| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0081/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/91 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж, шүүгч Л.Дэлгэрцэцэг, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй,
Иргэдийн төлөөлөгч: Б.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,
Шүүгдэгч: Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналын прокурор Ц.Нэргүйгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Н.Нд холбогдох эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, З овогт Н.Н, /РД:******************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ннь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт байрлах өөрийн гэртээ хохирогч Ц.Я-ын цээжин тус газарт 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Н.Нг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Ннь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн орой Увс аймгийн Улаангом сумын 6-р багт байрлах өөрийн гэртээ хохирогч Ц.Яын цээжин тус газарт 1 удаа хутгалсан нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-09 дэх тал/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-14 дэх тал/,
Хохирогч Ц.Яын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ээжийн хамтаар амьдардаг. Хувиараа жолооч хийж амьдардаг. Улаангом сумын 6 дугаар багт Н.Нгэх ах ганцаараа гэртээ амьдардаг бөгөөд тухайн хүнтэй хуурай ах дүүс болж олон жил гэрээр нь орж, гарч хоол унд хийж, иддэг, тоглож наадаж одоог хүрсэн. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой гадуур явж байгаад хуурай ах Н.Нтай таараад бид хоёр Н ахын гэрт очиж хөзөрдөж тоглохоор болоод чухам хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна, бид хоёр Н ахын гэрт очсон. Н ахын гэрт очихдоо би замаараа дэлгүүрээс 0.75 литрийн 1 ногоон шилтэй архи аваад очсон бөгөөд тухайн архийг хоёулаа хувааж уугаад, хөзөр тоглоод хамтдаа суусан. Ингээд бид хоёр миний авч очсон архийг ууж дуусаад Н ах авдраасаа дахин 0.75 литрийн экс нэртэй архи гаргаж задалсан. Бид хоёр тоглож, наадаад архиа хувааж ууж дуусгаад байж байтал Н ах “би хоол хийдэг юм билүү” гээд хутга барьчихсан суусан. Тэр үед би “За за би явлаа” гэж хэлээд босоод зогсож байтал миний хажууд зэргэлдээ зогсож байснаа гэнэт нүдэн дээр хутга гялалзаад явсан. Би тэр үед юу болоод өнгөрчхөв гэж бодоод гэрийн хаалгаар явахаар гараад алхаж байтал цээжнээс халуун зүйл гарах шиг мэдрэмж төрсөн. Гараараа дараад хартал миний цээжний баруун хэсгээс их хэмжээний цус урсаад гарсан. Ингээд би эмнэлэг дуудах гэж байгаад гадуур хүргэн ах явж байгаа гэж бодоод хүргэн ах Отгонбаатартай утсаар яриад ирж аваарай гэж хэлчхээд урдаас нь Нгийн хамтаар тэдний хорооллоор гараад алхаж байтал хүргэн ах машинтай ганцаараа хүрээд ирсэн юм. Бид хоёр эрүүл гудамжинд таараад тэдний гэрт 0.75 литрийн 2 шил архийг яг адилхан тэнцүү хувааж уусан. Хоёулаа согтолттой байсан. Н ахыг биеэ хянах чадвартай байсан үгүйг хэлж мэдэхгүй байна. Бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон цохион юу ч болоогүй. Миний хуурай ах бөгөөд би дандаа очиж хөзөр тоглож, орж гарч явдаг айл. Тухайн өдөр бид хоёр хоорондоо ямар ч ам зөрж маргалдаагүй, бидний хооронд ямар нэгэн үл ойлголцол, өш хонзон, өр авлагын зүйл байхгүй. Яагаад Н ах ийм зүйл хийсэн талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
Гэрч Н.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой 23 цаг өнгөрч байхад цагдаагаас над руу залгаж “Н.Нгийн төрсөн ах мөн үү? Цагдаа дээр хүрээд ирээрэй гэж дуудахаар нь ирэхэд манай дүү Н.Н найз Яын хамтаар хоёулаа дүү Нгийн гэрт архидаж байгаад яасан юу болсон бүү мэд манай дүү Яыг хутгалсан гэж өөрөө хэлсэн. Өөрийгөө хянах чадваргүй маш их архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Би энэ талаар дүү Нгаас сонсоод нэгдсэн эмнэлэг дээр очиход Яын төрсөн эгч, ах, дүүс нь эмнэлэг дээр ирчихсэн оёдол тавьж байх шиг байсан. Би санаа зовоод хүнтэй уулзаж чадаагүй. Чухам энэ хоёр хүн яагаад хоорондоо үл ойлголцсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дахь тал/,
Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 01 дүгээр сарын 30-ны 23 цагийн үед би гадуур машинтайгаа явж байтал хадам дүү Ц.Я над руу утсаар залгаад “Ах аа та хаана байна намайг гахайн байрны эндээс айлаас ирээд авчих” гэж хэлсэн. Ингээд би яг хаана очих талаар асуусан боловч хадам дүү Ц.Я нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байгаа газар хаягаа тодорхой зааж өгч чадахгүй байсан. Ингээд би утсаа таслахгүй яриад 6 дугаар сургууль зөрөөд зам дагуу явж байтал “Намайг шаачихлаа” гэж хэлээд орилсон. Ингээд би байна уу гээд 2-3 удаа дуудсан боловч хариу байхгүй хэлээгүй, утсаа салгачихсан. Ингээд би дахин эргүүлээд утас руу нь залгахад үл таних эрэгтэй хүн авсан бөгөөд гараад явж байна гэж хэлээд байгаа хаягаа зааж хэлж байсан бөгөөд Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гудамжаар орж байтал хорооллоор хадам дүү Я нь хажуудаа үл таних залуугийн хамтаар алхаад ирж байсан бөгөөд би зогсоод машиндаа суулгах гэхэд баруун талын хөхний харалдаа хэсэгт хутгалуулсан байдалтай цус гарч байгааг хараад “Яасан бэ? Юу болсон бэ?” гэхэд “Би зүгээр зүгээр” гэж хэлээд нуугаад ямар нэгэн зүйл хэлэхгүй машинд суусан. Ингээд би тухайн хамт явж байсан залуугийн хамтаар машиндаа суулгаад аймгийн нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Тэр хугацаанд эхнэр Нямханд руу залгаж хадам дүү Ц.Я хутгалуулсан байдалтай байна би эмнэлэг рүү аваад явж байна хурдан хүрээд ир гэж хэлээд дуудсан юм. Тухайн хамт явж байсан залуугийн нэрийг эмнэлэг дээр ирээд сонсоход Н гэж хэлж байсан юм. Миний ойлгож байгаагаар хадам дүү тухайн хүнтэй хамт тэр хүний гэрт очиж архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж ойлгосон. Би тухайн үед яг хажууд нь байгаагүй болохоор яг яасан юу болсон талаар мэдэхгүй байна. Манай хадам дүү надаас ямар нэгэн зүйл нуугаад юу ч хэлэхгүй байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Шинэбатын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн №1-5 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөрнөөс №3. Архины шил дээрээс гэж хаягласан 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Харин бусад 4 ширхэг гарын мөр нь харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 1 ширхэг гарын мөр нь Папилон санд MN004510006769 дугаараар бүртгэгдсэн Нансалын Н /РД: О378060618/-ын дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 93-99 дэх тал/,
Шүүгдэгч Н.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт ганцаараа амьдардаг. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны орой гадуур явж байгаад хуурай дүү Ятай таараад манай гэрт очиж хөзөрдөж тоглохоор болоод манай гэрт очсон. Манай гэрт очихдоо Я нь замаараа дэлгүүрээс 0.75 литрийн 1 ногоон шилтэй архи аваад манай гэрт ирсэн. Манайд ирээд Яын авсан архийг хоёулаа хувааж уугаад, хөзөр тоглоод хамтдаа суусан. Тухайн архийг ууж дуусаад би авдраасаа дахин 0.75 литрийн архи гаргаж задалсан. Тухайн архи дууссан эсэх талаар мэдэхгүй байна, би хоол хийх зорилгоор хөлдөөгчөөс мах гаргаад гартаа хутга барьчихсан зогсож байтал Я явна гээд миний хажууханд ирээд зогсож байсан, тэгээд гэнэт “Ах аа та намайг хутгалчихлаа” гэж хэлж байх шиг байсан. Тэр хооронд би яасан юу болсон талаар мэдэхгүй байна. Би юу ч санахгүй байна. Би Яыг хутгалсан талаараа юу ч мэдэхгүй, санахгүй байна. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-110 дахь тал/-ээр нотлогдон тогтоогдож байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Одбаярын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 103 дугаартай “Ц.Яын биед цээжний баруун урд хэсэгт байрласан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийн бага хэмжээний цус хуралдалт, шархны харалдаа 5 дугаар хавирганы бүрэн бус хугарал, шархны орчимд байрласан цусан хураа, арьсан доор хий хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 84-86 дахь тал/-ийг дээрх үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгч Н.Н хохирогч Ц.Яыг хутгалсны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-2.5-д “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан бөгөөд энэ зүйлийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульчилсан байна.
Энэ зүйлийн тайлбарт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно гэжээ.
Хүйтэн зэвсэг гэдэгт дулаан эсхүл хийн үйлчлэл шаардахгүй ахуйн болон аж ахуйн зориулалт бүхий эсхүл хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулж болох эд зүйл, хэрэгслийг ойлгох бөгөөд хутга үүнд хамаарна.
Шүүгдэгч Н.Ннь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед хутгаар хатгахад гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд хутгалж байгаа санаатай үйлдэл тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ннь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ц.Я нь “Миний бие Н.Нгаас эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг авсан миний шарх эдгэрсэн ба цаашид нэхэмжлэх хохирол байхгүй” гэх гараар бичиж 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг 2 ширхэг баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгчээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Н.Нгаас хохирогч Ц.Яын дансанд 1,500,000 төгрөг шилжүүлсэн баримт гаргаж өгсөн байна.
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г мөрдөн байцаалтын шатанд “Ц.Я нь 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан бөгөөд мэс заслын тусламж үйлчилгээ болон хэвтэн эмчлүүлэх тусламж болох 1,720,729 төгрөгийн тусламж авсан байна. Төлөгдөөгүй тул байгууллагад учирсан хохирлоо нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дахь тал/ өгсөн байх бөгөөд шүүгдэгч Н.Ннь 1,720,729 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн баримт /хавтаст хэргийн 156 дахь тал/ хэрэгт авагдсан байна.
Дээрх баримтуудыг үнэлээд шүүгдэгч Н.Нгаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Ннь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Н.Ннь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа /хавтаст хэргийн 113 дахь тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Нгийн хувийн зан байдлын талаар гэрч О.Г-ын өгсөн: “Миний найз Н нь 1978 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн бөгөөд төрсөн цагаасаа хойш эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжсэн. Улмаар цэцэрлэг сургууль дамжиж сургуульд ороод ерөнхий боловсролын бага сургуульд суралцаж байгаад 3 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Найз Нгийн аав Нансал нь олон жилийнэ өмнө Нг бага байх үед бурхан болсон гэж ярьж байсан бөгөөд ээж нь одоогоос 3-4 жилийн өмнө зуурдаар мөн адил бурхан болсон байдаг. Айлын 4 дэх хүү бөгөөд дээрээ 3 ахтай, доороо 3 эмэгтэй дүүтэй бөгөөд ах, дүү нар нь бүгд тусдаа гарчихсан тус тусын амьдралтай бөгөөд найз Н хүнтэй гэрлээгүй, одоог хүртэл ганц бие ганцаараа амьдарч яваа юм. Улмаар найз Н нь 1998-1999 оны хооронд Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан талаараа ярьж байсан тул энэ талаар мэдэж байна. Багаасаа мэдлэг сургууль боловсрол эзэмшээгүй тул хар бор ажил голохгүй хийж явсан бөгөөд олон жил машин барьж байгаа жолооч юм. Одоогоос 4-5 жилийн өмнө надтай Таван толгойд том ачааны машины жолоочоор ажиллаж байгаад Увс аймаг ирээд Хар Тарвагатайн уурхайд нүүрсний машины жолооч тус тус хийж байсан. Одоо яг тодорхой эрхэлсэн ажилгүй Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт хашаанд 6 ханатай монгол гэрт амьдардаг юм. Улмаар тухайн хашаа нь Нгийн ээж, аавын хашаа гэр байсан бөгөөд одоо хэний нэр дээр байдаг талаар мэдэхгүй байна. Найз Нгийн зан байдлын талаар гэвэл уян зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархаг хүн чанар сайтай залуу олон жил найз нөхдийн холбоотой явсан би маш сайн мэднэ найзаа хэзээ ч хүнтэй маргаж, зодоон цохион хийж байгаагүй, гэмт хэрэгт холбогдоод цагдаад шалгагдаж байгаа гэх талаар сонсоод би маш их гайхаж байна. Зан байдлын хувьд хэн нэгэн хүнд муу санаж үзээгүй хүнлэг, сайхан чанартай хүн юм. Хааяа нэг үед архи согтууруулах ундаа хэрэглэдэг хэрэглэсэн үедээ ямар нэгэн асуудал, ааш авир гаргаад байдаггүй болохоор хэнтэй ч найз, нөхөд ах дүү гээд харьцаж явж чаддаг. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн эмчийн хяналтад байдаг архаг хууч өвчтэй зүйл байхгүй бөгөөд хааяа нэг зүрх өвдөж байна гэдэг зүйл сүүлийн үед хэлдэг болчихсон өөрөөр ямар нэгэн эрүүл мэндийн хувьд өвчин зовуурьтай зүйл байхгүй. Миний найз Н урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/, гэрч Б.Ж-н өгсөн: “Хуурай ах Н нь 1978 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн талаар ярьж байсан бөгөөд төрсөн цагаасаа хойш эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжиж эхээс 7-уулаа бөгөөд дээрээ 3 ахтай, доороо 3 дүүтэй талаараа ярьж байсан. Бага ангиасаа хичээл сургуулиас гарч тухайн цаг хугацаанаас ээждээ тусалж хар бор ажил хийж ирсэн гэж хэлдэг бөгөөд бага байхад аав нь бурхан болсон, ээж нь одоогоос 4 жилийн өмнө бурхан болж байсан гэж хэлж байсан Ах дүү олуулаа бөгөөд ах дүү нар нь бүгдээрээ тусдаа гарчихсан тус тусын амьдралтай, харин Н ах ганцаараа огт хүнтэй гэрлээгүй, эхнэр хүүхэдгүй одоог хүртэл амьдарч байгаа. Цэргийн алба хааж байсан талаараа хэлж байсан боловч чухам хаана хэдэн онд цэргийн алба хааж байсан талаар нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Олон жилийн өмнөөс жолооч хийж ирсэн бөгөөд Таван толгой болон Увс аймгийн Хар Тарвагатайн уурхайд тус тус жолооч хийж байсан. Одоо яг тодорхой эрхэлсэн ажилгүй Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт хашаанд 6 ханатай монгол гэрт амьдардаг юм. Улмаар тухайн хашаа нь Н ахын ээж, аавын хашаа гэр байсан бөгөөд одоо хэний нэр дээр байдаг талаар мэдэхгүй байна. Н ахын зан байдлын талаар маш уян зөөлөн сэтгэлтэй, хүнд тусархаг хүн чанар сайтай, хүний итгэл алдаж үзээгүй, хүнд муу санаж үзээгүй хүнлэг, сайхан чанартай. Хааяа нэг үед архи согтууруулах ундаа хэрэглэдэг хэрэглэсэн үедээ ямар нэгэн асуудал, ааш авир гаргаад байдаггүй болохоор хэнтэй ч найз, нөхөд ах дүү гээд харьцаж явж чаддаг. Эрүүл мэндийн хувьд тодорхой сайн хэлж мэдэхгүй байна. Н ах урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дэх тал/ зэргийг хэрэгт бэхжүүлжээ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх нөхцөл байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” үндэслэл, журмыг баримтлан тухайн гэмт хэрэг оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээг багасгаж оногдуулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Нд 4 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан ажлын хэсэг нь 12 см урттай, бор өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Н.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Нд 4 /дөрөв/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ
ШҮҮГЧИД Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.МӨНХЗАЯА