Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/430

 

Д.Б-т холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Д.Б-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Б.Гүнсэлийн бичсэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-т холбогдох эрүүгийн 2010015750868 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Д.Б-, 1968 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, суурь машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаар оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 1997 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 390 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сарын хорих ялаар тогтоосон,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 138 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын зарим болох 2 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 3 сарын хорих ялаар тогтоосныг биеэр эдэлж байгаад Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            - Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан ялуудыг хөнгөнийг хүндэд нь багтааж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг ял дээр өмнөх шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн сулласан 1 жил 8 сар 12 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 12 хоногийн хорих ялаар тогтоосныг биеэр эдэлж байгаад 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            - Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 6А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулсан 10 жил 1 сарын хорих ялд 5 жил 1 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 7 сарын хорих ялаар тогтоосныг биеэр эдэлж байгаад 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан гэх, 

             Д.Б- нь 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоотод оршин суух Б.О-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, “IPhone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 875.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт 140 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Д.Б-аас 875.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.О-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Б.Гүнсэл тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан. Учир нь, “орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэдэгт түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй байхаас гадна, онгорхой байхад нь сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсон байхыг тус тус хамааруулан ойлгоно. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч О-, гэрч Л- нарын мэдүүлэг, хохирогчийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудын үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч өөрийн биеэр оролцож тухайн болсон асуудлыг тодорхой мэдүүлдэг. Энэ нь түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ зөрдөггүй. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт миний бие гэм буруугүй. Нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлээгүй. Гэмт хэрэг гарсан нь эргэлзээтэй байхад миний хувийн байдал болон эрүүл мэндийн байдлыг далимдуулан анхны мэдүүлгийг мөрдөгч өөрөө зохион бичиж, надад танилцуулалгүйгээр гарын үсэг зуруулж, түүнийгээ гэрэл зургаар баримтжуулсан. Дахин мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч авна гэдгээ илэрхийлсээр байхад мэдүүлэг аваагүй атлаа өөрөө мэдүүлэг бичиж, миний өмнөөс гарын үсэг зурж хэрэгт хавсаргасан. Улмаар хэргийг прокурор, шүүхэд шилжүүлж хууль зөрчсөн байдаг. Энэ хэргийн хохирогч анх дэлгүүрт надтай тааралдахдаа цагдаагийн хамт ирээд “...намайг усанд явж байхад энэ хар хувцастай хүн жалга уруудаад явж байсан. Чи миний гар утсыг гаргаж өг...” гэсэн. Тэгээд тэр дор нь надад нэгжлэг хийж, цагдаа дээр аваачиж мэдүүлэг авсан. Мөрдөгч таньж олуулах ажиллагаанд намайг биеэр оролцуулах боломж байсаар байтал гэрэл зураг ашигласан. Ингэхдээ таниулах ажиллагаанд хамрагдсан хүмүүс дотор надтай ижил төрхтэй хүнийг оролцуулаагүй. Мөн дүрс бичлэг дээрх хүн би эсэх нь эргэлзээтэй. Мэдүүлэг дээр миний хэлээгүй зүйлийг хэлсэн болгож бичсэн байсан. Хохирогч О-, гэрч Давааням нарын өгсөн мэдүүлэг худал, бодит байдалтай нийцдэггүй. Иймд хэргийг нягталж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. Мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэхийг хүсье. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...давж заалдсан гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Д.Б-ыг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *** тоотод оршин суух Б.О-ын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтэрч, “IPhone X” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 875.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Д.Б- нь түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах зэрэг хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл хийгээгүй, тухайн хэрэг учрал гарах үед хохирогч Д.О- нь гэрийн хаалга болон хашааны гүйдэг хаалгаа онгойлгоод нээлттэй үлдээсэн байсан гэж мэдүүлсэн, мөн тухайн үед хохирогчийн эхнэр, хүүхэд нь гэртээ байсан зэргээс шүүгдэгчийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх боломжгүй. ...” гэж дүгнэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.

Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилсан.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн орон байранд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл шалтгаалан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

            Хүн амьдрах орон байр, үйлчилгээний танхим, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд уг гэмт хэргийн тухайд оршин суугчид мэдэгдэлгүйгээр, амьдарч буй орон байрных нь үүд хаалга онгорхой байдлыг ашиглан сэм орж буй шүүгдэгчийн үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинж чанарыг илт агуулсан гэж үзэхээр байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч өөртөө захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс төгсдөг.

            Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг нууц далд аргаар авах гэдэгт өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр тухайн эд хөрөнгийг хадгалан хамгаалагдаж байсан орон зайнаас хөдөлгөн өөрийн болгон авахад чиглэсэн бүхий л идэвхтэй үйлдлийг хамааруулж ойлгох ба гагцхүү уг гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ орон байр, агуулахад хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчилнэ.

            Иймээс шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй гэх асуудлаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Д.Б-т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн болон зүйлчлэлийн хүрээнд шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

            Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, түүний гэм буруу, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудлаар маргасан давж заалдах гомдлыг энэ удаад шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 2021/ШЦТ/124 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл Д.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН