| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 318/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/97 |
| Огноо | 2025-04-28 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ганцэцэг,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Батзаяа,
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгч Д.Ө-н өмгөөлөгч: Т.Уянга,
Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч: Я.Батханд,
Шүүгдэгч: Б.Б, Д.Ө, Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Ц.Батзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б Б, Б овогт Д Ө, Ш овогт Б Н нарт холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О овогт Б Б /регистрийн дугаар: *************/,
Монгол Улсын иргэн, Б овогт Д Ө /регистрийн дугаар: ***************/,
Монгол Улсын иргэн, Ш овогт Б Н /регистрийн дугаар: *************/.
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч Б.Б Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар, Д.Ө нь Увс аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргааар, Б.Ннь Увс аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэнээр тус тус ажиллаж байхдаа бүлэглэн тус газарт “Аврагч-гал сөнөөгч”-өөр ажиллаж байсан Э.Зод 2021 оны 09 дүгээр сард 7 өдөр, 2021 оны 10 дугаар сард 15 өдөр, 2021 оны 11 дүгээр сард 18 өдөр ажилласан, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллахгүй байхад нь ажилласнаар цагийн тооцоог гаргуулан цалинг олгож ах талаар цагийн тооцоо гаргах, хянах эрх бүхий алба хаагч нар болох Д.Ө, Б.Ннартай бүлэглэж, цагийн тооцоог бодуулан гаргаж, Э.Зод 2021 он 09 дүгээр сард 15 хоног, 10 дугаар сард 6 хоног, 11 дүгээр сард 4 хоног, 2021 оны 12 дугаар сарын 2022 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд цалинтай чөлөө олгож, бусдад давуу байдал бий болгож, Увс аймгийн Онцгой байдлын газрын цалингийн сангийн төсөвт 8,248,068 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Эрүүгийн ************************* дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
- Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-26, 28 дахь тал/,
- Гэрч О.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/,
- Гэрч П.У-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахьх тал/,
- Гэрч П.Б-ны мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
- Иргэний хариуцагч Э.Зын гэрчээр өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
- Иргэний хариуцагч Э.Зын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Э.Зын 2020-2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 46-49 дэх тал/,
- 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, Онцгой байдлын газарт ажиллаж байсан иргэн Э.Зоритод 2021-2022 онд олгосон цалингийн нэгтгэл /1 дүгээр хавтаст хэргийн 80, 172 дахь тал/,
- Увс аймгийн авто тээврийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 272 дугаартй *****УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дахь тал/,
- Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19-82 УНО улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 83-88 дахь тал/,
- Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19-82 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1 дүгээр хавтаст хэргийн 89-93 дахь тал/,
- 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн Увс аймгийн онцгой байдлын газрын алба хаагч нараас гаргасан өргөдлийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 94-99 дэх тал/
- Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн б/1484 дугаартай Э.Зыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/,
- Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн б/15 дугаартай Э.Зыг Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/,
- Э.Зын 2021, 2020, 2022 оны цалингийн карт, цагийн тооцооны хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 104-142, 184-231 дэх тал/,
- Э.Зын Хаан банк ХХК дахь эзэмшлийн ************дугаартай дансны 2021-2023 оны хуулбарууд /2 дугаар хавтаст хэргийн 13-58 дахь тал/,
- Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажилласан цагийн тооцооны хүснэгтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 232-250, 2 дугаар хавтаст хэргийн1-11 дэх тал/,
- Э.Зын Хас банк ХХК дахь эзэмшлийн ************** дугаартай дансны 2021-2023 оны хуулбарууд /2 дугаар хавтаст хэргийн 61-71 дэх тал/,
- Яллагдагч Б.Н-н мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 236-237 дахь тал/,
- Яллагдагч Б.Б-н мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/,
- 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Онцгой байдлын газарт ажиллаж байсан Э.З-д 2021-2022 онд олгосон цалингийн нэгтгэл,
-2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Онцгой байдлын газарт ажиллаж байсан Э.Зын цалингийн тооцооны хүснэгтүүдийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Цагцалмаа:
- Шүүгдэгч Б.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргах байгаа тул шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.
Шүүгдэгч Д.Ө-н өмгөөлөгч Т.Уянга:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
- Иргэний хариуцагч Э.Зын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/,
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Э.Зын 2020-2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 46-49 дэх тал/,
- Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажилласан цагийн тооцоо /1 дүгээр хавтаст хэргийн 232-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-11 дэх тал/,
- Увс аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний цагийн бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 66-76 дахь тал/,
- Увс аймгийн гамшгийн цагийн байдлын тухай хоногийн мэдээ /2 дугаар хавтаст хэргийн 77-89, 4 дүгээр хавтаст хэргийн 138-151 дэх тал/,
- Ээлжийн томилгоот бүрэлдэхүүний мэдээ /2 дугаар хавтаст хэргийн 90-103, 4 дүгээр хавтаст хэргийн 124-137 дахь тал/,
- Увс аймгийн Онцгой байдлын газрын дотоод журам /4 дүгээр хавтаст хэргийн 154-163 дахь тал/-уудыг шинжлэн судлав..
Шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Я.Батханд:
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
- Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-26, 28 дахь тал/,
- Гэрч О.Б-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/,
- Гэрч П.У-ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахьх тал/,
- Гэрч П.Б-ны мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
- Иргэний хариуцагч Э.Зын гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/,
- Иргэний хариуцагч Э.Зын гэрчээр өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/,
- Шүүгдэгч Б.Н-н албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 161-164 дэх тал/,
- Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажилласан цагийн тооцоо /1 дүгээр хавтаст хэргийн 232-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-11 дэх тал/,
- Увс аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний цагийн бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 66-76 дахь тал/,
- Увс аймгийн гамшгийн цагийн байдлын тухай хоногийн мэдээ /2 дугаар хавтаст хэргийн 77-89, 4 дүгээр хавтаст хэргийн 138-151 дэх тал/,
- Ээлжийн томилгоот бүрэлдэхүүний мэдээ /2 дугаар хавтаст хэргийн 90-103, 4 дүгээр хавтаст хэргийн 124-137 дахь тал/,
- Увс аймгийн Онцгой байдлын газрын дотоод журам /4 дүгээр хавтаст хэргийн 154-163 дахь тал/,
- Онцгой байдлын байгууллагад алба хаах журам /4 дүгээр хавтаст хэргийн 166-175 дахь тал/-уудыг шинжлэн судлав..
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
1.1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Б.Б, Хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах, хошууч Б.Ннарыг ажил хэргийн шугамаар танина. Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Өийг танихгүй. Аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байсан Э.З гэх хүнийг танихгүй. Би тухайн хүмүүстэй найз нөхөд төрөл садны холбоо хамаарал байхгүй. Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга албан тушаалтан нь алба хаагчаас гаргасан өргөдөл, хүсэлтгүйгээр түүнд 6 сараас дээш хугацаагаар цалинтай чөлөө олгох эрх бүхий албан тушаалтан биш. Ерөнхий газрын даргын тушаалаар 30 хүртэлх хоногийн хугацааны цалинтай, 90 хүртэлх хоногийн цалингүй чөлөө олгоно гэсэн зохицуулалттай. Аймгийн Онцгой байдлын газрын дарга албан тушаалтан нь алба хаагчдад ажлын 5 хоногийн цалинтай чөлөө олгоно. 5-аас дээш хоногийн чөлөө олгохын тулд Ерөнхий газрын даргаас зөвшөөрөл авч байж шийдэх ёстой. Алба хаагч чөлөө авахын тулд ямар шалтгааны улмаас чөлөө авч байгаа талаар удирдлагадаа бичгээр өргөдөл хүсэлт бичиж танилцуулах ёстой. Увс аймгийн Онцгой байдлын газар, газрын дарга албан тушаалтан нь байгууллагынхаа алба хаагчаас тээврийн хэрэгсэл хандив, бэлэг мэтээр авч болох эрх зүйн зохицуулалт байхгүй. Онцгой байдлын алба хаагч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримталж ажиллах ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаж шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа буруутай этгээдээр төрд учирсан хохирлыг төлүүлмээр байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
2. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Онцгой байдлын газарт нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчоор тасралтгүй 17 жил ажиллаж байна. Э.З нь 2020 оны 01 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарын хооронд манай байгууллагаас цалинжиж ажиллаж байсан. Э.Зын хувьд манай байгууллагаас чөлөө авч яваад чөлөөний хугацаа хэтэрсэн гэж мэдээд цалинг олгож болохгүй талаар байгууллагын удирдах алба хаагч нарт танилцуулж, цалинг зогсоох шаардлагатай талаар танилцуулсан. Тухайн албан хаагчийн цалинг 2022 оны 6 дугаар сард бүтэн бодогдож олгогдсоны дараа зогсоосон. Би ямар нэгэн байдлаар аймгийн Онцгой байдлын газар болон манай Ерөнхий газраас Э.Зод чөлөө олгосон талаарх тушаал шийдвэрийг харж байгаагүй. Түүнд цалинтай, цалингүй чөлөө олгосон тушаал шийдвэр надад ирж байгаагүй. Би өөрөө гардаж цалин бодохгүй ба цалинг манай тооцооны нягтлан бодогч, ахлах дэслэгч Б-д боддог юм. Тэр цагийн тооцоог үндэслэн цалинг боддог юм. Манай байгууллагын 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх цагийн тооцоонд тэр ажилласнаар ирж байсан. Цагийн тооцоог манай газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Н гаргадаг ба уг цагийн тооцоог нь газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Ө хянаж, газрын дарга, хурандаа Б.Б гарын үсэг зурж баталгаажуулан, нягтлан бодогчид ирүүлдэг юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-26, 28 дахь тал/,
- Гэрч Д.Бийн нэмэлт ажиллагааны үед дахин өгсөн “Э.З нь 2021 оны 09 дүгээр сард 3 ээлжээр гурван удаа томилгоонд гарсан байна. Энэ хугацаанд буюу 2021.09.02- наас 03-ны өдөр, 2021.09.05-наас 06-ны өдөр, 2021.09.08-наас 09-ны өдөр ажиллахдаа нэг өдөр буюу томилгоонд дурдагдсан өдрүүдэд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, буусан буюу бэлтгэл ээлжийн байдалд 48 цаг буюу 2 өдөр бэлэн байдлыг ханган амарсан. Энэ амарсан хугацаа нь цалин бодогдох үндэслэл болдог юм. Тэгэхээр Э.З нь 2021 оны 09 дүгээр сард нийтдээ 3 удаа 24 цагаа буюу хоногоор ажиллаж, 6 өдөр бэлтгэл бэлэн байдлыг ханган амарсан ба нийт 9 өдрийн цалин бодогдохоор байна. 2021 оны 09 дүгээр сард ажлын 22 өдөртэй ба нийт сарын хоног нь 30 хоног юм. Тэгэхээр нийт ажилласан 9 хоногийг ажлын 22 хоногт бодож тооцвол ажлын 7 хоног ажилласан гээд цалингийн бодоход бохир дүнгээрээ буюу байгууллагаас нийгмийн даатгал төлсөн шимтгэлтэй нийлээд 317,080 төгрөгийн цалин авахаар байна. Манай байгууллагад илүү цаг гэж бодоггүй юм. Учир нь онцгой албаны нэмэгдэл 30 хувиар авдаг юм. Э.З нь 2021 оны 10 дугаар сард 4 ээлжээр таван удаа томилгоонд гарсан байна. Энэ хугацаанд буюу 2021.10.01-нээс 02-ны өдөр, 2021.10.05-наас 06-ны өдөр, 2021.10.09-наас 10-ны өдөр, 2021.10.13-наас 14-ний өдөр, 2021.10.28-наас 29-ний өдөр ажиллахдаа нэг өдөр буюу томилгоонд дурдагдсан өдрүүдэд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, буусан буюу бэлтгэл ээлжийн байдалд 72 цаг буюу 3 өдөр бэлэн байдлыг ханган амарсан. Энэ амарсан хугацаа нь цалин бодогдох үндэслэл болдог юм. 2021 оны 10 дугаар сард ажлын 21 өдөртэй ба нийт сарын хоног нь 31 хоног юм. Тэгэхээр Э.З нь 2021 оны 10 дугаар сард нийтдээ 3 удаа 24 цагийн гараагаар хоногоор ажиллаж, 9 өдөр бэлтгэл бэлэн байдлыг ханган амарсан ба нийт 6 удаа томилгоогоор ажиллаад бүтэн сарын цалин авах боломжтойгоос 6 өдрийн ажиллахгүйгээр нийт 15 өдрийн цалингийн бодоход бохир дүнгээрээ буюу байгууллагаac нийгмийн даатгал төлсөн шимтгэлтэй нийлээд 711,811 төгрөгийн цалин авахаар байна. Э.З нь 2021 оны 11 дүгээр сард 4 ээлжээр зургаан удаа томилгоонд гарсан байна. Энэ хугацаанд буюу 2021.11.01-нээс 02-ны өдөр, 2021.11.07-наас 08-ны өдөр, 2021.11.13-наас 14-ний өдөр, 2021.11.17-наас 18-ны өдөр, 2021.11.21-нээс 22-ны өдөр, 2021.11.25-наас 26-ны өдөр ажиллахдаа нэг өдөр буюу томилгоонд дурдагдсан өдрүүдэд 24 цагаар үүрэг гүйцэтгэж, буусан буюу бэлтгэл ээлжийн байдалд 72 цаг буюу 3 өдөр бэлэн байдлыг ханган амарсан. Энэ амарсан хугацаа нь цалин бодогдох үндэслэл болдог юм. 2021 оны 11 дугаар сард ажлын 22 өдөртэй ба нийт сарын хоног нь 30 хоног юм. Тэгэхээр Э.З нь 2021 оны 11 дүгээр сард нийтдээ 6 удаа 24 цагийн гараагааp хоногоор ажиллаж, 18 өдөр бэлтгэл бэлэн байдлыг ханган амарсан ба нийт 7 удаа томилгоогоор ажиллаад бүтэн сарын цалин авах боломжтойгоос 4 өдрийн ажиллахгүйгээр нийт 18 өдрийн цалингийн бодоход бохир дүнгээрээ буюу байгууллагаас нийгмийн даатгал төлсөн шимтгэлтэй нийлээд 815,348 төгрөгийн цалин авахаар байна. 2021 оны 10 дугаар сард 6 өдөр ажиллахгүйгээр 15 өдрийн цалинг бодоход нийгмийн датагалын шимтгэлтэй нийлээд 711,811 төгрөгийн цалин, 2021 оны 11 дүгээр сард ажиллаагүй 4 өдрийг хасаад 18 хоногоор бодоход нийгмийн датагалын шимтгэлтэй нийлээд 815,348 төгөргийн цалин авахаар байна. Иргэний хариуцагчаар татах тогтоол дээр дурдсан 10,092,307 төгрөгөөс 1,844,239 төгрөг хасагдаж, 8,248,068 төгрөгийн цалин ажиллаагүй байхад нь олгосон байна” гэх мэдүүлэг / 4 дүгээр хавтаст хэргийн 118-119 дэх тал/,
3. Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын цалинг сар бүр боддог юм. Намайг амарсан, чөлөөтэй үед ахлах нягтлан бодогч Д.Б боддог юм. Би Э.Зыг 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй. Учир нь тухайн албан хаагчийг шууд удирдах албан тушаалтан биш юм. Мөн түүний болон бусад алба хаагчдын цагийг өдөр, сараар бүртгэдгүй юм. Тэр утгаараа ажиллаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би байгууллагын алба хаагчдын цалинг цагийн тооцоог үндэслэн боддог. Уг цагийн тооцоон дээр Э.Зыг ажилласнаар тооцоо гарч ирсэн тул цалинг бодож олгож байсан. Цагийн тооцоог байгууллагын дарга, хурандаа Б.Б баталж, газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Ө хянаж, хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Н гарган ирүүлдэг юм. Тэд цагийн тооцоог сар бүр гарган ирүүлдэг юм. Тэр тооцоог үндэслэн алба хаагчдын цалинг боддог юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/,
4. Гэрч П.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би манай Увс аймгийн Онцгой байдлын газарт аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байсан Энхболдын зоригтыг танина. Түүнийг манай газарт ажилд орохоор ирэхэд нь таньдаг болсон. Бид хоёрын хооронд өр төлбөр, төрөл садны холбоо байхгүй. 2021 оны 9 дүгээр сард шиг санагдаж байна, өдрөө санахгүй байна. Э.З нь миний өрөөнд орж ирээд надтай 2-3 удаа уулзаж байсан. Ойр ойрхон 2-3 удаа миний өрөөнд орж ирсэн. Э.З нь хэлэхдээ “Надад хувийн ажил байна, би Улаанбаатар хотод жаахан ажил хиймээр байна. Та энэ талаар газрын дарга хурандаа Б.Бд уламжлаад өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Миний мэдэх асуудал биш” гэж хэлээд гаргасан. Тэгэхэд тэр дахиж орж ирээд “Та намайг газрын даргад чөлөө авах талаар уламжлаад өгөөч. Би байгууллагад /аймгийн Онцгой байдлын газар/ аж ахуйд зориулж нэг портер маркийн машин авч өгмөөр байна. Та уламжлаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би газрын даргын өрөөнд ороход Б.Б даргад өрөөндөө сууж байсан. Би Б.Б даргад “Э.З нь чөлөө авмаар байна, байгууллагын аж ахуйд нэг портер өгмөөр байна гэж хэлээд байна” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б дарга “Э.Зыг миний өрөөнд оруулчих” гэхээр нь би түүнийг “Таргатай орж уулз” гээд оруулсан. Түүний дараа Э.З нь Улаанбаатар хот руу яваад байгууллагад нэг цэнхэр өнгийн портер машин авч ирж өгсөн. Тэгээд байж байгаад Улаанбаатар хот руу явсан юм шиг байсан. Түүнээс хойш Э.Зтой огт уулзаагүй. Сүүлд Э.Зыг хайж түүний ах гэх хүнтэй утсаар ярьж байсан удаатай. Э.З нь ажилд ирэхгүй тэр чигээрээ явсан. Түүнд албан ёсоор чөлөө олгосон эсэхийг мэдэхгүй. Учир нь би чөлөө олгох эрх бүхий ажлыг хийж байгаагүй. Э.З нь газрын дарга Б.Бтай уулзсаны дараа хэд хоногийг дараа би газрын даргын өрөөнд байхад манай газрын хүний нөөцийн ахлах ажилтан Б.Н орж ирсэн. Тэгэхэд Б.Б дарга түүнд хандан “Чи Зоригттой уулз” гэж хэлж байсан. Тэгэхэд Э.З нь ажиллаж байсан. Тэр 2021 оны 9 дүгээр сар байх. Харин 2021 оны 12 дугаар сард Э.З ажил дээр байх үед Б.Б дарга Б.Н-т хандан “Баталгаа гаргуулж ав” гэсэн зүйлийг хэлж байсан санагдаж байна. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Би Увс аймгийн Онцгой байдлын газарт Төлөвлөлт, бэлэн байдлын ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа аврагч, гал сөнөөгч ажилтай Э.Зыг шууд удирдах эрх бүхий албан тушаалтан байгаагүй. Тэр надтай мэнд ус болоод яваад байдаг. Мөн би Хяргас нуур дээр байгууллагын баазын барилга барьж байхад тэр хааяа туслахаар ирж ажиллаж байсан. Тэр утгаараа надад “би дарга дээр орж чадахгүй байна” гэж ирээд байдаг байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал/,
5.Гэрч П.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 7 дугаар сараас Увс аймгийн Онцгой байдлын газарт 41 дүгээр ангийн салааны захирагчаар ажиллаж байна. Э-ын Зоригт 2020 оны 01 дүгээр сараас 2021 оны 10 дугаар сарын хооронд миний хариуцаж байсан 41 дүгээр ангийн 1 дүгээр салаанд аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байсан. Э.З нь 2021 оны 10 дугаар сард чөлөө авч яваад түүнээс хойш эргэж ирээгүй. Тухайн алба хаагч нь 2022 онд биеэр ирж ажилласан зүйл байхгүй...манай байгууллагын буюу 41 дүгээр ангийн салааны алба хаагчдын ажлын цагийн тооцоог ангийн захирагч нар гаргаж өгдөг. Салааны захирагчийн зүгээс ямар нэгэн бичиг баримт үйлдэхгүй. Э.З нь чөлөө аваад явахдаа байгууллагад цэнхэр өнгийн портер маркийн машин бэлэглэсэн гэж манай байгууллагын ажилчид ярилцдаг” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
6. Иргэний хариуцагч Э.Зын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “Би Увс аймгийн Онцгой байдлын газарт аврагч-гал сөнөөгчөөр 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажилд орж байсан. Тус газарт аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байхдаа 2021 оны 9 дүгээр сарын эхээр хичээл эхлээд удаагүй байхад газрын дарга, хурандаа Б.Бтай уулзаад явж байсан. Би 2021 оны 9 дүгээр сард байх сар, өдрөө санахгүй байна эсхүл түүнээс өмнө байж мэднэ, ээлжийн амралт аваад нийтдээ 20 гаруй хоног амраад ажилд орж байсан. Тэгээд ажилд ороод удаагүй 10 гаруй хоносон байхдаа манай газарт Төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн ажилтай дэд хурандаа П.Утай уулзсан. Түүнтэй уулзах болсон шалтгаан нь хувийнхаа ажил, амьдралыг дээшлүүлж, хувиараа хөдөлмөр эрхлэхдээ хийж байсан автомашины ченж ажлыг хийх гэж байгаа талаараа болон Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр чөлөө авахаа хэлсэн. Тэгэхэд П.У ахлах мэргэжилтэн би газрын даргатай уулзаад үзье гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш 2-3 хоногийн 2021 оны 9 дүгээр сарын дундуур П.У ахлах мэргэжилтэн намайг “Хамт газрын дарга руу оръё, би чиний чөлөө авах асуудлыг хэлсэн байгаа” гэж хэлсэн. Би П.У даргад ямар нэгэн байдлаар бичгээр хүсэлт гаргаагүй ба амаар дээрх зүйлийг хэлж танилцуулсан юм. Тэр үед Увс аймагт орон сууц авна гэсэн бодолтой байсан. П.У ахлах мэргэжилтний өрөөнөөс гараад би ганцаараа газрын дарга Б.Б дээр орж “Чөлөө авах” хүсэлтэй байгаа талаараа амаар танилцуулсан. Тэгээд би даргад өөрийнхөө амьдрал болон чөлөө авах зорилгын талаараа хэлсэн. Тэр үед би “Ажлаас гармааргүй байна, 6 сарын цалинтай чөлөө авах сонирхолтой байгаа, та надад олгож өгөөч” гэж гуйсан. Тэгэхэд газрын дарга Б.Б намайг “Улаанбаатар хот руу яваад ажлаа хийж байгаад 6 сарын дараа яг хугацаандаа ирнэ шүү, би чамд итгэж байна, итгэл алдахгүй шүү” гэж хэлсэн. Тэр үед дарга Б.Б надад чөлөө олгохоор тушаал гаргаж, хүсэлт бичүүлж аваагүй ба амаар тохиролцоод надад чөлөө олгохоор болсон. Би тэр үедээ Улаанбаатар хот руу яваагүй ба 2021 оны 10 дугаар сард санагдаж байна хот руу явсан. Хот руу явах болсон шалтгаан нь би даргаас чөлөө авахаар уулзаж байхдаа болон чөлөө авах хүсэлтэй байгаа талаараа П.Ут хэлж байхдаа манай газарт аж ахуйн зориулалтай, албанд ашиглах боломжтой супер портер маркийн автомашиныг байгууллагадаа хандив болгож өгмөөр байна гэдгээ хэлж байсан. Тэгээд чөлөө авсны дараа Улаанбаатар хотоос байгууллагадаа супер портер маркийн авто машиныг авч ирэхээр яваад тэнд 1 сар орчим болоод **** УНО улсын дугаартай автомашиныг 2021 оны 11 дүгээр сард /өдрийн санахгүй байна/ авч ирж, газрын техник хариуцсан мэргэжилтэн М-д өгсөн. Уг тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн байдлаар тэмдэглэл үйлдсэн, тушаал гарч хэн нэгэн аваагүй ба машины бүрэн бүтэн байдлыг М шалгаад авсан. Би чөлөө аваад явж байгааг манай Онцгой байдлын газрынхан бүгд мэдэж байсан юм шиг байсан. Би М-д албанд өгч байгаа машин гэж хэлээд өгөхөд тэр бүрэн бүтэн байдлыг нь хараад хүлээгээд авсан. Тэр машиныг авч ирж М-д хүлээлгэж өгчихөөд ажиллахгүй хэсэгт гэрт Увс аймагт байж байгаад 2021 оны 12 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу явсан. Тэгээд түүнээс хойш өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Увс аймагт ирж байна. Би дарга Б.Б-н хэлснээр амаар чөлөө аваад явсан ба буцаж 2022 оны 5 дугаар сард ажилдаа ирэх болсон байсан боловч тэр хугацаандаа ирж чадаагүй, ажлаасаа гарсан. Учир нь би Увс аймгийн иргэн Э.Ц-тэй гэр бүл болсон байсан ба чөлөөтэй Улаанбаатар хотод байх хугацаанд бид хоёрын хооронд маргаан гараад ирж чадаагүй. Мөн эрүүл мэндийн шалтгааны улмаас хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгээд байсан. Тэр шалтгааны улмаас Увс аймагт эргэн ирж ажилдаа орж чадаагүй юм. Би Улаанбаатар хот руу явснаас хойш ажлынхантайгаа холбоогүй байсан. Тэр хугацаанд манай Онцгой байдлын газраас намайг чөлөөлөх гээд хайсан юм шиг байсан. Тэгээд миний төрсөн ах Э.И-тэй П.У ахлах мэргэжилтэн утсаар ярьж намайг ажлаас гарах ажиллах талаар асуусан байсанг. Тэгэхээр нь би ахад ажлаасаа гарна, та миний нэрийн өмнөөс өргөдөл бичээд өгчих гэж хэлээд өргөдлийг бичүүлэн явуулсан юм. Би тэр үед Турк улсад уламжлалтаар эмчилгээ хийлгэж байсан юм. Увс аймгийн Онцгой байдлын газраас надад 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарыг дуустал аврагч-гал сөнөөгчөөр ажилласнаар цалин бодож олгож байсан ба 2022 оны 7 дугаар сараас надад цалин олгохоо больсон. Би цалин олгохгүй болохоор нь байгууллага руу ярьсан удаа байхгүй. Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Б болон бусад эрх бүхий алба хаагч нараас намайг ажиллахгүй байх хугацаа буюу 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 6 дугаар хүртэл хугацаанд надад цалингаар орж байсан миний мөнгөнөөс авсан удаа байхгүй. Надад тэр хугацаанд орсон цалинг би өөрөө зарцуулж байсан. Би Увс аймгийн Онцгой байдлын газарт аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байхад байгууллагаас олгох цалин миний хас банкны *********** тоот данс руу ордог байсан. Би 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн Хас банкнаас 13,000,000 төгрөгийн цалингийн зээл авч байсан юм. Би 2021 оны 10 дугаар сард Улаанбаатар хот руу явахдаа Facebook хаяг дээр “Портер маркийн тээврийн хэрэгсэл авна” гээд зар тавьсан байсан юм. Уг зарын дагуу Төв аймгийн Лүн сумын иргэн Д.С гэх иргэн ****УНО улсын дугаартай хөх өнгийн портер автомашиныг 6,5 сая төгрөгөөр надад зарсан юм. Би тэр хүнээс уг тээврийн хэрэгслийг оройн цагаар очиж авсан тул шилжүүлэг хийлгэж аваагүй шууд аваад явсан юм. Тэгээд уг тээврийн хэрэгслийг авсныхаа маргааш нь Увс аймаг руу гарсан. Д.С гэх хүн уг тээврийн хэрэгслийг банк бусаар авсны дараа өрөө төлөөд надад зарсан юм. Энэ тээврийн хэрэгсэл миний нэр дээр шилжээгүй боловч би уг тээврийн хэрэгслийг худалдаж авсан эзэмшигч нь тул Увс аймгийн Онцгой байдлын газарт өгсөн юм. Увс аймгийн Онцгой байдлын газраас надад 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарыг дуустал аврагч-гал сөнөөгчөөр ажилласнаар олгосон цалинг хувийнхаа хэрэгцээнд зарцуулаад дуусгасан. Нийтдээ хэдэн төгрөгийн цалин авсан талаараа мэдэхгүй байна. Гэхдээ надад сарын цалин гэж 900,000 гаруй төгрөг ордог байсан. Би Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Бд ******УНО улсын дугаартай хөх өнгийн портер авто машиныг бэлэглэсэн, шан харамж болгож өгсөн удаа байхгүй. Харин уг тээврийн хэрэгслийг байгууллагад хэрэгтэй юм байна гэж үзээд хандив болгож өгч байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-52 дахь тал/,
- Иргэний хариуцагч Э.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Иргэний хариуцагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан. Би Увс аймгийн Онцгой байдлын газарт учруулсан хохирол 10,092,307 төгрөгийн хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байна. Би ажил хийж хохирлыг барагдуулах болно. Увс аймгийн Онцгой байдлын газрын хэрэгцээнд түр ашиглуулахаар би уг ***** УНО улсын дугаартай Хьюндай портер маркийн автомашиныг өгсөн юм. Өөр ямар нэгэн зорилго байхгүй. Уг автомашиныг Төв аймгийн Лүн сумын иргэн С гэдэг хүнээс би 6,5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Автомашины бүртгэлийг С-ээс шилжүүлж аваагүй байгаа” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/,
7. Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 5 дугаар сар хүртэл салааны захирагчаар ажиллаж байсан бөгөөд тухайн сарынхаа 23-ны өдөр 41 дүгээр ангийн захирагчаар томилогдсон. Тэр хугацаанд буюу 2022 онд Э.З биеэр ажиллаагүй. Тухайн алба хаагч нь удирдлагын түвшинд чөлөө зөвшөөрлийн асуудалтай гэж яригдаж байсан. Би ангийн захирагч болоод Э.З гэх алба хаагч яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар тодруулахад удирдлагын зүгээс чөлөөтэй гэж хариулдаг байсан. Би 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 5 дугаар сарын хооронд ажиллаж байх хугацаандаа гал унтраах 41 дүгээр ангийн 1 дүгээр салааны даргаар ажиллаж байсан. Мөн би 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ангийн захирагчаар ажиллаж байсан д/х Б.Г ээлжийн амралтаа аваад явсны дараа би тухайн албан тушаалыг түр орлож байсан. Ангийн захирагчийн ажлыг түр орлож байх хугацаандаа Э.Зыг асууж тодруулахад чөлөөтэй байгаа удахгүй ирнэ гэсэн тайлбарыг удирдлагаас өгдөг байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дахь тал/,
- Гэрч Б.М-ын нэмэлт ажиллагааны үед дахин өгсөн “Манай Увс аймгийн Онцгой байдлын газарт аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байсан Э.З нь Увс аймгийн Онцгой байдлын газрын харуулын томилолтоор 2021.09.02-наас 03-ны өдөр, 2021.09.05-наас 06-ны өдөр, 2021.09.08-наас 09-ны өдөр, 2021.10.01-ний өдөр, 2021.10.05-наас 06-ны өдөр, 2021.10.09-наас 10-ны өдөр, 2021.10.13-наас 14-ний өдөр, 2021.10.28-наас 29-ний өдөр, 2021.11.01-нээс 02-ны өдөр, 2021.11.07-наас 08-ны өдөр, 2021.11.13-наас 14-ний өдөр, 2021.11.17-наас 18-ны өдөр, 2021.11.21-нээс 22-ны өдөр, 2021.11.25-наас 26-ны өдөр хүртэл ажилласнаар нэр орж бичигдсэн ба Гамшгийн цагийн байдлын тухай хоногийн мэдээгээр 2021.09.02-наас 03-ны өдөр, 2021.09.05-наас 06-ны өдөр, 2021.09.08-наас 09-ны өдөр, 2021 10.02-ны өдөр, 2021.10.05-наас 06-ны өдөр, 2021.10.09-наас 10-ны өдөр, 2021.10.13-наас 14-ний өдөр, 2021.10.28-наас 29-ний өдөр, 2021.11.01-нээс 02-ны өдөр, 2021.11.07-наас 08-ны өдөр, 2021 11.13-наас 14-ний өдөр, 2021.11.17-наас 18-ны өдөр, 2021.11.21-нээс 22-ны өдөр хүртэл ажилласнаар хоногийн мэдээнд танилцуулагдсан ба 2021.11.25-наас 26-ны өдөр томилолтод нэр нь орсон боловч 24 цагийн ээлжийн үүрэг гүйцэтгэсэн 7 алба хаагч гэж Э.Зын нэр бичигдээгүй байна. Тэр тухайн өдрийн өглөө буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа ирээд бүртгүүлсэн байж байгаад чөлөө аваад юм уу эсхүл таслаад явсан байж магадгүй эсхүл салааны захирагчаар ажиллаж байсан Б болон дуудлага хүлээн авагч нар нь түүний нэрийг мэдээнд оруулахгүй бичсэн байж магадгүй гэж бодож байна. Учир нь түүнийг тухайн өдрийн тэмдэглэлд тэр өдөр Э.Зыг чөлөө авсан тасалсан эсэх талаар тэмдэглэл бичигдээгүй байна. Би архивт байх 2021 оны 9 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацааны томилгоо болон хоногийн мэдээг харахад дээрх цаг хугацаанд Э.З ажилласан талаар тэмдэглэл хөтлөгдсөн, бусад өдөр ажилласан талаар мэдээ байхгүй байна. Тэр 2021 оны 12 дугаар сард томилгоо болон хоногийн мэдээнд огт нэр нь орж байгаагүй байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал/,
8. Гэрч Г.Э-ийн нэмэлт ажиллагааны үед өгсөн: “Би Увс аймгийн Онцгой байдлын газарт аврагч-гал сөнөөгчөөр ажиллаж байсан Э.Зтой хамт манай Онцгой байдлын газрын харуулын томилолтоор 2021.09.05-наас 06-ны өдөр, 2021.09.08-наас 09-ны өдөр, 2021.10.28-наас 29-ний өдөр. 2021.11.01-нээс 02-ны өдөр, 2021.11.25-наас 26-ны өдрүүдэд ажилласан. Э.З нь 2021 оны 9 дүгээр сарын эхээр хэдэн удаа 24 цагийн томилгоот ээлжийн үүргийг гүйцэтгээд ажиллаж байгаад Улаанбаатар хот руу яваад хэсэг байж байгаад ирсэн. Би яг хэзээ ирснийг нь санахгүй байна. Миний санахаар 10 гаруй хоног ажиллаагүй шиг санагдаж байна. Тэгээд сүүлд ажилдаа ирэхдээ манай газарт нэг цэнхэр өнгийн портер машин авч ирж өгч байсан. Тэр надад “Би байгууллагад машин өгөх гэж байгаа” гэж хэлж байгаад Улаанбаатар хот руу явсан ба би түүнээс “Чи яагаад өгч байгаа юм бэ?” гэж асуухад тэр “Би байгууллагад хөрөнгө оруулалт хийж хувиасаа өгч байгаа” гэж хэлж байсан. Тэгээд хэсэг явж байгаад дээр хэлснээрээ нэг портер авч ирж өгсөн гэж байсан. Тэр машиныг авч ирсний дараа тэр 1-2 удаагийн ээлжинд гараагүй ба түүнийг орлогч даргаар ажиллаж байсан Д.Ө нэг удаа бидний нэгээр нь дуудуулан “Чамд хэн чөлөө өгсөн юм бэ?” гэж уурлаад ажиллуулж байсан. Тэгээд тэр хэсэг ажиллаж байгаад гэнэт алга болсон ба түүнээс хойш түүнтэй огт уулзаагүй. Тэр одоо хаана байгаа талаар би мэдэхгүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
9. Увс аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч Д.Бийн 2025 оны 4 дүгээр сарын 11-нд гаргасан Э.З-д 2021-2022 онд олгосон цалингийн нэгтгэл, цалингийн тооцоо /4 дүгээр хавтаст хэргийн 120,121 дэх тал/,
10. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Э.Зын 2020-2022 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 46-49 дэх тал/,
11. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн Увс аймгийн онцгой байдлын газрын алба хаагч нараас гаргасан өргөдлийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 дүгээр хавтаст хэргийн 94-99 дэх тал/
12. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн б/1484 дугаартай Э.Зыг ажилд томилох тухай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/,
13. Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн б/15 дугаартай Э.Зыг Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 103 дахь тал/,
14. Э.Зын 2021, 2020, 2022 оны цалингийн карт, цагийн тооцооны хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 104-142, 184-231 дэх тал/,
15. Увс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын ажилласан цагийн тооцоо /1 дүгээр хавтаст хэргийн 232-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-11 дэх тал/,
16. Увс аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний цагийн бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 66-76 дахь тал/,
17. Увс аймгийн гамшгийн цагийн байдлын тухай хоногийн мэдээ /2 дугаар хавтаст хэргийн 77-89, 4 дүгээр хавтаст хэргийн 138-151 дэх тал/,
18. Ээлжийн томилгоот бүрэлдэхүүний мэдээ /2 дугаар хавтаст хэргийн 90-103, 4 дүгээр хавтаст хэргийн 124-137 дахь тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Дээрх нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байхдаа тус газарт “Аврагч, гал сөнөөгч”-өөр ажиллаж байсан Э.Зод 2021 оны 9 дүгээр сараас 6 сарын хугацаатай цалинтай чөлөө олгосон,
Увс аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ажиллаж байсан Д.Ө, Увс аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Ннараар Э.З нь 2021 оны 09 дүгээр сард 7 өдөр, 2021 оны 10 дугаар сард 15 өдөр, 2021 оны 11 дүгээр сард 18 өдөр ажилласан, 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 2022 оны 6 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллахгүй байхад нь ажилласнаар цагийн тооцоог гаргуулан, Увс аймгийн Онцгой байдлын газрын цалингийн сангийн төсөвт 8,248,068 төгрөгийн цалинг олгосон үйл баримт тогтоогдов.
Увс аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчдын өдөр тутмын ажлын цагийг газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэд хурандаа Д.Ө бүртгэдэг байна.
Албан хаагч нарын тухайн сарын цалин олгох үндэслэл болох цагийн тооцоог Хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Н гаргаж, газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Ө хянаж, газрын дарга Б.Б гарын үсэг зурж баталгаажуулан, нягтлан бодогчид өгч цалин бодуулдаг албаны чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг байна.
1.2. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
1. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Төрийн тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар, шүүгдэгч Д.Ө нь Увс аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ажиллаж байсан тул төрийн тусгай албаны удирдах албан тушаалтан, шүүгдэгч Б.Н нь Увс аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажилладаг тул төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтанд тус тус хамаарна.
2. Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлтийн тайлбарт: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж,
Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тус тус тодорхойлжээ.
3. Монгол Улсын шадар сайдын 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар тушаалаар батлагдсан “”Онцгой байдлын байгуулагад алба хаах журам”-ын 11.2-т “Алба хаагчдад ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөөг орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын дарга, захирагч, ажлын 10-30 хүртэлх хоногийн цалинтай, 30-90 хүртэлх хоногийн цалингүй чөлөөг Ерөнхий газрын даргын тушааалаар олгоно” гэж заажээ.
Эндээс дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь аврагч-гал сөнөөгч Э.Зод 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох эрхтэй, Онцгой байдлын байгууллагын албан хаагчид 30 хоногоос дээш хугацаагаар цалинтай чөлөө олгох үндэслэлгүй байна.
Аврагч-гал сөнөөгч Э.Зод 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сарыг дуустал цалинтай чөлөө олгосон үйлдэл нь эрх мэдлээ хэтрүүлсэн явдал юм.
Нийтийн албан тушаалтны хувьд шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Ннар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.13-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” нийтлэг үүргээ санаатайгаар зөрчиж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохгүй байх”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, аврагч-гал сөнөөгч Э.Зыг 2021 оны 9, 10, 11 дүгээр саруудад бүтэн ажиллагаагүй, 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарыг дуустал огт ажиллагүй болохыг мэдсээр байж аврагч-гал сөнөөгч Э.Зыг ажилласанаар цагийн тооцоог гаргаж, цалин олгосон үйлдэл нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Э.Зод эдийн засгийн давуу байдал бий болгосон байгаа явдал болно.
Нийтийн албаны албан тушаалтан нь хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн биелэлтийн хангаж ажиллах тусгайлсан үүрэгтэй бөгөөд удирдах албан тушаалтанаас өгсөн илт хууль бус тушаал, шийдвэрийг биелүүлэхээс татгалзан үүрэгтэй.
Ажиллахгүй байгаа албан хаагчийг ажилласанаар цагийг бүртгэж, цагийн тооцоог гаргаж болохгүй гэдгийг энгйн ухамсарын түвшинд хэн ч ойлгодог байхад шүүгдэгч Д.Ө, Б.Ннарыг дээд шатны албан тушаалтны амаар өгсөн заавал биелүүлэх тушаал, даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй, мэдэлгүйгээр биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Ннар энэ үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж хийсэн, өөрөөр хэлбэл нэгнийхээ хууль бус үйлдлийг таслан зогсоох санаачлага гаргаагүй, арга хэмжээ аваагүй тул үйлдлээр санаатай нэгдэж хамтран оролцсон гэж үзнэ.
5. Иймд шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Ннарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулах “нийтийн албанд томилогдох” эрх хасах ялыг “нийтийн албанд ажиллах” гэж өргөтгөж, торгох ялыг хасаж хүндрүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан тул шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан хуулиар тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Д.Ө, Б.Ннар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болно.
1.3. Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрийн албанд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан хор уршиг учирснаас гадна Увс аймгийн Онцгой байдлын газрын төсөвт батлагдсан цалингийн санд 8,248,068 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас ажиллахгүй байх хугацаандаа цалин авч эдийн засгийн давуу байдал олж авсан нь тогтоогдож иргэний хариуцагчаар татагдсан Э.З нь Онцгой байдлын газрын төсөвт батлагдсан цалингийн санд учирсан 8,248,068 төгрөгийн хохирлыг хариуцах үүрэгтэй.
Иргэний хариуцагч Э.З нь АТГ-ын барьцаа, хохирлын дансанд хохирол нөхөн төлөх зорилгоор байршуулсан 10.092.400 төгрөгөөс 8.248.068 төгрөгийг хохиролд тооцон улсын орлогод оруулж, 1.844.332 төгрөгийг иргэний хариуцагч Э.Зод буцаан олгохыг АТГ-т даалгаж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
2. Шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Ннарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Ннар нь “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Б нь 52 настай, цэргийн тэтгэвэрт гарсан ам бүл 1, эрүүл мэндийн хувьд чихэрийн шижин өвчтэй, ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгч Д.Ө нь 50 настай, цэргийн тэтгэвэрт гарсан, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй,
Шүүгдэгч Б.Ннь 38 настай, Увс аймгийн Онцгой байдлын газрын Хүний нөөц, бие бүрэлдэхүүн, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн ажилтай, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан тэдний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Ннарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тус бүрт нь нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жил хасаж, 8000 /найман мянга/ нэгжээр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцнэ гэж дүгнэлээ.
Гэмт хэрэгт оролцсон оролцооны байдал буюу гүйцэтгэсэн үүргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж болох боловч шүүгдэгч Д.Ө, Б.Ннар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул шүүгдэгч Б.Бас доогуур ял оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосон бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Ннарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолно.
Иргэний хариуцагч Э.Зын Увс аймгийн Онцгой байдлын газар хандивласан гэх портер загварын *****УНО улсын дугаартай авто машин нь энэ хэрэгт хамааралгүй тул, уг авто машиныг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний хариуцагч Э.Зод буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Ннар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан шүүгдэгч О овогт Б Б, Б овогт Д Ө, Ша овогт Б Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарт тус бүрт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 3 /гурав/ жил хасаж, 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарт оногдуулсан торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нарт нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол гарсан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний хариуцагч Э.Зын АТГ-ын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 10.092.400 төгрөгөөс 8.248.068 төгрөгийг улсын орлогод оруулж, 1.844.332 төгрөгийг иргэний хариуцагч Э.Зод буцаан олгохыг АТГ-т даалгасугай.
8. Шүүгдэгч Б.Б, Д.Ө, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Портер загварын ******УНО улсын дугаартай авто машин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, иргэний хариуцагч Э.З-од буцаан олгосугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ