Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00033

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж

      нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

      шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа,

      улсын яллагч Ц.Сувдаа,

      шүүгдэгч Д.Жанчив-Иш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөхчин овогт Доржсүрэнгийн Жанчив-Ишт холбогдох 201606000303 дугаартай, 132/2017/0008/Э индекстэй эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Булган аймгийн Могод сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 2001 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Булган аймаг дахь сум дундын шүүхийн 177 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Булган аймаг дахь сум дундын шүүхийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймаг дахь сум дундын шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Хөхчин овогт Доржсүрэнгийн Жанчив-Иш /РД:ГЕ75112414/.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Жанчив-Иш нь 2016 оны 08 дугаар 16-ны өдөр Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутгаас Г.Мягмаржавын 1 тооны үхрийг хулгайлж 500000 төгрөгийн хохирол, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутгаас Б.Нэргүйгийн 1 тооны шүдлэн үхрийг хулгайлж 700000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/ ТОДОРХОЙЛОХ нь:

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

      Шүүгдэгч Д.Жанчив-Ишийн өгсөн: Мягмаржавын шүдлэн насны хар үхэр  манай үхэртэй цуг байхаар нь 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэрийнхээ гадаа авчирч нядлаад өөрийн машинаар Улаанбаатар хотруу авч явж Шонхор зах дээр 500,000 төгрөгөөр зарсан. Нэргүйгийн үхэр манай үхэртэй цуг явдаг, 2016 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнийн 04-05 цагийн хооронд хөмсөг цагаан улаан зүсмийн шүдлэн үхрийг гэрийнхээ гадна нядлаад Улаанбаатар хотод Шонхор зах дээр аваачиж зарсан 500000-600000 төгрөг болсон. Нэргүйд 750000 төгрөг, Мягмаржавд 600000 төгрөг өгч хохирол төлбөрөө төлсөн. Нэг үйлдэл нь хэрэгсэхгүй болсон гэж үзэж байгаа гэв.

      201606000303 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

      Хохирогч Г.Мягмаржавын өгсөн: .. Би 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутагт өөрийнхээ үхэрнээс 1 тооны хар зүсмийн шүдлэн насны ухам имтэй үхрээ хулгайд алдсан. Манай үхэр хулгайд алдагдсаны дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Жанчив-Иш өөрийнхөө машинтай хот явсан байсан. Тэгээд би Жанчив-Ишийг хот яваад ирэхээр нь чи Улаанбаатар хотын Эмээлт захын камерт бичигдсэн байна. Яагаад манай үхрийг хулгайлсан юм бэ гэхэд би үхрийг чинь хулгайлсан 500000 гаран төгрөг болсон гэж хэлсэн. Тэгээд 14 хоногийн дараа надад бэлнээр 600000 төгрөг өгч хохирлыг маань барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

      Хохирогч Б.Нэргүйгийн өгсөн: Д.Жанчив-Иш нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө манай 1 тооны шүдлэн үхрийг хулгайлан зарж борлуулсан. Миний хохирлыг барагдуулж 700000 төгрөгийг төлсөн. Бид эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдүүлэг /хх-180 тал/,

       Гэрч Д.Нармандахын өгсөн: ..би Д.Жанчив-Иштэй амьдраад 16 жил болж байгаа бөгөөд бидний дундаас 3 хүүхэд төрсөн. Манай нөхөр Могод сумын уурын зууханд ажиллаж гэр бүлээ тэжээдэг бөгөөд манайд мал гэх зүйл байхгүй. Г.Мягмаржавын малыг хулгайлсан талаар би мэдээгүй, нөхөр маань надад ямар нэгэн зүйл хэлдэггүй. Би хулгайн мал гэдгийг нь мэддэггүй байсан. Өөрөөс нь асуухаар чамд  хамаагүй гэдэг байсан. Миний хувьд хамтран оролцсон зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх 1, 139 тал/, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2, 143 тал/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-6 тал/,  хураан авах тогтоол, тэмдэглэл  /хх-9-10 тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-17 тал/, шинжилгээ хийлгэх тогтоол, Лэндс ХХК-ийн дүгнэлт /хх-34-35, 37-38, 40-41, 43-44, 154 тал/ шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 57-62 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65 тал/, 2001 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 177 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  Булган аймаг дахь сум дундын шүүхийн 133 дугаартай шийтгэх тогтоол, 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын шүүхийн 72 дугаартай шийтгэх тогтоол /ХХ-68-69, 71-72 тал/, хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт явуулах хугацааг  тогтоох тухай прокурорын тогтоол /хх-135 тал/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-138 тал/,  хохирогч нарыг дахин байцаасан тэмдэглэл /хх-179-180 тал/, ял өөрчлөн сонсгох тухай тогтоол /хх-181 тал/, яллагдагчийг дахин байцаасан тэмдэглэл /хх-182 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.

      Мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдаж, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт, шалтгааны талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.

Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Шүүгдэгч Д.Жанчив-Иш нь 2016 оны 08 дугаар 16-ны өдөр Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутгаас Г.Мягмаржавын 1 тооны үхрийг хулгайлж 500000 төгрөгийн, 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Булган аймгийн Могод сумын 5 дугаар багийн нутгаас Б.Нэргүйгийн 1 тооны шүдлэн үхрийг хулгайлж 700000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан болох нь хохирогч Г.Мягмаржав, Б.Нэргүй, гэрч Д.Нармандах нарын өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, алдагдсан малын үнэлгээг тогтоосон Лэндс ХХК-ийн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Д.Жанчив-Ишийн шунахайн сэдэлт бүхий хоёр удаагийн бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч захиран зарцуулсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн давтан үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж байна. Гэмт хэрэг давтан үйлдсэн гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, түүний нэг хэсэгт заасан гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа биеэ даасан эхлэл, төгсгөлтэй үйлдсэн байх бөгөөд өөрөөр хэлбэл нэг гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдэхийг хэлнэ. Шүүгдэгч Д.Жанчив-Ишийн хохирогч нарын үхрийг хулгайлах сэдэл, санаа зорилго тус тусдаа үүсч төгссөн,  тус тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай анийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад 1200000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Жанчив-Иш хохирогч Г.Мягмаржавт 600000 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 700000 төгрөгийг тус тус төлж  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан байна.

Шүүгдэгч Д.Жанчив-Ишт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Жанчив-Иш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн олс болон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 3000000 төгрөгийн үнэлгээ бүхий  Портер маркийн 39-81 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Монел маркийн 32 инчийн телевизор, гал тогооны улаан өнгийн тавилга зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2015 оны 12 дугаар   сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөхчин овогт Доржсүрэнгийн Жанчив-Ишийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Жанчив-Ишийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Жанчив-Иш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар нь санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдсугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн олс болон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисс-т даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар  Портер маркийн 39-81 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Монел маркийн 32 инчийн телевизор, гал тогооны улаан өнгийн тавилга зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолтыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жанчив-Ишт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     С.ЦЭРЭНХАНД