| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0075/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/92 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/92
2025 04 23 2025/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.От холбогдох эрүүгийн ****************** дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Д.О /РД:*************/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Онь 2024 оны 12 дугаар сарын 31-ний орой Увс аймгийн Цагаанхайрхан сумын **** багийн нутагт байрлах хохирогч Б.Оийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожны цүүг хөшиж онгойлгон орж гацууран дээр байсан 75,000 төгрөгийг хулгайлан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.Оыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
1. Шүүгдэгч Д.Онь 2024 оны 12 дугаар сарын 31-ний орой Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутагт байрлах хохирогч Б.Оийн хүн монгол гэрийн цоожны цүүг хөшиж онгойлгон орж, 75,000 төгрөгийг авсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-07 дахь тал),
Эд зүйлд үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 08-09 дэх тал),
Бялуунд үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай"... Увс аймгийн Цагаанхайрхан суманд 2024 оны 12 дугаар сарын байдлаар хятад цоожны зах зээлийн үнэлгээг 11,000 /арван нэгэн мянган төгрөгөөр үнэлэгдэв" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52 дахь тал),
Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын Даланхуруу багийн иргэн бөгөөд Цагаанхайрхан сумын *** баг буюу сумын төвд хашаатай бөгөөд сумын төв хөдөө хооронд мал маллаж ирж очингоо амьдардаг юм 2024 оны 12 дугаар сарын 27-ны орой хөдөөгөөс сумын төвд орж ирж сумын төвд байх гэртээ 2 хоносон ба зорилго нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манай Даланхуруу багийн шинэ жил болж тэнд оролцож, 12 дугаар сарын 30-ны өдөр Даланхуруу багийн хөдөө Бяцах өтөг гэх газарт байх гэр лүү нөхөр Лгийн хамт мотоциклоор явсан. Тухайн үед төвд байх гэрийн хаалгыг цоожилж, хашааны арын жижиг хаалгыг хадаасаар хадаж, урд талын том хаалгыг уяагаар уяж, жижиг хаалганы дотроос нь түгжиж, доод талын айл болох Л-н гэрт нь орж бид нар хөдөө явж байгаа шүү, манай гэрийг харж байгаарай эзгүй байгаа шүү гэж захиж хэлчхээд явсан. Тэгээд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр сумын төв дээр байдаг дүү О нөхөр Л-тэй утсаар ярихдаа танай хашааны урд хойд талын хаалга онгойсон байна, одоо бид нар очиж хадах гэж байна гэж хэлсэн байна. Тэгээд нөхөр тэгж ярилаа гэхээр нь хоорондоо яагаад онгойчихдог юм бол гэж ярилцаад хаясан. Тэгж байтал өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би дүү О-тай сүлжээнд гарч утсаар ярихад "танай гэр лүү чинь хүн орсон байна лээ, хашаа нь дотор тахтай морины мөр байна, хашааны хаалга онгорхой байсан байна, Э, Н бид гурав ирж хаалганы даруулга хийсэн шүү, 01 сарын 03-ны өдөр та хоёрын утас руу эргэж залгахад холбогдохгүй байна лээ гэж хэлсэн. Тэгээд би гэрт хулгай орсон байна гэдгийн мэдсэн юм. Тэгээд таны утас руу өчигдөр буюу 2025 оны 01 сарын 06-ны өдөр холбогдож мэдэгдсэн ба сумын төв рүү орж ир гэхээр чинь ороод ирсэн байна. Манайх гэрийн хаалгаа цоожлохдоо бөөрөнхий даруулгыг хийж лээ. Хаалганы гадна талын төмөр хөшигдсөн байсныг янзалж цохиод буцааж хаалганы байна лээ, оролдож хөшсөнөөс болж гацдаг болчихжээ. Гэрийнхээ түлхүүрийг өөр хүнд илүү түлхүүрийг гэрээс авч янзалж цоожилсон гэж хэлсэн. Цоожийг бас нэлээн оролдсон өгөөгүй, 2 түлхүүр байсны нэгийг нь өөрөө авч яваад, нэгийг нь гэрт үлдээсэн юм. Манай гэрээр нэг их хүн орж гараад байдаггүй, ах, дүү хамаатны хүмүүс хөдөөнөөс орж ирэхдээ бид нарыг байгаа үед орж гарна гэхээс илүү дутуу архи дарс уудаг хүмүүс ирээд байдаггүй юм. Манай гэрээс мөнгө алга болсон байна. Гэртээ зассан хүүхдийн гацуур модонд би өөрөө 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байна байхдаа хөдөө явах ажил гараад 120,000 төгрөгийг авч бензинд хэрэглэсэн. Тэгээд 80,000 төгрөг үлдсэн байсан юм. Би өөрөө тоолоод явсан ба 10,000 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг, 5000 төгрөгний дэвсгэрт 4 ширхэг байсан. Одоо гацуур модон дээр 1 ширхэг 5000 төгрөгийн дэвсгэрт үлдсэн байна лээ. Нийтдээ бэлэн мөнгө 75000 төгрөг аваад явсан байна. Гэрээс өөр алга болсон зүйл байхгүй бөгөөд өнөөдөр орж ирээд авдар саваа бүгдийн үзсэн, зөвхөн мөнгө аваад явсан байна. Надад учирсан хохирол гэвэл хаалганы сүйг хөшиж, цоожийг оролдож эвдээд хаясан байна. Сүйг нь цааш нь цохиод янзалчихсан. Тухайн хаалганы цоожийг 2024 оны 06 сард байх Увс аймгийн зах дээр явж байгаад сайн чанартай цоож гэхээр нь 15,000 төгрөгөөр худалдаж авсан, бэлэн мөнгө 75000 төгрөг алга болсон. Нийт 90000 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),
Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Миний бие 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр сумын төвд байхдаа хөдөө явах ажил гараад хүүхдийн гацуур модонд байсан мөнгийг тоолоход 200,000 төгрөг байсан. Тэгээд хөдөө явах өөрсдийнхөө мотоцикл хөлсний машинд нийлж бензин хийсэн юм. Өөрсдийнхөө мотоциклд 15 литр А-80 бензин, Н-ийн Нут фургон маркийн машинд 30 литр А-80 бензин, аав Билэгбатын мотоциклд 20000 төгрөгөөр А-80 бензин авч өгч мөнгийн бэлнээр 120,000 төгрөг, төрийн банкны картаас 40000 төгрөг уншуулж Ник ШТС-ийн колонкод тооцоо хийсэн. Тухайн үед түгээгч Б гэх хүн гарч байсан юм. Би тухайн үед 160000 төгрөгийн баримт авсан ба тухайн баримтаа тухайн үед оруулж чадахгүй мартаад гээчихсэн байна. Уг нь 160000 төгрөгийн баримтыг нэхэж байгаад авсан юм. 1 литр бензинийг 3050 төгрөгөөр тооцож авсан. Одоогоор бензин авсан баримт нь олдохгүй байна. Тухайн колонкийн түгээгчээс асуухаар мэдэж байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
Гэрч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Миний сэтгэцэд хохирол учраагүй тжл сэтгэцэд учирсан хохирол талаар дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно. Тухайн О хохирлоо барагдуулж эхлээд 80000 төгрөг сүүлд цоожны мөнгө болох 15000 төгрөг өгсөн. Нааш цаашаа явсан бензиний мөнгөө аваарай гэж хэлсэн ба би бензиний мөнгө нэхэмжлээгүй ба нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Цаашид миний зүгээс Д.Отай холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)
Гэрч Ц.Л-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын төв дээр өөрийн өмчлөх хашаа, гэртэй бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хөдөө мал хариулж яваад хадам дүү О луу утсаар залгаж ярихад О утасны цаанаас "танай урд хойд хашааны хаалга онгойсон байна, Н бид хоёр очиж хадах гэж байна" гэж хэлсэн. Тэр үед би тухайн үед за за янзалчихаарай гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд байж байтал өчигдөр буюу 2025 оны 01 сарын 06-ны өдөр сүлжээнд гарч О-тай дахиад утсаар ярьж гэр орон харж байгаа эсэх талаар асуухад "танай хашааг хадах өдөр танай гэрийн хаалга бас онгорхой байсан байна лээ, хүн орсон байна, тэр өдөр эргэж тань руу залгахад утас чинь холбогдохгүй байна лээ", цоожны түлхүүрийг чинь гэр лүү чинь ороод авч буцаагаад цоожилсон. Гэрийн чинь хаалгыг хөшиж онгойлгож орсон байна, мөн тахтай мориний туурайны мөр байна гэхээр нь би юу болоод байгаа юм болов уу гэж бодоод гэрт ирж эхнэрт хэлсэн. Тэгээд эхнэр О бид хоёр сүлжээнд гарч эхнэр хадам дүү О болон цагдаад утсаар ярьж мэдэгдсэн. Манай гэрээс гацуур модонд байсан бэлэн мөнгө алга болсон гэж ярьцгаагаад байсан ба гацуур модонд хэдэн төгрөг байсныг эхнэр О сайн мэдэж байгаа бөгөөд надад мэдэж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
Гэрч Э.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Г гэдэг айлын гадна морьтой хүнтэй тааралдсан ба бид нартай мэндлээд яваад өгсөн О гэх залуугийн унаж явсан морь нь мөн байсан. Тэгээд ах Б, найз Э бид гурав М гэдэг хуний дэлгүүр орж азтан болсон шагналаа авч 21 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав Л байхгүй байсан ба ээж Э-аас "аав яасан юм бэ" гэж асуухад "сая О орж ирээд миний морь алга болчихлоо гэж хэлээд дагуулаад гарсан" гэхээр нь дээд талын Л ахын хашаанд морь нь байлаа ш дээ гэхэд ээж "О согтуу явж байна лээ, яанаа тэднийх эзгүй байгаа, гэр орноос юм алга болох вий" гэж хэлсэн. Тэгж байтал удалгүй аав Л араас гэрт орж ирсэн ба О гаргаж өгчхөөд ирлээ гэж хэлээд ороод ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ хажуу талын эмээгийн байшин руу орж шөнийн 05 цаг хүртэл шинэ оноо гаргаж хоол унд идэж, бялуугаа идсэн. Тэгээд гэртээ ороод амарцгаасан юм. Уг нь Л ах болон манай гэр хоорондоо ойрхон нэг нэгэндээ сонсогддог бөгөөд манайх ба 2024 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цаг 30 минутаас хойш эмээгийн байшинд орсон юм. Харин эмээгийн байшинд орохоор нэг их гадуур явж байгаа хашаан доторх дуу чимээ муу сонсогддог юм. 2025 оны 01 сарын 04-ний өдөр байх би тогоо угаагаад гэрээс гарч угаадасны асгах гэж гадаа гартал тэдний гэрийн үүдэнд Э, О, Н угаадас ирчихсэн, гэрнийх нь үүдэнд зогссон харагдаж байсан ба Э, гэр хүн орсон юм биш үү" гэж хэлээд зогсож байсан ба тэдний ярианаас Л гийн гэрт хулгай орсон байна гэж ойлгосон. Тухайн хашаанд Л ахын эхнэрийн дүү болох Одонхүү 4-5 хоногийн өмнө хашаанаас нь гараад явж байхыг нь харсан ба тухайн үед би хувцас угааж, угаадасны гадна гаргаж асгаж байхдаа харсан. Өөр нэг хүн амьтан орж гараагүй. Бид гурав 2024 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цаг өнгөрч байхад гэрээс гарч Мөнгөнтуяагийн дэлгүүр лүү явж байхдаа О гэх залуутай тааралдсан. Буцаж ирж байхдаа тааралдаагүй ба Л ахын хашаанд байсан морь тухайн О буюу Оын унаж явсан морь мөн байсан юм. Анх бид нар тааралдсан газар Л ахын дээд талын хашаа буюу Г гэдэг айлын хашааны гадна байсан юм. Гын доод талын хашаа Л гийнх, Л гийн доод залгаа хашаа манай хашаа юм. Би тухайн морийг зүсээр нь таньж байна. Бид нар тухайн дэлгүүр лүү алхаж очоод буцаад алхаад гэртээ ирсэн ба 25-30 минут болсон байх. Тэдний хашааны том хаалга хагас онгорхой байсан ба зөрөөд өнгөрч байхад морь харагдаж байсан ба гэрийнх нь гэрэл асаалттай, унтраастай байсан эсэхийн анзаараагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
Гэрч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын төв дээр амьдардаг онгорхой байна гэнээ, гурвуулаа очиж хаалга хаагаадахъя гэхээр нь гурвуулаа цуг явж бөгөөд 2025 оны 01 сарын 03-ны өдөр 14 цаг өнгөрч байхад байх Н ах болон О эгч хоёр манай гэрт орж ирээд Л ахын хашааны хаалганууд нь Л ахын хашаанд ирэхэд хойд жижиг хаалга болон урд талын том хаалга нь онгорхой заагтай байсан. Тэгэхээр нь урд талын хаалгын хаагаад хадаасаар хадчихсан. Тэгээд явах болоод гэрийнхэн хаалгын үзтэл гэрийнх нь хаалга онгорхой байсан ба хүн онгойлж ороод хаачихсан байдалтай байсан. Тэгээд хаалгыг нь татахад онгойчихсон байсан ба цоожны даралт нь жижиг байсан ба мултраад гараад ирсэн. Хаалганы сүйг нь нааш нь татагдаж хөндийрсөн байсан. Тэгээд яах уу ийх гэж ярьж байгаад Л ах болон О нарын утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд гэрт нь орж шүүгээг нь үзэхэд хэд-хэдэн түлхүүр байхаар нь цоожинд хийж тааруулж үзэхэд нэг нь таарсан ба гэрээс нь гарч мотоциклын варваан арааг хаалганы сүйг нь дарж хийгээд хаалгын цоожилсон. Тухайн үед гэрээс нь яг юу алга болсон талаар мэдээгүй ба гэр орных нь дотор тал нь эмх цэгцтэй харагдаж байсан. Сүүлд буюу 2025 оны 01 сарын 06-ны өдөр О эгч О, Л ах эд нартай утсаар ярьж х аар ярьж хэлсэн ба гэрт нь байсан гацуур модонд тавьсан мөнгийг аваад явсан байна, 5000 төгрөг үлдсэн байна гэж ярьцгааж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
Гэрч Б.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын төв дээр амьдардаг бөгөөд манай эгч Оийнх манай урд талын гудамжинд амьдардаг юм. Тэднийх 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хөдөөгөөс сумын төвд орж ирж Даланхуруу багийн шинэ жилийн арга хэмжээнд оролцож, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед сумын төвөөс хөдөө явсан. Тэднийх сумын төвд 6 ханатай гэртэй бөгөөд тэндээ байнга амьдарч байгаа бөгөөд хичээлийн амралт тавиад хөдөө гэр лүгээ малаа хариулах гэж явсан. Явахдаа хашаа хаалгаа хадаж, уяад хаагаад явлаа шүү анзаарч байгаарай, эзгүй байгаа, хичээлийн амралт дуусахаар орж ирнэ гэж хэлээд захиж явсан ба ганц өдөр болоод эргэж тойроод хараад байж байсан ба 2025 оны 01 дүгээр сарын 02-ны үдээс хойш Л гэх айлын шинэ жилийн гацуурыг оруулж өгчхөөд ир гэж явуулсан ба эргэж ирэхдээ Л ахын арын хашаа болон урд талын хашааны онгорхой байна гэх зүйл ярьсан ба маргааш нь очиж хадаадахъя гэж тэр өдөр тэдний хашаа руу очоогүй. Тэгээд 2025 оны 01 сарын 03-ны өдөр тэдний хашааны хаалгыг хаах гэж нөхөр Нямсүрэн, дүү Э нарын хамт хүргэн ах Лгийн хашааны хаалгыг хадах гэж өдөр 15 цагийн үед очсон. Тухайн үед Л ах утсаар залгаж ярих үед танай хашааны хаалга онгорхой байна гэнээ, Н, Э бид гурав хадах аж явж байна гэж хэлсэн. Тэгээд хашаа руу ороход тэдний арын хаалга онгорхой, урд талын том хаалга онгорхой байхаар нь хааж, бэхлээд уясан. Тэгээд гэрийнхэн хаалгын үзэхэд онгорхой, хүн оролдсон юм шиг харагдахаар сайн нягтлаад үзтэл цоожны даралтын төмрийн үзүүрт хаалганы ирмэгийг цааш нь түлхээд хаасан байдалтай байхаар нь эдний гэрт хүн орсон юм биш үү гэж үзээд ямар нэгэн мөр юу байна гэж үзэхэд арзгар ултай хүний явсан мөр байсан ба өөр нэг юм ажиглаагүй. Тэгээд хаалгын татаж онгойлгож, гэрт нь илүү түлхүүр байсныг авч цоожийн онгойлгож, дахиад давхар даралтын төмөр бэхэлж өгөөд цоожилсон юм. Тэгээд Л ах руу утсаар ярихад утас нь холбогдоогүй юм. Гэрт нь алга болсон зүйл нэг их мэдэгдэхгүй байсан ба гацуур модон дээр нь 5000 төгрөг л байсан юм. Тэгээд эгч О рүү 2-3 өдөр утсаар залгахад холбогдохгүй байсан ба 2025 оны 01 сарын 06-ны өдөр Л ах өөрөө утсаар залгаж "за юу болов хашааны хаалга хадсан уу" гэж ярихаар нь танай гэрийн хаалга бас онгорхой байсан байна лээ, танай гэрт хүн орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй О эгч дахиж утсаар ярихаар гэрт нь хүн орсон байна, онгорхой байсан байна гэдгийн хэлсэн. Тэгээд тэр хүн цагдаад мэдэгдэж 2025 оны 01 сарын 07-ны өдөр сумын төвд орж ирсэн. Гэрээс нь 80000 төгрөг байсан 75000 төгрөг алга болсон байна лээ гэж хэлсэн. Өөр юм алга болоогүй юм шиг байна лээ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
Гэрч Н.Э-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Миний бие 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Цагаанхайрхан сумын 4 дүгээр баг шинэ хороололд байх ээжийн байшинд байсан. Бид нар ээжийнхээ байшинд 18 цаг өнгөрч байхад орсон ба тэнд шинэ оноо гаргасан. О нь манай гэрт биш ээжийн байшинд 21 цаг өнгөрч байхад согтуу орж ирээд нөхөр Л-г "би танай энд морио алдчихлаа, танай үүдэнд уясан байсан, та гарч хамт хайлцаад өгөөч" гэж хэлэхээр нь би нөхөр Л-г гаргаагүй ба бид нар шинэ оноо гаргах гэж байна, чи энэ хүнийг дагуулж яваад архи уух гэж байна гэж хэлээд гаргаагүй. Тэгвэл намайг гаргаад өгчих Л ах гэж хэлээд байхаар нь гурвуулаа гарья гэж хэлээд хамт гарсан. Тэгээд хашаанаас гарч гэрэл тусгаж доошоо нэг адууны мөр явсан юм биш үү гэж би От хэлэхэд за би явлаа гэж хэлээд О яваад өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр хашаа руу би түрүүлээд гэртээ орсон ба араас хүүхдүүд орж ирсэн. Тэгээд охин Ш та ямар ууртай байгаа юм бэ гэж асуухаар нь О гэдэг юм согтуу орж ирээд уур хүргээд аавыг чинь авч гарч уулзана гээд байхаар нь тэрэнтэй хэрэлдлээ гэхэд аав яасан юм бэ гэж асуухаар нь орж ирж байгаа байлгүй дээ, О гэдэг юм морио алдчихлаа гэж хайгаад явж байх шиг байна гэж хэлэхэд охин Ш дээд талын Л ахын хашаа нь дотор морь байна лээ ш дээ, тэр Огийн унаж явсан морь мөн байна, сая бид гурвыг хашааны үдэн дээр ирж байхад доороос нэг хүн алхаж ирж байна лээ гэхээр нь би "одоо яана наад айл чинь хөдөө явсан, эзгүй, гэр оронд нь орчихвий дээ, над руу захиад явсан" гэж хэлээд хаясан. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 01 сарын 01-ний өдөр босоод тэдний хашаа руу шагайхад том хаалга нь онгорхой байсан ба хашаа дотор морь мал байхгүй байсан. Тэгээд гайгүй болов уу гэж бодоод анзаараагүй. Тэгсэн сүлд тэдний гэрт хулгай орсон байна гэдгийг сонссон ба нөхөр Лг чамд хэлээ биз тэр өдөр Ог дагаад гарсан бол хулгайд хардагдах байсан байна ш дээ гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал),
Гэрч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Тэгээд Н-ийн гэрт байж байгаад хоол унд идээд 22 цаг өнгөрч байхад тэдний гэрээс гарч Л ахын арын гудамжинд явж байгаад тэдний арын хаалга дахиад онгойсон байхаар хаагаад урд хаалгаар гарах гэж явж байхад тэдний гэрийн хаалга онгорхой байхаар нь гэрийнх нь үүдэнд очиход нэг бялуу байхаар нь гайхаад дүү Оын утас руу залгахад утсаа аваагүй болохоор нь айгаад гэрийнх нь хаалгыг даруулгад оруулаад түлхэж хаагаад тухайн бялууг аваад гэртээ харьсан. Тухайн бялууг тэдний гэрийн онгойлгож орсон хүн гарахдаа мартаад явсан болов уу гэж аваад явсан. Мөн тэдний хашаанд тахтай морь явсан мөр байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би Цагаанхайрхан сумын Ник ШТС-ын салбарт ээлжийн түгээгчээр ажилладаг бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 01 сарын 03-ны өдөр хүртэл түгээгчээр ажиллаж байсан. Энэ хугацаанд буюу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус сумын иргэн Б.О ирж бензин авсан ба 2 мотоцикл 1 фургон машинд бензин авсан. Ямар ч байсан миний санаж байгаагаар фургон машинд 30 литр А-80, нэг мотоциклын банкийг дүүргэж, нэг мотоциклд 6-7 литр бензин нэмж хийсэн юм. Тухайн үед нийт 160,000 төгрөгийн бензин авсан бөгөөд бэлнээр 120,000 төгрөг, бусдыг нь картаас уншуулж тооцоо хийсэн юм. Тухайн үед тэр О гэх хүн надаас баримт нэхэж байгаад 160,000 төгрөгийн баримт аваад явсан. Тэрнээс хойш О намайг ээлжид гарч байх хугацаанд ирж бензин аваагүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),
Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авч буй шууд санаатай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...” гэж бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг,
Тус зүйлийн тайлбарт: “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж материаллаг шинжийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж, 5.3 дугаар зүйлийн 3-т Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч Д.Онь 2024 оны 12 дугаар сарын 31-ний орой Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутагт байрлах хохирогч Б.Оийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, цоожны цүүг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж 75,000 төгрөг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.
Монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарах бөгөөд шүүгдэгч Д.Онь хохирогч Б.Оийн цоожтой монгол гэрийн цоожны цүүг хөшиж онгойлгон орсон үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг 2 дахь хэсгийн 2.1-т “хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж тодорхойлсон байна.
Иймд шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Онь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.О-д “2024 оны 12 дугаар сарын 31-ний орой Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр багийн нутагт байрлах хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, цоожны цүүг хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч гацууран дээр байсан 75,000 төгрөгийг бэлэн мөнгө, шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай"... Увс аймгийн Цагаанхайрхан суманд 2024 оны 12 дугаар сарын байдлаар хятад цоожны зах зээлийн үнэлгээг 11,000 төгрөг” гэх дүгнэлт. Нийт 90,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Хохирогч Б.Оийн мөрдөн байцаалтын шатанд “...Мөн сэтгэцэд учирсан хохирол гаргуулах шаардлагагүй болно. Тухайн О хохирлоо барагдуулж эхлээд 80000 төгрөг сүүлд цоожны мөнгө болох 15000 төгрөг өгсөн. Нааш цаашаа явсан бензиний мөнгөө аваарай гэж хэлсэн ба би бензиний мөнгө нэхэмжлээгүй ба нэхэмжлэх шаардлагагүй гэж үзэж байна. Цаашид миний зүгээс Д.Отай холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)-г үнэлээд шүүгдэгч Д.Оаас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.Онь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул уг зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Онь урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 84-105 дахь тал)-уудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Оын хувийн зан байдлын талаар: Гэрч Г.У-ын өгсөн: “Д.Онь номин, дөлгөөн даруухан хүн бөгөөд хүнд их тусархуу хүн болдог юм. Гэртээ хөдөө малаа хариулаад явж байдаг. Амьдралын хувьд боломжийн бөгөөд өөрсдийн гэсэн мал аж ахуйтай юм. Манай багийн айл болохоор багийн даргын ажил авснаас хойш тэдний гэрээр хэд хэдэн удаа очиж байсан. Харьцааны хувьд гайгүй, илэн далангүй хүн шиг санагдсан. Саяхан малын тоогоор явахад өөр дээрээ 154 гаруй бог, бод мал тоолуулсан. Аав, ээжийнх нь мал тусдаа тоологдсон. Өмнө мал хулгайлах гэмт хэргээр ял эдэлж байгаад 2024 оны 10 сард суллагдаж ирсэн. Тэрнээс хойш аав, ээжтэйгээ хамт хөдөө мал хариулаад байж байсан юм. Нэг гэм нь сумын төв орж ирэхээр архи уугаад байдаг буруу зуршилтай. Бусдаараа бол гайгүй болдог юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал)-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.От 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Онь энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан SG гэх бичиглэлтэй гар өнгийн төмөр цоож 1 ширхэг, SOLDA гэх бичиглэлтэй цагаан өнгийн 1 ширхэг төмөр түлхүүр нь ахуйн хэрэглээний эд зүйл бөгөөд зориулалтын дагуу ашиглах боломжтойг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.О-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.От 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.От оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэрэглэж, давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр цоож 1 ширхэг, SOLDA гэх бичиглэлтэй цагаан өнгийн 1 ширхэг төмөр түлхүүрийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Од буцаан олгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ