Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/170

 

2025       04         03                                          2025/ШЦТ/170

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,

улсын яллагч Ц.Л,

шүүгдэгч П.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн  шүүгдэгч П.Б-д холбогдох эрүүгийн 2525000000101 дугаартай хэргийг 2025 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,

Б овогт П-ийн Б /РД; ************/,

Шүүгдэгч П.Б нь;

2025 оны 2 дугаар сарын 01-ний шөнө 23.00 цагийн орчим согтуурсан үедээ ********** аймаг **** *** сум ******* баг “*******” хороолол ********* тоот гэртээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хадам дүү Г.А-ыг зодож,

эрүүл мэндэд нь “нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч П.Б “...Тухайн үед би эрүүл байсан, А өөрөө над руу агсарч дайрсан, “манай эгч чамаас салж байгаа, одоо өөр нөхөртэйгээ явж байгаа.” гэсэн. Миний хувьд цохих нь цохисон, миний араас боохоор нь тохойгоороо хоёр удаа цохисон.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогч Г.А-ын “...Би 2025 оны 2 дугаар сарын 01-ний орой 20.00 цагийн  үед хоёр найзтайгаа уулзаад 3-4 лааз пиво уусан, шөнө 00 цагийн үед гэртээ харьсан чинь манай эгчийн салсан нөхөр Б согтуу...“танай эгч чинь янхан”, “гичий” гэх мэтээр хэлээд байсан. ...би “та зүгээр байгаарай” гэж хэлсэн чинь “чам шиг бацаанд дээрэлхүүлэхгүй шүү” гээд толгойны дагз хэсэг рүү цохисон, ...би газар уначихсан чинь дээрээс цохиод, хутга барьчихаад далайгаад байсан. ...толгойн дагз хэсэг хавдартай байгаа, хамар, баруун нүд хавдсан, чих хугарсан, баруун мөр, баруун хөл, ташаа хэсэг өвдөөд байгаа. ...Миний сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, сэтгэцийн хор уршиг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-11 дэх тал/,

гэрч Г.З-ийн “...салсан нөхөр Б 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүүхдүүдтэйгээ уулзах гээд Улаанбаатар хотоос ирсэн, би 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг явсан хойгуур Б 2025 оны 2 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө архи уугаад манай дүү Аыг зодож, гэмтэл учруулсан байсан тул цагдаад хандсан. ...Сэлэнгээс ирж явсан чинь манай том охин М над руу залгаад “аав согтуу хутга бариад, “А, ээж хоёрыг чинь ална” гээд байж байна” гэж чат бичсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Б.М-ийн “...2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр манай ээж З Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу хүнтэй наймаанд явсан байсан. Манай аав Улаанбаатар хотоос ажлаасаа ирээд 10 гаруй хоносон байсан ба энэ хугацаандаа гэртээ бага зэрэг архи уучихдаг байсан, ...2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр манай аав гэртээ байхдаа бид нарт мэдэгдэхгүй архи уучихсан, нэлээн согтсон байсан, унтах гээд байж байсан чинь 23.00 цаг өнгөрч байхад манай ээжийн дүү А ах гаднаас бас согтуу орж ирээд цүнхнээсээ юм аваад гарах гэж байсан ба аав түүнд “чи манай гэрт согтуу орж ирдэг хэн бэ” гэсэн тэгтэл А ах “та ч гэсэн согтуу байгаа биз дээ” гээд тэр хоёр хэрэлдэж байгаад, манай аав А ахыг барьж аваад гараараа нүүр болон толгой хэсэгт нь цохиж зодсон, А ахын хамраас нэлээн их цус гарсан, аав маань гартаа хутга бариад “чамайг ална” гэсэн   тэгэхээр нь би орилсон чинь аав хутгаа газар хаячихсан, тэгээд А ах гараад зугтаасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаартай; “...Г.А-ын биед нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. Зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

хохирогч Г.А-ын;

Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

шүүгдэгч П.Б-ы;

иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 64 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дэх тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн П.Б-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч П.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч П.Б-ы “...Миний хувьд цохих нь цохисон, миний араас боохоор нь тохойгоороо хоёр удаа цохисон.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хохирогч Г.А-ын “...манай эгчийн салсан нөхөр Б согтуу...“танай эгч чинь янхан”, “гичий” гэх мэтээр хэлээд байсан. ...би “та зүгээр байгаарай” гэж хэлсэн чинь “чам шиг бацаанд дээрэлхүүлэхгүй шүү” гээд толгойны дагз хэсэг рүү цохисон, ...би газар уначихсан чинь дээрээс цохиод, хутга барьчихаад далайгаад байсан. ...толгойн дагз хэсэг хавдартай байгаа, хамар, баруун нүд хавдсан, чих хугарсан, баруун мөр, баруун хөл, ташаа хэсэг өвдөөд байгаа.” гэх,

гэрч Г.З-ийн “...би 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймаг явсан хойгуур Б 2025 оны 2 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө архи уугаад манай дүү Аыг зодож, гэмтэл учруулсан байсан тул цагдаад хандсан. ... Сэлэнгээс ирж явсан чинь манай том охин М над руу залгаад “аав согтуу хутга бариад, “А, ээж хоёрыг чинь ална” гээд байж байна” гэж чат бичсэн.” гэх,

насанд хүрээгүй гэрч Б.М-ийн “...манай ээжийн дүү А ах гаднаас бас согтуу орж ирээд цүнхнээсээ юм аваад гарах гэж байсан ба аав түүнд “чи манай гэрт согтуу орж ирдэг хэн бэ” гэсэн тэгтэл А ах “та ч гэсэн согтуу байгаа биз дээ” гээд тэр хоёр хэрэлдэж байгаад, манай аав А ахыг барьж аваад гараараа нүүр болон толгой хэсэгт нь цохиж зодсон.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 293 дугаартай, “...нүүрэнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээнд цус хуралт нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирол тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт болон хохирогч Г.А-ын Орхон аймгийн Цагдаагийн газар гаргасан өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.

Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хохирол, хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хохирол хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилж хамгаалагдсан эрхийн эсрэг хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас шууд учирсан гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.

Шүүгдэгч П.Б-ы хүний мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрсөн үйлдэл нь,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалгаант холбоотой байна.

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч П.Б-ы үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч П.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Б-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан болон  эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой зэрэг хувийн байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,

          шүүгдэгч П.Б-ы Улаанбаатар хотод барилгын ажил хийж эхнэр, хүүхэддээ тус нэмэр болдог тул торгох ял оногдуулна уу.” гэсэн саналыг тус тус харгалзан,

          “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.  

Шүүгдэгч П.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Хохирогч Г.А-ын “...Эмчилгээнд мөнгө зарцуулаагүй, П.Б ах надаас уучлалт гуйсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цаашид гаргах ямар нэг санал, хүсэлт байхгүй. …Шүүх хуралд оролцохгүй.” гэсэн хавтаст хэргийн 10 дахь тал авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт П-йн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

          дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э