2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1515

 

 

 

 

 

 

 

 

 

    2025         6         04                                    2025/ШЦТ/1515

 

 

                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,  

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,  

шүүгдэгч Д.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овгийн Д-ын Иид холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Д.И нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *************замд байрлах ****** тоотод хохирогч Л.Гтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гуя тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь баруун гуяны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Найз урдаас ирээд “хүүхэд чинь чихэр авчирсан, ирж ав” гэсэн. Тэгээд авах гэж очоод нэг шил архи хувааж уугаад хүүхдийнхээ чихэрийг аваад буцаад явж байсан чинь Г ахтай таарса. Ах нэг шил архи аваад өгөөч гэхээр нь одоо мөнгө алга гэртээ ороод эхнэрээсээ аваад өгье гэж хэлсэн. Гэртээ ороод эхнэрээсээ мөнгө аваад нэг шил архи авч өгсөн. Архи гэртээ оруулж ирж хамт хувааж уусан. Орой нь би ариун цэврийн өрөөнөөс гарчихаад ороод ирсэн чинь эхнэрийг минь илээд байсан. Тэгээд миний уур хүрээд тийм үйлдэл гаргасан байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

Эрүүгийн ************* дугаартай хэргээс:

Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14-р хуудас/, хохирогч Л.Гийн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, гэрч П.Бий мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, гэрч М.Дгийн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2605 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-34-р хуудас/, Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 94 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 49-65-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.И нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Д.Иид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.И нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1.Гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Д.И нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *************замд байрлах ******тоотод хохирогч Л.Гтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гуя тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь баруун гуяны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

- Иргэн П.Бий анх Цагдаагийн байгууллагад хандаж гаргасан: “2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ***********ны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ хотхоны нийтийн барыны 24 тоотод П.Г нь үл таних хүнд хутгалуулсан гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-р хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол “бор өнгийн бариултай 1 ширхэг хутга” /хх-ийн 14-р хуудас/,

- Хохирогч Л.Гийн:  “...Би 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр бага зэрэг согтолттой явж байхад Д.И нь зам дээр таараад надад архи авч өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д.Иийг дагаад түүний байрладаг ***********ны нутаг дэвсгэрт байрлах Сэлбэ хотхоны зам дагуу байрдах цэнхэр өнгийн 2 давхар ******тоотод очсон. ...Би, Д.И, Д.Иийн эхнэр, сохор өвгөн Даваа нарын хамт “Хараа” нэртэй 0,75л хэмжээтэй архи уусан. Бид нар бүгд тус архинаас адилхан хэмжээтэй уусан. ...Би архи ууж байгаад юу ч санахаа больчихсон. Нэг мэдсэн миний хүзүүнээс боочихсон намайг багалзуурдаад байж байсан. Тэгэхээр нь би шууд Д. Иийн гэрээс гараад явсан. Би үүний өмнө болсон үйл явдлыг санахгүй байна. Би тэндээс гарч яваад шууд гэртээ очсон. ...би эмнэлэгт очоод баруун хөлний гуяны хэсэгт хутгалуулсан байгааг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

- Гэрч П.Бий: “...манай аав Г гаднаас согтуу хүнд зодуулсан, баруун гуянаас нь цус гарсан байдалтайгаар орж ирсэн. Аав Гийг ороод ирэхээр нь юу болсон талаар нь асуухад тодорхой яриагүй. Аав Г нь архи уухаараа муухай ааштай болохоор муухай аашлаад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд би цагдаа дуудаж эмнэлэгт хандсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

- Гэрч М.Дгийн: “...Би сэргээд харахад буйдан болон урд талааp шалны хэсэгт цус болсон байсан ...надад Д.И ярихдаа Х.Г нь миний биед хүрээд байсан тийм болохоор уурлаад Х.Гийг нэг цохиод тэгээд уурандаа хутгалчихсан. Тэгээд гэрээс зугтаад явсан гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2605 дугаартай: “Л.Гийн биед баруун гуяны шарх, зүүн хөмсөгт өнгөц зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун гуяны шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зүүн хөмсөгт өнгөц зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо үйлийн 1-2 нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өндөр үүсгэгдсэн байх боломжтой. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-34-р хуудас/,

- Цэргийн төв эмнэлгийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 94 Дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 49-65-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүх хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Иймд хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Д.И нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *************замд байрлах ******тоотод хохирогч Л.Гтэй тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гуя тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь баруун гуяны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Шүүгдэгч Д.И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

   1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Л.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Г нь хохирол нэхэмжилсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Д.И нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Л.Г нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” саналыг гаргасан.

Шүүх шүүгдэгч Д.Иид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа хүрэлцэн ирээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас санаатайгаар оргон зайлсан болон түүний хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

            Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

            Шүүгдэгч Д.Иид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 13 /арван гурван/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг хугацааг 346 /гурван зуун дөчин зургаан/ цагаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.И нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суугаа газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 13 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Иид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга – 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  З овгийн Д-ын Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Иийг 450 /дөрвөн зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 13 /арван гурван/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч, түүний нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг хугацааг 346 /гурван зуун дөчин зургаан/ цагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Иид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.И нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 13 /арван гурван/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга – 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Иид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ОЧБАДРАХ