Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/03

 

******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

Прокурор Ш.Батсүх, шүүгдэгч ******* өмгөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Азжаргал нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж шийдвэрлэсэн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч ******* холбогдох 2117000000013 дугаартай 1 хавтас 228 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч*******гаргасан гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч ******* нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Эвз гэх газар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн О.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу малын бэлчээрээс үүдэн маргалдаж түүний нүүрэн тус газар мод /уургаар/-аар цохиж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт П М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт  шүүгдэгч ******* 57040 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 6 дугаар баг Эвз гэх газар оршин суух  М овогт О Д олгож, Хохирогч О.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, Шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Шүүх дүгнэхдээ шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг нотлоогүй. Мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь хэргээ хүлээсэн мэдүүлэг нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй учраас шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн байдаг. Дээрх дүгнэлтээс үзэхэд нэгдүгээрт шүүгдэгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой зааж чадаагүй учир, хоёрдугаарт яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь дангаараа яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутайг нотлох баримт болж чадахгүй гэдэг нь ойлгомжгүй. Шүүгдэгч санаатай хөнгөн хохирол учруулаагүй гэсэн үндэслэлээр шүүмжлэл явуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь ойлгомжгүй. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах ёстой гэдэг нь үндэслэлгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн байдлаа нотлох  үүрэг хүлээхгүй. Ямар нэгэн хэлбэрээр шүүгдэгч яллагдагч өөрийнхөө эсрэг ямар нэгэн мэдүүлэг өгөхгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг заах үүрэг байхгүй. Харин мэдүүлгийн эх сурвалжийг заах үүрэгтэй хүн нь хохирогч байгаа. Хохирогч нь шүүгдэгч ******* нь миний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэдгийг мэдүүлгийнхээ эх сурвалжаар нотлох ёстой байдаг. Харин хавтаст хэрэгт дурдсанаар хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэдэг нь нотлогдоогүй байдаг. Нөгөөтэйгүүр малчин хүний тээврийн хэрэгсэл нь морь байдаг. Тэгэхээр энэ хүн тээврийн хэрэгслээр малаа хариулаад оторт явж байсан. Д юу гэж хэлдэг вэ? гэхээр би олон жил мал малласан, морь унасан хүн. Тиймээс уургаар цохиход ийм гэмтэл учрахгүй хөнгөн гэмтэл учирна гэж ярьдаг. Үүнээс үзэхээр шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл унаж явсан. Авто тээврийн ослын улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бол санаатай, гайгүй гэмтэл учирсан бол хөнгөн гэмтэл учирна гэж хэлээд байгаа мэт надад сонсогдоод байгаа. Тэгэхээр машин бол нэг хэрэг, авто техник бол нэг хэрэг. Харин адгуус гэдэг бол өөр хэрэг. М унаж явсан морийг Д үргээсэн байдаг. Морийг үргээснээс болж жолоодлогоо алдсан учраас унахгүйн тулд хичээсэн. Тэрнээс үүдэн уургаараа хаашаа яаж савж байгаагаа мэдээгүй, Д цохисон байдаг.  Д чи миний нүүрийг цохичихлоо гэхэд би санамсаргүй цохичихлоо уучлаарай гэж М хэлсэн гэдгийг Д хавтаст хэрэг өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэлсэн. Эдгээр байдлаас аваад үзэхээр бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулаагүй. Харин ямар нэгэн байдлаар цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ санаатай цохиогүй гэдгээ хэлдэг. Нөгөөтэйгүүр уурга гэдэг нь адуучин хүнд маш их хэрэгцээтэй эд зүйл. 6-7 алд гэдэг нь 8 метр орчим урт уурга байсан. Харин Д  1 метр урттай шилбүүрний үзүүрт шуудай уясан байсан салбагар цагаан зүйлээр дохиод морь үргэсэн нөхцөл байдал үүссэн байх боломжтой. Амьтан болгон эд зүйлээс үргэхгүй, булгихгүй гэсэн зүйл байхгүй амьтан болгон өөрийн гэсэн араншинтай байдаг учраас морь тэр араншингаа хөдөлгөж урагшаа давхисан нөхцөл байдлаас үүдэж хөнгөн гэмтэл учруулсан. Тиймээс гэм буруугүйгээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг сонслоо. Шүүгдэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Эвз гэх газар иргэн О.Д хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу малын бэлчээрээс үүдэн маргалдаж улмаар Д мотоциклтой цааш хөдлөхөд дуудан нүүрэн тус газар нь уургаар цохиж хөнгөн хохирол учруулсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн бодит байдлыг нотлох байдал хүлээхгүй  гэж заасан байдаг бөгөөд өмгөөлөгч нь гагцхүү М мэдүүлгийг үндэслэж энэ хүн гэмт хэрэг үйлдээгүй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Гэтэл эсрэгээрээ гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд зааснаар  хохирогчийн эрх, үүргийг тайлбарлан, мөн Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийг сануулаад авахад мэдүүлэг авахад 2020 оны 12 дугаар  сарын 29-ний орой 19-20 цагийн орчимд нөгөө хүмүүс манай гэрийн урдуур адуугаа бэлчээгээд байхаар нь манай гэрээс зүүн тийшээ 500 орчим км байх адуун дээр нь очиход М гэх 30 орчим насны залуу морь уначихсан гартаа 5 алд орчим уурга барьсан байсан. Би тухайн үед өөрийнхөө мотоциклтой ганцаараа очсон бөгөөд тэр залуу дээр очоод мотоциклийнхоо гэрлийг болон мотоциклоо унтраагаад тухайн залууд хандан миний дүү одоо адуугаа аваад яв 2-3 хоног манай гадуур идүүлээ гэх утгатай зүйл хэлэхэд М гэх залуу адуугаа аваад явж байна гэж нилээн ууртай хэлсэн. Тэгэхээр би юм хэлэхгүйгээр мотоциклоо болон гэрлээ асаагаад зүүн хойшоо хараад зогсож байхад нөгөө залуу зүүн гарт талд морьтойгоо зогсож байгаад дөнгөж хөдлөх гэж байхад хөөе чи яасан их адуу үргээдэг пязда вэ? гэж хэлээд уургаараа миний баруун нүд хамар дээгүүр нэг удаа хүчтэй цохисон гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч А мэдүүлэг байдаг. Д гэрээсээ гарч явахад нүүр нь зүгээр байсан,  Д явахад 21 цаг өнгөрч байсан.  Гэрээсээ гараад нилээн удсан. Д гэрт ирэхэд баруун талын нүдний дээд талын зовхи нь доошоо унжсан байсан учраас чиний наад нүд чинь яасан юм бэ? гэж асуухад адуун дээр байгаа залууг адуу малаа цаашлуул гэж хэлээд мотоциклтойгоо хөдлөхөд нөгөө залуу барьж явсан уургаараа цохисон гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч М мэдүүлэг адуу дээр байсан залуу цохисон гэх мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч М мэдүүлэхдээ 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байх үед 11 цаг 15 минутад О.Д гэдэг хүн нүдний гэмтэл авсан гээд цаг аваад үзүүлэх  гэж орж ирсэн. Тухайн хүнд нүдний үзлэг хийхэд баруун нүдний ухархай хэсэгт эмзэглэлтэй, дээд зовхи хөхөрч хавдсан, нүдний салстын доод хэсэгт цус хурсан, хамрын нуруу хэсэгт шалбарсан шархтай эмзэглэлтэй байсан. Тэгээд тухайн ухархайн гавал яс 2 байрлалаар  авсан рентген зураг дээр хамрын таславч бага зэрэг мурийсан, хамрын хянга яс хугарч дотогшоогоо бага зэрэг зөрсөн ухархайн ясанд өөрчлөлтгүй гэсэн рентген эмч Т  заалттай бичигдэж ирсэн. Болсон зүйлийн талаар тодруулахад 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хөдөө гэрийнхээ орчим 20 цагийн үед хүнд зодуулсан  гэж хэлсэн гэх мэдүүлэг. Мөн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 24 дугаартай О.Д биед хамрын хянга ясны зөрүүтэй  хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсэн байх боломжтой шинэ гэмтэл  байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтүүд зэргээр ******* нь адууны бэлчээрээс болон О.Д адуугаа цаашлуул гэж хэлэхэд адуу үргээлээ гэх шалтгаанаар уургаар нүүрэн дундуур нь цохиж гэмтэл учруулсан үйл явдал тогтоогддог тул анхан шатны шүүхийн 2021оны 02 дугаар сарын 22-ны 11 дугаартай шийтгэх тогтоолоор ******* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ

Шүүгдэгч ******* нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Эвз гэх газар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн О.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу малын бэлчээрээс үүдэн маргалдаж түүний нүүрэн тус газар мод /уургаар/-аар цохиж түүний бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгчийн: ... гэм буруугүйгээр бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хэргийн нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд гэрч Х.М, Ц.А нарын ‘’... адуу хөөлөө гээд намайг зодчихлоо’’, ‘’... барьж явсан уургаараа цохьчихлоо’’  гэсэн мэдүүлгээр шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож байна гэж үзсэн нь буруу биш байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                            ШҮҮГЧИД                              Х.БАЙГАЛМАА

                                                                                           О.ОДНЯМАА