| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ж.Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2022/00931/и |
| Дугаар | 181/ШШ2022/01488 |
| Огноо | 2022-07-04 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2022/01488
| 2022 07 04 | 181/ШШ2022/01488 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.П
Нэхэмжлэгч: Э.Э
Хариуцагч: АД ХХК
даатгалын нөхөн төлбөр 158,884,743.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.П болон П.Е хууль ёсны төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.П болон БП нар нь 2018.08.08-ны өдөр Төрийн банктай 52/06 дугаартай Орон сууцны ипотекийн гэрээ байгуулж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж............ хаягт байршилтай 74.1 мкв талбайтай, гурван өрөө орон сууцыг худалдан авах зориулалттай 163,020,000 төгрөгийн зээл авсан. Ипотекийн зээлийн гэрээг байгуулсантай холбогдуулан Төрийн банкнаас манай банктай хамтран ажилладаг даатгалын компанитай хөрөнгийн болон амь насны даатгалын гэрээг байгуул гэсний дагуу АД ХХК-тай Орон сууцны болон Амь насны даатгалын гэрээг миний ах БП агсантай 2018.08.09-ний өдөр 183432052220018 дугаартай Орон сууцны, Зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ хэмээх нэртэй гэрээг байгуулсан байна.
Зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу даатгалын хураамжийг хугацаанд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд хуваарийн дагуу 2018, 2019 оны даатгалын хураамжийг бүрэн төлж, Даатгалын гэрээний 1.4-т заасны дагуу П.Пүрэвхүү агсан нь Зээлдэгчийн амь насны даатгалд хамрагдсан байна. Гэтэл бидний гэр бүлд маш харамсалтай явдал тохиолдож, БП нь 2019.07.05-ны өдөр Хавдар судлалын үндэсний төвийн шинжилгээгээр Хэвлийн асцит буюу ходоодны хорт хавдар хэмээх хүнд өвчин оношлогдож, Монгол улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн тул БНСУ-ыг зорьж, эмчлүүлэхээр очсон ч эмчлэгдэх боломжгүй хэмээн хоёр курс химийн эмчилгээ хийлгээд Монгол улсдаа буцан ирж УБ Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн Магадлах комиссын 2019.09.18-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 6 сарын хугацаатай тогтоож байсан бөгөөд 2019.9.23-ны өдөр уг өвчний улмаас нас барсан. АД ХК-тай 2018.08.09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр гаргуулах хүсэлтийг гаргасан ч тус компанийн 2019.10.25-ны өдрийн 02/19/1005 дугаартай албан бичгээр Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан эрсдэлийн улмаас үүдэн гарсан хохирлыг даатгагч хариуцахгүй хэмээн хариу өгсөн. Б.П болон П.Е бид 2021.07.08-ны өдөр Зээлийн гэрээтэй холбогдон үүссэн Даатгалын гэрээнүүдийн шаардах эрх, гэрээгээр хүлээсэн үүргийг 2021.07.08-ны өдрийн 0089 бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр хууль ёсны дагуу өвлөн авсан.
... Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 3.1.2.1, 3.2.2 дахь заалтууд, 3.2 дахь заалтууд нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээний стандарт нөхцөл болох нь нотлогдож байна ... зээлдэгчийн амь насны даатгал хэмээх нэртэй гэрээний нөхцөл нь гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан, амь нас эрсдэсэн тохиолдлыг хамруулсан нь даатгуулагчийг төөрөгдүүлсэн, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг өгөөгүй байна ... АД-ын нөхөн төлбөр олгохоор татгалзсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2021.09.03-ны өдрийн 9/3012 дугаартай албан бичгээр АД ХК-аас даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн боловч энэхүү нөхөн төлбөрийг олгоогүй. Иймд даатгалын нөхөн төлбөрт 158,884,743.67 төгрөгийг АД ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч “АД” ХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Даатгуулагч БП нь хэвлийн асцит буюу ходоодны хорт хавдар гэсэн оношоор нас барсан ба энэ нь даатгалын гэрээнд заагаагүй гэрээгээр, хамгаалагдаагүй эрсдэл тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан болно. Даатгалын гэрээний 2.1, 3.1.2, 3.2.1-3.2.5-д заасан үйлдвэрлэлийн гэнэтийн осолд өртөх, байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, зам тээврийн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл гэж заасан дараах эрсдэлүүдийн улмаас нас барсан тохиолдолд даатгагч даатгалын нөхөн төлбөр олгохоор талууд харилцан тохиролцож гэрээг байгуулсан.
Манай компанийн 2019.10.25-ны өдрийн 1/19/1005 Нөхөн төлбөрийн шийдвэрийн тухай Даатгуулагч Б.П итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, мөн 2021.08.20-ны өдрийн 1/21/1550 тоот тайлбарыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэнчлэн Даатгалын гэрээнд заасан эрсдэл учраагүй буюу гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас нас барсан байх тул даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй ба Даатгалын тухай хуулийн 8.5.3-т “Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан”, Даатгалын гэрээний 5.1-т “Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас үүдэн гарсан хохирол”-ыг даатгагч хариуцахгүй гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Нэхэмжлэгч нь зээлдэгчийн амь насны даатгалын төрлийг сонгож Гэнэтийн ослын даатгалын төрлийг сонгоогүй гэж дурдсан байх боловч Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2 Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана, 2.1.1 Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж заасан бөгөөд амь насны даатгалын үндсэн эрсдэл нь гэнэтийн ослын улмаас үүссэн байхыг журмаар зохицуулсан, гэнэтийн ослын даатгал гэдэг тусдаа даатгалын төрөл байхгүй юм. Иймд гэрээний 3.1.2 болон 3.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хуульд заасан Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол буюу даатгалын зүйлд гэрээгээр тохиролцсон эрсдэл бий болсон үед даатгагч нь учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг даатгуулагчид төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байх бөгөөд тэдгээрт гэнэтний ослын улмаас эсхүл бусдын буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгагч нөхөн төлбөр төлөхөөр гэрээнд тусгасан. Түүнчлэн нэхэмжлэгч нь хууль, журамд нийцээгүй гэрээ хийж нэхэмжлэгчийг төөрөгдүүлсэн, хүчин төгөлдөр бус нөхцөлтэй гэрээ байгуулсан гэж тайлбарлаж хэлцлийн гол нөхцөл болох 3.1.2 зээлдэгчийн амь насны даатгалын хамгаалалт хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргачихаад даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар шаардаж байгаа нь агуулгын хувьд зөрчилдөж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: 2018.08.08-ны өдрийн “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”, зээл эргэн төлөх хуваарь, 2018.08.08-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”, 2019.05.24-ний өдрийн “Барьцааыны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ”, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204096127, Ү-2203005624 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, даатгалын гэрээний мэдүүлгийн хуудас, Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ, 2021.07.08-ны өдрийн өвлөх эрхийн гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа, “Ард даатгал” ХК-ийн 2019.10.25-ны өдрийн 02/09/1005 дугаартай албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны №9/3012, №9/3490, 2022 оны №9/04 албан бичиг, ипотекийн зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний загвар, Төрийн банкны зээлийн дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэлийг гаргасан.
4. Хариуцагч тал нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.П болон П.Е хууль ёсны төлөөлөгч Э.Э нар нь хариуцагч “Ард даатгал” ХК-нд холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 158,884,743 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, даатгалын гэрээнд заагаагүй гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэл үүссэн тул нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн тайлбар гаргаж маргасан.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4. Нэхэмжлэгч Б.П, талийгаач БП нар нь Төрийн банк ХХК-тай 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”-г байгуулж, орон сууц худалдан авах зориулалтаар 163,020,000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд УБ, Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15 хороолол /13345/, энхтайваны өргөн чөлөө гудамж 8а тоот, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 74,1 м.кв орон сууц, Сүхбаатар дүүрэг 3-р хороо, 5 хороолол 2а дугаар байр 62 тоот улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 39 м.кв орон сууцыг тус тус барьцаалж, зээлдэгчтэй зээл, барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018.08.08-ны өдрийн №52/06 дугаар “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
5. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.16-д зааснаар зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь зээлийн гэрээний хугацаанд амь насны даатгалд даатгуулах, даатгалын хураамжийг төлөх үүргийг хүлээж, үүний дагуу зээлдэгч Б.П, хариуцагч “АД” ХК нарын хооронд “Орон сууц, зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ” байгулагджэээ. Уг гэрээгээр зээлдэгч нь өөрийн орон сууц болон амь насыг даатгуулсан болох нь хэрэгт баримтаар авагдсан Орон сууц, амь насны даатгалын гэрээ, даатгалын гэрээний мэдүүлгийн хуудас, даатгалын баталгаа зэргээр тогтоогдож байна.
6. Үүнээс үзэхэд талуудын хороонд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1. дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн байх ба гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй.
7. Зээлдэгч БП нь хэвлийн хөндийд шингэн хурах /асцит/ өвчний улмаас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалт 90 хувиар тогтоолгосон, улмаар 2019 оны 9 сарын 23-ны өдөр өвчний улмаас нас барсан байх ба түүнийг өвчний улмаас нас барсан талаар талууд маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... үндсэн зээлдэгч БП нас барсан нь даатгалын тохиолдол бий болсон тул хууль, гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдол үүсэх үеийн зээлийн үлдэгдэл 155,884,743.93 төгрөгийг даатгалын байгууллага төлөх үүрэгтэй” гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ “... даатгуулагч БП нь даатгалын гэрээнд заагаагүй буюу гэрээгээр хамгаалагдаагүй эрсдэлийн улмаас нас барсан ... амь насны даатгалын үндсэн эрсдэл нь гэнэтийн ослын улмаас үүссэн байхыг журмаар зохицуулсан тул нөхөн төлбөр олгохгүй үндэслэлд хамаарна ... ” гэж тайлбарласан ба даатгалын гэрээнд заасан тохиолдол бий болсон буюу хариуцагчид даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэг үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.
8. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн “даатгалын тохиолдол” гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, "даатгалын нөхөн төлбөр" гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгохоор Даатгалын тухай хуульд тодорхойлжээ.
Даатгалын гэрээ байгуулах үндэслэл болсон Төрийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний 3.2.16-д ... зээлдэгч гэрээний хугацаанд “амь нас”-ны даатгалд даатгуулах үүрэгтэй байхаар, хариуцагч “Ард даатгал” ХК болон зээлдэгч, талийгаач БП нарын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 2 дугаар зүйлд даатгалын зүйл нь “зээлдэгч, хамтран зээлдэгчийн амь нас” байхаар тус тус тодорхойлсон байна.
Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлд амь насны даатгалын хамгаалалтад “гэнэтийн ослын улмаас нас барах” гэж тодорхойлж, 3.2-т гэнэтийн осолд юу хамаарах болохыг тусгасан боловч гэрээний 5 дугаар зүйл буюу даатгалд хамрагдахгүй нөхцөлд “өвчний улмаас нас барах” тохиолдлыг хамааруулаагүй, гэрээний 4 дүгээр зүйлийн 12-т “Даатгалын нөхөн төлбөрийг дараах материалыг үндэслэн олгоно. Үүнд ... 4.12.3. Зээлдэгчийн гэнэтийн осол болон өвчний улмаас амь насаа алдсаныг нотлох шүүх эмнэлгийн болон эмнэлгийн магадлагаа” гэжээ.
Өөрөөр хэлбэл даатгагч нь гэрээний гол нөхцөл буюу даатгалын нөхөн төлбөрт хамаарах нөхцөлийн талаар гэрээндээ тодорхой бус байдлаар тусгаж, даатгалын нөхцөлийн талаар даатгуулагчид бүрэн танилцуулаагүй нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2-т “даатгагч даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тодорхой, хоёрдмол утга санаагүй, бусдад шууд ойлгогдохоор үг хэллэгтэй байхаар тусгах” гэж заасанд нийцээгүй байна.
9. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасны дагуу энэ тохиолдолд даатгалын зүйл нь “зээлдэгчийн амь нас” байж, даатгуулагч нь зээлийн гэрээний хугацаанд өөрийн амь нас эрсдэлд орох нөхцөлийг даатгуулсан гэж ойлгох ба даатгагч нь “гэнэтийн ослын улмаас нас барах” гэж гэрээгээр тохиролцсон нөхцөлөөс өөр агуулгаар явцууруулан тодорхойлж, энэ үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй.
Нөгөө талаар Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан “Мэдүүлгийн маягтын загвар”-ийн дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна” гэснийг зөрчиж, даатгуулагчаар “Мэдүүлгийн маягт”-ыг бөглүүлээгүй, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үндсэн эрсдэлээс сонголт хийх эрх олгоогүй байх ба энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооны 2021.09.03-ны өдрийн №9/3012 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
10. Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 “даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох”, гэрээний 4.11-т “Зээлдэгч, хамтран зээлдэгчийн аль нэг нас барсан тохиолдолд бусад зээлдэгч нь эрх зүйн чадамжтай, төлбөрийн чадвартай эсэхээс үл хамааран тухайн үеийн зээлийн үлдэгдэл төлбөрөөс нас барсан хамтран зээлдэгчид ногдох зээлийн төлбөрийг төлнө” гэж заасан ба талуудын хувьд гэрээндээ даатгалын үнэлгээг зээлийн үлдэгдэл дүнгээр тооцож, нөхөн төлбөр олгохоор тохиролцсон байна.
11. Даатгуулагч Б.П нас барах үед орон сууцны зээлийн үлдэгдэл 158,884,743.67 төгрөг болсон нь зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байх тул энэ хэмжээгээр хариуцагч “Ард даатгал” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
12. Нэхэмжлэгч П.Е нь даатгуулагч Б.Пн төрсөн хүүхэд болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр №0089 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ авсан байх тул түүнийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар даатгуулагчийн хууль ёсны өвлөгч мөн гэж үзнэ.
Харин нэхэмжлэгч Б.П нь даатгалын гэрээний оролцогч биш тул даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрх бүхий этгээд гэж үзэхгүй.
13. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-т зааснаар хариуцагч буюу даатгагч “Ард даатгал” ХХК-аас даатгалын гэрээнд заасны дагуу зээлийн үлдэгдэл төлбөр 158,884,743.67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Е олгож, нэхэмжлэгч Б.П гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа даатгалын гэрээний 3.1.2, 3.2 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэсэн боловч энэ нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага болж чадахгүй ба харин даатгалын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон байна.
14. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.П 1,022,574 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгож, хариуцагч “АД” ХХК-аас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 952,373 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. дахь хэсэгт заасныг баримтлан харицагч “АД” ХК-аас нөхөн төлбөр 158,884,743 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Е олгож, нэхэмжлэгч Б.П нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 1,022,574 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгож, хариуцагч “АД” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 952,373 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.П олгосугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН