Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 832

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.З даргалж, шүүгч С.Э, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00304 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “К” ХХК-ийн хариуцагч М.Т-д холбогдуулан гаргасан орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 18 109 745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-н илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С , Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Л.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжинд баригдах 99 айлын орон сууцад банкны ажилчдад м.кв талбайн үнийг 1 800 000 төгрөгөөр тохирч, орон сууц захиалсан. Уг гэрээний дагуу орон сууц хүссэн, орон сууцны зээл авах эрх нь бүрдсэн ажилтнуудтай 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны санхүүжилтийн гэрээг ажилтан, гүйцэтгэгч барилгын компани, санхүүжүүлэгч буюу банк гурвалсан гэрээ байгуулсан. Тус банкны мэдээлэл технологийн газрын салбар хариуцсан инженер М.Т нь дээрх 99 айлын сууцнаас 37.25 м.кв талбай бүхий 75 тоот орон сууцыг худалдаж авахаар хүсэлт гаргасан бөгөөд орон сууцны үнэ 67 050 000 төгрөгөөс банк 16 762 500 төгрөгийн урьдчилгааг ажилтны өмнөөс барилгын компанид төлж, үлдэх 50 287 500 төгрөгийг 15 жилийн хугацаатай, сарын 1 хувь буюу жилийн 12 хувийн хүүтэй зээл олгосон. Ипотекийн зээлийн гэрээний хүү 8 хувь болсонтой холбогдуулан 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн хүүг сарын 0.67 хувь, жилийн 8 хувь болгон 200 тоот зээлийн гэрээг байгуулсан. Орон сууцны урьдчилгаа төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг гүйцэтгэх захирал бие даан шийдвэрлэх эрхгүй тул банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар асуудлыг хэлэлцэн 15 тоот тогтоолоор ажиллагсдын орон сууцны ипотекийн урьдчилгаанд зориулан 1 217 739 000 төгрөг шилжүүлэх зөвшөөрлийг гүйцэтгэх захиралд олгож, ажиллагсадтай тогтвортой ажиллах гэрээ байгуулахыг даалгасан тул М.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан. Уг гэрээний 1.2 дахь хэсэгт“Банк ажилтанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 75 тоотод байрлах 37.25 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахад зориулан нийт үнийн дүн 67 050 000 төгрөгөөс 16 762 500 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ, 5.2-т “ажилтан өөрийн хүсэлтээр эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд банкнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 7 хоногийн дотор ажилласан жилээс хамаарч тодорхой хувиар багасган төлж барагдуулна” гэж тохиролцсон. М.Т нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн тул гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/07 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд М.Т-өөс хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний 5.2-т заасны дагуу санхүүгийн дэмжлэг олгосон 16 762 500 төгрөгөөс хөнгөлөлтийг хасч, 13 410 000 төгрөг ногдох хүүгийн төлбөрт 4 699 745 төгрөг, нийт 18 109 745 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн гудамжид баригдах 99 айлын орон сууцны 75 тоот 37.25 м.кв талбайтай байрыг 50 287 500 төгрөгөөр буюу 1 м.кв-ыг 1 350 000 төгрөгөөр авахаар 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр “Б” ХХК-тай харилцан тохиролцож, “захиалгаар орон сууц бариулах гэрээ“-г байгуулсан. 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “К“ ХХК-тай байгуулсан “ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээ“-ний 3.1-д орон сууцны м.кв дээрх үнийн дүнгээр буюу 1 350 000 төгрөгөөр тооцож, нийт 50 287 500 төгрөг зээлсэн болно. Засгийн газраас 8 хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой банкны эх үүсвэрээр санхүүжүүлсэн ажиллагсдын орон сууцны зээлийг уг зээлд хамруулахын тулд орон сууцны зээлийн гэрээнд 1 м.кв-ын үнэ 1 350 000 төгрөг байсныг 1 800 000 төгрөг болгон зөрүүг банкны эх үүсвэрээс шийдвэрлэсэн болгож урьд гаргасан гэрээ хэлцэл, шийдвэрийг хүчингүй болгох аргаар 2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Өөрөөр хэлбэл, 8 хувийн зээлийн шаардлага болох урьдчилгаа 30 хувийг төлсөн болохыг харуулахын тулд дээрх гэрээг байгуулсан. Бодит байдалд байрны үнэ өөрчлөгдөөгүй, банк М.Т-ийн өмнөөс байрны урьдчилгаанд 16 762 500 төгрөг төлөөгүй, энэ талаарх нотлох баримтгүй тул мөнгө төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчийн... М.Т-ийн "Б" ХХК-иас худалдан авсан Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 дугаар байрны 75 тоотод байрлах 37.25 м.кв талбайтай, орон сууцны үнэ 67 050 000 төгрөг буюу 1 м.кв талбайн үнэ 1 800 000 төгрөг үүнээс К тухайн үед ажиллаж байсан М.Т-д санхүүгийн дэмжлэг үзүүлэн 16 762 500 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн гэсэн тайлбар нь нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг нотолж буй баримтуудыг жагсааж бичээд эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл тайлбарыг үнэн зөв эргэлзээгүй нотолсон гэж үзэхгүй гэж дүгнэснийг дор дурдсан нотлох баримтаар няцааж байна. К нь "Б” ХХК-тай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамжинд баригдах 99 айлын орон сууцнаас хавсралтад заасан 30 айлын сууцыг бариулахаар "Орон сууц захиалгаар бариулах гэрээ"-г 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээнд 1 м.кв талбайн үнэ 1 800 000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Уг гэрээний хавсралтын 25-д 10 дугаар давхарын 75 тоот 37.25 мкв, 1 өрөө , 1мкв-ын үнэ 1 800 000, нийт үнэ 67 050 000 гэж авагдсанаар уг сууцны үнэ 1 800 000 байсан нь тогтоогдоно. Нийт 30 айлын орон сууцны үнэд 2 209 536 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Энэ үйл баримтыг хариуцагч бичгийн нотлох баримтаар няцааж, үгүйсгэж чадаагүй. К нь "Б” ХХК-тай 2013 оны 11 дугаар 04-ний өдөр "орон сууц захиалгаар бариулах” тухай 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээг дүгнэж, тооцоо нийлэн акт үйлдсэн. Уг актад захиалагч тал болох К нэхэмжлэгч тал болох “Б” ХХК-д захиалгын гэрээний дагуух төлбөр болох 2 209 536 000 төгрөгийг хийж гүйцэтгэсэн болон санхүүгийн тооцоо үлдэгдэл зөрүүгүй болохоо баталгаажуулсан байна. Мөн 24 ажиллагсдын нэрийн өмнөөс 406 870 000 төгрөг төлснийг хэний хэдэн тоот хэдэн м.кв орон сууцны төлбөрт хэдэн төгрөг төлснийг тооцоо нийлсэн байна. Энэ жагсаалтын 12-т М.Т 75 тоот орон сууц, 37.25 мкв, 16 762 500 төгрөг төлснийг баталгаажуулсан. Энэ үйл баримтыг хариуцагч няцааж чадаагүй. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 9 байрыг барьж ашиглалтад оруулсан "Б” ХХК нь Кнаас 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан "орон сууц захиалгаар бариулах" тухай гэрээний дагуу барилгыг барьж ашиглалтад оруулан, төлбөрөө бүрэн авсан тухайгаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн лавлагаанд албан тоотоор тайлбар гаргасан нь барилгын гүйцэтгэгч "Б” ХХК 2 209 536 000 төгрөгийн төлбөрийг хүлээн авсан нь давхар нотлогдож байна. Хариуцагч М.Т-ийн эзэмшиж буй 37.25 м.кв талбай бүхий 75 тоот, 1 өрөө орон сууцны үнэ 67 050 000 төгрөгөөс банк 16 762 500 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг ажилтны нэрийн өмнөөс барилгын компанид төлж, үлдэх 50 287 500 төгрөгт зээлийн гэрээ байгуулсныг, ажиллагсдын орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 16 762 500 төгрөгийн тухайд ажиллагсадтай тогтвортой ажиллах гэрээ байгуулахыг Төлөөлөн удирдах Зөвлөлөөс гүйцэтгэх захиралд даалгасан ТУЗ-ын тогтоолын дагуу ажилтан М.Т-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр ажилтан М.Т, банкны хооронд байгуулсан. Уг гэрээний 1 дугаар зүйлийн 1.2-т " банк ажилтанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 9 дугаар байрны 75 тоотод байрлах 37.25 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахад зориулан нийт үнийн дүн 67 050 000 төгрөгөөс 16 762 500 төгрөгийг орон сууцны урьдчилгаа төлбөрт төлж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" гэж заасан. Гэрээний 5.2-т “ажилтан өөрийн хүсэлтээр эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тохиолдолд банкнаас олгосон санхүүгийн дэмжлэгийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш хуанлийн 7 хоногийн дотор ажилласан жилээс хамаарч тодорхой хувиар багасган төлж барагдуулна” гэж талууд тохиролцсон. Энэ тохиролцоог /нотлох баримт/-ыг хариуцагч үгүйсгэж чадаагүй. Хэрэв банкнаас 16 762 500 төгрөгийг ажилтны орон сууцны урьдчилгаанд төлөөгүй бол хариуцагч М.Т энэхүү гэрээнд гарын үсэг зурахгүй нь ойлгомжтой бөгөөд банк ямар нэгэн хөнгөлөлт үзүүлээгүй атлаа байгаагүй зүйлийг гэрээний нөхцөл болгож байна гээд уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээнээс татгалзах ямар нэгэн арга хэмжээ авах нь тодорхой. Гэтэл хариуцагч ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь хөнгөлөлтийг хүлээн авсныг нотолж байна. Түүнчлэн М.Т-өөс өөр олон хүн хөнгөлөлт эдэлсэн. Уг 9 дүгээр байрны 2 тоотод оршин суух Ц.О гэрчээр оролцож, орон сууцны м.кв талбайн үнэ анх 1 800 000 төгрөг байсан. Банк санхүүгийн: дэмжлэг буюу урьдчилгаа төлбөр ажилтнуудад төлснийг гэрчилсэн. Өөрийнх нь сууц 41.1 м.кв талбайтай бөгөөд урьдчилгаа төлбөрт банк 18 495 000 төлснийг гэрчилсэн. Шүүх гэрчийн энэхүү мэдүүлэг, түүний Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ хэргийн 42 дугаар талд авагдсан байхад эдгээр нотлох баримтыг шүүх огт үнэлээгүй. Дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нотлогдсоор байхад шүүх үгүйсгэсэн баримт заагаагүй атлаа нотлогдсон гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч М.Т-д холбогдуулан санхүүгийн дэмжлэгт олгосон 13 410 000 төгрөг, ногдох хүүгийн төлбөрт 4 699 745 төгрөг, нийт 18 109 745 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх1/ хариуцагч эс зөвшөөрч марган үндэслэлээ банк “Б” ХХК-д урьдчилгаа төлбөр 16 762 500 төгрөгийг шилжүүлээгүй, бодит байдалд байрны м.кв-ын үнэ 1 800 000 төгрөг болж өөрчлөгдөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. /хх56/

Нэхэмжлэгч “К” ХХК нь ажилчиддаа байр худалдан авах зорилгоор 2012 оны 3 дугаар сарын 06-ны өдөр “Б” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр борлуулж буй байрны 1 м.кв-ын үнийг 1 800 000 төгрөгөөр тохиролцсон /хх36/ байх бөгөөд уг үнээр 37.25 м.кв 1 өрөө байрыг М.Т худалдан авах болсон гэж тайлбарлажээ.

 

Харин дээрх гэрээний үндсэн нөхцөл агуулгыг байр худалдан авч буй ажилчид, түүний дотор хариуцагч М.Т-д тухайн үед нь танилцуулсан, уг нөхцлийг худалдан авагч зөвшөөрч үүрэг хүлээсэн гэх эргэлзээгүй нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Улмаар дээрх гэрээ байгуулагдсанаас хойш 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн захиалгаар орон сууц бариулах гэрээ М.Төвшинтөр, “Б” ХХК-ийн хооронд байгуулагдаж, борлуулж буй орон сууцны м.кв-ын үнийг 1 350 000 төгрөгөөр тооцож, нийт 50 287 500 төгрөг төлөх үүргийг хариуцагч хүлээжээ.

 

Мөн 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ажиллагсдын орон сууцны 325 дугаартай зээлийн гэрээг мөн адил нөхцлөөр байгуулсан, уг гэрээ хүчинтэй байх бөгөөд м.кв талбайн үнийг 1 350 000 төгрөгөөр худалдан авч нийт 50 287 500 төгрөгийг зээлсэн гэх тайлбараа хариуцагч баримтаар нотолсон байна.

 

Талууд орон сууцны зээлийг жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд шилжүүлж 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан /хх22/ ажилчдыг тогтвортой ажиллуулах зорилгоор 2015 онд хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан баримт байх боловч 2012 оны 4 дүгээр сарын 26, 2012 оны 5 дугаар сарын 04-ны өдөр М.Т-тэй байгуулсан зээлийн гэрээнд орон сууцны м.кв-ын үнийг 1 800 000 төгрөгөөр тохиролцож, банк урьдчилгааг шилжүүлсэн талаар тусгаагүй байна.

 

Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас 3 жилийн дараа 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулахдаа нийт орон сууцны үнийг 67 050 000 төгрөг гэж тодорхойлж, үүнээс 16 762 500 төгрөгийг ажил олгогч урьдчилгаанд төлж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон гэж заасан нь эргэлзээтэй байна. Учир нь хариуцагчид төлбөрийн үүрэг хүлээлгэх үндэслэл болгож буй ажил олгогчоос санал болгосон хөдөлмөрийн гэрээний 5.2 дахь заалтыг орон сууцны м.кв-ыг 1 800 000 төгрөгөөр худалдан авахыг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, түүнчлэн 2012 онд М.Т-тэй байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээний нөхцлөөс зөрүүтэй, 2012 онд хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй байсан байдал тогтоогдохгүй байгаа тул ажил олгогчоос ажилтанд тулгасан нөхцөл оруулсан гэж дүгнэхээр байна.

 

Мөн нэхэмжлэгч тал болон “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлуудын К ХХК-ийн шилжүүлсэн 406 870 000 төгрөгийн задаргаанд М.Т 75 тоот 37.25 м.кв талбайтай орон сууцны 16 762 500 төгрөгийг төлсөн гэх тооцоо нийлсэн баримт нь гүйлгээ хийгдсэнийг нотлох санхүүгийн анхан шатны баримтаар баталгаажаагүй байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар гаргасан зардлыг шаардах эрх үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх байдлуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ эргэлзээгүй нотлогдохгүйгээс гадна хариуцагч баримтаар няцаасан байх бөгөөд шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн, шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/00304 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 248 498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.З

                                    ШҮҮГЧИД                                           С.Э

                                                                                                А.О