, алданги тооцох эрхээ алданги гэсэн хуулийн зохицуулалтын дагуу нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрх үүсэхгүй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нийт зээлийн хүү нь 5,040,000 төгрөг байх ёстой. Өнөөдөр энэ талаар засварлаад орж ирж байгаа. Алдангийн тухайд өнөөдрийн нэхэмжлээд байгаа үнийн дүн нь жилээр тооцсон тохиолдолд гарах үнийн дүн байна. Гэтэл нэхэмжлэгч нь алдангийг жилээр нь тооцох эрхгүй, зөвхөн зээл олгосноос хойш 3 сарын дотор эрүүгийн хэрэгт холбоотой болж тус эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Шаардах эрхийнхээ хүрээнд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байсан. Өөрөөр хэлбэл, Б.Б болон “Т” ХХК нарын хооронд иргэний журмаар асуудлаа шийдвэрлэх боломж нь байсан. Гэтэл н.С, В.Н нарын маргаанд хөрөнгийг битүүмжилсэн нь иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй. Нэхэмжлэгч нь нэгэнт шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хүү, алданги тооцох үндэслэлгүй. 13,242,000 төгрөгийн нэхэмжлэл гаргаснаас хойш хугацаанд хүү, алдангийг тооцохгүй, зогсон гэж үзээд уг тайлбарыг гаргаж байна. Хэрэв Б.Б нэхэмжлэгчид төлбөр төлсөн тохиолдолд 13,242,000 төгрөгийг нь төлж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Хариуцагч талын гаргасан тайлбарын тухайд зөвшөөрөхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хуульд заагаагүй, үндэслэлгүй тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг нэгэнт шийдвэрлэгдсэн автомашиныг н.Сын төлбөрт өгсөн гэх тайлбар нь эрүүгийн хэрэгт тус агуулгыг дурдсан шийдвэр гараагүй гэж үзэж байна. Харин автомашины улмаас ямар байдлаа хохирсон талаар иргэний шүүхээр тогтоолгосны дараагаар талууд тухайн хөрөнгийг худалдан борлуулсан мөнгөн дүнгээс хохирлоо барагдуулах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал Давж заалдах шатны шүүхийн магадаллыг буруу тайлбарлаж, шүүхэд буруу ойлголт төрүүлж байна. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд тэргүүн ээлжинд хангуулж гэдэг үг нь эцсийн байдлаар шийдвэрлэгдсэн шүүхийн тогтоол гэж заагаад байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхийн үндэслэх хэсэгт дурдаж байсан боловч тогтоох хэсэгт тус маргааныг хэлэлцэхгүй орхилоо гэж бичсэн байна. Тэгэхээр энэ маргаан нь хэн нь тэргүүн ээлжинд авах, хэн нь сүүлд авах талаар бүрэн тогтоогоогүй. Тогтоосон байна гээд хуулийг буруу тайлбарлаж, шүүхэд буруу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагад зөвхөн мөнгө нэхэмжилсэн болохыг тэмдэглэлд тусгуулахыг хүсэж байна.

 

Учир нь, барьцаа хөрөнгөөр гэрээний үүргийн биелэлтийг хангуулах шаардлагыг гаргаагүй. Хэргийн материалд өгсөн нэхэмжлэгчийн тайлбарыг харвал барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй талаар тайлбар гаргасан байдаг. Тийм учраас барьцаа хөрөнгө болох LX RX 450H маркийн автомашинаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг гүйцэтгэх үндэслэлгүй болохыг тэмдэглэлд тусгаж, шүүхийн шийдвэрт дурдуулах хүсэлтэй байна” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 306,610.00 төгрөг төлсөн баримт,
  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,
  3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл,
  4. 2019.08.21-ний өдрийн зээлийн гэрээ, фидуцын гэрээ,
  5. Барьцаат зээлийн тооцооны хуудас,
  6. Зээлийн тооцоолол.

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх итгэмжлэл.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс өгсөн баримт:

 

1.         Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/435 тоот шийтгэх тогтоол,

2.         Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 онй 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ДШМ/692 тоот магадлал,

3          Т ХХК-ийн нэхэмжлэл,

4.         Барьцаат зээлийн тооцооны хуудас,

5.         Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гомдлын хариу,

6.         Т ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлт,

7.         Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол,

8.         Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудас,

9.         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн захирамж,

10.       Прокурорын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоол,

11.       Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын батламж,

12.       Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол,

13.       Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл,

14.       Битүүмжлэх ажиллагааны үеийн гэрэл зургийн үзүүлэлт,

15.       Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол,

16.       Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл,

17.       Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол,

18.       Иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

19.       Т ХХК-ийн итгэмжлэл,

20.       Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

21.       Х банк ХХК-ийн дансны хуулга,

22.       Т ХХК-ийн мэдэгдэл,

23.       Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,

24.       Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

25.       Автотээврийн үндэсний төвийн лавлагаа.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

 

        1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 4-177/11421 тоот албан бичиг, хавсралт.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,732,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,172,000.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагчаас үндсэн зээл 12,000,000.00 төгрөг, зээлийн хүү 5,040,000.00 төгрөг, алданги 8,520,000.00 төгрөг, нийт 25,560,000.00 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нэхэмжлэгч “Т” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд тус компанид Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас уг дүүрэгт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/ эрхлэн явуулах батламж бичгийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус тус олгож байжээ /1-р х.х-ийн 4, 230-232 хуудас/.

 

Гэвч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд аливаа этгээд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэн явуулах тохиолдолд төрийн эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй тул нэхэмжлэгч “Т” ХХК-ийг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн гэж маргах шаардлагагүй юм.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ .................” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд хуульд заавал зөвшөөрөл авахаар зохицуулаагүй байна.

 

        1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нэхэмжлэгч “Т” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Д.Бтэй зээлийн гэрээ байгуулж 12,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцсон ба талууд тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар тоот улсын дугаартай лексус 450 эйч маркийн автомашиныг өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ байгуулжээ /1-р х.х-ийн 6-10 хуудас/.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй” гэж заасан. Тайлбарлавал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд гагцхүү зээлдэгчтэй хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгох ба нэхэмжлэгч фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шаардлага гаргаагүй боловч зээлийг хүү болон алдангийн хамт нэхэмжилснийг хариуцагч нь фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангасан гэсэн үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч, татгалзаж байна.

 

Тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, түүнчлэн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч “Т” ХХК-иас хариуцагч Д.Бд 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний зүйл болох 12,000,000.00 төгрөгийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар хариуцагч буюу зээлдэгчийг 12,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байна гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/435 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ДШМ/692 тоот магадлалд тус тус дурдсанаар хариуцагч Д.Б нь тус 12,000,000.00 төгрөгийг н.Н, Б.С нарт зээлдүүлэхээр нэхэмжлэгч “Т” ХХК-иас авсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Д.Б, Ш.Ц нарын мэдүүлгээр тогтоогдож байна /2-р х.х-ийн 15-50 хуудас/. 

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, үүн дотроо 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдэх журмаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

        1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн  208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь үүргийг тогтоосон газар, хугацаандаа бүрэн гүйцэтгэх ёстой бөгөөд тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээдэг.

 

Зохигч нарын байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар хариуцагч Д.Б нь уг 12,000,000.00 төгрөгийн зээлийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд сар бүрийн 21-ний өдөр үндсэн зээлийг ашигласан хугацааны хүүгийн хамт 1,242,658.00 төгрөгийг тогтмол төлсөөр дуусгах үүрэг хүлээсэн байна /1-р х.х-ийн 7 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээний ерөнхий хугацааг 12 сар, зээл төлөх тусгай хугацааг сарын бүрийн 21-ний өдөр байхаар тохирч, хариуцагч нь энэ хугацаанд үндсэн төлбөрөөс гэрээнд заасан хэмжээгээр ашигласан хугацааны хүүгийн хамт зохих ёсоор төлсөн тохиолдолд үүрэг зөрчигдөхгүйгээр ерөнхий хугацаанд зээлийг төлж дуусгах ба зээлийн хүүнд 2,911,873.00 төгрөг төлөх ёстой байжээ.

 

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, түүнчлэн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан. Тодруулбал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон тохиолдолд ийнхүү гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд гэрээ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигч нарын зээлийн хүүгийн талаарх гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан тохиролцоо хуульд нийцсэн байна.

 

Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч Д.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй буюу зээл, зээлийн хүүг төлөөгүй, зээлийн гэрээний хугацаа нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дууссан байна. Энэ тохиолдолд зээлдүүлэгч “Т” ХХК нь зээл, зээлийн хүүг түүнээс буцаан шаардах эрхтэй бөгөөд үндсэн зээл 12,000,000.00 төгрөгөөс гэрээнд заасан хэмжээгээр хүү тооцоход 5,040,000.00 төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй ажээ /12,000,000x3.5%=420,000.00 төгрөг, 12x420,000 төгрөг=5,040,000.00 төгрөг/.

 

        1. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14дүгээр зүйлийн 141.1-д “Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно” гэж, мөн 141.3-т “Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 141.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно” гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, дэлхий нийтийг хамарсан “ковид-19” цар тахлын үед барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний хүү сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүүлэхгүйгээр тогтоох ба үүнээс өндөр хэмжээгээр гэрээнд тусгасан байвал мөн хуулийн 141.2-т “Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн 141.1-д заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй” гэж зааснаар хуульд нийцүүлэх үүргийг зээлдүүлэгчид ногдуулсан.

 

Гэвч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 14дүгээр зүйлийн 141.1 дэх хэсэгт заасан хүү, алдангийн хэмжээ нь барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарна” гэж заажээ.

 

Өөрөөр хэлбэл, барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй байх тохиролцоо нь зөвхөн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах тул нэхэмжлэгч “Т” ХХК болон хариуцагч Д.Б нарын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусах зээлийн гэрээний харилцаанд үйлчлэхгүй юм.

 

Иймд, нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Д.Бээс үндсэн зээл 12,000,000.00 төгрөг, зээлийн хүү 5,040,000.00 төгрөгийг тус тус шаардах эрхтэй байна.

 

  1. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Зохигчид, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг нэгэн адил хамаардаг тул энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн зээл болон хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төлөөгүй үндсэн зээл 12,000,000.00 төгрөг, зээлийн хүү 5,040,000.00 төгрөг, нийт 17,040,000.00 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй.

 

Ингээд Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 17,040,000.00 төгрөгөөс хэтэрч байх тул энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “...................... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг үндэслэн алдангийн хэмжээг 8,520,000.00 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

 

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан. Тайлбарлавал, алдангийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд үүрэг гүйцэтгэгчийн буруутай биш өөр бусад нөхцөл байдал нөлөөлсөн тохиолдолд түүнийг харгалзан үзэх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, дэлхий нийтийг хамарсан “ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тоот тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл, 2020 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийн 181 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 тоот тогтоолоор 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 тоот тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 тоот тогтоолоор 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл тус тус нийтийг хамарсан хөл хорио тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “................ нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нотлох шаардлагагүй юм.

 

Тийм учраас хариуцагч Д.Б 12,000,000.00 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлөх ёстой байсан боловч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй хугацааг хэтрүүлсэн 498 гаруй өдрийн тодорхой хэсгийг нийтийг хамарсан хөл хорио тогтоосон байх тул 8,520,000.00 төгрөгийн алдангиас 50 хувь болох 4,260,000.00 төгрөгийг хасах нь шударга ёсонд нийцнэ.

 

Тодруулбал, талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар гэрээнд үнэнч байх зарчмыг заавал мөрдөх үүрэгтэй ч гэрээний үүргийг биелүүлэхэд ийнхүү давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд гэрээний шударга байдлыг хангах зорилгоор гэрээнд үнэнч байх зарчмыг хязгаарладаг байна.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 12,000,000.00 төгрөг, зээлийн хүү 5,040,000.00 төгрөг, алданги 4,260,000.00 төгрөг, нийт 21,300,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,260,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

  1. Хариуцагч Д.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд В.Н, өмгөөлөгч М.А нар нэхэмжлэгч “Т” ХХК-нд үүргийн гүйцэтгэлийг хангах фидуцийн гэрээний дагуу тоот улсын дугаартай лексус 450 эйч маркийн автомашиныг өмчлөлд нь шилжүүлсэн тул үүрэг дуусгавар болсон, зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хугацаа хожимдуулж нэхэмжлэл гаргаснаас улбаалан их хэмжээтэй зээлийн хүү, алданги шаардаж байна гэж маргасан.

 

а/ Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох тус хуулийн 231 дүгээр зүйлийн 231.6-д заасан фидуцийн гэрээ нь зээлийн гэрээг дагаж үүсдэг гэрээ бөгөөд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч тал тус гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эсэхээ сонгох нь түүний эрхийн сацуу фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус, аль эсхүл фидуцийн зүйл устаж үгүй болсон нь үндсэн зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

 

б/  Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж тус тус заажээ.

 

 Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд гэрээний зүйлийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлж байгаа нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээ, хэлэлцээр байгуулсан гэсэн агуулгыг илэрхийлдэггүй, тухайн төрлийн гэрээг байгуулснаар фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид шууд шилжүүлж байгаа хэлбэр биш юм.

 

в/  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/435 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ДШМ/692 тоот магадлалаар шүүгдэгч Ц.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, түүнээс 116,370,000.00 төгрөгийг гаргуулж хохирогч В.Нд олгохоор шийдвэрлэсэн байна /2-р х.х-ийн 15-60 хуудас/.

 

Мөн уг шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад битүүмжлэгдсэн “Форд Ф-150” маркийн автомашин, “Ар Экс 450 Эйч” маркийн автомашинаар тус тус хохирлыг барагдуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна. Тодруулбал, хүсэлт гаргагч В.Нг залилан мэхэлсэн Ц.Сос хохирол 116,370,000.00 төгрөгийг гаргуулахдаа эдгээр автомашиныг худалдан борлуулах ажээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзвэл хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч “Т” ХХК-иас 12,000,000.00 төгрөгийг гэрээ, хэлцлээр халхавчлах замаар залилан мэхлэж авсан гэж дүгнээгүй байх тул нэхэмжлэгч нь талуудын хооронд жинхэнэ хүсэл зоригт тулгуурласан зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэсэн үндэслэлээр хариуцагчаас зээл, зээлийн хүү, алдангийг тус тус шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2021/ШЦТ/435 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ДШМ/692 тоот магадлалд тус тус дурдсанаар зохигч нарын байгуулсан фидуцийн гэрээний зүйл болох тоот улсын дугаартай лексус 450 эйч маркийн автомашиныг хэдийгээр 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээ байгуулсан байсан цаг хугацаанд тус автомашиныг хариуцагч Д.Б нь өөрийн эзэмшилд байх үед шүүгдэгч Ц.Сд “Форд Ф-150” маркийн автомашины хамтаар 132,000,000.00 төгрөгөөр худалдахаар тохиролцож, түүнд хүлээлгэн өгсний дараагаар Ц.Сын В.Нд учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор худалдан борлуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч Д.Б нарын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар фидуцийн гэрээний зүйл нь бодитоор нэхэмжлэгчийн өмчлөлд шилжээгүй байсан байх тул үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.

 

г/   Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж заажээ.

 

            Юуны өмнө энэхүү зохицуулалт нь барьцааны гэрээнд хамааралтайгаас гадна барьцааны зүйл нь зээлдүүлэгчийн эзэмшилд байх тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой байдаг. Харин барьцааны зүйлийг барьцаалуулагч эзэмшилдээ байлгаж байхдаа гээгдүүлсэн, устгасан, бусдад шилжүүлсэн бол зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээл, зээлийн хүүг алдангийн хамт шаардахад энэ нь хориглох зүйл болохгүй юм. Хэдийгээр Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч нь мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах зохицуулалттай боловч нэхэмжлэгч “Т” ХХК-ийг хариуцагч Д.Б нь үүргээ гүйцэтгэхгүй байхад нь арав хоногийн дотор түүнд үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдээгүй, барьцааны зүйлийг худалдаж зээлийг төлүүлээгүй гэж буруутгаж, улмаар зээлийн хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэх боломжгүй юм.

 

            Учир нь, зээлийн гэрээгээр зээл олгох үүрэг хүлээсэн нэхэмжлэгч “Т” ХХК нь зээл олгох үүргээ түрүүлж гүйцэтгэсэн бол, харин хариуцагч Д.Б нь буцаан төлөх үүргээ зөрчсөн, зээлдэгчийн үүрэг түүнээс хамааралтайгаар биелэгдээгүй, тэрээр заавал биелүүлэх үүрэгтэй, тийнхүү биелүүлэх талаар чармайх ёстой бөгөөд тодорхой шалтгаангүйгээр биелүүлээгүй байхад нь зээлдүүлэгчийг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж хүү, алданги шаардах эрхгүй гэж дүгнэх нь шударга бус, энэ хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар үүргийн зүйл нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал үүрэг гүйцэтгэгч үүргээ ямар ч нөхцөлд биелүүлэх үүрэгтэй билээ.

 

д/ Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заажээ. Тайлбарлавал, нэхэмжлэгч “Т” ХХК, хариуцагч Д.Б нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой ба зээлдүүлэгчийг зээлийг буцаан шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй гэж буруутгах нь түүний шударга бус үйлдэл, эс үйлдэхүй байх тохиолдолд зээлийн хүү, алдангийг багасгаж болно. Гэвч нэхэмжлэгч “Т” ХХК-ийн зээл, зээлийн хүүг шаардах эрхээс өмнө хариуцагч Д.Бийн үүрэг яригдах ба зээлдэгч үүргээ биелүүлэх ёстой. Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд фидуцийн зүйлийг буцаан шаардах хүсэл зоригтой оролцож байсан байна.

 

            Иймээс нэхэмжлэгч “Т” ХХК-ийг үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

  1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар гэрээ, хэлэлцээр болон хуульд заасан үндэслэлээр үүссэн үүргийг нөгөө талаасаа биелүүлэхийг шаардах зарим эрх тодорхой хугацаагаар хязгаарлагддаг ба 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заажээ.

 

 Ингээд хэрэгт авагдсан баримт, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж, түүнчлэн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус зааснаар тоолоход хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгавар болоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Бээс 21,300,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,260,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,610.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 264,450.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР