Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2022/02926

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.С-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Х-д холбогдох,

Хариуцгч: М т г ХХК нарт холбогдох,

30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагч Г.Х-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, өмгөөлөгч Э.Ж, хариуцагч М т г ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, гэрч П.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Б.С нь Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ******* байр тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг худалдан авахаар М т г ХХК-тай амаар тохиролцож, урьдчилгаанд 30,000,000 төгрөг төлөхөөр болсон. Тухайн үед М т г ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Х урьдчилгаа 30,000,000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн тоот дансаар авсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөг шилжүүлсэн. М т г ХХК-тай төлбөр тооцоогоо нийлж, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх асуудал яригдахад урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөгийг компанийн дансанд ороогүй, компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй тул мөнгө шилжүүлсэн хүнтэйгээ учраа олно уу гэх хариуг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/22-03/ тоот албан бичгээр өгсөн. Би өөрийн амьдарч байсан хашаа байшингаа худалдан борлуулсан бүх мөнгөө байрны урьдчилгаанд тооцуулахаар Г.Х гэх хүний дансанд төлсөн бөгөөд Г.Х бидний дунд өөр иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүсээгүй, түүнд төлөх төлбөргүй. Иймээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч М т г ХХК болон Г.Х нараас 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Г.Х-гийн татгалзал, тайлбарт: ... Дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, Г.Х-гийн дансаар орж ирсэн 30,000,000 төгрөгийг М т г ХХК-ийн захирал Г-н заавраар зарцуулсан. Үүнд: 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10,000,000 төгрөгөөс тус өдөр 9,000,000 төгрөгийг бэлнээр авч, машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Ж******* ХХК-ийн Хаан банкин дахь  тоот дансанд шилжүүлж, үлдсэн 1,000,000 төгрөгийг М т г ХХК-ийн нягтлан бодогч Л.Б*******гийн Хаан банкин дахь  тоот дансанд цалинд тооцон шилжүүлсэн. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 15,000,000 төгрөг, 09-ний өдрийн 5,000,000 төгрөгийн хувьд, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр М т г ХХК-ийн автомашинд хэрэглэгдэх 10 дугуйны урьдчилгаанд 6,600,000 төгрөгийг Б.Б*******ийн Хаан банкин дахь тоот дансанд шилжүүлж, М т г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г-т бэлнээр 12,400,000 төгрөг өгч, үлдсэн 1,000,000 төгрөгийг П.Г нь Г.Х-д цалин болгон олгосон. Тиймээс дээрх 30,000,000 төгрөгийг хувьдаа зарцуулаагүй, М т г ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч М т г ХХК-ийн татгалзал, тайлбарт: ... Хариуцагч Г.Х нь нэхэмжлэгч Б.С-гээс орон сууцны урьдчилгаанд авсан 30,000,000 төгрөгөөс Ж******* ХХК-тай байгуулсан машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 9,000,000 төгрөгийг Ж******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон, мөн М т г ХХК-ийн нягтлан бодогч Л.Б*******д цалин 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаас харагдаж байх тул нэхэмжлэгчээс хариуцагч Г.Х-гийн авсан 30,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин Г.Хгийн тайлбарт үлдэх 20,000,000 төгрөгөөс 6,600,000 төгрөгийг М т г ХХК-ийн автомашинд хэрэглэгдэх 10 дугуйны урьдчилгаанд Б.Бат-Эрдэнэ гэх хүний Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн гэх боловч тухайн үед буюу 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай компанийн ямар автомашинд хэрэглэгдэх дугуй болох нь тодорхойгүй, мөн Б.Бат-Эрдэнэ гэх хүнтэй манай компани ямар харилцаатай байсан нь баримтаар тогтоогдохгүй байх тул энэ хэсгийг зөвшөөрөхгүй. Мөн М т г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г*******т бэлнээр 12,400,000 төгрөг өгсөн гэх боловч П.Г******* гэх хүн тухайн үед ямар итгэмжлэлээр 12,400,000 төгрөг авсан нь тодорхойгүй, 12,400,000 төгрөг компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй байх тул мөн энэ хэсгийг зөвшөөрөхгүй. Мөн хариуцагч Г.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г******* надад цалин болгож 1,000,000 төгрөгийг олгосон гэж тайлбарлах боловч хариуцагч Г.Х нь М т г " ХХК-д огтажиллаж байгаагүй бөгөөд цалин хөлс авах ямар ч үндэслэлгүй тул энэ хэсгийг эс зөвшөөрч байна. Иймд хамтран хариуцагч М т г ХХК нь нэхэмжлэгчийн 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын 10,000,000 төгрөг гаргуулах хэсгийг зөвшөөрч, үлдэх 20,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул хариуцагч Г.Х-гаас гаргуулна уу гэв.

4.Хэргийн нотлох баримт:

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: М т г " ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/22-03/ тоот албан бичиг, Хаан банкны депозит дансны хуулга.

б.Хариуцагч Г.Х-гийн нотлох баримт: Хаан банкны депозит дансны хуулга, Хаан банкны зарлагын мэдүүлэг.

в.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: гэрч П.Г-н мэдүүлэг

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч М т г ХХК-ийн тайлбарыг үндэслэн түүнд холбогдох зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг М т г " ХХК-тай хийгдсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ******* байр 202 тоот хаягт байрлах орон сууц худалдан авах тохиролцооны дагуу шилжүүлсэн үйл баримтыг маргаагүй.

  

Харин хариуцагч Г.Х түүний дансанд шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг М т г " ХХК-ийн захирал Г-н зааврын дагуу заасан этгээдэд нь шилжүүлсэн гэж, хариуцагч М т г " ХХК нь 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, компанийн нэрээр шилжиж ирсэн мөнгийн 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.Х дур мэдэн зарцуулсан учир хариуцахгүй гэж тус тус маргасан.

  

4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

а.Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Хгийн Хаан банкин дахь ******* тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байх ба эдгээр гүйлгээний утгад сэргэлэн 101-202 тоот байрны урьдчилгаа гэж тусгасан байна.

 

б.Хариуцагч Г.Х 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан 10,000,000 төгрөгөөс 9,000,000 төгрөгийг Ж******* ХХК-ийн Хаан банкин дахь  тоот дансанд МТГ ХХК-с гэрээний төлбөрт гэсэн гүйлгээний утгаар, 1,000,000 төгрөгийг Хаан банкин дахь тоот дансанд цалингаас гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байна.

 

в.Хариуцагч М т г " ХХК нь дээрх 2 гүйлгээг өөрийн компанитай холбоотой гэж хүлээн зөвшөөрсөн.

 

г.Мөн хариуцагч Г.Х П.Г*******оос гэрчийн мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч нь М т г " ХХК-ийн захирал Ган-Уянгын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн итгэмжлэлийн дагуу түүний бүх эрхийг хэрэгжүүлдэг байсан гэж тайлбарлаж, хариуцагч Г.Х түүнд бэлнээр 12,400,000 төгрөг өгсөн, М т г ХХК-ийн автомашинд хэрэглэгдэх 10 дугуйны урьдчилгаанд 6,600,000 төгрөгийг Б.Б*******ийн Хаан банкин дахь  тоот дансанд шилжүүлүүлсэн, мөн Г.Х-д 1,000,000 төгрөгийн цалин олгосон гэж мэдүүлсэн.

 

5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ М т г ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/22-03/ дугаар албан бичигт ... Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, *******-р байрны тоотод байрлах орон сууцыг худалдан авах төлбөрийн урьдчилгаанд төлсөн гэх 30,000,00 төгрөг нь компанийн дансанд ороогүй, компанийн үйл ажиллагаанд зарцуулагдаагүй байна. Иймд та мөнгө шилжүүлсэн данс эзэмшигчээс тодруулна уу гэж дурдсаныг үндэслэн хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлсон.

  

6.Гэвч хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч 30,000,000 төгрөгийг М т г " ХХК-тай хийсэн Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж, ******* байр тоот хаягт байрлах орон сууц худалдан авах тохиролцооны дагуу шилжүүлсэн болохыг маргахгүй байна.

 

Хариуцагч М т г ХХК нь дээрх албан бичгийг нэхэмжлэгчид өгснөө үгүйсгээгүй ч мөнгө хүлээн авсан хариуцагч Г.Х уг мөнгийг компанийн үйл ажиллагаанд захиран зарцуулсан эсэхэд маргасан.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар үндэслэлээр юу шаардах нь түүний бие даан тодорхойлох асуудал бөгөөд шаардлагаа дээр дурдсан орон сууц худалдан авах тохиролцоотой холбоогүй гэж тайлбарлаж байгаа нөхцөлд нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, үндэслэлээр хязгаарлагдана.

 

Тодруулбал, нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаанд М т г ХХК-ийн хүлээн авсан 30,000,000 төгрөгийг хариуцагч нар цааш хэрхсэн нь тус иргэний хэрэгт хамааралгүй, тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар тогтоох асуудал биш бөгөөд компанийн дотоод асуудал болох тул энэ талаар шүүхээс дүгнэлт өгөх үндэслэлгүй.

 

8.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

 

9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 30,000,000 төгрөг хариуцагч М т г ХХК-аас орон сууц худалдах, худалдан авах тохиролцоотой холбоотой болох нь тогтоогдсон тул хариуцагч нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

10.Иймд хэрэг хянан шийдвэрлэх мэтгэлцэх зарчмын дагуу хариуцагч М т г ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангах нь зүйтэй.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан бол түүнд тооцогдох хэсгийг хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М т г ХХК-аас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М т г ХХК-аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Г.Х-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.С-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М т г ХХК-аас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА