| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0076/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/96 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Цэвээнгэрэл |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/96
2025 02 17 2025/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл,
Шүүгдэгч: З.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт З.Э холбогдох эрүүгийн ******************* дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт З.Э /РД:****************/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Энь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байрлах иргэн П.Д-ы гэрт Н.Г-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч З.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
З.Энь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багт байрлах иргэн П.Ды гэрт Н.Гтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, зодсон болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
Хохирогч Н.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өглөө 09 цагийн орчимд Ды гэрт очсон юм Ды гэрт очих үед Ды гэрт Д, Э, Б, Э нар байсан. Тэгээд бид 5 нийлээд 0.75 литрийн 1 шил архи уусан. Уугаад сууж байтал Э нь гэх залуу надтай маргалдаж эхэлсэн. Тухайн үед бид Э гэх залуу бид хоёроос өөр хүн маргалдаагүй бөгөөд Э намайг дагуулаад Ды гэрээс гарсан. Ды гэрээс гараад Э гэх залуу намайг гараараа цохисон бөгөөд миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиж эхэлсэн. Би тухайн үед хөдөлж чадахгүй байсан. Э гэх залуу гэх залуу намайг гараараа цохиж зодчихоод гэргийн гадна байсан бөгөөд Э гэх залуу хүүхэд байсан болохоор хөдөлгөөн нь гүйцэгдэхгүй хаячхаад гараад явчихсан. Гэрт Надмид. Э, Б нар байсан бөгөөд Э гэх залуу тухайн хүмүүсийг гаднаас цоожилчихсон байсан. Тэгээд би Э гэх залуу явсны дараас босож Ды гэр лүү орж амраад орой 20 цагийн орчимд сэрж эмнэлэгт очиж үлүүлж цагдаагийн байгууллагад хандсан юм. Хэрэг учрал Улаангом сумын 9 дүгээр багт Ды гэрийн гадна болсон. Э гэх залуу намайг цохиж, зодож байхад гэрт Д, Э, Б нар байсан ба гэрийг гаднаас нь Э гэх залуу цоожилсон байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Эээс өөр хүн намайг цохиж зодоогүй. Э намайг юугаар цохисон эсэхийг мэдэхгүй байна. Харин миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн юм. ... надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
Гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 02 дугаар сарын 14-ний өглөө гэрээсээ гараад найз Д гэх хүний гэрт 09 цагийн орчимд ирсэн. Ды гэрт Ээгийн хамт очсон бөгөөд гэрт Д, Э гэх залуу 2 байсан. Д Э бид хоёр 0.75 литрийн 2 шил архи задалсан. Д, Э, Э бид 4 Ды задалсан архийг уугаад сууж байтал Г ирсэн. Тэгээд Г, Д, Э, Э бид 5 тухайн архийг хувааж уусан. Тэгтэл Г Эт хандаж "чиний эхнэр усанд живж нас барсан" гэж хэлээд маргаан эхэлсэн. Д бид 3 архи уугаад сууж байтал Э гэх залуу "Гийг гэрээс гаръя" гэж хэлээд дагуулаад гарсан. Гэрт Д, Э бид 3 үлдсэн бөгөөд Д дахиад 1 шил 0.75 литрийн архи задалсан. Ды задалсан архийг уугаад сууж байтал гэрийн гадна хүн орилох шиг болсон. Тэгтэл Д, Э бид 3 гэрээс гарах гэтэл Э гэх залуу гэрийн хаалга гаднаас цоожилчихсон байсан Гэрийн цонхоор хартал Э гэх залуу Гийг газар унагаачихсан цохих байсан. Д, Э бид 3 гэрийн хаалгыг ариа хийж түлхэж онгойлгоод гартал Э гэх залуу хашаанаас гараад явчихсан. Гийн толгойноос цус гарч байсан. Э, Д бид 3 Гийг өргөж гэр лүү оруулаад толгойн дахь цусыг арилгаж цагаан давуугаар боосон. Тэгээд бид 4 архиа ууж дуусаад Э бид 2 гэр лүүгээ явсан. Харин Г гэрийн баруун талын орон дээр унтаад үлдсэн" гэх мэдүүлэг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),
Шинжээчийн 2025 оны 02 сарын 19-ны өдрийн 109 дугаартай “Н.Гийн биед духны дунд хэсэгт язарсан шарх, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үений ар хэсэгт хууларсан шарх, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Духны хэсэгт язарсан шарх, зүүн гарын 2 дугаар сүвний ар хэсэгт хууларсан шарх, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-61 дэх тал),
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Иргэн Н.Гийн мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд 2025 оны 02 дугаар сарын 14-ний хойш шалгахад эмчилгээ хийлгэж эмнэлгийн байгууллагад хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, түргэн тусламж, амбулаторийн тусламж, үйлчилгээ, хяналтын үзлэг, оношилгоо шинжилгээний багц, түргэн тусламж, гэх мэт эмчилгээ хийлгэсэн төлбөр нийт 446,699 төгрөгийн зардал эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан байна. Уг төлбөрийг нөхөн төлсөн зүйл одоогоор байхгүй. Гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал),
Шүүгдэгч З.Э мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаангом сумын 09 дүгээр багт байрлах Д гэх хүний гэрт очиж хоносон юм. Тухайн шөнө би Ды гэрт бид хоёр 0.75 литрийн 1 шил архи уугаад Д бид хоёр унтаж амарсан. Маргааш өглөө буюу 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д гэх хүний гэрт Б, Э, Г гэх хүмүүс ирсэн. Тухайн хүмүүсийг анх удаа харж байгаа бөгөөд бид нар танилцаж 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад суусан. Урд шөнө би бараг ганцаараа 0.75 литр 1 шил архийг ганцаараа уугаад үүр цайлгасан бөгөөд Д, Э, Б нарын ууж байсан 0.75 литрийн 1 шил архинаас ганц хоёр рүнк уугаад тасарчихсан. Тэгээд зарим үйл явдлыг санахгүй байна. Нэг ухаан орох үед би орон дээр хэвтэж байсан. Тэгтэл Г гэх хүн намайг "ямар сонин нүдтэй хүн бэ? ханаас олж ирсэн гөлөг вэ? Чамайг ална, энийг харганад хийгээд шатаачихад ул мөр олдохгүй шүү" гэж хэлэхээр нь би Г гэх хүнд хандаж "та ингэж хүн яс, үндсээр нь, доромжилж болохгүй" гэж хэлэхэд Г "тоглосон юм" гэж хэлсэн. Тэгээд архинаас нь уугаад сууж байтал Г гэх хүн намайг хэл амаар доромжилж "эхнэр нь үхчихсэн, эхнэргүй" гэж хэлж байсан. Тэгээд би тасарчихсан бөгөөд нэг ухаан орох үед Ды гэрийн гадна Гтэй маргалдаж барьцалдаж би Гийг цохиж байсан. Мөн Г намайг цохиж миний хоолойг боосон. Тэгээд Э, Д нар гэрээс гарч ирээд над руу дайраад байсан бөгөөд Гийг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал)-ээр шүүгдэгч З.Энь хохирогч Н.Гийг зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шинжээчийн 2025 оны 02 сарын 19-ны өдрийн 109 дугаартай “Н.Гийн биед духны дунд хэсэгт язарсан шарх, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үений ар хэсэгт хууларсан шарх, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Духны хэсэгт язарсан шарх, зүүн гарын 2 дугаар сүвний ар хэсэгт хууларсан шарх, баруун болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул "Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 57-61 дэх тал)-ээр шүүгдэгч З.Энь хохирогч Н.Гийн зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Энь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Г биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч З.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч З.Энь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч З.Энь хохирогч Н.Гэд 2,300,000 төгрөгийн хохирол төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Шүүхийн гэм буруугийн хэлэлцүүлгээр тогтоогдсон 446,699 төгрөгийн хохирлыг завсарлага авч эрүүл мэндийн даатгалын санд төлсөн баримт шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүгдэгч З.Энь хохирогчид хохирол төлсөн баримт, хохиролгүй талаар харилцан тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн баримт (хавтаст хэргийн 89-90 дахь тал), 446,699 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлсөн баримтуудыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч З.Ээрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч З.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З.Энь Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг Улиасны хэв 725 тоот түр оршин суудаг, ганц бие эцэг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Эийн хувийн байдлын талаар: Гэрч С.Н-ийн өгсөн: “З.Энь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, уурладаггүй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, зөөлөн дөлгөөн, хар бор ажилд сайн, тусч цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай хүн байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал)-үүд авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгч З.Эт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч З.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт З Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.Эт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4.Шүүгдэгч З.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Эт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Г