Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2022/03232

 

 

 

 

 

                          

 

 

 

                  2022       07           07   

           101/ШШ2022/03232

 

 

 

                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б-ийн гаргасан,

 

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,055,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Д.Бтай зээлийн гэрээ байгуулж, түүнд 5,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Ингээд хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2,050,000.00 төгрөгийг төгрөгийг төлснөөс 1,900,000.00 төгрөгийг зээлийн хүүнд, үндсэн зээлээс 150,000.00 төгрөгийг хассан. Үүнийг тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 300,000.00 төгрөг төлснөөс 250,000.00 төгрөгийг зээлийн хүүнд, 50,000.00 төгрөгийг үндсэн зээлд тооцсон, түүнчлэн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 100,000.00 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 100,000.00 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 100,000.00 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 150,000.00 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 150,000.00 төгрөг төлснийг зээлийн хүүнд тус тус суутгасан.

 

Үндсэндээ хариуцагч нь үндсэн зээлийн 150,000.00 төгрөг, зээлийн хүүнд 1,900,000.00 төгрөгийг төлсөн. Түүнчлэн тэрбээр намайг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 2,700,000.00 төгрөгийг төлснөөс миний бие 727,500.00 төгрөгийг алдангиас хасаж, үлдэгдэл мөнгийг зээлийн хүүнээс хасаж, зээлийн хүү 505,000.00 төгрөг үлдсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, би хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 4,850,000.00 төгрөг, зээлийн хүү 2,477,500.00 төгрөг, алданги 272,500.00 төгрөг, нийт 8,055,000.00 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч хариуцагч нь ажиллагааны явцад 2,700,000.00 төгрөгийг төлсөн тул алданги 272,500.00 төгрөг, 1,972,000.00 төгрөгийг зээлийн хүүнээс тус тус хасаад төлөөгүй хүү 5,355,000.00 төгрөг болсон.  

 

Тиймээс хариуцагч Д.Бгаас үндсэн зээлийн төлбөрт 4,850,000.00 төгрөг, зээлийн хүү 505,000.00 төгрөг, нийт 5,355,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Би, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй” гэв.

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, нэхэмжлэгчтэй 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өдөр зээлийн гэрээ байгуулж, 18 сарын хугацаатай 5,000,000.00 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээл авснаас хойш бага багаар өгч байгаад зээлээ төлж чадаагүй ба саяхан 2,700,000.00 төгрөгийг өгсөн. Нэгэнт хугацаа хэтрээд өгч чадаагүй тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс өгсөн бүх мөнгө болох 4,750,000.00 төгрөгийг хасаж тооцсон тохиолдолд 3,000,000.00 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүүгийн хувьд надад маргах зүйл байхгүй. Нийтдээ миний бие нэхэмжлэгчид 4,750,000.00 төгрөг төлсөн бөгөөд алданги төлөх боломжгүй. Ковид-19 цар тахлын нөлөөгөөр хийж байсан ажил маань зогссон тул үүнийг харгалзаж 3,000,000.00 төгрөг төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжид 143,830.00 төгрөг төлсөн баримт,
  2. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь,
  3. 2020.10.02-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ,
  4. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар.

 

Хариуцагчаас өгсөн нотлох баримт:

 

  1. “Х банк” ХХК-ийн дансны хуулга,
  2. Гар бичвэр.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад 

            ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч С.Бээс хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,055,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “миний бие хариуцагчаас үндсэн зээл 4,850,000.00 төгрөг, зээлийн хүү 2,477,500.00 төгрөг, алданги 727,500.00 төгрөг, нийт 8,055,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн. Гэтэл хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2,700,000.00 төгрөгийг төлсөн тул үүнээс алданги болон зээлийн хүүг тус тус хасаад үндсэн зээл 4,850,000.00 төгрөг, зээлийн хүү 505,000.00 төгрөг, нийт 5,355,000.00 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй” гэсэн.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

        1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Д.Бтай зээлийн гэрээ байгуулж, түүнд 5,000,000.00 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон байна.

 

Тодруулбал, зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь тус зээлийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд ашиглахаар тохиролцсон, талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлгийн 13 дугаар гудамж, тоот хаягт байрлах 41.05 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна /х.х-ийн 5-7 хуудас/.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасны дагуу тус хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

Зохигч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч С.Бээс зээлийн гэрээний зүйл 5,000,000.00 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, түүнчлэн 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан. Тодруулбал, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон тохиолдолд ийнхүү гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд гэрээ нь тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар зохигч нарын зээлийн хүүгийн талаарх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т заасан тохиролцоо нь хуульд нийцсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, ........................ зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж, мөн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж тус тус заажээ.

 

Иймд, нэгэнт хариуцагч нь зээлийн гэрээний зүйл 5,000,000.00 төгрөгийг хүлээн авсан байх тул зохигч нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

        1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т “мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ” гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нь мөнгө буцаан төлөх үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа газар, гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.

 

            Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Д.Б нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж үндсэн зээл 5,000,000.00 төгрөгийг 18 сарын хүү 4,500,000.00 төгрөгийн хамт 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулах үүргээ зөрчсөн байна. Үүнийг тодруулан тооцоолвол:

 

  •  Хариуцагч Д.Б нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч С.Бт 300,000.00 төгрөгийг төлснөөс нэхэмжлэгч нь 50,000.00 төгрөгийг үндсэн зээлд, 250,000.00 төгрөгийг зээлийн хүүнд суутгасан байна. Үүнийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны 64 хоногийн зээлийн хүү өдрийн 8,219 төгрөгөөр тооцоход 526,016.00 төгрөг бөгөөд хариуцагчийн төлсөн 250,000.00 төгрөгийг хасахад төлөөгүй дутуу 276,016.00 төгрөг байна /5,000,000x5%=250,000 төгрөг /1 сарын хүү/, 250,000x12=3,000,000 төгрөг /1 жилийн хүү/, 3,000,000:365=8,219 төгрөг /1 өдрийн хүү/.

 

  • Хариуцагч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч С.Бт 100,000.00 төгрөг төлснийг тэрээр үндсэн зээлээс хассан байна. Ингээд хариуцагчийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх 97 хоногийн зээлийн хүү өдрийн 8,136 төгрөгөөр тооцоход 789,192.00 төгрөгийн хүү төлөгдөөгүй байна /4,950,000x5%=247,500 төгрөг /1 сарын хүү/, 247,500x12=2,970,000 төгрөг /1 жилийн хүү/, 2,970,000:365=8,136 төгрөг /1 өдрийн хүү/.

 

  • Хариуцагч Д.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нэхэмжлэгч С.Бт 1,650,000.00 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дараа 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ямар нэгэн төлбөр төлөөгүй байна. Үүнээс 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны 381 хоногийн зээлийн хүү өдрийн 7,972 төгрөгөөр тооцоход 3,037,332.00 төгрөгийн хүү төлөгдөөгүй байна /4,850,000x5%=242,500 төгрөг /1 өдрийн хүү/, 242,500x12=2,910,000 төгрөг /1 жилийн хүү/, 2,910,000:365=7,972 төгрөг /1 өдрийн хүү/.

 

            Ингээд хариуцагчийн төлөөгүй үлдсэн 4,102,540.00 төгрөг /276,016+789,192+3,037,332/-ийн хүүгээс түүний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгчид төлсөн 1,650,000.00 төгрөгийг хасвал 2,452,540.00 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.Б нь нэхэмжлэгч С.Бт үндсэн зээлийн үлдэгдэл 4,850,000.00 төгрөг, зээлийн хүүнд 2,452,540.00 төгрөгийг тус тус төлөх ёстой ажээ.

 

        1. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Энэ хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, мөн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Зохигчид, зээлийн гэрээг хүүтэй байхаар тохиролцсон бол 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэгт гэрээнд заасан хүүг төлөх үүрэг нэгэн адил хамаарах тул энэхүү үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үндсэн зээл болон хүүгээс алданги тооцож төлөх үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төлөөгүй үндсэн зээл 4,580,000.00 төгрөг, зээлийн хүү 2,452,540.00 төгрөг, нийт 7,302,540.00 төгрөгөөс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөх үүрэгтэй.

 

Үүнийг Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно” гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх 20 хоногийн алдангийг тооцоход 730,240.00 төгрөг болсон хэдий ч нэхэмжлэгч нь алдангид 727,500.00 төгрөг шаардсан /7,302,540x0.5%=36,512 төгрөг /1 өдрийн алданги/, 36,512x20=730,240 төгрөг/.

 

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн зээлийн үлдэгдэл 4,850,000.00 төгрөг, зээлийн хүүнд 2,452,540.00 төгрөг, алдангид 727,500.00 төгрөг, нийт 8,030,040.00 төгрөг төлөх ёстой байснаас түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгчид төлсөн 2,700,000.00 төгрөгийг хасахад нийт 5,330,040.00 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

  1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заажээ. Гэвч хариуцагч Д.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй тул шүүх түүний мэтгэлцээгүй зүйл, үйл баримтын талаар тухайлан дүгнэлт хийхгүй.

 

Нөгөө талаар энэ хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан боловч хариуцагч нь дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан талаарх тайлбараа нотолсонгүй.

 

Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэ хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “................ нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар “Ковид-19” цар тахал тархсан эсэхийг нотлох шаардлагагүй боловч хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд түүнд уг хүндэтгэн үзэх нөхцөл байдал сөргөөр нөлөөлсөн гэдгээ тодорхой хэмжээгээр нотлох ёстой юм.

 

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 5,330,040.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,690.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Д.Бгаас 5,330,040.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,960.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,830.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 100,231.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР