| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2018/00371/И |
| Дугаар | 103/ШШ2019/00103 |
| Огноо | 2019-03-27 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2019/00103
2019 03 27 103/ШШ2018/00103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагын 12 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, Боржигин овогт Сумъяагийн Уранчимэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Найрамдлын гудамж, өөрийн байранд байрлах, Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдох төрөөс нэг удаа олгох тэтгэмжийн зөрүү 9.206.272 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Уранчимэг, хариуцагч 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдмаа, нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: С.Уранчимэг миний бие улсын байгууллагад 36 жил үүнээс боловсролын байгууллагад 27 жил ажилласан. Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байгаад 2017 оны 11 сарын 08-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдөн тэтгэвэрт гарсан. Тухайн байгууллагад эрхлэгчээр ажиллаж байсан Д.Нарангэрэл нь намайг тэтгэврийн нас болоогүй, тэтгэвэрт гарах өргөдөл өгөөгүй байхад улсаас өгдөг тэтгэмжийг миний нэр дээр 2012 оны төсөвт тусгасан байсан. 2012 оны 6 дугаар сард тэтгэмжийн чинь мөнгө орж ирсэн гэхээр нь би яагаад тэтгэмжийн мөнгө надад өгдөг билээ, би өргөдөл өгөөгүй шүү дээ гэхэд нэгэнт ороод ирсэн мөнгийг яахав дээ гэж хэлсэн. Үүний дараа Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтын дагуу Нийслэлийн боловсролын удирдах газарт өргөдөл өгөхөд 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн албан тоотоор надад хариу явуулсан. Тус албан бичиг удирдлагын буруугаас болж Уранчимэг багш хохирох ёсгүй гэсэн агуулгатай байсан. Энэ баримт хэрэгт байгаа. Удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж С.Уранчимэг миний бие одоог хүртэл хохирсон хэвээр байна. Д.Нарангэрэл эрхлэгч хот шилжсэн учир 2013 онд Ж.Нарангарав тус цэцэрлэгийн эрхлэгчээр ирсэн. Өргөдөл өгөөд байхад ерөөсөө асуудлыг минь шийдэж өгөхгүй, харин ч намайг ажлын дарамтад оруулж, бүр зодож ч байсан удаа бий. Сувдмаа дарга тэр үед арга зүйч байсан хүний хувьд намайг яаж дарамталж байсныг маш сайн мэдэж байгаа. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4-т...Төрийн болон орон нутгийн өмчийн... цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана.. гэж хуульчлан заасан. Ж.Нарангарав нь 2015-2016 онд тэтгэмжийн зөрүү мөнгийг олгох боломж байхад, тэтгэмжийн зөрүү мөнгийг олгохгүй буцаана, та шүүхээр яваад аваарай гэж надад хэлсэн. Боловсролын удирдах газраас ирүүлсэн Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн багш ажилчдад тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн судалгаа гэсэн баримт бичиг байгаа. Энэ баримтын талаар 2018 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын лавлах утас 1888 дугаарт залгаж түүгээр дамжуулж Билэг-Оюун гэдэг хүнтэй холбогдож асуухад өөрөө энэ баримтыг явуулсан, баталгаатай баримт байгаа, танд тэтгэмжийн зөрүүг өгөх боломжтой гэдгийг хэлж байсан. Би 131 дүгээр цэцэрлэгийн удирдлага, Багануур дүүргийн Боловсролын хэлтэст удаа дараа өргөдөл гаргаж намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байсан боловч асуудлыг одоо болтол шийдэж өгөөгүй. Миний бие 2017 оны 11 сарын 08-нд тэтгэвэртээ гарахдаа тэтгэмжийн зөрүү мөнгөө авъя гэж одоогийн эрхлэгч Сувдмаад хэлсэн боловч намайг хохирч явааг мэдсээр байж одоо болтол миний тэтгэмжийн зөрүү мөнгийг төсөвт суулгаж олгохгүй байгаад би маш их гомдолтой байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-т.....Төсвийн байгууллагаас энэ хуулийн 42.1-д заасан нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан нийтлэг журмыг Засгийн газар батална..., Засгийн газрын 2015 оны 08 сарын 17-ны өдрийн 338 дугаар Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын 1-т Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д доор дурдсан агуулагатай 21 дэх заалт нэмсүгэй: 21 Боловсролын тухай хуулийн 43.1.4, 43.5-д тус тус заасан төрийн үйлчилгээний албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмж тооцох цалингийн хэмжээг энэ журмын 3, 4 дэх заалтанд заасны дагуу тогтоох, 3-т Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно... гэж тус тус заасны дагуу энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрсэн билээ. С.Уранчимэг миний бие 131 дүгээр цэцэрлэгээс 21.904.452 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж авах байсан боловч 2012 оны 12 сарын 25-нд 7.319.280 төгрөг, 2013.09.16-нд 5.378.900 төгрөг, нийт 12.698.180 төгрөгийг хоёр хувааж авсан. Би тэтгэвэрт гарах талаар өргөдөл бичиж өгөөгүй, өгсөн өргөдөл ч байхгүй. Өөрөө өргөдлөө өгсөн бол юу гэж энэ олон жил ингэж маргаж явах вэ дээ. Хамгийн гол нь намайг тэтгэвэрт гаргах гэж миний зөвшөөрөлгүй удирдлагууд хүний тэтгэмжийг урьдчилж төсөвт суулгаснаас болж иргэн би хохирч байна. Үүнд гомдолтой байна. Иймд тэтгэмжийн зөрүү мөнгө болох 9.206.272 төгрөгийг одоо болтол аваагүй хохирсон хэвээр байгаа тул Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Т.Сувдмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн иргэн Сумъяагийн Уранчимэгийн гаргасан нэхэмлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэтгэмжийн мөнгө өгөхөд тухайн тэтгэвэрт гарах гэж байгаа хүний өргөдлийг заавал авдаг. Өргөдлийг үндэслэж тухайн жилийн төсөвт оруулдаг. Жишээ нь 2012 онд тэтгэвэрт гарах гэж байгаа бол 1 жилийн өмнө буюу 2011 онд өргөдлөө өгнө гэсэн үг юм. Түүнээс биш тухайн хүн өргөдөл өгөөгүй байхад тэтгэмж нь орж ирэхгүй. Мөнгө нь орж ирэхдээ тухайн хүний нэр дээр орж ирэх болохоос өөр хүний нэр дээр орж ирэхгүй, байгууллагын дансанд шууд орж ирэхгүй. Би 2017 оноос эхэлж энэ цэцэрлэгийн эрхлэгчээр ажилласан. Одоо ч тэтгэвэрт гарах гэж байгаа хүний өргөдлийг үндэслэдэг. Тухайлбал би 2017 онд ажилдаа орсон байхад түүнээс өмнө буюу 2015, 2016 онуудад өргөдлөө өгөөд 2017 онд тэтгэмжээ авсан хүмүүс байгаа. Тийм учраас өргөдөлгүйгээр хэзээ ч тэтгэмж олгогдохгүй юм. Сая Урнаа багш Сувдмаа дарга өмнө нь манайд ажиллаж байсан болохоор мэдэж байгаа гэж хэлж байна. Би 2014 онд 131 дүгээр цэцэрлэгт арга зүйчээр ажилд орж байсан. Урнаа багшийг өргөдлөө өгсөн, өгөөгүй гэж ам яриа зөндөө л байдаг. Багануур дүүрэг жижигхэн учраас дүүрэгт хаана юу болж байгааг бүгд мэддэг. Ер нь ийм маргаантай зүйл болоод байна гэдгийг би сонсож байсан. Урнаа багшийг өргөдлөө өгсөн гэхээр баримт байхгүй, архивт ч байхгүй. Би шалгаж үзсэн. Өмнөх удирдлагууд нь өргөдөл өгсөн гэж хэлдэг. Урнаа багш болохоор өргөдлөө өгөөгүй гэдэг. Гэтэл өгсөн өргөдөл нь байхгүй. Тэтгэвэрт гарах нас болсон гэж ажлаас нь чөлөөлөөд Нарангэрэл эрхлэгчтэй маргаад шүүх хурлаар ороод өргөдлөө гаргаагүй байхад нь тэтгэвэрт гаргасан нь буруу гээд шүүхээс Уранчимэгийг 2014 онд ажилд нь эгүүлэн тогтоож байсан. Тухайн хүний өргөдлийг нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хамт хавсаргаад явуулдаг . Гэтэл энэ баримтууд дотор Урнаа багшийн өргөдөл байхгүй байна. Энэ нь тухайн үед ажиллаж байсан хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж бодож байна. Би тухайн үед ажиллаж байгаагүй болохоор мэдэхгүй байна. Нэхэмжлэгчийг Нарангарав даргатай зөрүү мөнгөө авмаар байна гэсэн асуудаар ярилцаж байгааг нь зэргэлдээ өрөөнд сууж байсны хувьд сонсож л байсан. Тэрнээс биш яаж тохиролцсон, өргөдөл өгсөн үгүйг нь би нүдээрээ хараагүй учраас хэлж мэдэхгүй. Би 2017 оны 3 дугаар сараас эрхлэгчээр ажиллаж эхэлсэн бөгөөд намайг ажилласнаас хойш надад тэтгэмжийн талаар энэ хүн амаар болон бичгээр хандаж байгаагүй. Хэрвээ надад хандсан бол би энэ хүний төлөө тодорхой хэмжээгээр явах л байсан. Хүмүүс л яриад байдаг, өөрөө надад тулж хандаагүй болохоор миний хувьд энэ асуудлыг хөөцөлдөх үндэслэл байхгүй. Яахав Урнаа багш намайг дам яриаг сонсоод энэ асуудлыг ойлгож байгаа гэж бодсон байж магадгүй л дээ. Иймд өнөөдрийн шаардаж байгаа мөнгийг цэцэрлэг гаргаж өгөх боломжгүй. Бас юуг үндэслэж би энэ хүнд мөнгө олгох ёстойгоо ч мэдэхгүй байна. Иймд нэг удаа олгох тэтгэмжийн мөнгийг өгсөн учраас нэхэмжлэлийн шааралагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Уранчимэг нь Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгт холбогдуулан нэг удаагийн олгох тэтгэмжийн зөрүү 9.206.272 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэг нь нэг удаа өгөх тэтгэмжийг хуульд заасны дагуу 24 сараар тооцож өгсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгч С.Уранчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч С.Уранчимэг нь улсад 36 жил ажилласан гэж тайлбарлаж байгаа хэдий ч 1976 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, 207385 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийг шинжлэн судалбал 1976 оны 07 сарын 01-ний өдрөөс 1983 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл төрийн байгууллагад 14 жил 03 сар 25 хоног, 1998 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 08-ны өдөр хүртэл 17 жил 11 сар үүнээс 2005 онд тасарсан 2 сар, 2007 онд тасарсан 4 сар нийт 6 сарыг хасаж тооцоод 17 жил 5 сар нийт улсад 31 жил 8 сар ажилласан байна.
/ хх- 61-69/
Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх хэсэгт төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгт энэ хуулийн 43.1.2-т заасан албан тушаалд 25 ба түүнээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгоход түүний үндсэн цалингаар тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаас нь олгох бөгөөд шаардагдах зардлыг нь тухайн жилийн төсөвт тусгана гэж заажээ.
Нэхэмжлэгч Уранчимэг нь 1957 оны 11 дүгээр сарын 07-нд төрсөн бөгөөд 2012.11.07-ны өдөр 55 нас хүрсэн байна.
Нэхэмжлэгчийн зүгээс намайг тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөгүй, энэ талаар амаар болон бичгээр байгууллагын даргад илэрхийлээгүй байхад эрхлэгч Нарангэрэл өөрийн санаачлагаараа тэтгэвэрт гарахад өгдөг нэг удаагийн тэтгэмжийг төсөвт суулган оруулж ирснээс болж тэтгэмжийн мөнгөө дутуу авсан гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлж байна.
Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж тэтгэвэрт гарах насыг хуульчилж өгсөн бөгөөд нэхэмжлэгч С.Уранчимэгийн хувьд өөрөө хүссэн үед 55 настай тэтгэвэрт гарах, түүнээс цаашаа 60 нас хүртэл ажиллах эрхийг хуулиар олгосон байна.
Гэтэл байгууллагын эрхлэгч нь түүний 55 настайдаа тэтгэвэрт гарах хүсэлтэй эсэхийг тодруулж албан ёсны өргөдөлийг авахгүйгээр 2012.12.25-нд 7.319.280 төгрөг, 2013.09.16-ны өдөр 5.378.900 төгрөгийн тэтгэмжийг төсөвт суутган олгосон нь буруу байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тэтгэвэртээ гарах талаар өөрөө хүсээгүй, хүсэлтээ бичгээр гаргаагүй байна.
Нэхэмжлэгч нь дутуу авсан тэтгэмжийн талаар Нийслэлийн Боловсролын газар, Багануур дүүргийн Боловсролын хэлтэс удаа дараа бичгээр хүсэлт гаргаж байсан болох нь 2012.07.03-ны өдрийн 1/362 дугаартай албан бичгээр тогтоогдож байгаа бөгөөд уг албан бичигт Нийслэлийн Боловсролын газраас Багануур дүүргийн Боловсролын хэлтэст ирүүлсэн өргөдлийг хянахад багш Уранчимэгийн тэтгэвэрт гарахдаа олгох тэтгэмжийн мөнгийг төсөвт тусгах талаарх өргөдлийг нь гаргуулахгүйгээр эрхлэгч Нарангэрэл, нягтлан бодогч Цэцэгбадам нар 2012 оны төсөвт тусган нэгтгэсэн байна, иймд дээрх ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж багш Уранчимэгийн эрх ашиг хохирох ёсгүйг анхаарч холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ноогдуулж хариуг ирүүлэхийг Багануур дүүргийн Боловсролын хэлтэст үүрэг болгож байсан байна.
/хх-26 хуудас/
Түүнчлэн 2018.08.15-ны өдрийн Нийслэлийн Боловсролын газрын Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтнуудын тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн судалгаанд 2013 онд 5 дахь баганы ард тайлбар хэсэгт нэргүй байгаа нь С.Уранчимэгийн тэтгэмжийн зөрүү, нэмэлтээр төсөвт тусган санал хүргүүлсэн. Тэтгэмжийг олгосон тухай гүйцэтгэлийг 131 дүгээр цэцэрлэгээс авах гэж тусгагдсан байгаагаас харахад нэхэмжлэгчийн тэтгэмжийн зөрүүг нэмэлтээр төсөвт тусгасан байсныг хариуцагч талаас олгоогүй үйл баримт тогтоогдож байна.
Уг баримтыг хариуцагч талаас зөвхөн судалгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч түүнийг няцаасан баримт ирүүлээгүй, 2011-2016 онд Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгийн багш, ажилтнуудын тэтгэвэрт гарахад олгосон тэтгэмжийг 2018 онд судалгаа маягаар гаргасан, тухайн байгууллагад төсөвлөгдөж олгогдсон үйл баримтыг нотолсон буюу өнгөрсөн үйл баримтыг нотолж байгаа баримт гэж үзэхээр байна. /ХХ-70, 73 дугаар хуудас/
Иймд түүний хүсэл зоригийг үл харгалзан байгууллагын эрхлэгч сайн дураар тэтгэмжийн мөнгийг нь төсөвт суулгасны улмаас тэрээр авах ёстой байсан тэтгэмжээ дутуу авсан байна.
Хариуцагч талаас өргөдлийг нь заавал авч байж тэтгэмжийн мөнгийг төсөвт суутгадаг, тэр үед өргөдлийг нь авсан байх ёстой гэж маргаж байгаа бөгөөд Уранчимэгийн тэтгэвэрт гарах талаар өгсөн өргөдөлийг байгууллагын архиваас хайгаад олоогүй, холбогдох баримтанд Уранчимэгийн өргөдөл байхгүй байна гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд өгч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар өөрийн тайлбар, татгалзлыг нотлох үүрэг хэргийн оролцогч өөрөө хүлээдэг бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэгчийн тэтгэвэрт гарах хүсэл зоригийг хэрхэн тодруулсан болон баталгаалжуулж авснаа нотлоогүй, энэ талаар баримт шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь 2017.11.09-ний өдрөөс хуулийн дагуу 60 нас хүрч улсад 30 жил 8 сар ажилласан хугацаагаар тэтгэврээ тогтоолгосон болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Нийгмийн даатгалын хэлтсийн 2019.03.20-ны өдрийн 116 дугаартай албан тоотоор тогтоогдож байна.
Тэрээр хуульд заасны дагуу 60 нас хүртэл ажилласан учир байгууллагаас 2016 оны төсөвт тэтгэмжийг суулгаж өгснөөр төрөөс нэг удаагийн тэтгэмж авах эрх нь 2017 онд үүсэх байжээ.
Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт хуульд заасан тохиолдолд Засгийн газар энэ хуульд нийцүүлэн гаргасан, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг хэрэглэж болно, гэж заасны дагуу нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсэх үед үйлчилж байсан Засгийн газрын тогтоолын дагуу Уранчимэгийн тэтгэмжийн зөрүүг тооцох нь зүйтэй юм.
Тэтгэвэрт гарах хүмүүст нэг удаагийн буцалтгүй тусламж олгох харилцааг зохицуулж байсан Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолд 2015 оны 08 сарын 17-ны өдрийн 338 дугаар Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд уг өөрчлөлтөнд Төрийн албаны тухай хуулийн 24.1.1,24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох, Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн гурван жилийн дунджаар тооцож тогтоохоор тус тус заажээ.
Уг тогтоолыг 2015.01.23-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан.
Нэхэмжлэгч нь 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 11 сар хүртэл хугацаанд 608.457 төгрөгийн үндсэн цалин авч байсан талаарх 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт болон Нийгмийн даатгалын байгууллагаас 30 жилээр улсад ажилласнаар тэтгэвэрт гарсныг үндэслэн тэтгэмжийн зөрүүг тооцов.
/ 30x608457=18.862.167/ Авах ёстой байсан 18.862.167 төгрөгийн тэтгэмжээс авсан тэтгэмж 12.698.180 төгрөгийг хасаж тооцож 5.555.530 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий газраас 2019.01.30-ны өдрийн 190 дугаартай захирамжаар нотлох баримт гаргуулсан хэдий ч уг албан бичигт хүчингүй болсон /Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4 дэх заалт/ заалт бичсэн, эргэлзээтэй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 36 жил улсад ажилласан гэж бичсэн, нийгмийн даатгалын дэвтрийг тооцож үзэхэд 32 жил 8 сар ажилласан бөглөлт хийгдсэн зэрэг улсад ажилласан хугацаа зөрүүтэй байгаа хэдий ч нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн 30 жил 8 сараар нийгмийн даатгалаас тэтгэвэрт гарсан гэсэн тайлбарыг үндэслэн Монгол улсын Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын 6 дахь заалтанд төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно гэж заасны дагуу ажилласан жилийн хугацааг 30 жилээр тооцсон болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч байгууллагаас 5.555.530 төгрөгт ноогдох тэмдэгтийн хураамж 103.838 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Нотлох баримтуудыг үнэлэхэд зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хоорондоо болон тухайн маргаж байгаа шаардлагуудад хамааралтай, ач холбогдолтой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4 дэх хэсэгт зааснаар Багануур дүүргийн 131 дүгээр цэцэрлэгээс тэтгэмжийн зөрүү 5.555.530 төгрөгийг гаруулж нэхэмжлэгч Боржигин овогт Сумъяагийн Уранчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3.650.742 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 103.838 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА