Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 176

 

                               

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарантуяа хөтөлж, 

            улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Цэндсүрэн,      

            шүүгдэгч Г.Алтаншагай, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа /үнэмлэхийн дугаар  0199/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Алтаншагайд холбогдох 201726030362 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Хэв журам хамгаалах тасагт эргүүлийн офицероор ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байр, 185 тоотод бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг 8 дугаар хороо 7 байрны 20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганбаатарын Алтаншагай /РД:УП93060277/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Алтаншагай нь согтуугаар 2017 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа хорооллын 1020 дугаартай байрны орчим хохирогч Ц.Гэрэлцогттой хувийн таарамжгүй харьцаа буюу “амьдардаг байрныхаа орчимд бие заслаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, Ц.Гэрэлцогтын баруун талын шанаан тус газар нь гараараа нэг удаа цохиж, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                             

           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Алтаншагай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би ажлаасаа тараад найз Бошигтийн гэрт очиход  Баярмандахтай хамт нэг шил архи хуваагаад ууж байсан. Бид гурав архийг нь хувааж уугаад тамхи татах гээд цонх онгойлгоод хартал авто зогсоолын явган хүний зам дээр нэг эрэгтэй хүн шээгээд зогсож байхаар нь “хөөе, чи өөрийнхөө амьдардаг газар шээгээд байхдаа яадаг юм” гэхэд нөгөө шээж байсан хүн над руу  хараад “хуц пизда минь, чамд ямар хамаатай юм” гээд хэл амаар доромжлоод, “чи чаддаг юм бол гараад ир” гээд орилоод байсан. Энэ үед Бошигт “чи хэнтэй хэрэлдээд байгаа юм” гэж асуухаар нь “байрны явган хүний зам дээр нэг согтуу залуу шээгээд байхаар нь “боль” гээд хэлэхэд миний үгэнд орохгүй өөдөөс хэрэлдээд байна” гэхэд “чи гараад хэрэггүй байх, бид хоёр гараад ирье” гээд Баярмандахыг дагуулаад гарсан. Би гадаа байсан нөгөө залууд “чи наанаа байж байгаарай, би хоёр дүүгээ гаргачлаа” гэж хэлсэн. Намайг цонхоор хараад байж байтал Бошигт, Баярмандах хоёр нөгөө согтуу залуу дээр очиход цаанаас нь  бас нэг найз нь гараад ирчихсэн 4-үүлээ хэрэлдээд учраа олохгүй байхаар нь би хойноос нь гараад нөгөө хэд дээр очтол явган хүний зам руу шээж байсан залуугийн найз нь гэх Гэрэлцогт над руу ойртож ирээд “чи яагаад манай найзыг хэл амаар доромжлоод байгаа юм” гээд цохих гэхээр нь би зөрүүлээд нэг удаа эрүүн тус газар нь цохиход нөгөө ах газар унасан. Миний хажуугаас Бошигт, Баярмандах хоёр “боль” гээд салгасан. Би цохиулсан ах дээр очиж газраас босгоод “ахаа намайг уучлаарай, миний буруу, танд гомдол санал байгаа бол дүүдээ хэл, таны биед бэртсэн зүйл байвал дагуулаад эмнэлгээр орьё” гэхэд Гэрэлцогт “ах нь зүгээрээ, миний шүд хугарчих шиг боллоо, ах нь эр хүн шүү, цагдаа шүүх гээд явах хүн биш” гэж хэлээд хоорондоо учраа олж эвлэрсэн. Би нөгөө ахад “манай гэр рүү орьё” гэхэд “ахынх нь автомашинд нэг шил юм байгаа, тэрийг хэдүүлээ ууя” гэхээр нь дагаад машин дээр нь очсон боловч тухгүй санагдаад “ингэж сууж байхаар хэдүүлээ гэрт орьё” гээд Гэрэлцогтыг найзынх нь хамт дагуулаад  Бошигтын гэрт орж, тэр хоёрт нэг, нэг хундага архи хийж өгөөд сууж байтал Гэрэлцогт “ах нь гэр рүүгээ орлоо, ахынх нь шүд өвдөөд байна” гээд явсан. Би Гэрэлцогтын шанаан тус газар нь нэг удаа гараараа цохисон. Тэрнээс өөрөөр гар хүрч цохисон зүйл байхгүй. Гэрэлцогт бид хоёр хоорондоо учраа олж эвлэрсэн. Би Гэрэлцогтын эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 67-69, 94-95-р хуудас/,

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Гэрэлцогт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед найз Хадбаатарын хамт байрныхаа гадаа зогсоол дээр өөрийн автомашиныхаа аккумлъяторыг салгаад зогсож байсан. Хадбаатар нь зогсоолын цаад талын хашаа руу бие засч байтал эсрэг байрны цонхоор нэг согтуу залуу “хөөш пизда минь, чи яагаад наанаа шээгээд байгаа юм” гээд манай найз руу орилохоор нь манай найз “чамд хамаагүй” гээд хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Би наад талд нь өөрийнхөө автомашиныг янзлаад зогсож байсан. Нөгөө залуу “чи наанаа байж бай, чамайг ална” гээд дахиад орилоод байхаар нь манай найз Хадбаатар “чи хүн алдаг хэн бэ, би хүлээж байя” гэж хэлж байх шиг байсан. Удалгүй байрны орцноос 2 танихгүй залуу гарч ирээд “та нар яах гээд байгаа новшнууд вэ” гэхээр нь “бид хоёр яасан юм” гээд тэр хоёрын өөдөөс бага зэрэг маргалдсан. Манай найз бид хоёр нөгөө хоёр залуугаас “за уучлаарай, шээс нь бид нарын буруу” гээд учраа олоод зогсож байтал өмнө нь цонхоор орилоод байсан бүдүүн махлаг шар залуу гарч ирээд “та муу хоёрыг ална” гээд ирсэн. Энэ үед түрүүлж гарч ирсэн хоёр залуу нь нөгөө залуугийнхаа урдуур нь ороод “боль” гэж хэлээд “энэ байрны ах нар байна” гээд хориглосон. Арай гайгүй болоод зогсож байтал нөгөө махлаг залуу нь шууд миний шанаан тус газар гараараа цохиход нь би газар унаад босож ирэхэд “чам шиг юм надад юм болохгүй шүү, би бокс тоглодог байсан юм” гээд томроод байсан. Миний амнаас цус гарч, шүд зажлагдаад байхаар нь тухайн үедээ шүд хугарчлаа гэж бодоод нөгөө залууд “чи миний шүдийг хугалчлаа” гэхэд “ах хүү зүгээр үү, яасан бэ, шүд чинь хугарсан бол эртхэн цагдаа шүүхдээ хэлээд эмнэлэгт үзүүлээрэй” гэхээр нь “ахынх нь шүд хугарсан бол тийм зүйл дээр гомдол гаргахгүй, гомдолгүй” гэж хэлээд нөгөө залуутай учраа олоод эвлэрсэн. Нөгөө гурван залуу нь “ах нар манайд орьё” гээд гуйгаад байхаар нь хамтдаа  гэрт нь ортол ширээн дээрээ нэг шил архи болон пиво задлаад уугаад сууж байсан юм шиг байсан. Хадбаатар бид хоёрт тэр архинаасаа хийж өгөхөөр нь 2 хундага архи уучихаад гараад явсан. Би гэртээ орж амарчихаад маргааш өглөө нь босоход миний эрүү өвдөөд байхаар нь толинд хартал хацар хавдаад өвчин нь намдахгүй болохоор нь Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд миний баруун талын эрүүний яс нь хугарсан байсан. Ийм зүйл болсон тул өчигдрийнхөө айлын залуутай уулзаад учраа ольё гэж бодоод гэрт нь очоод хаалгыг нь тогшсон боловч тайлахгүй байхаар нь буцаад явсан. Хэрүүл маргааныг манай найз болон цонхоор орилсон залуу хоёр эхлүүлсэн ба нөгөө залуу гэрээсээ гарч ирээд шууд л манай найз Хадбаатарыг зодох гээд дайраад байхаар нь би дундуур нь орж салгах гэж байгаад тэр залууд зодуулсан. Алтаншагайтай хамт байсан найзууд нь намайг цохиж зодоогүй. Алтаншагай нэг удаа эрүүн тус газар цохисон. Миний хувьд гомдол санал байхгүй. Алтаншагайгийн ээж, аав нь ирж уулзаад “манай хүүг уучлаарай, бид нар сая л мэдлээ, хэрэв эрт мэдсэн бол эмнэлэг дээр чинь очиж эргэж тойрох байсан. Манай хүүгийн буруу учир эмчилгээний зардлыг төлнө, учирсан хохирлыг барагдуулна, хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ” гэхээр нь “миний эрүү хугарсан учир хагалгаанд орж эмчилгээнд 1.500.000 төгрөг гарсан. Эмчилгээнийхээ зардлыг гаргуулаад авчихвал гомдол саналгүй” гэхэд “за за ах, эгч хоёр нь чиний хохиролд 2.000.000 төгрөг өгье” гээд бэлнээр өгсөн. Одоо надад Алтаншагайгаас нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,

Гэрч Бошигт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед хотын төвд Алтаншагай, Баярмандах нартай уулзаад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа хотхонд байрлах манай гэрт ирсэн юм. Бид гурав ойрд уулзаагүй учраас гэр рүүгээ орохоосоо өмнө “Соёрхол” нэртэй 0,75 литрийн нэг шил, мөн ундаа, ус авсан. Бид гурав авсан архиа ууж байсан ба шөнийн 01 цагийн үед Алтаншагай цонхоор толгойгоо гаргаад тамхи татаж байгаад гадаа явж байгаа хүнтэй маргалдаад байсан. Алтаншагайгаас юу болж байгаа талаар асуухад “зогсоолын тэнд хоёр хүн шээгээд байхаар нь боль гэж хэлсэн боловч өөдөөс хэрэлдээд байна” гэхээр нь Баярмандах бас цонхон дээр очоод нөгөө хүмүүст “та нар болиоч, гэр орныхоо хажууд бие засаад байхдаа яадаг юм” гээд хэлэхэд гадаа байсан хүмүүс өөдөөс нь мөн адил хэрэлдээд “хуцаад байгаарай пизда нар минь чаддаг юм бол гараад ир” гээд орилоод байсан. Алтаншагай “би гараад энэ хоёр хүнтэй уулзчаад ирье” гэхээр нь Баярмандах “хэрэггүй, би гарч уулзчаад ирье” гээд гарахаар нь би хойноос нь дагаад гарсан, Алтаншагай гэрт үлдсэн. Намайг гарч ирэхэд Баярмандах нөгөө хоёр хүнтэй муудалцаагүй юм яриад зогсож байхаар нь би тэд нар дээр очоод хоорондоо юм ярьж байтал Алтаншагай гарч ирээд нэг ахтай нь муудалцаад эхэлсэн. “Чи яах гээд байгаа новш вэ” гэхэд нөгөө ах нь ч гэсэн Алтаншагайгийн өөдөөс нь хэрэлдээд “чи намайг яах юм, яаж ч чадахгүй шүү” гэх мэтээр хоорондоо маргалдаж, улмаар зодолдох гээд бие бие рүүгээ дайрсан. Энэ үед Алтаншагай нөгөө ахын нүүрэн тус газар нь цохитол нөгөө ах газар унахаар нь Баярмандах бид хоёр Алтаншагайгийн урдуур нь орж болиулаад “чи яаж байгаа юм, настай хүн байхад чинь” гэж хэлээд нөгөө ахаас уучлалт гуй гэж хэлэхэд Алтаншагай тайвширч нөгөө ахаас уучлалт гуйгаад хоорондоо эвлэрээд танилцахад тэр ах өөрийгөө Гэрэлцогт гэж танилцуулсан. Гэрэлцогт “Ахынх нь шүд эвгүй болчих шиг боллоо” гэж хэлээд “за за тэр яахав гайгүй биз дээ, ах нь чамд гомдоод байх зүйл алга, миний машинд 0,5 литрийн архи байгаа хэдүүлээ сууя” гэхээр нь тэр ахын машинд Алтаншагай, Баярмандах бид гурав суутал тэр ах архиа гаргаж ирээд бид гуравт хийж өгөхөөр нь 2, 2 хундага уугаад “хэдүүлээ манай гэрт орьё” гээд нөгөө хоёр ахыг дагуулаад гэртээ орж өөрсдийнхөө авсан архинаас тэр хоёр ахад хийж өгөөд хамтдаа хувааж уусан. Архиа ууж байтал Алтаншагайд цохиулсан ах “ахынх нь шүд талаараа хугарсан юм шиг байна, гэхдээ зүгээрээ шүд асуудалгүй, та нарт гомдоод байх юм алга” гэж хэлсэн. Удалгүй нөгөө хоёр ах манай гэрээс явсан. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа намайг гэртээ амарч байхад хаалга тогшоод байхаар нь хаалганыхаа дурангаар хартал нэг танихгүй эмэгтэй зогсож байхаар нь хаалгаа тайлаагүй. Маргааш өдөр нь гэрийнхээ гадаа Гэрэлцогт ахтай таараад “таны бие гайгүй юу” гэхэд “танай найз чинь намайг цохисноос болж миний эрүү хугарсан байна лээ. Би цагдаа, шүүх гээд яваад байх шаардлагагүй учир миний эмчилгээний зардлын мөнгийг гаргаад өгчихвөл надад гомдол санал байхгүй. Чи найздаа энэ талаар хэлээд надтай уулзуулж өгөөрэй” гээд явсан. Би Алтаншагайтай холбогдоод “нөгөө ахын эрүү хугарсан байна. Чи эртхэн очиж учраа ол” гэж хэлсэн. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Манай найз Алтаншагай нь Гэрэлцогтын нүүрэн тус газар нь гараараа нэг удаа л цохисон. Өөр зодолдсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг  /хх-ийн 41-43-р хуудас/,

Гэрч Ө.Баярмандах мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр найз Бошигт, Алтаншагай нартай уулзаад Бошигтын гэрт нь очих замдаа дэлгүүрээс архи авч юм ярингаа хувааж ууцгаасан. Шөнийн 01 цагийн үед Алтаншагай нь цонхоор толгойгоо гаргаад тамхи татаж байснаа гадаа байгаа хүнтэй маргалдаад байсан. Хэнтэй маргалдаад байгаа юм бэ гээд асуутал “тоглоомын талбай дээр нэг муу амьтан шээгээд байна” гэхээр нь “за яахав дээ, наадахаа орхи” гэхэд гадаа байгаа хүн “хөөе чаддаг юм бол гараад ир, чамд ямар хамаатай юм, чиний гэрт шээсэн юм уу, ална шүү” гээд орилоод байсан. Тухайн үед 01 цаг болж байсан тул нам жим, хүний ярьж байгаа яриа тод сонсогдож байсан. Алтаншагай “найз нь гараад энэ хүнтэй уулзаад ирье” гэхээр нь Бошигт бид хоёр хориглоод “боль” гэж хэлээд байж байтал гадаа байсан нөгөө хүн “чи муу айгаагүй бол гараад ир” гээд дахиад орилоод дуугүй болохгүй байхаар нь “би хувцсаа өмсөж, гэрээсээ гараад орилоод байсан хүн дээр очоод “та нар яагаад байгаа юм, согтуу хүнтэй юу ярьдаг юм” гэж хэлээд, “ер нь манай найзын зөв шдээ, чи байрны тоглоомын талбайд шээчээд шаардлага тавьсан хүний өмнөөс хэрэлдээд байхдаа яадаг юм” гэхэд нөгөө хоёр залуу ойлгоод “за за бид хоёрыг уучлаарай, цагаан сар болоод айлаас гарч ирээд шээс хүрээд байхаар нь бие засчлаа” гэхээр нь “за би ч ойлголоо” гэж хэлээд зогсож байтал Бошигт гарч ирээд “яасан бэ” гэхээр нь “зүгээрээ учраа олчлоо” гэж хэлсэн. Нөгөө хоёр ах “бид хоёр машиндаа архи уугаад сууж байгаа юм. Дүү нар машинд ороод архинаас ганц татчих” гэхээр нь “за” гэж хэлээд суух гэж байтал Алтаншагай гарч ирээд “та нар яагаад байгаа юм, наадуул чинь юу гэж томроод байгаа юм” гэхэд нөгөө хоёр ахын нэг нь “юу гэсэн ч яадаг юм, чи муу мангар бацаан дуугүй байгаарай, ална шүү” гээд өөдөөс нь хэрэлдээд байсан. Алтаншагай нөгөө ахтай хэрэлдэж, хоорондоо зодолдох гээд бие бие рүүгээ дайраад байхаар нь би дундуур нь ороод салгах гээд хоёуланг нь түлхтэл Алтаншагай тэр ахын нүүр рүү цохих шиг болтол нөгөө ах нь “ёоё” гээд газар бөгсөөрөө суусан. Энэ үед Бошигт бид хоёр Алтаншагайг хажуунаас нь холдуултал нөгөө ах босож ирэхээр нь “та зүгээр үү” гэж асуухад “ах нь зүгээрээ” гэсэн. Бошигт Алтаншагайд уурлаад “чи энэ ахаас уучлалт гуй” гэхэд Алтаншагай нь нөгөө ахаас уучлалт гуйгаад хоорондоо эвлэрч танилцсан ба тэр ах өөрийгөө Гэрэлцогт гэж танилцуулсан. Бид нар Гэрэлцогт ахын машинд ороход нэг шил архи гаргаж ирэхээр нь хувааж ууцгаасан. Нөгөө хоёр ах ч удалгүй “ах нар нь явлаа” гэж хэлээд явцгаасан. Гэрэлцогт нь Алтаншагайд цохиулсныхаа дараа босож ирээд “ахынх нь шүд хөдөлчих шиг боллоо, гэхдээ зүгээрээ” гэж хэлж байсан. Мөн амнаас нь бага зэргийн цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,

Гэрч Д.Хадбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 03 дугаар сарын 03-ны орой 18 цагийн үед ажлаа тараад баруун дөрвөн замд явж байсан чинт найз Гэрэлцогт залгаад “хаана явна, би архи уучихсан машинтай явж болохгүй байна. Чи намайг гэрт хүргээд өгөөч” гэж хэлэхэд нь хаана байгаа талаар асуухад “Хан-Уул дүүрэг Тэц-3 урд байна” гэж хэлсэн. Намайг автобусанд суугаад очиход Гэрэлцогт хоёр найзтайгаа хамт нэг айлд байж байсан. Тэндээ хэсэг байж байгаад Гэрэлцогтыг аваад 20.00 цагийн үед гэр рүү нь буюу Нисэхийн Буянт-Ухаа-2 хороолол руу явсан. Гэрэлцогтын амьдардаг хажуу байрны зогсоол дээр очоод зогсоод Гэрэлцогтын байрны баруун талд баригдаж байсан барилгын хашаа руу нь би шээгээд зогсож байхад Гэрэлцогтын байрны урд талд байдаг байрны 5 давхрын цонхоор нэг согтуу хүн намайг “пизда чинь, чи битгий наанаа шээгээд бай” гэж орилохоор нь “танай хашаа руу шээж байгаа биш” гэж хэлэхэд “чи чадах юм уу, үзэх үү, би хоёр дүүгээ гаргахад чамд хангалттай шүү” гэж өөдөөс хашгираад байсан. Би Гэрэлцогтын машины аккумлъяторыг нь салгах гээд зогсож байсан чинь нөгөө 5 давхраас хашгираад байсан залуу “би чам руу 2 бацаанаа гаргачихлаа шүү” гэж хэлээд байж байтал хоёр залуу гарч ирээд “чи яагаад байгаа юм, үзчих үү” гэж хэлсэн. Тэр хоёр залуугийн нэг нь би UFC /дүрэмгүй зодоон/-ийн аварга байна гэсэн. Нөгөө хоёр залуу “яахын үзэх үү” гээд байхаар нь “хэдүүлээ зодолдоод яахын бэ, та нар юу болсныг нь мэдсэн юм уу” гэж асуусан. Нэг намхан биетэй залуу нь Гэрэлцогтыг харчихаад “манай байрны ах байна” гэсэн. Гэрэлцогт, нөгөө хоёр залуу бид дөрөв тойроод зогсож байтал 5 давхраас хашгираад байсан залуу гүйж гарч ирээд Гэрэлцогтын эрүү рүү нь гараараа цохисон. Яг аль талаас нь цохисныг хэлж мэдэхгүй байна. Гэрэлцогт тэр залууд цохиулж унаад босож ирсэн. Би Гэрэлцогтыг цохисон залуу руу дайрсан чинь нөгөө хоёр найз нь тэр залуугаас салгасан. Гэрэлцогт тэр цохисон залуутай тэврэлдээд авахаар нь би тэр хоёрыг салгаад нөгөө залууг “яаж байгаа юм бэ чи” гэж хэлсэн. Нөгөө хоёр найз нь Гэрэлцогтыг цохисон залууд “манай байрны ах байна, энд ямар ч асуудал алга, бид нар учраа олчихоод зогсож байхад чи яаж байгаа юм бэ” гэчихээд нөгөө хоёр залуу Гэрэлцогтыг “та зүгээр үү” гэж асуусан чинь Гэрэлцогт “би зүгээрээ” гэсэн. Тэгэхээр нь би тэр 3 залууд “та нар одоо явцгаа, явцгаа” гэж хэлсэн. Гэрэлцогт бид хоёр машиныхаа аккумлъяторыг салгачихаад гэр рүү нь орох гэж байхад Гэрэлцогт “миний шүд хугарчихсан юм шиг байна” гэж хэлээд явж байтал нөгөө 3 залуутай дахиад тааралдсан. Би тэр 3 залууд “манай найзын шүд нь хугарчихсан юм шиг байна гэнэ” гэхэд намхан биетэй залуу нь “танилцъя, манай гэрт ор” гэж хэлсэн. Гэрэлцогт бид хоёр нөгөө гурвыг дагаад намхан биетэй залуугийн гэрт нь ороход ямар нэгэн хүн байгаагүй ба гэрт байсан тал шил архинаас намхан биетэй залуу нь хундаглаад Гэрэлцогт бид хоёрт өгсөн. Тэр архинаас нь Гэрэлцогт бид хоёр нэг нэг татчихаад гэрээс нь гараад явцгаасан. Маргааш өглөө нь Гэрэлцогт залгаад “миний эрүү хугарчихсан юм шиг байна, эмнэлэг орж үзүүлье” гэхээр нь би Гэрэлцогтыг гэрээс нь аваад Гэмтлийн эмнэлэг орж эмчид үзүүлсэн чинь “эрүү нь хугарсан байна” гэж хэлсэн. Алтаншагай нь Гэрэлцогтын эрүү рүү нэг удаа цохиход Гэрэлцогтын амнаас цус гарсан ба миний шүд хугарчихсан юм шиг байна” гэж хэлж байсан. Тухайн үед өөр ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх харагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

Гэрч Р.Бямбадэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Алтаншагай нэг өдөр л аавдаа энэ болсон асуудлын талаар хэлж, би нэг хүнтэй маргалдаж зодолдоод гэмтэл учруулсан. Нөгөө хүндээ эмчилгээний зардлыг нь өгмөөр байна гэж хэлэхээр нь мэдсэн. Нөхөр бид хоёр гэмтэл авсан гэх хүнтэй нь уулзаад эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3522 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Гэрэлцогтын биед эрүүний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 55-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэлт зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10-р хуудас/,

Хохирогч Ц.Гэрэлцогтын амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 81-86-р хуудас/,

Шүүгдэгч Г.Алтаншагайгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76-р хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн 90-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Алтаншагай нь 2017 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа хорооллын 1020 дугаартай байрны гадна хохирогч Ц.Гэрэлцогттой “байрныхаа орчимд бие заслаа” гэх шалтгаанаар маргалдаж, биед нь эрүүний хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

 1. Хохирогч Ц.Гэрэлцогтын “...Хадбаатар нь байрны зогсоолын цаад талын хашаа руу бие засч байтал эсрэг байрны цонхоор нэг согтуу залуу /Алтаншагай/ “хөөш пизда минь, чи яагаад наанаа шээгээд байгаа юм” гээд манай найз руу орилохоор нь манай найз /Хадбаатар/ “чамд хамаагүй” гээд хоорондоо хэрэлдээд байх шиг байсан. Би наад талд нь өөрийнхөө автомашиныг янзлаад зогсож байсан. Нөгөө залуу /Алтаншагай/ “чи наанаа байж бай, чамайг ална” гээд дахиад орилоод байхаар нь манай найз Хадбаатар “чи хүн алдаг хэн бэ, би хүлээж байя” гэж хэлж байх шиг байсан. Удалгүй байрны орцноос 2 танихгүй залуу /Бошигт, Баярмандах/ гарч ирж бид хоёр дээр ирээд “та нар яах гээд байгаа новшнууд вэ” гэхээр нь бид хоёр “яасан юм” гээд тэр хоёрын өөдөөс бага зэрэг маргалдсан. Манай найз /Хадбаатар/ бид хоёр нөгөө хоёр залуугаас /Бошигт, Баярмандах/ “за уучлаарай, шээс нь бид нарын буруу” гээд учраа олоод зогсож байтал өмнө нь цонхоор орилоод байсан бүдүүн махлаг шар залуу /Алтаншагай/ гарч ирээд “та муу хоёрыг ална” гээд ирсэн. Энэ үед түрүүлж гарч ирсэн хоёр залуу нь /Бошигт, Баярмандах/ нөгөө залуугийнхаа /Алтаншагай/ урдуур нь ороод “боль” гэж хэлээд “энэ байрны ах нар байна, учраа олчлоо” гээд хориглосон. Арай гайгүй болоод зогсож байтал нөгөө махлаг залуу нь /Алтаншагай/ шууд миний шанаан тус газар руу гараараа цохиход нь би газар унаад босоод ирэхэд “чам шиг юм надад юм болохгүй шүү, би бокс тоглодог байсан юм” гээд томроод байсан. Миний амнаас цус гарч шүд зажлагдаад байхаар нь тухайн үедээ шүд хугарчлаа гэж бодоод нөгөө залууд /Алтаншагай/ “чи миний шүдийг хугалчлаа” гэхэд “ах хүү зүгээр үү, яасан бэ, шүд чинь хугарсан бол эртхэн цагдаа шүүхдээ хэлээд эмнэлэгт үзүүлээрэй” гэхээр нь ахынх нь шүд хугарсан бол тийм зүйл дээр гомдол гаргахгүй, гомдолгүй гэж хэлээд нөгөө залуутай учраа олоод эвлэрсэн. Нөгөө гурван залуу нь /Алтаншагай, Бошигт, Баярмандах/ “ах нар манайд орьё” гээд гуйгаад байхаар нь хамтдаа гэрт нь ороход Хадбаатар бид хоёрт архинаасаа хийж өгөхөөр нь 2 хундага архи уучихаад гараад гэртээ орж амарчихаад маргааш өглөө нь босоход хацар хавдаад өвчин нь намдахгүй болохоор нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний баруун талын эрүүний яс хугарсан байсан. Хэрүүл маргааныг манай найз болон цонхоор орилсон залуу хоёр эхлүүлсэн ба нөгөө залуу /Алтаншагай/ гэрээсээ гарч ирээд шууд л манай найз Хадбаатарыг зодох гээд дайраад байхаар нь би дундуур нь орж салгах гэж байгаад тэр залууд /Алтаншагай/ зодуулсан. Алтаншагайтай хамт байсан найзууд нь намайг цохиж зодоогүй. Алтаншагай нэг удаа л эрүүн тус газар цохисон. Аав, ээж хоёр нь надад 2.000.000 төгрөг өгсөн. Одоо надад Алтаншагайгаас нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,

2. Гэрч Бошигтийн “...Алтаншагай гарч ирээд нэг ахтай нь муудалцаад эхэлсэн. “Чи яах гээд байгаа новш вэ” гэхэд нөгөө ахад “чи намайг яах юм, яаж ч чадахгүй шүү” гэх мэтээр хоорондоо маргалдаж, улмаар зодолдох гээд бие бие рүүгээ дайрсан. Энэ үед Алтаншагай нөгөө ахын /Гэрэлцогт/ нүүрэн тус газар нь цохитол нөгөө ах /Гэрэлцогт/ газар унахаар нь Баярмандах бид хоёр Алтаншагайгийн урдуур орж болиулаад “чи яаж байгаа юм, настай хүн байхад чинь” гэж хэлээд нөгөө ахаас уучлалт гуй гэж хэлтэл Алтаншагай тайвширч нөгөө ахаас /Гэрэлцогт/ уучлалт гуйгаад хоорондоо эвлэрээд танилцахад тэр ах өөрийгөө Гэрэлцогт гэж танилцуулсан. “Ахынх нь шүд эвгүй болчих шиг боллоо гэж хэлээд за за тэр яахав гайгүй биз дээ, ах нь чамд гомдоод байх зүйл алга, миний машинд 0,5 литрийн архи байгаа хэдүүлээ сууя” гэсэн...гэх мэдүүлэг  /хх-ийн 41-43-р хуудас/,

3. Гэрч Ө.Баярмандахын “...Шөнийн 01 цагийн үед Алтаншагай нь цонхоор толгойгоо гаргаад тамхи татаж байснаа гадаа байгаа хүнтэй маргалдаад байхаар нь яасан талаар асуухад “тоглоомын талбай дээр нэг муу амьтан шээгээд байна” гэхээр нь “за яахав дээ, наадахаа орхи” гэхэд гадаа байгаа хүн “хөөе чаддаг юм бол гараад ир, чамд ямар хамаатай юм, чиний гэрт шээсэн юм уу, ална шүү” гээд орилоод байсан. ...Алтаншагай гарч ирээд “та нар яагаад байгаа юм, наадуул чинь юу гэж томроод байгаа юм” гэхэд нөгөө хоёр ахын нэг нь “юу гэсэн ч яадаг юм, чи муу мангар бацаан дуугүй байгаарай, ална шүү” гээд өөдөөс нь хэрэлдээд байсан. Алтаншагай нөгөө ахтай /Гэрэлцогт/ хэрэлдэж, хоорондоо зодолдох гээд бие бие рүүгээ дайраад байхаар нь би дундуур нь ороод салгах гээд хоёуланг нь түлхэж байтал Алтаншагай тэр ахын /Гэрэлцогт/ нүүр рүү цохих шиг болтол нөгөө ах нь “ёоё” гээд газар бөгсөөрөө суусан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,

4. Гэрч Д.Хадбаатарын “...Алтаншагай гарч ирээд Гэрэлцогтын эрүү рүү нь гараараа цохисон. Яг аль талаас нь цохисныг хэлж мэдэхгүй байна. Гэрэлцогт тэр залууд /Алтаншагай/ цохиулж унаад босож ирсэн. Би Гэрэлцогтыг цохисон залуу руу /Алтаншагай/ дайрсан чинь нөгөө хоёр найз /Бошигт, Баярмандах/ нь тэр залуугаас салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3522 дугаартай дүгнэлтэнд:

1. Ц.Гэрэлцогтын биед эрүүний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 55-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Г.Алтаншагайд бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэх бөгөөд 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс дагаж мөрдсөн Шинэчлэн найруулсан 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт оногдуулвал зохих эрүүгийн хариуцлага нь хөнгөрсөн байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хуульд заасан үндэслэл үүссэн гэж дүгнэн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Г.Алтаншагайд 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Шинэчлэн найруулсан /2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн/  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан/ болгон өөрчлөн зүйлчилж, Г.Алтаншагайд тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Г.Алтаншагай нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүгдэгч Г.Алтаншагайд торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

           Хохирол төлбөрийн тухайд:

            Шүүгдэгч Г.Алтаншагай нь хохирогч Ц.Гэрэлцогтод мөрдөн байцаалтын шатанд 2.000.000 төгрөг төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/644 дугаартай албан бичгээр шүүгдэгч Г.Алтаншагайд хилийн хориг тавьсныг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Г.Алтаншагай нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                           

ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Алтаншагайд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Боржигон овогт Ганбаатарын Алтаншагайг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Алтаншагайг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Алтаншагайд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Алтаншагай нь хохирогч Ц.Гэрэлцогтод 2.000.000 төгрөг төлсөн ба шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.Алтаншагай нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч Г.Алтаншагайд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8.  Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5/644 дугаартай албан бичгээр шүүгдэгч Г.Алтаншагайд хилийн хориг тавьсаныг хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Алтаншагайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Х.ОДБАЯР