Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл,

Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа

Өсвөр насны шүүгдэгч Ө.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.П,

Өсвөр насны шүүгдэгч Б.Н, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Б,

Өсвөр насны шүүгдэгч Б.М, түүний хууль ёсны төлөөлөгч Я.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ө.Г, Б.Н, Б.М нарт холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овогт Ө.Г /РД: ОК********/,

Монгол Улсын иргэн, Б овогт Б.М /РД: О*********/,

Монгол Улсын иргэн, Т овогт Б.Н/РД: О***********/

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.М, Ө.Г, Б.Н нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт гэр хорооллын гудамжинд хохирогч Б.Ттай маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Б.М, Ө.Г, Б.Н нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Б.М, Ө.Г, Б.Н нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багт гэр хорооллын гудамжинд хохирогч Б.Ттай маргалдаж, зодсон болох нь:

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-6 дахь тал),

Хохирогч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар багт аав, ээж, ах, 5 дүүгийн хамт мал маллаж. Би аав, ээж хоёрын хамт маллаж байдаг бөгөөд 5 дүү маань хичээл сургууль цэцэрлэгт сурдаг. Миний том дүү Б.С Өндөрхангай сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Бусад 4 дүү маань Цагаанхайрхан суманд сурдаг. Би 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өндөрхангай сумын төв орж дүү Б.Сийг эргэх гэж очсон юм. Би Өндөрхангай сумын төвд шөнийг 21 цагийн орчимд очсон бөгөөд сургуулийн дотуур барь орж дүү Б.Сэтэй уулзчихаад У-ахын байж байгаад шөнийн 01 цагийн орчимд гар лүүгээ явахаар болсон юм. Ука ахынхаа гэрээс Батбаяр, Э гэх хоёр хүүхэдтэй гараад явж байтал гудамжинд С гэх залуутай таарсан. С гэх залуу хажуудаа нэг эрэгтэй хүнтэй хамт явж байсан. Гудамж Б.С надтай зөрж өгөрснийхөө дараа миний араас шүгэлдэж дуудсан. Би Батбаяр, Э хоёртой хамт яваад очиход Б.С "хайрхны хүүхдүүд энд явдаг болчихсон юм уу?" гэж хэлээд над руу томорч миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Б.С намайг цохихоор нь би буцаагаад Б.Сг 2 удаа гараараа нүүр хэсэгт цохиход Б.С хажуудаа байсан залуугаа дагуулж явчихсан. Удалгүй гудамжнаас Б.С хажуудаа олон хүүхдүүд дагуулчихсан ирсэн тухайн хүүхдүүд намайг хашааны буланд шахаж байгаад бөөндөө зодож эхэлсэн. Гудамжинд харанхуй байсан болохоор хэн нь намайг цохиод байгааг харагдахгүй байсан бүгд намайг тойроод зогсчихсон байсан бөгөөд зодоод байсан. Миний толгойноос цус гарч зүүн нүд хөхөрсөн. Тухайн залуучууд дундаас миний таних нь хүн ганц Б.С гэх залуу байсан. Бусдыг нь бол таниагүй, мэдээлэл өгсөн юм. Тухайн хүүхдүүд намайг зодож дуусчхаад Б.С "хайрхны хүүхдүүд хүний нутагт аятайхан шиг яваарай" гэж хэлээд бөөндөө явчихсан. Миний нүүр ам хавдчихсан толгойноос цус гарч байсан бөгөөд Ука ахын гэр лүү шууд орсон. Тэгээд У эхнэр С намайг эмнэлэг дагуулж орж цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 49-50 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Н.Н мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдөр өөрийн найз Б.Н, Г, М бид нар сумын соёлын төвд кино гаргахаар нь очиж үзсэн. Б.Нын караокед хүмүүс байж байхаар нь тэр хүмүүсийг гаргаж өгөөд цоожлоод Г-ын найз охин Зүүнхангай сумаас ирсэн гээд бид нар уулзсан. Зүүнхангай сумаас ирсэн Н, А гээд дуудаад байсан би яг Өөрийнх нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид нар Н А нарын найз гэх М гэж охины гэрт очоод байж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад сумын төвийн төв гудамжаар гарцгаая гээд гарахад Б.Н би гэр лүгээ харилаа та нар яв гэж хэлээд явчихсан. Бид нарыг гадуур явж байхад хоёр мотоциклтой хүн гадуур наашаа цаашаа давхилдаад байхаар манай найз М хоёр удаа шүгэлдэж хөөе гэж дуудсан. Тэгсэн чинь нөгөө хоёр мотоциклтой хүн бид нар дээр хүрч ирэхэд манай сумын Батбаяр, Э нар хажуудаа Цагаанхайрханы гэх зүс таних залуутай хамт ирсэн. Цагаанхайрханы гэх зүс таних залуу та нарын хэн нь шүгэлдсэн бэ гэж хэлээ залгисан юм уу гэж та нарын хажууд бүдүүнээ хаана байна тэрийгээ дууд зодмоор байна гэж хэлсэн. Би Э Г хоёртой Б.Ныг Г дэлгүүрээс пиво авахаар мотоциклтой сундлаад явсан. Мотоциклтой яваад Төгөө гэж ахын дэлгүүрийн үүдэн дээр Гантулгыг буулгаад Э бид хоёр Нын гэрийн гадна очиход гэртээ байгаагүй. Над руу манай ангийн Ц гэж хүүхэд урд шатахуун түгээх станцын гадна миний мотоцикл эвдэрчихлээ ирээд авчих гэж хэлэхээр нь бид тэрийг очиж аваад шууд нөгөө хүлээж байсан Цагаанхайрханы залуу, М,  Б нар дээр очиход Б.Н манай ангийн Х, Е гэж хоёр хүүхэдтэй хамт ирчихсэн байсан. Цагаанхайрханы гэх ах Б.Н, Г, М нарыг бид нараас холдуулаад цаашаа аваад явсан. Тэд нар хоорондоо зодолдоод эхлэх шиг болохоор нь Ц бид хоёр очиход Цагаанхайрханы гэх ах газар уначихсан Б.Н, М, Г нар тонгойлгочихсон цохиж байхаар нь би араас нь очоод гэдэс рүү хоёр удаа өшиглөж, нурууны ар хэсэгт гараараа нэг удаа цохсон. Ц мөн надтай хэд хэдэн удаа цохиж, Г нэлээн хэдэн удаа толгой руу нь өшиглөсөн сүүлд нь тэрний пүүз нь цус болчихсон байсан. ...Цагаанхайрханы гэх ахыг дагаж явсан Батбаяр, Э нар ахаа одоо боль явцгаая гэж хэлэхэд эд нартай учраа олж тооцоо бодно гэж хэлээд бид нартай уулзсан тухайн зодоон болж байхад Э явчихсан Б харин нэлээн холоос хараад зогсож байсан. Болсон үйл явдлыг харсан байх гэж би бодож байна. Зодолдож дууссаны дараа Э ирсэн” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн 52 дахь тал),

Гэрч Э.Цы мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 02-ний өдөр 22 цагийн үед баруун худгаас сумын төв рүү явах замд Б, Д ах нарын унаж явсан мотоциклын бензин дуусаж би өөрийн унаж явсан мотоциклоос бензинээс юүлж өгөөд хамт сумын төвд орж ирсэн. Тэгээд орж ирчхээд ШТС-ын түгээгч рүү залгахад ирээгүй учир миний мотоциклын бензинийг мөнгөөр нь худалдаж аваад Тахилт гэх газарт байх гэр лүүгээ явсан. Миний унаж явсан мотоцикл бензингүй болсон байсан би тэгээд мотоциклоо хазайлгаж хэсэг байлгаж байгаад гэр лүүгээ Хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Гэр хорооллын гудамжинд хэрэг учрал болсон бөгөөд Н бид хоёр гудамжны буланд зогсон байсан. Харин Б.Т гэх залуу Б.Н, Б.М, Ө.Г нарыг дагуулаад гэр хорооллын гудамж руу орсон. 2-3 минутын дараа Б.Т нь Б.Ныг заамдаж авсан бөгөөд Б.М, Ө.Г нар Б.Тыг цохиж эхэлсэн. Тэгээд Н бид салгах гэж очих үед Б.Н Б.Тын гарыг салгаад газар унагаасан. Б.Т газар унах үед Б.Н, Ө.Г, Б.М нар цээж болон толгой хэсэг рүү хөлөө хад хэдэн удаа өшиглөсөн. Харин Н бид хоёр очиж салгаж байхдаа би Б.Тын баруун гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Н нуруу хэсэг рүү 1-2 удаа хөлөөрөө өшиглөж байсан. Харин Б.Тын цээж болон толгой хэсэгт Б.Н, Ө.Г, Б. М нар тойроод зогсож байсан бөгөөд хөлөөрөө толгой хэсэг рүү нь өшиглөж байсан. Хэрэг учрал болох үед Б.Т, Ө.Г, Б.М, Б.Н Н бид 6 байсан. Ойр орчим хүн харагдаагүй. Маргааш өдөр нь Н "манай ангийн охидууд харчихсан байна" гэж хэлж байсан. Юунаас болж маргаан болсон эсэхийг мэдэхгүй. Би зодоон болохын өмнө Нтой хамт ирсэн бөгөөд Н бид хоёр ирэх үед Б.Т, Б.М, Б.Н, Ө.Г нар хоорондоо маргалдчихсан байсан бөгөөд Н бид хоёроос холдоод гэр хорооллын гудамж руу орсон” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн 57, 59 дэх тал),

Насанд хүрээгүй гэрч Д.Мн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ангийнхаа найзуудтай соёлын төвд тоглолт үзсэн. Тэр өдөр Зүүнхангай сумын манай найз А 17 цагийн үед танай суманд ирчихсэн байна гээд манай гэрт хүрээд ирсэн. Тэр ирэхдээ Н гээд найзтайгаа ирсэн. Манай гэрт тэр хоёр байж байтал манай дээд талын ангийн Ө.Г, Б.Н нар ирчихсэн уулзъя гээд тэр хоёр гарч уулзаж байгаад гадна хүмүүс хараад байна гэж хэлээд дөрвүүлээ хамт манай гэрт ороод ирсэн. Тухайн үед 18 цаг болж байсан бөгөөд Ө.Г Н хоёр манай нөгөө өрөөнд уулзаад юм яриад байсан харин бид нар нөгөө өрөөнд тар хоёрыг хүлээгээд сууж байгаад 23 цаг өнгөрч манай хашааны гаднаас Б.Н, М хоёртой тааралдаж хамт төв гудамж руу явж байтал Б.Н би явлаа гээд бид нараас салаад явчихсан. Ө.Г, Н, А, Н, М бид нар төв гудамж руу явж байтал гөлөгнүүдээ наанаа зогсож бай гэж хэлээд хөвүүдийг аваад үлдсэн. Н, А бид гурав цаашаа төв гудамж руу явж байтал 3.Е, Г.Х Б.Н нар надтай тааралдсан. 3.Е, Г.Х хоёр бид нараас салаад цаашаа явсны дараа бид нартай хамт явсан  Ө.Г, Э, Н гэж хүүхэд мотоциклтой зөрөөд явцгаасан. Тэд нар удалгүй Цыг дагуулж ирээд 4-үүлээ болоод ирсэн. Бид нартай хамт явсан хөвгүүдийг дуудаад аваад үлдсэн танихгүй ах Б.Ныг наашир гөлөг минь гэж хэлээд заамдаад, мөн Ө.Г-ын давхар заамдаад хашааны булан руу орсон. Тэр хэсэг харанхуй байсан болохоор юу болсныг сайн хараагүй, бид гурав цаашаа явцгаасан. Н, А хоёр манай гэрт намайг хүргэж өгчхөөд айлд очиж хононо гэж хэлээд явцгаасан, ...Би болон надтай хамт явсан Н, А нар ямар нэгэн зодоон болсныг хараагүй. Хамт явсан хөвгүүдийг дуудсан танихгүй залуу нөгөө хэдийг харанхуй булан руу дагуулаад орсон бид нарт ямар нэгэн зүйл харагдаж сонсогдоог.” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн 67 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч А.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл унаад хөдөөгөөс сумын төвд А.Эын хамт ирж бензин авсан. Төв гудамжинд явж байтал нэг танихгүй хүн дуудахаар нь очсон Б.Т байсан би тэрийг танина. Б.Т бид гурав мотоциклтой явж байтал хүн шүгэлдэх шиг болохоор нь Б.Т очиж та нарын хэн нь шүгэлдсэн бэ? гэж хэлээд тэд нар луу томроод байсан. А.Э бид хоёр одоо хая явъя гэж хэлэхэд тэр явахгүй тэнд байсан зүс таних хүүхдүүдтэй рүү дайраад байсан. А.Эыг хүүхдүүд аваад Б.Тыг хэлж мотоциклоор явуулж Ц ирсэн. Тэгээд Б.Т хоёр заамдаад хашааны булан руу гурав хүүхдүүд дагуулаад ороход би нэрийг нь мэдэхгүй байна махлаг эрэгтэй хүүхэд Б.Тыг хавираад газар унагаад бусад хажууд нь байсан хүүхдүүд араас нь дайраад зодоод байсан. Хэн нь хэдэн удаа цохисон талаар би сайн харж чадаагүй танд явсан хүүхдүүдийг би танихгүй зүс харвал танина. Тэр үед А.Э ундаа авахаар дэлгүүр явчихсан уг болсон үйл явдлыг хараагүй. Тэд нар Б.Тыг зодчихоод нөгөө хүүхдүүд над дээр ирээд миний толгой чих рүү нэлээн олон удаа цохиж гар дээр суниа гээд суниалгаж байгаад явчихсан. А.Э бид хоёр Б. Тыг аваад эмнэлэг рүү явна гэсэн чинь тэр явахгүй би эгчийнхээ гэрт очно гэж хэлэхээр нь бид хоёр аваад эгчийнх гэрт очсон. Тэнд цусыг тогтоох гэсэн боловч цус нь тогтохгүй болохоор эмнэлэгт хүргэж бид хоёр гэр гэрлүүгээ харьсан” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн  67 дахь тал),

Шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 456 дугаартай “Үзүүлэгч Б.Тын биед тархи доргилт, баруун зулайн хуйханд язарсан шарх, баруун зулайн хуйхны доор цус хуралдалт, зүүн нүдний орчимд зөөлөн эдийн няцрал, хавирга хэвлий орчимд зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. Тархи доргилт, баруун зулайн хуйханд язарсан шарх, баруун зулайн хуйхны доор цус хуралдалт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх дүгнэлт ( I хавтаст хэргийн  79 дэх тал),

Өсвөр насны шүүгдэгч Ө.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би гэртээ ганцаараа байсан. 15 цагийн орчимд ангийн найзуудтайгаа соёлын төвд кино үзээд 17 цагийн орчимд тарсан. Тэгээд би найз М-ийн гэрт найзуудаараа очиж хоол хийж идэж, хөзөр тоглосон Тэгээд орой 21 цагийн орчимд гудамжинд явж байтал мотоциклтой 3 залуу таарсан юм. Тухайн 3 залуу ирж зогсоод намайг архи олж гээд намайг 1 удаа гараараа миний хацар луу алгадсан. Намайг алгадсан залууг Т гэдэг Тухайн үед би Н, М, М бид 4 хамт байсан. Тэгсэн Н бид хоёрыг Э гэх хүүхдийн мотоцикл дээр суулгаад "намайг архи авч ир, харин Нийг Ныг олж ир" гэж хэлээд явуулсан. Э, Н бид гурав замаараа Нын гэрт очиход Н гэртээ байгаагүй Э, Н бид гурав буцаж Тын байгаа газар дээр ирсэн Замаараа дэлгүүр дээр очиход дэлгүүр хаачихсан байсан Тэгээд бид Б. Тын байгаа газар буцаж ирэхэд Н ирчихсэн байсан. Э. Н бид 3 ирэхэд Б. Т Н, М бид гурвыг дагуулаад гэр хорооллын харанхуй гудамж руу орсон Б Т Ныг заамдаж мөнгө байна уу? гэж асуусан. Мөн М бид хоёроос мөнгө асуусан. Надад 10.000 төгрөг байсныг би гаргаж Б.Тад өгөх үед Б Т миний 10.000 төгрөгийг аваад Эт өгсөн. Э дэлгүүр ганцаараа явсан. Тэр хооронд Н Тын заамдсан байсан гарыг салгах гэхэд Т газар уначихсан. Т нь газар унах үед би хөлөө нэг удаа өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг ( I хавтаст хэргийн 238 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Тыг гараараа болон хөлөөрөө өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм бүруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг ( II хавтаст хэргийн 2 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Тыг гараараа болон хөлөөрөө өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэм бүруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг ( II хавтаст хэргийн 15 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нарын мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр хохирогч Б.Тын биед халдан зодож буй нь нотлогдож байх тул тэднийг бүлэглэн энэ гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол барагдуулахаар 1,000,000 /нэг сая/ төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт гаргасан,  мөн хохирогч Б.Тын хувьд Увс аймгийн нэгдсэн эмнэлгээс хэвтэн эмчлэх тусламж үйлчилгээ 1.748.934 /нэг сая долоон зуун дөчин найман мянга есөн зуун гучин дөрвөн/ төгрөгийн зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байх тул тухайн төрд учирсан хохирлыг хувь тэнцүүлэн өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар гэм буруугийн хурал дээр төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Иймд шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нарыг энэ гэмт хэргийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа ( II хавтаст хэргийн дахь 25, 28, 31 дэх тал)-аар тогтоогдсон

                Шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нарын хувийн байдлын талаар: Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Пгийн өгсөн: “Ө. Г нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, уурладаггүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, зөөлөн дөлгөөн, тусч цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, сэргэлэн цовоо, сурлагадаа сайн, хөл бөмбөг, сагсан бөмбөг тоглох сонирхолтой, үндэсний бөхөөр хичээллэдэг, тусархаг, эелдэг зөөлөн хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг (I хавтаст хэргийн 242 дахь тал), Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Я.Н-ийн өгсөн:Б.М нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, уурладаггүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, зөөлөн дөлгөөн, тусч цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, сэргэлэн цовоо, сурлагадаа сайн, сагсан бөмбөг тоглох сонирхолтой, волейболоор хичээллэдэг, тусархаг, эелдэг зөөлөн хүүхэд байгаа юмгэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 5 дахь тал), Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Х.Бын өгсөн: “Б.Н нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, уурладаггүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, зөөлөн дөлгөөн, тусч цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, сэргэлэн цовоо, сурлагадаа сайн, үндэсний бөхөөр хичээллэдэг, сагсан бөмбөг тоглох дуртай, тусархаг, эелдэг зөөлөн хүүхэд байгаа юм” гэх мэдүүлэг (II хавтаст хэргийн 18 дахь тал)-үүд авагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс сонгож оногдуулахаар заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тус бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Тодруулбал тус хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг заажээ.

Өсвөр насны шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ерөнхий боловсролын 12 дугаар ангид суралцдаг гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхийн хүсэлтээр нь даалгаж болох тул өсвөр насны шүүгдэгчийг хянан хүмүүжүүлэх үүргийг өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч Ж.П, Х.Б, Я.Н нарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Ө.Г, Б.М, Б.Н нарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Д овогт Ө.Г, Б овогт Б.М, Т овогт Б.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Ө.Г, Б.Н,  Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 /нэг/ жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч Ө.Г, Б.Н,  Б.М нарт оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Г, Б.Н,  Б.М нарт авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт даалгаж, хараа, хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Ж.П, Х.Б, Я.Н нарт хариуцуулсугай.

5.  Өсвөр насны шүүгдэгч Ө.Г, Б.Н,  Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг CD дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.Г, Б.Н,  Б.М нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                            ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ