Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 398

 

Б.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 658 дугаар магадлалтай, Б.Г-д холбогдох 1803000010134 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчу овогт Б-ийн Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Г-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жил хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн  байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нар хамтран гаргасан гомдолдоо “Б.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр болох 6,758,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөх талаар давж заалдах гомдол гаргахад давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгт шүүгдэгч Б.Г-ын хувийн байдлын талаар дүгнэлт хийлгүй нэг талыг барьсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шаардлагад шүүгдэгчийн холбогдсон мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заасан хэрэг хамаарч байгаа ба энэ хэрэг нь хөнгөн гэмт хэрэг байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт доод ялын хэмжээ нь эсхүл 1 жил гэж заасан байхад хянавал хэсэгт ялын доод хэмжээг 2 жил оногдуулсан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг зөрчсөн. Иймд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, уг хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт шүүгдэгч Б.Г-ын холбогдсон хэргийг хамааруулан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа хэлсэн саналдаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Шүүгдэгч нь тухайн ослыг гаргахдаа ямар нэгэн байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, осол гарсны дараа өөрийн буруутай үйлдлээ ухамсарлаж иргэн хүнийхээ үүргээ зохих ёсны дагуу биелүүлж хохирогчид анхны эмнэлгийн тусламж үзүүлсэн. Давж заалдах шатны шүүх тухайн зүйл хэсэгт зааснаар оногдуулах ялын хамгийн бага хэмжээний ял болох 2 жилийн хорих ял оногдуулсан гэж байгаа боловч 1 жилийн хорих ял оногдуулах бүрэн боломжтой байсан. Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин хэлсэн саналдаа “Шүүгдэгч нь болгоомжгүйгээр анх удаа гэмт хэрэгт холбогдсон, баримтаар гаргаж өгсөн хохирол төлбөрийг сайн дураараа төлсөн, гэм буруугийн хувьд маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдэж, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолсон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-ын гэм бурууг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн, гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Г-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Азын хүүхдүүд” цэцэрлэгийн урд талын замд өөрийн эзэмшлийн “Хьюндай Соната-5” загварын 29-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтад заагдсан “эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин ...машин механизмийг ашиглахыг хориглоно”, 3.1-д “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-аас бага болсон”, 3.5-д “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар явган хүний гарцны орчим хурдаа тохируулан яваагүйн улмаас гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Балжиннямыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээтэй дүйцэхүйц хэмжээний хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тусгасан хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх зохицуулалтыг хэргийн нөхцөл байдал, хор уршгийн хэмжээ, шинж чанарыг харгалзан түүнд хэрэглэхгүйгээр хуульд заасан эрх хэмжээнд тогтоосныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 412 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 658 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа, Б.Энхтүвшин нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН