Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2022/01489

 

 

 

 

 

 

  2022      07      04                                                   181/ШШ2022/01489

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г ХХК нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.О холбогдох

 

үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ИД ХХК болон Г ны хооронд байгуулсан ЗГ1905120182 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг, ЗГ1905120183 тоот зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2018 оны 01 сарын 18-ны өдөр ЗБ1905120182 болон ЗБ1905120183 тоот Ипотекийн гэрээнүүдийг тус тус байгуулсан. ЗГ1905120182, ЗГ1905120183 тоот Зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож ипотекийн гэрээнүүдээр хариуцагчийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ................ дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3-р хороо, 5 хороолол /14252/, ХД-37 байр 10 тоот 78,6 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дугаарт шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 сарын 14-ний өдрийн 363 дугаарт магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2021/01285 дугаарт тогтоолоор “ИД ” ХХК-аас зээлүүдийн төлбөрт нийт 59,044,652 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 523,373 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. “ИД ” ХХК нь зээлийн гэрээний үүргээ шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлээгүй тул ЗБ1905120182, ЗБ1905120183 тоот Ипотекийн гэрээнүүдийн 5.1-т заасны дагуу барьцааны зүйлээр гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Г ХХК нь ИД ХХК-ны ЗГ1905120182, ЗГ1905120183 Зээлийн гэрээнүүдийн үүрэг нийт 59,044,652 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “ИД ” ХХК-тай хариуцагч Б.О ямар ч хамааралгүй. Гэрээний эргэн төлөлтийг банкны эдийн засагч нь хянах үүрэгтэй байсан. Г наас авсан зээлээс хариуцагч нэг ч төгрөг аваагүй. Тиймээс хариуцагч эд хөрөнгөөрөө хохирч байгаад гомдолтой байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: 2018.01.18-ны өдрийн ЗБ1905120182, ЗБ1905120183 дугаар “Ипотекийн гэрээ”, 2018.01.18-ны өдрийн ЗГ1905120182, ЗГ1905120183 дугаар “Зээлийн гэрээ”, зээлийн эргэн төлөлтийн график, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн №363 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.26-ны өдрийн 001/ХТ2021/01285 дугаар тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргасан.

 

4. Хариуцагч тал нотлох баримтаар: иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолтыг гаргасан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Г ” ХХК нь хариуцагч Б.От холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ зээлдэгч этгээдтэй холбоо хамааралгүй, зээлийн мөнгөнөөс аваагүй гэсэн байна.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

4. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, шүүхийн шийдвэр болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

а/. “Г ” ХХК болон “ИД ” ХХК нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1905120182 тоот, мөн өдөр ЗГ1905120183 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, “Г ” ХХК нь ЗГ1905120182 тоот зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг, ЗГ1905120183 тоот зээлийн гэрээгээр 60,000,000 төгрөгийг тус тус “ИД ” ХХК-нд зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ипотекийн гэрээг хариуцагч Б.Отэй байгуулж, түүний өмчлөлийн УБ, Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 5 хороолол /14252/, ............ хаягт байрлах 78,6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

б/. Дээрх зээлийн гэрээг үндэслэн “Г ” ХХК-аас “ИД ” ХХК-нд холбогдуулж зээлийн гэрээний үүрэг 59,044,652 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.14-ний өдрийн №363 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.10.26-ны өдрийн 001/ХТ2021/01285 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ИД ” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 59,044,652 төгрөг гаргуулж “Г  банк” ХХК-нд олгож, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан. Тиймээс “Г ” ХХК болон “ИД ” ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

 

6. Харин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Г ” ХХК-аас “ИД ” ХХК-нд холбогдуулж гаргасан зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчээс хариуцагч Б.От холбогдуулан барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай энэ нэхэмжлэлийг гаргахад саад болохгүй.

 

7. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа нь хууль буюу гэрээнд үндэслэгдэн үүсэх бөгөөд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь үүрэг үүсэх үндэслэлд хамаардаг.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч “Г ” ХХК, хариуцагч Б.О нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр №ЗБ1905120182, №ЗБ1905120183 дугаар “Ипотекийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Б.О нь “Г ” ХХК, “ИД ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1905120182 тоот, ЗГ1905120183 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн УБ, Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 5 хороолол /14252/, ХД-37 дугаар байр 10 тоот хаягт байрлах 78,6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалсан болох нь тогтоогдож байна.

 

Үүнээс үзэхэд зохигчдийн хооронд үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээний харилцаа үүссэн байх ба талууд гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

8. Тодруулбал зохигчид барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн гаргасан зээлдэгч этгээдтэй холбоо хамааралгүй, зээлийн мөнгөнөөс аваагүй гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болж чадахгүй байна. 

 

9. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд хариуцагч Б.О нь “ИД ” ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээлдэгч зээлийн үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үүргийг нэхэмжлэгч “Г ” ХХК-ийн өмнө хүлээсэн нь хуульд нийцжээ.  

10. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Г ” ХХК нь барьцааны гэрээний дагуу гэрээний нэг тал болох барьцаалуулагч Б.От холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан нь үндэслэлтэй.

 

11. Иймд нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч “Г ” ХХК болон “ИД ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1905120182 тоот, мөн өдрийн ЗГ1905120183 тоот зээлийн гэрээний үүрэг 59,044,652 төгрөгийг төлөх үүргээ “ИД ” ХХК нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч “Г ” ХХК, хариуцагч Б.О нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан №ЗБ1905120182, №ЗБ1905120183 дугаар “Ипотекийн гэрээ”-ний дагуу хариуцагч Б.Оийн өмчлөлийн УБ, Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 5 хороолол /14252/, ................  хаягт байрлах 78,6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.

 

12. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Оээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.     

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар “Г ” ХХК болон “ИД ” ХХК нарын хооронд байгуулагдсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1905120182 тоот, мөн өдрийн ЗГ1905120183 тоот зээлийн гэрээний үүрэг 59,044,652 төгрөгийг төлөх үүргээ “ИД ” ХХК нь гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаарт бүртгэлтэй, УБ, Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 5 хороолол /14252/, .............. т хаягт байрлах 78,6 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаалж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Г ” ХХК-нд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.ЛХАГВАСҮРЭН