Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/118

 

   2025          04             23                                          2025/ШЦТ/118                           

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Дашням,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар *******ад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн 2530000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай,

******* овогт *******.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг тоотод Байх иргэн *******ийн гэрийн хаалганы цоожийг нь эвдэж, хууль бусаар «нэвтрэн орж, гэрээс Neolux маркийн 43 инчийн зурагт, 8 ширхэг оролттой цагаан ангийн олон залгуур, хар өнгийн том цүнх, хурган дотортой ягаан өнгийн дээл, машины гар утасны цэнэглэгч, телевизорын жижиг суурь 2 ширхэг, гутал, хувцас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******т 1,378,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн хэргийн талаар мэднэ. 2025 оны 03 дугаар сарын 12-ны орой би Эрдэнэбат ахтай хамт архи уусан. Тэгээд би жаахан согтоод ирсэн. Тухайн архиа хувааж ууж дуусгаад Эрдэнэбат ахыг би гэр рүү нь оруулж өгсөн. Эрдэнэбат ахынх манай байрны 5 тоотод амьдардаг юм. Тухайн үед манай байрны 7 тоот хүнгүй харагдаад байсан. Бас цоож нь амархан нээгдэх юм шиг санагдаад байсан. Тэгээд би гэрээсээ ногоон өнгийн атвёрк аваад 7 тоот хаалганы цоожийг нь эвдсэн. Гэр рүү нь ороход гал тогооны зүүн доод буланд нь телевизор байсан. Бас шүүгээнээс нь хувцаснууд авсан. Тэгээд тухайн өдрөө амарсан. Маргааш нь өглөө сэрээд хулгайлсан телевизороо хайрцгаас нь гаргаад өөрийнхөө гэрийн буйдангийн ард нь хийгээд нуучихсан. Харин цүнхтэй хувцаснууд нь манай хувцасны шкаф дотор байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна Миний түмэн буруу” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70-72-р хуудас)

 

Хохирогч *******ийн "...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг тоотод оршин суудаг юм. Би энэ оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө гадуур ажилтай явж байгаад өөрийн гэртээ очиж чадаагүй, гадуур хоносон юм. Тэгээд 3 дугаар сарын 13-ны өдөр өөрийн гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоожийг нь эвдчихсэн байсан. Би гайхаад гэртээ ороод эд зүйлээ шалгахад манай гэрээс телевизор болон миний өмсдөг хувцаснууд хулгайд алдагдсан байсан. Би өөрийн гэрээ зүүдэг төмөр хар өнгийн цоожоор цоожилсон. Манайх бүргэд хаалгагүй зүгээр л модон хаалгатай юм. Манай гэрээс хайрцагтайгаа цоо шинээрээ байсан Neolux маркийн 43 инчийн зурагт, мен миний емсдөг байсан 2 цүнх хувцас, гутлууд, эрэгтэй эрэгтэй ус, мен шал угаагч зэрэг зүйлс хулгайд алдагдсан байсан. Би 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ гарахдаа өөрийн гэрээ түгжээд гарсан Тухайн үед л шалгасан. Надад сэтгэл санааны хохирол байхгүй. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51-р хуудас),

 

Хохирогч *******ийн "...Би хулгайд алдсан гэх телевизороо 43 инч болон Neolux гэх бичгээр нь таньж байна. Мөн өөрийн хурган дотортой дээлийг өнгө болон гадраар нь, жинсэн өмдөө 3 ширхэг уранхайгаар нь, саарал өнгийн ноосон цамцаа Led zeppelin гэх бичгээр нь (Led zeppelin нь миний сонсдог хамтлаг байгаа юм) саарал өнгийн сорочкон цамцаа өнгө болон товчоор нь, саарал алаг майкаа цэнхэр хар судлаар нь, юүдэнтэй, цахилгаантай ноосон цамцаа юүдэнгийнх нь улбар шар өнгийн уяагаар нь, жинсэн яакаа хар өнгийн судлаар нь, ногоон даавуун өмдөө хоёр талын халаасаар нь, саарал поло фудволкоо SDY зүүн бүс гэх бичгээр нь, хар өнгийн хослол, зангиа, мөн хоолойтой хар цамц энэ цамцаа хослол дотуураа өмсдөг байсан, мөн хар өнгийн далтай майкаа MSG гэх бичгээр нь, мөн хромон гутал, улбар шар өнгийн хавар намрын куртик, extreme гэх бичигтэй үнэртэй ус, Ball гэх бичигтэй улаан цамц, мөн том цүнхээ (цүнхэндээ бүх хувцсаа хийсэн байсан) 5 хос гутал гээд бүхий л зүйлсээ таньж мэдэж байна. Миний хүлээн авсан эд зүйл бол миний хулгайд алдагдсан эд зүйл найдвартай мөн... Манай гэрт хулгайч орсонд би гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү Би цоожийг бол үнэлүүлэхгүй..." гэх дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55-р хуудас),

 

Гэрч "...Би 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө өөрийн гэр болох Мандалын 108-5 тоотод байсан. Би 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн байрныхаа 1 тоотод байх буюу Нараатай хамт архи уусан. Тэгээд өөрийн гэртээ орж амарсан... 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай байрны 7 тоотод амьдардаг гэх нэг хүү надаас "Манайд хулгайч ороод эд зүйлсийг маань хулгайлчихсан байна. Та ямар нэгэн сураг чимээ сонссон уу?" гэж асууж байсан. Би тэр үед л манай байрны 7 тоотод хулгайч орсон юм байна даа гэж л бодсон..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59-р хуудас)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн "Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багт Мандал 108 дугаар байр байв. Тус байр нь шар өнгийн урт байр байх ба цэнхэр өнгийн бүргэд хаалгатай байв. Үргэлжлүүлэн тус байр руу орж ертөнцийн зүгээр урд зүг рүү явахад шар өнгийн модон хаалгатай хаалган дээрээ шараар 7 тоог харуулсан хаалга байв. Тухайн 7 тоот хаалганы цоожийг эвдсэн байх ба цоож эвдсэн байдлыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав... Тус байрны ертөнцийн зүгээр хойд талд цэнхэр өнгийн шүүгээтэй гал тогооны хэрэгсэл байх ба тухайн цэнхэр өнгийн шүүгээний дор хулгайд алдагдсан гэх зурагт байсан гэх газрыг 1 дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Мөн үүдний хаалганы хэсэгт шар өнгийн модон хувцасны шкаф байх ба уг хувцасны шкафаас алдагдсан хувцаснууд байсан гэх 6 дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг хувцасны шкафын дор байх алдагдсан гутлууд байсан гэх газрыг 5 дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгээр хэргийн газраас ач холбогдолтой ул мөр илрээгүй тул үзлэгийг дуусгав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-8-р хуудас),

 

Нэгжлэг хийсэн хаалгыг эзэмшигч *******аар нээлгэж дотогш ороход гэрийн баруун талд цагаан өнгийн модон 4 хаалгатай хувцасны шүүгээ байв. Оролцогч *******аар уг шүүгээний хаалгыг нээлгэж, шүүгээний доод талын тавиур дээрээс цагаан өнгийн даавуун уутыг гаргуулж, уг уутыг "5" дугаараар тэмдэглэж доторх эд зүйлсийг гаргахад цэнхэр өнгийн куртик 1 ширхэг, ногоон өнгийн нимгэн куртик 1 ширхэг, ногоон өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн тамирын емд 1 ширхэг, хар өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар алаг өнгийн нэхмэл цамц 1 ширхэг, улаан өнгийн цамц 1 ширхэг, цагаан өнгийн цамц 1 ширхэг тус, тус гарч ирснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Уг шүүгээний хойд талд саарал өнгийн буйдан байв. Уг буйдангийн араас оролцогч ******* саарал өнгийн даавуунд боолттой уд зүйл гаргаж ирэв. Уг эд зүйлийг задалж үзэхэд Neolux маркийн зурагт байв Уг зурагтыг "1" дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргааp бэхжүүлэв. Оролцогч ******* нь үүдний хэсгээс ногоон өнгийн шал угаагч 1 ширхэг, хар өнгийн үүргэвч 1 ширхэг тус, тус гаргаж ирснийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Тус тоот байрны гадна үүдэнд байх цэнхэр өнгийн чингэлэгт хар өнгийн даавуун уутыг оролцогч ******* заасныг "7" дугаараар тэмдэглэж, гэрэл зургаар бэхжүүлэв. Уг цүнхийг гаргаж задлахад хүрэн өнгийн үдээстэй гутал 1 ширхэг, саарал өнгийн гутал 1 ширхэг, шаргал өнгийн, хүрэн өнгийн гутал 2 ширхэг, хүрэн өнгийн урт түрийтэй гутал 1 ширхэг тус тус гарч ирэв. Гаргаж өгсөн эд зүйлийг хураан авав..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-15-р хуудас),

 

*******аас сайн дурын үндсэн дээр хүлээлгэж өгсөн эд зүйлийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 16-р хуудас),

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-20-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 21-р хуудас),

Хохирогч *******т эд зүйл (баримт бичиг, бусад баримт)-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 28-32-р хуудас),

Таньж олуулах ажиллагаа явуулсан "... ******* нь би өөрийн сорочкон цамцаа өнгө болон товчоор нь таньж чадна. Мөн жинсэн өмдөө 3 ширхэг уранхай оёдлоор нь, өвлийн куртикээ өнгө болон шар өнгийн үстэй захаар нь танина. Би өөрийн өмсбж байсан хувцаснуудаа хараад л шууд танина гэв. Хохирогч *******т ижил төсөөтэй хувцаснуудын зургийг 1 болон 3 дугаараар, *******аас хүлээн авсан болон хураан авсан хувцаснуудыг тус тус 2 дугаараар дугаарлаж таньж олуулах ажиллагааг явуулахад хохирогч ******* нь 1, 3 дугаараар дугаарласан зургуудыг хараад энэ миний хувцаснууд мөн байна гэв..." гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 33-44-р хуудас).

 

Хөрөнгийн үнэлгээний "Болор үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2502060 дугаартай ... Ингээд хулгайд алдагдсан эд зүйлсийг 1,378,333 төгрөг буюу бүхэлчилбэл 1,378,300 төгрөг гэж үзлээ..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-84-р хуудас)  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

2. Яллах дүгнэлтэд тусгагдсан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх үзсэн болно.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******ийн эд хөрөнгөд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний "Болор үнэлгээ" ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2502060 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...хулгайд алдагдсан эд зүйлсийг 1,378,333 төгрөг буюу бүхэлчилбэл 1,378,300 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******ийн эд зүйлсийг хулгайлж 1,378,300 төгрөгийн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинж нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар, далд аргаар үнэ төлбөргүй эзэмдэн авч, бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхийг хууль бусаар олж авсан шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлээр илэрч, хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байна.

 

6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг тоотод байх иргэн *******ийн гэрийн хаалганы цоожийг нь эвдэж, хууль бусаар нэвтрэн орж, гэрээс Neolux маркийн 43 инчийн зурагт, 8 ширхэг оролттой цагаан ангийн олон залгуур, хар өнгийн том цүнх, хурган дотортой ягаан өнгийн дээл, машины гар утасны цэнэглэгч, телевизорын жижиг суурь 2 ширхэг, гутал, хувцас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч *******т 1,378,300 төгрөгийн хохирол учруулсан нь хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба шүүгдэгч *******ын, хохирогч *******ийн эд зүйлсийг хулгайлж 1,378,300 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжтэй юм.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******аас дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

7. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч *******ийн эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

8. Шүүх шүүгдэгч *******ыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн эд зүйлсийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох зорилгоор хохирогч *******ийн эд зүйлсийг хулгайлж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******т 1,378,300 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс дээрх хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “Надад сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй, цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялтай байна.

 

Прокуророос *******ад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд түүний үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон хорих ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял шийтгэх прокурорын санал нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад.

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ыг бусдыг орон байранд нэвтэрч  хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ад нэг жил хоёр сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас баривчлагдан, цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч *******т учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН