Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/431

 

У.А-т холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ууганбаатар,

хохирогч З.Г-,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж, шүүгч Б.Халиун, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч У.А-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1911013221232 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             У.А-, 1999 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,

            - С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, үүнээс 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150.000 төгрөгийн торгох ялыг биелүүлсэн,

            Шүүгдэгч У.А- нь:                 

            1. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт цахим банк ашиглан  “Item/Айтем/ нэртэй компьютерын тоглоом зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Э.Ө-оос 650.000 төгрөгийг авч залилсан,

            2. 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Б-гийн Facebook хаягт нэвтэрч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн Г.Б-аас 180.000 төгрөг, Б.О-гаас 100.000 төгрөг, З.Ө-аас  60.000 төгрөг, Э.П-аас          60.000    төгрөг, н.Г-оос 60.000 төгрөг нийтдээ 460.000 төгрөгийг Б.Эрхэмбаярын 50287547** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            3. 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.Д-гийн Facebook хаяг руу нэвтрэн, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Б.Н-гийн нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн Ч.Ц-г Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо *** тоот гэртээ байхад нь О.Д-ын 50754858** дугаартай дансаар 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            4. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан О.Д-ийн Facebook хаяг руу нэвтрэн, бодит байдпыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн Б.Н-ыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Номин юнайтед”-ийн хажууд явж байхад нь Э.Ө-ын 50319558** дугаартай дансаар 80.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

            5. 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан хуаран” хотхоны 88Б байрны 123 тоот гэртээ байсан Х.М-ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, 60.000 төгрөгийг Хаан банкны 50287547** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            6. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 58 дугаар байранд байсан З.Г-аас цахим хэрэгсэл ашиглан хуурч 180.000 төгрөгийг Хаан банкны 54982873** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            7. 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт О.Д-ийн Facebook хаягаас Б.П-руу бичиж хуурч 240.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            8. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн н.С-ын цахим хэрэгсэл ашиглан О.О-ыг хуурч 100.000 төгрөгийг Хаан банкны 52361038** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            9. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Б.М-гийн Facebook хаягт нэвтэрч, түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн З.Б-ыг Дорнод аймагт байхад нь төөрөгдөлд оруулж 60.000 төгрөгийг Н.Ч-ийн 51710957** дугаартай дансаар, Н.Ц-г Дорнод аймагт байхад нь төөрөгдөлд оруулж 60.000 төгрөгийг С.Д-гийн 51130319** дугаартай дансаар нийт 120.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            10. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С- дүүргийн 9 дүгээр хороо “Ардын эрх” сонины байрны хажууд байрлах “Ривал” нэртэй цахим тоглоомын газарт цахим хэрэгсэл ашиглан С.Н-ээс 20.000 төгрөг, Л.Г-ээс 40.000 төгрөг, н.О-ээс 100.000 төгрөг буюу нийт 160.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авч залилсан,

            11. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, *** тоотод оршин суух Ц.Ү-д төрсөн дүү н.А-ийн Facebook хаягаас “lend.mn” зээлийн төлбөрөө төлөх хэрэгтэй байна гэх чат бичиж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 100.000 төгрөгийг авч залилсан,

             12. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан А.С-гийн Facebook хаяг руу нэвтэрч, түүний нэрээр бусад руу мөнгө зээлэх утгаар зурвас илгээн Ц.УуГ-, Б.Г-, Н.Э-нарыг Өмнөговь аймагт байхад нь төөрөгдөлд оруулан Ц.УуГ-ээс 120.000 төгрөг, Б.Г-гаас 40.000 төгрөг, Н.Э-гээс 100.000 төгрөг буюу нийт 260.000 төгрөгийг 57537857** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

             13. 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Х.У-ын Facebook хаяг руу нэвтэрч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний нэрээр М.М- руу “мөнгө зээлээч” гэсэн утгатай зурвас илгээн Б.Г-ийн 56224853** дугаартай дансаар 50.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

            14. 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн Х.У-ын “Х- У-” гэсэн нэртэй Facebook хаяг руу нэвтэрч, түүний нэрээр иргэн Б.М-руу “мөнгө зээлээч” гэсэн утгатай зурвас илгээн 50.000 төгрөгийг иргэн Б.Г-ийн Хаан банкны 56224853** дугаартай дансаар дамжуулан А.Т-ийн Хаан банкны 56225034** дугаартай дансанд шилжүүлэн авсан,

            15. 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.У-ын “Х- У-” гэсэн нэртэй Facebook хаяг руу нэвтэрч түүний нэрээр иргэн Б.С-руу “мөнгө зээлээч” гэсэн утгатай зурвас илгээн 60.000 төгрөгийг А.Т-ийн Хаан банкны 56225034** дугаартай дансаар шилжүүлэн авсан,

            16. 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Х.У-ын “Х- У-” гэсэн нэртэй Facebook хаяг руу нэвтэрч түүний нэрээр иргэн Д.О-руу “lend.mn төлөх гэсэн юм” гэсэн утгатай зурвас илгээж 50.000 төгрөгийг Б.Г-ийн Хаан банкны 56224853** дугаартай дансаар шилжүүлэн авсан,

            17. 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэн Р.Т-ийн Facebook хаяг руу нэвтэрч найзууд руу нь “мөнгө зээлээч” гэсэн зурвас илгээн найз Г.О-ээс Орхон аймагт байхад нь 200.000 төгрөгийг 1068002736** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            18. 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан иргэн Т.Ш-ын Facebook хаяг руу нэвтэрч Хаан банкны 57570400** дугаартай дансаар иргэн Д.А-гаас 120.000 төгрөгийг, 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр М.Э-аас 180.000 төгрөгийг 50650669** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

            19. 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** тоотод байсан Б.М-ийн Facebook хаяг руу иргэн Х.Г-гийн Facebook хаягаас “мөнгө шилжүүлээч” гэж зурвас илгээн улмаар 150.000 төгрөгийг иргэн Э.П-ын эзэмшлийн Хаан банкны 50354910** дугаартай данс руу, 200.000 төгрөгийг иргэн Б.Г-ийн эзэмшлийн Хаан банкны 56224853** дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 350.000 төгрөгийг залилсан буюу 19 удаагийн үйлдлээр 29 иргэнд нийт 3.530.000 төгрөгийн хохирол учруулан хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: У.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч У.А-ыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас биелүүлээгүй үлдсэн 350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 350.000 төгрөгийн торгох ялын 15.000 төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцон энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 5 жил 6 сар 23 хоногоор тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон нийт 244 хоногийг түүний эдпэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч У.А-аас 3.370.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Ө-т 650.000 төгрөг, З.Ө-т 60.000 төгрөг, Б.О-д 100.000 төгрөг, Г.Б-д 180.000 төгрөг, Э.П-д 60.000 төгрөг, Г-т 60.000 төгрөг, Ч.Ц-д 60.000 төгрөг, Б.Н-ад 80.000 төгрөг, З.Г-д 180.000 төгрөг, Б.П-т 240.000 төгрөг, З.Б-д 60.000 төгрөг, Н.Ц-д 60.000 төгрөг, Г.О-д 100.000 төгрөг, Л.Г-т 40.000 төгрөг, С.Н-д 20.000 төгрөг, Ц.УуГ-т 120.000 төгрөг, Б.Г-д 40.000 төгрөг, Н.Э-д 100.000 төгрөг, М.М-д 50.000 төгрөг, Б.М-д 50.000 төгрөг, Б.С-д 60.000 төгрөг, Д.О-д 50.000 төгрөг, Г.О-т 200.000 төгрөг, М.Э-т 180.000 төгрөг, Д.А-д 120.000 төгрөг, Б.М-т 350.000 төгрөг тус тус олгож, шүүгдэгч У.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч У.А- гаргасан давж заалдах гомдолдоо “...миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Цаашид хохирлоо төлж барагдуулах болно. Миний эхнэр А.М-нь 5 сартай жирэмсэн тул эдгээр байдлуудыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч З.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Прокурор Г.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч У.А- нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа буюу нотолбол зохих байдлыг хангалттай нотлосон байгаа. Шүүгдэгч У.А-т тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн хөнгөн буюу 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд нийцсэн. Иймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос У.А-ыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр цахим банк ашиглан “Айтем” нэртэй компьютерын тоглоом зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Э.Ө-оос 650.000 төгрөгийг, мөн 2019 оны 8 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим хэрэгсэл ашиглан 16 иргэний Facebook хаягт хууль бусаар нэвтэрч, тэдний нэрийн өмнөөс зээл хүссэн зурвас илгээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хамаарал бүхий 28 иргэнээс нийт 2.880.000 төгрөгийг өөрийн болон бусдын дансаар шилжүүлэн авсан буюу 19 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас нэр бүхий 29 иргэнд нийт 3.530.000 төгрөгийн хохирол учруулан уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч У.А-ыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хэмжээний дотор ялыг оногдуулж, нийт эдлэх ялын хэмжээ, ял эдлэх дэглэм, нөхцөл болон хариуцан арилгах хохирлын хэмжээг тус тус тогтоож шийдвэрлэжээ.

Гэвч дээрх байдлаар шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн арга буюу бусдын хамгаалагдсан “цахим” мэдээллийн сүлжээнд хууль бусаар хэрхэн нэвтэрсэн, хохирогч нараас мөнгө шилжүүлэн авахдаа “хэрхэн яаж төөрөгдөлд оруулсан”-ыг дүгнээгүй, тухайн гэмт хэргийг онцлон хүндрүүлэх “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх шинжээр зүйлчлэхдээ хэргийн нөхцөл байдалд тулгуурлан хууль зүйн дүгнэлт огт хийгээгүйгээс гадна, шүүгдэгчид тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээг сонгон оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх болсон шалтгаан үндэслэлээ тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт болон 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтын шаардлагыг тус тус хангаагүй байна

Мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэсэн тогтоох хэсгийн 6 дахь заалтад хохирогч н.Г-, О.О- нарын овог нэр, регистрийн дугаар, оршин суух хаягийн мэдээллийг бүрэн гүйцэд тусгаагүй, хохирогч Н.Ц-гийн нэрийг “Цэпэдмаа” гэж ташаа бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтын шаардлагад тус тус нийцээгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгч У.А- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...тусгай программын тусламжтайгаар бусдын Facebook хаягт нэвтрэх нэр, нууц үгийг олж авдаг. Улмаар тухайн хэрэглэгчийн цахим шууданг шалгаж, мөнгө шилжүүлэх боломжтой хүмүүсийг тодорхойлж зурвас илгээдэг...” хэмээн өөрийн үйлдлийнхээ талаар тодорхой мэдүүлсэн байхад бусдын хамгаалагдсан цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрч буй энэхүү үйлдэл нийлмэл гэмт хэргийн шинжийг агуулсан эсхүл залилах гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байгааг дурдав.

 Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.7, 36.8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.А-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч У.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, түүний гаргасан “ял хөнгөрүүлэх тухай” давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У.А-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл У.А-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН