| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0229/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/279 |
| Огноо | 2025-05-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0229/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Б.Энхтулга,
Хохирогч,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2518000000281 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****************** /РД:******* /, 1991 оны******* сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит 03 дугаар баг,*******,******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Хонгор сум, Салхит 03 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 02 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн нутаг дэвсгэрт 2025 оны 03 сарын 14-ний 13:00 цагийн үед******* улсын дугаартай Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А болон 10.11 дэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигчыг мөргөж баруун шаант, тахилзуур ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******гийн: Жолооч болоод 10 жил болж байна. Замын хөдөлгөөнд согтууруулах ундаа хэрэглэсэн хүн оролцож болохгүй гэж мэдэж байсан. Энэ хэргийг хийгээгүй гэж маргаж байгаа зүйл байхгүй. Хохирогчийн хагалгааны мөнгийг эгчид нь төлсөн. Иймд Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал гэх 1,793,932 төгрөгийг төлнө гэх мэдүүлэг,
Хохирогчын: ******* нь миний дүүгийн ангийн хүүхэд байгаа юм. Тухайн үед *******гийн машины араар гарах гэж байгаад ийм зүйл болсон. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,
“Осол гарсан гэх газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 03 дугаар багийн байрны ар хэсэгт ямар нэгэн хатуу хучилттай зам байхгүй, шороо хэсэгт байв...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-13/,
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад 3.85 хувийн үзүүлэлт илэрч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо гэх тэмдэглэл /хх-ийн 14/,
Шүүгдэгч *******гийн согтуурлыг шалгасан гэрэл зураг /хх-ийн 15/,
Гэрчын: 2025 оны 03 сарын 14-нд машинаа гараашнаас гаргачхаадтай цуг машин дотроо сууж байтал ах *******гийн цэнхэр өнгийн Toyota prius маркийн машинаас бууж байсан. ахыг миний машинд суулгах гээд байж байтал ******* ах машинтайгаа хажуугаар нь гарснаа байрны зүүн тал руу яваад эхнэрээ харснаа буцаад ухрахдаа ахыг мөргөчихсөн. Тэгээд ******* ах дахин ухраад ард байсан төмөр амбаарыг мөргөөд зогссон... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Гэрчгийн: 2025 оны 03 сарын 14-нд цайны цагаараа гэртээ машинаа авахаар алхаад ирж байхдаа байрныхаа зүүн талаар тойроход манай******* улсын дугаартай Toyota prius-20 маркийн машинаас бууж байсан. Тэгээд манай нөхөр машинтайгаа миний өөдөөс хөдөлснөө буцаад арагшаа ухарсан. Ухрах үедээ машинаас буусаныг мөргөчихсөн. Тэгэхээр нь би “чи хүн дайрчихлаа шүү дээ” гээд орилоход манай нөхөр машины жолооны хүрдээ зүүн дарж ухраад ардаа байсан ногоон өнгийн төмөр амбаарыг мөргөөд байрны зүүн тал руу яваад өгсөн. Тэгээд 5-10 орчим минутын дараа буцаж ирсэн. Мөргүүлсэн хүнийх нь хөл гэмтсэн байдалтай байсан бөгөөд түргэн тусламж дуудаад эмнэлэгт авч ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,
Шинжээч Ч.Соронзонболдын 2025 оны 03 сарын 26-ны өдрийн 52-39/129 дугаартай: Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Toyota prius маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota prius маркийн улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.14 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна гэх дүгнэлт /хх-ийн 40-41/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны******* сарын*******-ний дугаартай:ын биед баруун шаант, тахилзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэг тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/,
Хохирогчын Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн дугаартай өвчний түүх /хх-ийн 50-74/,
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй гэх Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 88/,
Шүүгдэгч *******г эрүүлжүүлсэн тухай 2025 оны 03 сарын 14-ний өдрийн бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 101/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2025 оны 03 сарын 14-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 3.85 хувийн согтолттой байхдаа Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 03 дугаар багийн байрны ард Toyota prius-20 маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээыг мөргөж эрүүл мэндэд нь баруун шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор, 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******гийн дээрх үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.7.а-д “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж, 10.14-т “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж тус тус заасныг зөрчиж 3.85 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийж байгаад зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас хохирогчын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчын эрүүл мэндэд баруун шаант, тахилзуур ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учирч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,793,932 төгрөгийн зардал гарсан байна.
Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардал, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан тул шүүгдэгч ******* нь хохирогчын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 1,793,932 төгрөгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Иймд шүүгдэгч *******гаас 1,793,932 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар зорих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотой тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 06 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******гаас 1,793,932 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга есөн зуун гучин хоёр/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгосугай.
8. Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР