Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганцэцэг,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл,

Орчуулагч: Б.Б

Шүүгдэгч: Р.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт Р.Бад холбогдох эрүүгийн ************  дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А овогт Р.Б /РД:************/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Б-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар баг Улаан хадаг гэх газарт байрлах оторын байранд Т.С-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Р.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Р.Быг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 2 дугаар баг ******** гэх газарт байрлах оторын байранд Т.Сыг зодсон болох нь:

Эд зүйл бичиг баримтыг хүлээн авсан тэмдэглэл, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 15-30 дахь тал),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 21 дэх тал)

Хохирогч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-50 дахь тал),

Гэрч Ш.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

Гэрч Т.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дхаь тал),

Гэрч Х.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),

Гэрч Ш.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал),

Гэрч Ш.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

Гэрч З.Е-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

Гэрч К.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

Гэрч Х.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

Гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),

Гэрч Н.Д-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

Гэрч Р.И-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 79-83 дахь тал),

Шинжээчийн 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 88-92 дахь тал),

Шүүгдэгч Р.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-105 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Баян-Өлгий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаартай “Т.Сын биед дээд, доод уруул хаван хавдартай, дээд уруулын гадна 1х1 см хэмжээтэй улаан хүрэн өнгийн шархтай, үүдэн доод баруун (41) 1-р шүд сул, (42) 2-р шүд ёзоор дунд хэсгээр хугарсан, зүүн (31) 1-р шүд нь унасан, (32) 2-р шүд 3/1 хэсгээр хугаралттай, зүүн шилбэний ар хэсэгт 10х8 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.2.1- т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 79-80 дахь тал/-ээр хохирогч Т.Сын биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Мөн Ховд аймгийн бүсийн шүүх шинжилгээний шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай “Хохирогч Т.С нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсны улмаас Т.Сын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинж илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай" гэх дүгнэлт /хавтаст хэргийн 88-92 дахь тал/-ээр хохирогч Т.Сын сэтгэцэд нэгдүгээр зэрэглэлд хамаарах хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Р.Бнь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Бямбажавын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Т.Сын мөрдөн байцаалтын шатанд “Р.Бнь хохирогчид учирсан эрүүл мэнд, сэтгэцийн хохирол барагдуулахаар 16,000,000 /арван зургаан сая/ төгрөг төлж баримтыг хэрэгт хавсаргасан байна. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 246,000 /хоёр зуун дөчин зургаан мянган төгрөг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх нотариатчаар гэрчлүүлж хэрэгт хавсаргасан  (хавтаст хэргийн 25 дахь тал)-г үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Р.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч Р.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Р.Бнь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Р.Бнь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 108 дахь тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгч Р.Бын зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.4 дүгээр зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч Р.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Р.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Бад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч А овогт Р.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.Бад 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  Р.Бнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  Р.Бад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Б.ГАНСҮХ