Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/128  

 

 

  2025          04              29

                           2024/ШЦТ/128      

 

 

                      

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжин,

улсын яллагч Б.Цэгмэд /томилолтоор/,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулаа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч *******т холбогдох 2530000000090 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай,           ******* ургийн овогт *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "DJ TOWER"-ын үүдэнд байх Голомт банкны АТМ-ээс бэлэн мөнгө авч байхдаа халхавч самбарын хажууд Н.*******ийн гээгдүүлж үлдээсэн хохирогч ******* өмчлөлийн Айфоне ИксАр гар утсыг баруун талын Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлж байхдаа авч бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 453,300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

                 түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Би 2025 оны 03 дугаар сарын 10-ны 19 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 7 дугаар багийн DJ TOWER-ын үүдэнд байх Голомт банкны АТМ-ээс мөнгө авахаар явсан. АТМ-д дансаа шалгаж үзээд картаа авах гэтэл халхавч самбар дээр утас байхаар нь өөрийнхөө утсыг байна гэж бодоод цүнхлээд гарсан. Гараад явж байгаад нөхөр лүүгээ залгах гээд утсаа цүнхнээсээ авах гэтэл 2 утас байсан. Тэгээд хүний утас авсан байна гэж мэдсэн. Нөхөртөө хэлсэн чинь камертай юм чинь залгах байлгүй дээ гэхээр нь санаанд орохгүй машины урд талын хайрцагт хийгээд мартчихсан байсан. Хэд хоногийн дараа цагдаагийн газраас ярьж байна DJ TOWER-ын үүдэнд байх Голомт банкны АТМ-ээс Айфоне ИксАр маркийн утас олсон уу гэхэд нь олсон талаар хэлэхэд тэр утсаа аваад хүрээд ир гэсэн. Тухайн үед авахдаа бол өөрийнхөө утсыг гэж бодоод авсан, гадаа явж байгаад нөхөр лүүгээ утсаар залгах гэж байгаад хүний утас авсан байна гэдгээ мэдсэн. Би буцаагаад аваачиж өгье гэж бодоогүй. Би өөрөө утсаа алга болгоод олдоггүй болохоор цагдаад аваачиж өгдөг гэдгийг мэдэхгүй. 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн газраас ярихад нь ******* гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг ( хэргийн 58-60 дугаар хуудас),

 

Хохирогч ******* “.Манай хүү ******* нь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны АТМ-ээс мөнгө авахаар явах үедээ миний гар утсыг авч явсан юм. 19 цаг 40 минутын үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “DJ TOWER”-ын үүдэнд байх Хаан банкны АТМ-ээс мөнгө авах үедээ миний Айфоне ИксАр маркийн гар утсыг АТМ-ын хажууд тавиад мартчихсан байсан. Тэгээд буцаад гар утсаа авах гэж очиход байхгүй байсан. Миний гар утас Айфоне ИксАр маркийн цагаан өнгөтэй байсан. Тухайн үед гээсэн гэдгийг мэдээд дугаараас гэсэн дугаар руу залгахад холбогдох боломжгүй байсан. Би 2024 оны 10 дугаар сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт байх Зүүн бүс худалдааны тавд байх гар утсаны дэлгүүрээс 1,100,000 төгрөгөөр худалдан авч байсан. Би гар утасныхаа имей кодыг мэдэхгүй. Тухайн гар утас миний гээгдүүлсэн гэх гар утас яг мөн байна. Би өөрийн гар утсаа марк болон өнгөөр нь таньж байна. Мөн хүлээн авсан гар утсандаа өөрийнхөө гээгдүүлсэн гэх гар утасныхаа кодыг хийхэд нээгдэж байна. Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг ( хэргийн 24-25, 28-29, 33-34 дүгээр хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээний “Болор үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2502059 дугаартай “Айфоне ИксАр гар утасны үнэ 453,300” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-43-р хуудас),

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “…2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 50 минут 10 секундээс мөн оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 55 минут 35 секунд хүртэлх хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд тухайн камерын бичлэгт 45-50 орчим насны хар өнгийн урт куртиктэй, хар алаг өнгийн ороолттой, хар өнгийн гар цүнхтэй, саарал өнгийн өмдтэй эмэгтэй хүн тухайн АТМ-ээр үйлчлүүлж байх ба тус АТМ-ын ертөнцийн зүгээр баруун талын Голомт банкны АТМ дээр дэлгэц нь унтарсан гар утас байх ба тухайн гар утсыг Хаан банкны АТМ-ээр үйлчлүүлж байсан гэх дээрх эмэгтэй нь өөрийн барьж явсан хар өнгийн гар цүнхэндээ хийж “DJ TOWER”-оос гарч явж байгаа дүрс бичлэг бичигдсэн байна” гэх тэмдэглэл (хэргийн 8-9 дүгээр хуудас),

 

“*******ээс Айфоне ИксАр маркийн, цагаан өнгөтэй гар утсыг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг 15 минутад хүлээн авсан” тэмдэглэл (хэргийн 10-12 дугаар хуудас),

 

“Хохирогч *******д цагаан өнгийн Айфоне ИксАр маркийн гар утсыг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл (хэргийн 13 дугаар хуудас),

 

Яллагдагч *******ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 14-19 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзсэн болно.

 

2. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч *******д учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч ******* “Айфоне ИксАр” маркийн гар утасны зах зээлийн үнийг 453,333 төгрөгөөр тогтоосон хөрөнгийн үнэлгээний Болор үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч *******, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна. 

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

            3. Прокуророос шүүгдэгч *******ийн бусдын гээгдэл эд хөрөнгө болох Айфоне ИксАр” загварын гар утсыг завшсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

4. “Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.

 

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

 

Иргэний хуулийн 116.1-д “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж зохицуулсан ба шүүгдэгч *******ийн хувьд дээрх үүргээ биелүүлэлгүй ******* “Айфоне ИксАр” загварын гар утас нь бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж өөртөө завшсан үйл баримт хэргийн баримтаар хангалттай нотлогджээ.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т "бага хэмжээний хохирол" гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******ийн бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсанаас учирсан 453,333 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хамаарч байгааг дурдъя.

 

5. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч ******* гээгдүүлсэн “Айфоне ИксАр” загварын гар утсыг завшиж бусдад 453,333 төгрөгийн хохирол учруулсан уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлд зааснаар яллаж, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Зулаа нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгох бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогч ******* эд хөрөнгийн эрхэд хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүний гээгдүүлсэн гар утсыг завшсан гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

7. Шүүгдэгч *******ийг гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангахаар хохирогч ******* гээгдүүлсэн гар утсыг завшиж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******д 453,333 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс “Айфоне ИксАр” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн буюу хохирол нөхөн төлөгдсөн болох нь Эд зүйл буцаан өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдох тул түүний бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Прокуророос *******т холбогдох Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.

 

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 600,000 төгрөгөөр торгож, уг ялаас чөлөөлөх саналыг ялыг хүлээн зөвшөөрсөн хийгээд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.

 

Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан болно.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг DVD-R дискийг хэрэгт хадгалан үлдээх, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч *******д учирсан хохирол нөхөн төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН