Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 533

 

 

Х.Ү, Ж.Д нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03744 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Ү, Ж.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон, 21 байр 100 тоот орон сууцны зориулалттай байр болон тус байрны зоорины давхарт байршилтай автомашины зогсоолын үнэлгээ, албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1884 тоот шийдвэрийн дагуу Х.Ү ээс 154 375 200 төгрөг гаргуулж, иргэн Д.Д-д олгохоор шийдвэрлэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг гүйцэтгэж, холбогдох шийдвэр тогтоол гаргаж, Х.Ү, Ж.Д нарын дундын өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө 2 хотхоны 21 дүгээр байрны 100 тоот орон сууцны зориулалттай байр, мөн Х.Ү ийн өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө 2 хотхоны 22 дугаар байрны зоорийн давхарт орших автомашины зогсоол буюу үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хурааж албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хийлгэж, зах зээлийн дундаж үнэлгээгээр 240 сая төгрөгөөр үнэлэгдэх дээрх хөрөнгүүдийг ердөө 136 724 000 төгрөгөөр буюу шүүхийн шийдвэрт заасан дүнгээс хэт доогуур үнэлсэн төдийгүй төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байдлыг ашиглан хуурч мэхлэн зориуд буруу тайлбарлаж ойлгуулснаа тохиролцсон гэж үзсэн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухайгаа 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Гэтэл дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны хамтран өмчлөгч Ж.Д нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар албан ёсоор мэдээгүй, мөн өмчлөгч нар болох Х.Ү, Ж.Д нарын хэн хэн нь албадан дуудлага худалдаа хэрхэн явагддаг, үнэлгээг хэрхэн гаргадаг талаар ямар ч ойлголтгүй, өөрсдийнх нь үнэлгээгээр худалддаг гэж ойлгож, тэдэнд мөн тэгж ойлгуулж байсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчид эд хөрөнгийн үнэлгээний талаарх эрхээ эдлэх боломжийг хуурч мэхлэн итгүүлэх замаар хууль бусаар хязгаарласан үйлдэл хийгдсэн. Энэхүү шалтгааны улмаас шийдвэр гүйцэтгэгч нараас илт хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар төлбөр төлөгч нарын өмчлөлийн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, зах зээлийн зарчмын дагуу дахин бодитой үнэлгээ хийлгэхийг, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр зарлагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгөхийг хүсэлт болгосон болно. Гэтэл бидний гомдлыг шийдвэрлэсэн эсэх нь мэдэгдэхгүй, ямар ч хариу ирүүлээгүй, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдээгүй тул хариугаа авахаар газар дээр нь очиж шаардсаны эцэст 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр шуудангаар явуулсан гэж мэдэгдсэний дагуу биечлэн шуудангийн салбарт очиж, тэр өдөрт нь буюу 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагт гомдлыг хангах боломжгүй гэсэн утгатай хариу гаргасныг нь мэдсэн болно. Ингээд шүүхэд гомдол гаргах ёстой гэж үзэж байтал тус газрын даргын гарын үсэгтэй 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 4/15829 дугаартай мэдэгдлийг ирүүлж, бидний байр, авто зогсоолыг биднээс асуусан үнэлгээнээсээ бүр багаар буюу орон сууцыг 128 224 000 төгрөгөөр, авто зогсоолыг 12 500 000 төгрөгөөр албадан дуудлага худалдаагаар худалдсан, байр болон зогсоолыг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр суллах, чөлөөлж өгөх тухай, чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлж, зардлыг төлүүлэх гэсэн байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуульд заасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох тухай заалтыг зохих ёсоор танилцуулан шударгаар гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй атлаа зээлийн төлбөрийн хэмжээнээс илт илүү үнэлгээтэй байр, зогсоолыг үнэлэх, худалдах боломж байсаар байтал төлбөрийг барагдуулах боломжтой үнийг бус харин ч төлбөрөөс илт багаар үнэлсэн, худалдсан болох нь, шууд зарагдсанаас илт харагдаж байгаа ба энэ нь бусадтай зориуд үгсэн тохиролцож, зориуд хийж байгаа хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Иймээс иргэн миний эд хөрөнгийг хууль бусаар үнэлж, дуудлага худалдаагаар худалдсантай холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дор дурдсан хууль бус ажиллагаанд гомдол гаргаж, зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахыг хүсч байна. Х.Ү  миний үл хөдлөх хөрөнгүүдийг зориуд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, хэт доогуур үнэлсэн тул яаралтайгаар өмчлөгчөөс эрх ашгаа шүүхээр хамгаалуулах боломжгүй болгож, гомдлын хариуг дуудлага худалдаа болоод өнгөрснөөс хойш олон хоногийн дараа мэдэгдсэн ба энэ нь бусадтай үгсэн тохирч бусдын эд хөрөнгийн үнэлгээг бууруулан завших гэмт хэргийн илэрхий шинжтэй, шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоо мэдэгдээгүй, төлбөр төлөгч талд мэдэгдээгүй, хүргүүлээгүй зэрэг болон бусад зөрчил гаргаж хууль зөрчжээ. Иймд иргэн миний хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн зарчмын дагуу бодитой үнэлгээ дахин хийлгэх, зөвхөн төлбөрийг барагдуулахад шаардлагатай хөрөнгийг л үнэлүүлэх нь хууль, шударга ёсонд нийцнэ гэж үзээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэсэн гэх эд хөрөнгө үнэлэх болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хууль бус ажиллагаанд тооцуулан хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1884 дүгээр шийдвэрээр Х.Ү-с 154 375 200 төгрөгийг гаргуулж Д.Д-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Х.Ү ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 21 дүгээр байрны 100 тоотод байрлах 112,7 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 22 дугаар байрны 91 тоотод байрлах 18 метр квадрат талбайтай автомашины зогсоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, хураан авсан байна. Төлбөр төлөгч Х.Ү , үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Д, төлбөр авагч талаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн, 177.1.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч нар нь орон сууцыг 180 320 000 төгрөгөөр, авто зогсоолыг 15 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож, үнийн санал гаргасан байна. Талуудад 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4/12551, 4/12552 дугаартай үнэлгээний мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр орон сууцыг 180 320 000 төгрөгийн 70 хувь буюу 126 224 000 төгрөгөөр оруулахад 128 224 000 төгрөгөөр худалдан борлогдсон, авто зогсоолыг 15 000 000 төгрөгийн 70 хувь буюу 10 500 00 төгрөгөөр оруулахад 12 500 000 төгрөгөөр худалдан борлогдсон. Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар 2018 оны 4/12766, 4/12767 дугаартай мэдэгдлээр талуудад мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүлээлгэн өгсөн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт заасны дагуу явуулсан тул нэхэмжлэгч Х.Ү, Ж.Д нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Ү, Ж.Д нарын нэхэмжлэлтэй хариуцагч НШШГГ-т холбогдох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоотод байршилтай орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 22 байрны 91 тоотод байршилтай автомашины зогсоолын үнэлгээ болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хууль бусад тооцож, хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1884 тоот шийдвэрийн дагуу Х.Ү ээс 154 375 200 төгрөг гаргуулж, иргэн Д.Д-д олгохоор шийдвэрлэгдсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас, Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг гүйцэтгэж, холбогдох шийдвэр тогтоол гаргаж, Х.Ү, Ж.Д нарын дундын өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө 2 хотхоны 21 дүгээр байрны 100 тоот орон сууцны зориулалттай байр, Х.Ү ийн өмчлөлд байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хос өргөө 2 хотхоны 22 дугаар байрны зоорийн давхарт орших автомашины зогсоол буюу үл хөдлөх эд хөрөнгийг тус тус хурааж, албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг хийлгэж, зах зээлийн дундаж үнэлгээгээр 40 сая төгрөгөөр үнэлэгдэх дээрх хөрөнгүүдийг 136 724 000 төгрөгөөр буюу шүүхийн шийдвэрт заасан дүнгээс хэт доогуур үнэлсэн төдийгүй төлбөр төлөгчийн хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байдлыг ашиглан хуурч мэхлэн зориуд буруу тайлбарлаж ойлгуулснаа тохиролцсон гэж үзсэн үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухайгаа 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн. Гэтэл дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны хамтран өмчлөгч Ж.Д нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хэзээ, хэрхэн явагдсан, хэдэн төгрөгөөр үнэлсэн талаар албан ёсоор мэдээгүй, мөн өмчлөгч нар болох Х.Ү, Ж.Д нарын хэн хэн нь ч албадан дуудлага худалдаа хэрхэн явагддаг, үнэлгээг хэрхэн гаргадаг талаар ямар ч ойлголтгүй, өөрсдийнх нь үнэлгээгээр худалддаг гэж ойлгож, тэдэнд мөн тэгж ойлгуулж байсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчид эд хөрөнгийн үнэлгээний талаарх эрхээ эдлэх боломжийг хуурч мэхлэн итгүүлэх замаар хууль бусаар хязгаарласан үйлдэл хийгдсэн. Энэхүү шалтгааны улмаас шийдвэр гүйцэтгэгч нараас илт хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга болон ахлах шийдвэр гүйцэтгэгч нар төлбөр төлөгч нарын өмчлөлийн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, зах зээлийн зарчмын дагуу дахин бодитой үнэлгээ хийлгэхийг хүсэлт болгож, хуульд заасан журмын дагуу зохих шатны ажиллагааг гүйцэтгэсэн ба улмаар шүүхэд хандан гомдол гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүх холбогдох хуулийн заалтыг илт буруу ташаа тайлбарлаж, хэрэглэсэнтэй холбоотой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хянаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэн бидний хуулиар хамгаалагдах ёстой өмчлөх эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Ү , Ж.Д нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон, 21 байр 100 тоот орон сууцны зориулалттай байр болон тус байрны зоорины давхарт байршилтай автомашины зогсоолын үнэлгээ, албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2017/01884 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1989 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2018/00016 дугаар тогтоолоор Х.Ү ээс 153 450 000 төгрөг гаргуулж, Д.Д-д олгож, нэхэмжлэлээс 64 350 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ж.Д-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоотод байршилтай 112.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 22 дугаар байрны 91 тоотод байршилтай 18 м.кв талбай бүхий автомашины зогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.                                                                                                /хх27-36 дахь тал/

 

Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэж 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 186 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18250257/02, 18250257/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ж.Д, Х.Ү нарын өмчлөлийн орон сууцны зориулалттай 112,7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай авто зогсоолыг битүүмжилж, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 18250257/3, 18250257/4 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан ба энэ талаар хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул уг ажиллагааг хүчинтэй гэж үзнэ.               /хх-26, 46-47, 54-51 дэх тал/

 

Хариуцагч байгууллага нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч Х.Ү , өмчлөгч Ж.Д нар 112,7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 180 320 000 төгрөгөөр, 18 м.кв талбайтай авто зогсоолыг 15 000 000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн санал өгсөн бөгөөд төлбөр авагч Д.Д үнэлгээг зөвшөөрч төлбөр төлөгчийн үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлт гаргажээ. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцжээ.        /хх-57-60 дах тал/             

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 4/12551, 4/12552 дугаар мэдэгдлээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 21 дүгээр байрны 100 тоотод байрлах 112,7 м.в талбайтай, 4 өрөө орон сууцыг 180 320 000 төгрөгийн 70 хувь буюу 126 224 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Хос өргөө-2 хотхон /16030/, Энгельсийн гудамж, 22 дугаар байрны зоорийн давхрын 91 тоотод байрлах 18 м.кв талбайтай авто зогсоолыг 15 000 000 төгрөгийн 70 хувь буюу 10 500 000 төгрөгөөр тус тус тооцож, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож талуудад мэдэгдсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.     /хх-61-62 дах тал/

 

Хариуцагч байгууллагын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор орон сууц, автомашины зогсоолыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулах болохыг төлбөр төлөгч Х.Ү , өмчлөгч Ж.Д нарт 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 4/12766 тоот мэдэгдлээр мэдэгдэж, энэ талаар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.                    /хх-63-67 дах тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Х.Ү , Ж.Д нар 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолд гомдол гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шийдвэрлэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх хуудсыг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталгаат шуудангаар нэхэмжлэгч нарт хүргүүлсэн үйл баримт хэргийн 7-9 дэх талд авагдсан шуудангийн баримтуудаар тогтоогдсон, дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нар дуудлага худалдаа явуулах талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг мэдээгүй, уг шийдвэрт гаргасан гомдлыг шийдвэрлээгүй, хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдэгдэлгүйгээр анхны албадан дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан гомдолд зааж буй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах, эд хөрөнгө худалдан борлуулах ажиллагааны талаар төөрөгдүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь тухайн хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүх НШШГГ-т холбогдох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 21 байр 100 тоотод байршилтай орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Хос өргөө-2 хотхон 22 байрны 91 тоотод байршилтай автомашины зогсоолын үнэлгээ болон албадан дуудлага худалдааны ажиллагааг хүчингүй болгуулах тухай Х.Ү, Ж.Д нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул энэ талаарх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/03744 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Т.ТУЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ