Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0286/З |
Дугаар | 36 |
Огноо | 2018-01-24 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 36
А.Б-ын нэхэмжлэлтэй,
Татварын ерөнхий газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг,
Д.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тус газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0412 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0808 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгч: А.Б, түүний өмгөөлөгч Ц.Бх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0412 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4, 27.5, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 тоот тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Татварын ерөнхий газрын 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0808 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2017/0412 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 26 дугаар зүйлийн 26,1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалын Ц.Б-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Б-ыг урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилохыг Татварын ерөнхий газрын даргад даалгасугай" гэж, 2 дахь заалтын “хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж” гэснийг “хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын агуулгад:
3. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны Б/02 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан шинжийг агуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн илт хууль бус актаар тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй болно.
4. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны Б/27 дугаар тушаалаар А.Б-ыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс албан тушаалаас чөлөөлсөн нь нэгдүгээрт цаг хугацааны хувьд зөрүүтэй ч хуулийн ямар нэг зүйл заалтыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
5. А.Б-ыг дараагийн албан тушаалд томилтол Өмнөговь аймгийн татварын хэлтсийн мэдэлд шилжүүлэхдээ ажиллаагүй хугацааны цалин, нэмэгдлүүдийг бүрэн олгож байсан.
6. А.Б нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн Захиргааны тасагт хүний нөөцийн асуудал эрхэлсэн татварын улсын байцаагчаар томилогдон ажиллаж байх бөгөөд энэ актад гомдол гаргахгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу захиргааны акт биелэгдэж хүчин төгөлдөр болсон.
7. Шүүхийн магадлалын хянавал хэсэгт: “ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж хуульчилсан...” гэсэн байна. Ийм ч учраас хавтаст шүүхийн дүгнэлтэд тусгасныг хүлээн зөвшөөрч, энэ болзол шалгуурыг А.Б-аас илүү хангаж байгаа албан тушаалтныг томилсон юм. Энэ албан тушаалын чиг үүрэгт татварын хэрэг маргааныг шийдвэрлүүлэх, байгууллагаас гаргаж байгаа аливаа эрх зүйн актыг хянах, байгууллагын нууцын албан хэрэг хөтлөлтийг явуулах зэрэг эрх зүйн мэргэжил ур чадвар илүү хангаж байгаа албан тушаалтан байх шаардлагатай. А.Б-ын хувьд инженер-эдийн засагч мэргэжилтэй болно.
8. Иймд давж заалдах шатны магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлж хангасан байх тул магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч А.Б нь Өмнөговь аймгийн Татварын газрын, захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар Ц.Б-ыг нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал буюу тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, татварын улсын ахлах байцаагчийн ажилд томилсон байна.
11. Энэ байдал нь хууль зөрчсөн буюу нэг албан тушаалд хоёр албан хаагч томилсон, утга агуулгын илэрхий алдаатай, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулсан, энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөв дүгнэлт хийжээ.
12. Нөгөө талаар захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө уг тушаалын хэрэгжиж эхлэх хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн тооцохоор заасан байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын шийдвэр гарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ба шийдвэр гарахаас өмнөх харилцаанд “буцаж үйлчлэхгүй” зарчимтай болно.
13. Хариуцагчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх болсон үндэслэл тодорхойгүй, “бүтцийн өөрчлөлт” гэх боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн, орон тоо цөөрөөгүй байхад ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
14. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т “захиргааны актыг гаргах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасан шаардлагыг хариуцагчаас хангаагүй, төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй зэргээр алдаатай шийдвэр гаргажээ.
15. Хариуцагчийн “...шүүхийн дүгнэлтэд тусгасныг хүлээн зөвшөөрч, энэ болзол шалгуурыг А.Б-аас илүү хангаж байгаа албан тушаалтныг томилсон” гэх гомдлын тухайд:
16. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүх нь захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах ба энэ тохиолдолд захиргааны байгууллагын нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэл тодорхойгүй байсан. Тухайлбал, байгууллагын орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй зэргээр ажлаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан, энэ талаар ямар нэгэн тодорхой тайлбарыг хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаагүй, зөвхөн “цаг хугацааны хувьд зөрүүтэй ч хуулийн ямар нэг зүйл заалтыг зөрчөөгүй” гэсэн тайлбарыг гаргаж байсан байна.
17. Харин хариуцагчаас хяналтын шатанд гомдол гаргахдаа “гуравдагч этгээд илүү шаардлага хангасан” гэх агуулгаар маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхэд маргаагүй, хэлэлцэгдээгүй асуудлаар эрх зүйн дүгнэлт хийхгүй, хариуцагчийн тухайд ч захиргааны байгууллагын шийдвэрт тухайн цаг хугацаанд нь тусгаагүй асуудлыг шүүхэд нэмж тайлбарлах эрхгүй юм.
18. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Гэхдээ нэхэмжлэгчийн тухайд анх шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ Өмнөговь аймгийн Татварын газрын, захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэхдээ өмнөх байдал хэвээр хадгалагдаж сэргэх учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “тасгийн даргын” албан тушаалд эгүүлэн томилохыг даалгасан байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхээр байна.
19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй. Нэхэмжлэгчээс тасгийн даргын албан тушаалд түр томилсон тушаалтай маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагад заагаагүй байх тул түүнийг уг албан тушаалд бүрмөсөн томилох боломжгүй.
20. Нэхэмжлэгч нь татварын байгууллагад 19 жил, үүнээс 2013 оноос аймгийн Татварын газрын төрийн захиргаа, хууль зүйн хэлтсийн даргын албан тушаалд ажилласан, зөвхөн Төрийн албаны хуульд тодорхой нэрлэн заасан ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн тохиолдолд захиргааны байгууллагаас ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах үүрэгтэй учраас нэхэмжлэгчийн “түр орлон” гүйцэтгэгчийн албан тушаалд томилогдож байгаа байдал нь дахин хуульд заагаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлөхгүй байх үр дагаврыг хариуцагчид үүсгэх юм.
21. Анхан шатны шүүхээс “утга агуулгын алдаагүй, үг үсгийн алдаанаас илүүтэй бодит нөхцөл байдлыг дүгнэлээ, хүний нөөцийн асуудал хариуцсан байцаагчаар сэлгэн ажиллаж байгаа” зэргээр хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.
22. Эдгээр үндэслэлүүдээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2017/0808 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “захиргааны тасгийн даргын албан тушаалд” гэснийг “захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ