Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/105

 

 

 

 

 

2025        04            30                                            2025/ШЦТ/105

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганцэцэг,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын хяналтын прокурор Ц.Нэргүй,

            Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.овогт О.Б-од холбогдох  ************** дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээ ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт О.Б /РД:***********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг “Хар хотгор” гэх газарт байрлах өөрийн гэртээ Ө.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг “Хар хотгор” гэх газарт байрлах өөрийн гэртээ Ө.Оийг зодсон болох нь:

Хохирогч Ө.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Малчин сумын 1-р багт өөрийн төрсөн хүү Б, Б эхнэр С, Б хүүхэд Ц нарын хамт Малчин сумын 3 дугаар багийн нутаг “Хар Хотгор” гэх газарт мал маллаж амьдардаг. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн үед манай сумын иргэн Б, Б нар манай гэрт ирсэн. Тухайн хоёр хүн жижиг модон байшинг буулгах зорилгоор ирсэн талаар хэлсэн. Тоочин овогтой Б нь М гэх хүнээс жижиг модон байшинг худалдаж авсан ба Б, Б нар байшинг буулгасан. Тэгээд 12 цагийн үед гэрт зочин ирсэн гээд нэг шил 0.75 литрийн “Arkhi” нэртэй архи задалсан. Тухайн архийг Б бид хоёр хувааж уусан. Б бол уугаагүй. Тэгээд 12 цаг 30 минутын үед том залуу Б малд яваад ирсэн. Удалгүй Б, Б нар гарч яваад гэрт том залуу Б бид хоёр үлдсэн. Тэгээд байж байгаад би өөрийн том залууд хандаж “Танай эхнэр ганган хувцас өмсөөд мөнгө үрээд яваад байх юм” гэж хэлэхэд том залуу уурлаад би газарт сууж байтал босож ирээд миний хоёр нүд хэсэг рүү 3 удаа гараараа цохисон юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би архи уусан байхдаа зохисгүй үг хэлж хүүгээ уурлуулсанаа хүлээн зөвшөөрч байна. Манай бэр С жирэмсэн тул эмчийн хяналтанд орохоор аймгийн төв явсан байсан. Би эмнэлэгт үзүүлээгүй, би шүүхийн шинжилгээний албанд үзүүлэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжпэхгүй. Надад гаргасан зардал байхгүй. Миний нүд өөрөө эдгэрсэн тул нэхэмжлэх зүйл байхгү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 11, 13 дахь тал),

Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 361 дугаартай: “Үзүүлэгч Ө.Оийн биед баруун зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт, баруун нүдний гадна булан, дээд зовхинд, баруун хацар, зүүн чихний урд хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Өөрөөр хэлбэл 6-7 орчим хоногийн өмнө үүссэн гэмтэл биш байна. Баруун зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. бусад зулгаралт гэмтлүүд нь уг журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

Шүүгдэгч О.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Малчин сумын 3 дугаар багийн нутаг “Хар Хотгор” гэх нэртэй газарт эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Мөн манай аав О бас хамт амьдардаг юм. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би мал услахаар явсан байсан. Манай гэрт манай аав О ганцаараа үлдсэн байсан. Тухайн өдөр би мал услаад 12 цагийн үед гэрт ирсэн юм. Би гэрт ирэхэд манай гэрт манай сумын таньдаг ах нар болох Б, Б нар байсан. Тухайн хоёр хүн манай гэрийн хажууд байдаг жижиг модон байшинг буулгах зорилгоор ирсэн бөгөөд би ирэхэд буулгачихаад манай гэрт хоол хийж байсан. Тухайн хүмүүс шөлтэй хоол хийж байсан бөгөөд хоол нь болоод бид дөрөв хоол идээд Б ах, Б ах хоёр манай гэрээс явсан. Аав бид хоёр гэрт үлдсэн юм. Тухайн үед аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба аав бид хоёр сууж байхад аав надад хандаж “чи болохгүй байна, мөнгө их үрээд байна, хөзөр тоглоод мөнгө алдаад байна, энэ тэнд тэнээд байна, эхнэр чинь мөнгө их үрээд байна, амьдрал мэдэхгүй байна, дандаа бэлэн юмаар явж байна” гэж хэлсэн. Би тэр үгэнд уурлаад аавыг зодсон. Аав газарт сууж байхад зүүн гараараа цээж хэсэг руу дарж газарт хэвтүүлж баруун гараараа /нударгаараа/ нүд хэсэг рзз 3 удаа цохисон. Би хийсэн зүйлд гэмшиж байна. Аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үед их юм яриад их зүйл хэлээд байхаар нь миний уур хүрээд аавын биед халдсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Увс аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 482 дугаартай “Ө.Оийн биед дух, баруун нүдний эргэн тойрон болон баруун хацар хэсгийг хамарсан, баруун нүдний алимны салстад, зүүн нүдний эргэн тойронд, хэлэнд, цээжний баруун урд хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд, хамрын нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо хүчин зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нт үүсээд 2-3 орчим хоногийн хугацаа өнгөрсөн байх боломжтой. Баруун нүдний эргэн тойрон болон баруун хацар хэсгийг хамарсан, баруун нүдний алимны салстад, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал)-ээр шүүгдэгч О.Бнь хохирогч Ө.Оийг зодсоны улмаас түүний биед хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч О.Бнь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ө.Оийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч О.Б, хохирогч Ө.О нар нь төрсөн эцэг, хүү байх бөгөөд нэг гэрт хамт амьдарч байгаа гэр бүлийн харилцан хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.

Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь хүмүүс хоорондын ердийн харилцаанаас буюу хохирогчийн зүй бус үг хэллэгээс үүдсэн бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эрхшээлтэй оруулах, байлгах зорилго агуулаагүй байна.

Шүүгдэгч О.Бын үйлдэл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар тодорхойлсон гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хохирол хор уршиг

Хохирогч Ө.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад ямар нэгэн гарсан зардал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч О.Бод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Бнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч О.Б урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бод 700 /долоон зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч  О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  О.Б од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч С.овогт О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О.Бод 700 /долоон зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч  О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Б од шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ