Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

2025      04          07                                          2025/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Т.Т,

хохирогч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Г,

шүүгдэгч Г.Н, өмгөөлөгч М.М,

шүүгдэгч Ж.М, өмгөөлөгч Ц.М,

шүүгдэгч Б.Ш, өмгөөлөгч У.Т,

шүүгдэгч Г.А, өмгөөлөгч О.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-д,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325004050062 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, урьд;

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Ц овогт Г-н Н /РД; **********/,

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, 

          Т овогт Ж-ийн М /РД; **********/,

          Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, 

          С овогт Б-ы Ш /РД; **********/,

Монгол Улсын иргэн, урьд;

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн,

З овогт Г-ийн А /РД; **********/,

Шүүгдэгч Г.Н, Ж.М, Б.Ш, Г.А нар урьдчилан үгсэн тохиролцон, санаатай нэгдэж Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тус үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрт авто өөрөө ачигчийн жолооч ажилтай Г.Нд өдөрт олгодог 15л дизель түлшнээс хуримтлуулсаар илүү гарсан хоёр ширхэг төмөр торх буюу 445л дизель түлшийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрийн бүсийн 1-р шалган нэвтрүүлэх постоор тус үйлдвэрийн эзэмшлийн **-**ОРХ улсын дугаартай “Hyundai Mighty” /Хьюндай Маяти/ загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн гаргаж, хохирогчид бага хэмжээнээс дээш 1.597.550 төгрөгийн хохирол учруулсан буюу  “бусдын эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч нар “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г “...шүүгдэгч нар 597.550 төгрөг төлж байгууллагыг хохиролгүй болгосон тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Гын “...Манай үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн сэрээт ачигч машины жолооч Г.Н 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрийн бүсээс бусадтай бүлэглэн, үйлдвэрийн тээврийн хэрэгслийг ашиглаж хоёр ширхэг төмөр торх буюу 445л дизель түлш хулгайлж авч явсныг цагдаагийн байгууллага илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. **-**ОРХ дугаартай “Hyundai Mighty” загварын тээврийн хэрэгсэл манай үйлдвэрийн Сэлэнгэ амралт аялал жуучлалын газрын өмчлөлд байдаг тээврийн хэрэгсэл юм. ... “Эрдэнэт үйлдвэр”-т ашигладаг техникүүдийн масло, тосыг моторын цагаар тооцож, хугацаа нь болохоор сольдог, сольсон масло, тосолын хаягдлыг хаягдлын цэг дээр цуглуулж, хаягдал тос, масло, тосол зэргийг хийдэг том ёмкост руу хийгээд дүүрэхээр нь гэрээтэй аж ахуйн нэгжүүдэд өгч устгуулдаг. ...Манай байгууллага стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн ашигладаг болохоор дүгнэлтээр тогтоогдсон маслыг дахин ашиглах боломжгүй, энэ нь хаягдал масло гэж ойлгож болно. ...Тосол, маслыг нэхэмжлэх шаардлагагүй хаягдал болох нь тогтоогдсон,  харин хоёр торхтой дизель түлшийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 85-86, 151 дэх тал/,

          гэрч Л.Б-ын “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11.00 цагийн орчим найз М залгаад “ачаанд явах уу” гэж асуусан, “Баянцагаан багийн “Бамбай” хамгаалалтын газрын ард талын хашаанд хүрээд ир” гэсэн, би өөрийнхөө **-**ОРО улсын дугаартай “Kia Bongo-3” загварын тээврийн хэрэгсэлтэй очиход тэнд байсан эрэгтэй хүн “машинаа цагаан өнгийн бүхээгтэй машины ачаа хэсэг рүү ухраагаад зогсоочих” гэж хэлсэн. Би тээврийн хэрэгслээ ухрааж байрлуулаад байж байхад тухайн хашаа руу цагдаа орж ирээд намайг “явж болно” гэж хэлэхээр нь би явсан. ...Би эд зүйл зөөгөөгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал/,

гэрч Б.Г-ийн “...миний ажиллаж байсан хамгаалалтын 2-р тасагт дэд ахлагч Г.А гэж албан хаагч байсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын автомашин шалган нэвтрүүлэх 1-р пост дээр дэд ахлагч Г.А харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

гэрч Г.А-ийн “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шалган нэвтрүүлэх дөрвөн пост байдаг, автын шалган нэвтрүүлэх 2-р постоор бараа, материал шалгуулж орж, гардаг, бусад постуудаар бараа материал гардаггүй. Бараа материал гаргахдаа “Бараа материал, эд зүйлс авч гарах зөвшөөрөл”-ийн хуудастайгаа шалган нэвтрүүлэх 2-р пост дээр ирэхээр нь алба хаагчид хуудас дээр бичигдсэн бараа материалыг тулгаж үзээд, зөвшөөрлийн хуудсыг авч үлдээд шалганаар гаргадаг, зөвшөөрлийн хуудасгүй бараа материал гарах боломжгүй. ...Шалган нэвтрүүлэх 1-р постоор бараа материал гарах ёсгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 160 дахь тал/,

гэрч Н.Э-ын “...тухайн өдөр үдээс өмнө 10.00 цаг өнгөрч байх үед Н бид хоёр тамхилах гэж байхад дотоод тээврийн хэсгийн урд талын төмрийн хаягдлын хажууд бүхээгтэй цагаан өнгийн ачааны машин ирсэн, Н сэрээт өргөгчөө жолоодоод бид хоёрт, “машин контейнер хоорондын зайг хараад өг” гэхээр нь бид хоёр зайнаас харж, хэлж өгсөн. Сэрээт өргөгчний контейнер дотор торхтой юм байсан, тэр торх дотор юу байсныг мэдээгүй. Тэгээд юм өгчихөөд Н тухайн машинд өөрөө суугаад явчихсан. ...тэр машины жолооч эрэгтэй машинаасаа бууж Нтэй ярьж байгаад хөдлөөд яваад өгсөн, үдээс хойш дарга нар Н-г “цагдаад баригдсан байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,

гэрч С.Н-гийн “...Эрдэнэбаяр бид хоёр тамхилж байхад Н сэрээт өргөгчийн хажуугаас бид хоёрыг дуудаад “өргөгчийн контейнер, машин хоорондын зайг хараад өгөөч” гэхээр нь бид хоёр зайнаас харж өгсөн, контейнерт 2-3 торхтой юм харагдсан. ...Ажил дээр өдөр нааш, цааш юм зөөж байдаг болохоор ажлаа хийж байна гэж бодсон. ...орой ажлаас буух гэж байхад хүмүүс Н-г “цагдаад баригдаад байцаагдаж байна” гэж ярьж байсан. ...Гадагшаа юм авч гарах гэж байна гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 164 дэх тал/,

гэрч Т.Н-ийн “...белазнд ашигласан тос, масло, шингэнийг солиод дахин ашиглах боломжгүй, аюултай хог хаягдал учраас төмөр торхнуудад хийгээд хураадаг, хураасан тос, масло, тосолын хаягдлыг цуглуулж байгаад 50тн багтаамжтай том ёмкость руу шилжүүлж торхнуудаа сулладаг, харин тосолыг торхтой нь хурааж байгаад байгаль орчны хэлтэс устгадаг. Гэхдээ ойрын үед устгаагүй, тэнд их удсан тосолууд байгаа байх, тухайн цэг дээр дахин ашиглах боломжтой масло, тосол байхгүй. Учир нь засварын хэсгийнхэн өөрсдөө сольсон масло шалгаад, дахин ашиглах боломжгүй хаягдлаа тухайн цэг рүү хүргүүлдэг. Манай үйлдвэрийн техник температур нь багассан маслыг дахин ашиглах боломжгүй, техникүүдийн маслыг солихдоо зөвхөн шинэ масло хийж сольдог.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 166 дахь тал/,

гэрч Т.Б-ын “...Миний бие 2020 оны 9 дүгээр сараас хойш Дотоодын цэргийн 816-р ангиад ажиллаж байна, 2023 оны 10 дугаар сарын 25-ны “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын автын шалган нэвтрүүлэх 1-р пост дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан, харин надтай хамт Г.А нэмэгдлээр 8 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Би 12.00 цагийн орчим пост дотор, харин Г.А гадна үүрэг гүйцэтгэж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 170 дахь тал/,

гэрч Ё.О-ийн “...Ажлын өдөр 15л түлш жолооч Г.Н-д болон жолооч нарт өгдөг, үүний дагуу 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15л түлш авах замын хуудсыг нээж өгсөн, замын хуудсаа аваад 202-р агуулахаас түлшээ авдаг. Түлш өгөхдөө өдөрт хийсэн ажлыг нь харгалзаж үздэггүй, ажлын өдөр авах ёстой нормоо авдаг. Г.Н түлшний савнаас түлш авах боломжтой, хуудсаа харуулаад цаанаас эрх бүхий ажилтан түлшийг хийж өгдөг, өөрсдөө түлшээ авах боломжгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 84 дэх тал/,

Г.Н-гийн яллагдагчаар өгсөн “…Миний бие “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дотоод тээврийн хэсэгт сэрээт ачигч /поны/ жолоочоор 2019 оны 8-р сараас ажиллаж байна. Манай ажлаас өдөрт 15л дизель түлш өгдөг, зарим ажил ихтэй үед дуусдаг, ажил бага үед үлдээд дараа өдөр дээр нь нэмээд 15л түлш хийгээд байдаг байсан. 2023 оны 1-р сараас поны түлшний банк дүүрэхээр нь үйлдвэрийн хог дээр хаясан төмөр торх авч ирээд төмрийн хогийн цэг дотор тавьж байгаад банктай түлшээ тэр торх руу хийсэн, долоо хоногтоо нэг удаа төмөр торхонд нэмж хийгээд цуглуулж байгаад 2023 оны 7-р сард хоёр торх дүүрсэн байсан. Би 2023 оны ээлжийн амралтаа авч амраад 8-р сард ажилдаа ороод үйлдвэрийн хогийн цэг дээрээс ажилласан хоёр торх тосол, нэг торх масло авч ирж нөгөө түлшнийхээ дэргэд тавиад нийт 5 торх бэлдсэн байсан. Хэрэг болдог өдөр өөрийн хэсгийн жолооч Б.Ш-гээс утсаар “торхтой тосол, масло гаргах машин байна уу” гэж асуутал “би утсаар яриад хүнээс асуугаад хэлье” гэсэн, тэгээд удалгүй эргэж залгаад “**-**ОРХ улсын дугаартай “Hyundai Mighty” очно” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал/,

          Б.Ш-гийн яллагдагчаар өгсөн “…2023 оны 10 сард...ажил дээр ирээд байж байтал манай хэсгийн жолооч Г.Н миний дугаар луу өөрийнхөө дугаараас залгаад “ажилласан масло, тосол гаргах гэсэн юм, машин байна уу” гэхээр нь би “асууж үзье” гээд хоолонд явж байхдаа хүнс зөөдөг машины жолооч ахын утасруу залгаад “манай хэсгийн жолооч ажилласан масло, тосол гаргуулах гээд байна, та очоод өөртэй нь уулзаад үзээч” гэж хэлээд тасалсан. Тэгээд би 1-р постын цагдаа А-ын утасруу залгаад “Н ах ажилласан масло, тосол гаргая гээд байна, чи гаргах уу” гэтэл өөдөөс “бичиг баримт нь бүрэн юм уу” гэж асуусан, тэгэхээр нь би “асуугаад хэлье” гээд Н рүү залгатал утсаа таслаад байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 234 дэх тал/,

Ж.М-гийн яллагдагчаар өгсөн “…2023 оны намар санагдаж байна, ... ажил дээрээ байж байтал үйлдвэрийн жолооч Ш миний дугаарлуу залгаад “үйлдвэрээс гаргах бичиг нь бүрэн юм байна, гаргаад өгөөч, унаа олдохгүй байна” гэсэн, би “хаана очих юм” гэхэд “дотоод тээвэр дээр хүрээд ир” гэсэн, би өөрийн унадаг ажлын **-**ОРХ улсын дугаартай “Hyundai Mighty” загварын машинаа асаагаад дотоод тээвэр дээр очтол Н тэвшний хаалга онгойлгоод поогоор хэдэн төмөр торхтой юм ачсан. Тэгээд миний машинд суугаад “за явья, 1-р постоор гарья” гэсэн, тэгээд 1-р пост дээр иртэл...А цагдаа гарч ирээд “яв, яв” гээд модоороо дохисон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/,

Г.А-ын яллагдагчаар өгсөн “…2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1-р шалган нэвтрүүлэх пост дээр өдрийн 8 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Ш өөрийн дугаараас миний дугаарлуу 10.00 цагийн орчим залгаад “манай ах ажилласан масло авах гэж байгаа юм, бичиг гэхгүй гаргаад өгөөч” гэсэн, “ямар савтай юм, хэр их хэмжээний юм” гэсэн чинь “асуугаад эргээд хэлье” гэсэн, би “манай үүгээр торхтой юм гаргахгүй шүү, наадах чинь бүтэхгүй, дарга нар ирчихсэн байна.” гээд утсаа тасалсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал/,

мөрдөгч А.М-ийн “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан дизель түлш хулгайлан, үйлдвэрийн бүсээс зөвшөөрөлгүй гаргасан байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 68 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Бамбай” харуул хамгаалалтын газрын ертөнцийн зүгээр ард талд байрлах том тэрэгний түр зогсох зориулалт бүхий хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 70, 71-72 дахь тал/,

Г.Н-гийн “GalaxyA13” загварын гар утсанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 75, 76-79 дэх тал/,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эзэмшлийн **-**ОРХ улсын дугаартай “Hyundai Mighty” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал/,

Б.Ш-гийн гар утасны дуудлага болон илгээсэн мессежний лавлагаа, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 100-105, 111 дэх тал/,

Г.Н-гийн гар утасны, Ж.М-гийн гар утасны 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд хийсэн дуудлага болон илгээсэн мессежний лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 106-110 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дотоод тээврийн хэсгийн гадна талбайд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 134, 135-138 дахь тал/,

Эд мөрийн баримт болох хажуу дээд хэсэгтээ “Gozpromenet+205L” гэх бичигтэй цагаан өнгийн хоёр ширхэг төмөр торхтой, дээд тагны хажуу хэсэгт “Cummins” гэх бичигтэй уг бичвэрийн доод хэсэгт “200L” гэх бичигтэй дээд болон доод хэсэг нь цагаан өнгөтэй гол хэсэг нь хөх өнгөтэй хоёр ширхэг төмөр торхтой, хажуу талдаа “Avista” гэх цагаан бичигтэй хар өнгийн төмөр торхтой түлш мэт зүйлийг битүүмжилсэн Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1 дэх хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Гал түймэр унтраах аврах 68 дугаар ангийн авто гарашийн хойд талд байх 5 ширхэг төмөр торхтой эд зүйлд үзлэг хийж, шинжилгээнд зориулж дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 141-143, 144-147, 148-149 дэх тал/,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 1/146 дугаартай албан бичгийн хавсралт “...1 ба 2 дугаартай дээжүүд нь дизель түлш мөн, 3 дугаартай дээж нь тосол биш, 4 дугаартай дээж нь тосол мөн боловч устай холилдсон бохирдолтой байв. Харин 5 дугаартай дээж нь моторын тос мөн болох нь тогтоогдов. 1 ба 2 дугаартай дээжүүд нь ус, механик хольцгүй, ...дахин ашиглах боломжтой, харин 3, 4 дугаартай дээжүүд нь усны агуулгатай, царцах температур багатай учир дахин хэрэглэж болохгүй. Масло гэх 5 дугаартай дээж нь тосолгооны материал мөн боловч царцах температур нь маш бага байгаа учир өвлийн улиралд дахин ашиглах боломжгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 194-197 дахь тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 24-252 дугаартай; “...Шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 1.597.550 /нэг сая таван зуун ерэн долоон мянга таван зуун тавин төгрөг.” гэсэн дүгнэлт, үнэлгээний тооцоо /1 дэх хавтаст хэргийн 219-222 дахь тал/,

шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч нараас гаргаж өгсөн 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хохирол, төлбөрт 1.597.550 төгрөг төлсөн баримт,

шүүгдэгч Г.Н-гийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 116 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 118 дахь тал/,

Орхон аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 10 дугаар  сарын 04-ний өдрийн 204 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал/,

шүүгдэгч Ж.М-гийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 11 дэх тал/,

шүүгдэгч Б.Шгийн;

иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 41 дэх тал/

шүүгдэгч Г.А-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 42 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 178-182 дахь тал/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нараас, мөн  Г.Н, Ж.М, Б.Ш, Г.А нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Н, Ж.М, Б.Ш, Г.А нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Баяжуулах үйлдвэрийн сэрээт ачигч машины жолооч Г.Н 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдвэрийн бүсээс бусадтай бүлэглэн, үйлдвэрийн тээврийн хэрэгслийг ашиглаж хоёр ширхэг төмөр торх буюу 445л дизель түлш хулгайлж авч явсныг цагдаагийн байгууллага илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.” гэх,

гэрч Л.Б-ын “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11.00 цагийн орчим найз М залгаад “ачаанд явах уу” гэж асуусан.” гэх,

гэрч Б.Г-ийн “...шалган нэвтрүүлэх 1-р пост дээр дэд ахлагч Г.А харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан.” гэх,

          гэрч Г.А-ийн “...Шалган нэвтрүүлэх 1-р постоор бараа материал гарах ёсгүй.” гэх,

гэрч Н.Э-ын “...дотоод тээврийн хэсгийн урд талын төмрийн хаягдлын хажууд бүхээгтэй цагаан өнгийн ачааны машин ирсэн, ...тэр машины жолооч эрэгтэй машинаасаа бууж Н-тэй ярьж байгаад хөдлөөд яваад өгсөн, үдээс хойш дарга нар Н-г “цагдаад баригдсан байна” гэж хэлсэн.” гэх,

гэрч С.Н-гийн “...контейнерт 2-3 торхтой юм харагдсан. ...орой ажлаас буух гэж байхад хүмүүс Н-г “цагдаад баригдаад байцаагдаж байна” гэж ярьж байсан.” гэх,

гэрч Т.Б-ын “...2023 оны 10 дугаар сарын 25-ны “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын автын шалган нэвтрүүлэх 1-р пост дээр харуулын үүрэг гүйцэтгэж байсан, ...Би 12.00 цагийн орчим пост дотор, харин Г.А гадна үүрэг гүйцэтгэж байсан.” гэх,

гэрч Ё.О-ийн “...Ажлын өдөр 15л түлш жолооч Г.Н-д болон жолооч нарт өгдөг.” гэх,

Г.Н-гийн яллагдагчаар өгсөн “…Хэрэг болдог өдөр өөрийн хэсгийн жолооч Б.Ш-гээс утсаар “торхтой тосол, масло гаргах машин байна уу” гэж асуутал “би утсаар яриад хүнээс асуугаад хэлье” гэсэн, тэгээд удалгүй эргэж залгаад “**-**ОРХ улсын дугаартай “Hyundai Mighty” очно” гэж хэлсэн.” гэх,

Б.Ш-гийн яллагдагчаар өгсөн “…би 1-р постын цагдаа А-ын утасруу залгаад “Н ах ажилласан масло, тосол гаргая гээд байна, чи гаргах уу” гэтэл өөдөөс “бичиг баримт нь бүрэн юм уу” гэж асуусан.” гэх,

Ж.М-гийн яллагдагчаар өгсөн “…жолооч Ш миний дугаарлуу залгаад “үйлдвэрээс гаргах бичиг нь бүрэн юм байна, гаргаад өгөөч, унаа олдохгүй байна” гэсэн, би “хаана очих юм” гэхэд “дотоод тээвэр дээр хүрээд ир” гэсэн, би өөрийн унадаг ажлын **-**ОРХ улсын дугаартай “Hyundai Mighty” загварын машинаа асаагаад дотоод тээвэр дээр очтол Н тэвшний хаалга онгойлгоод поогоор хэдэн төмөр торхтой юм ачсан. ...1-р пост дээр иртэл... А цагдаа гарч ирээд “яв, яв” гээд модоороо дохисон.” гэх,

Г.А-ын яллагдагчаар өгсөн “…2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 1-р шалган нэвтрүүлэх пост дээр өдрийн 8 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Ш өөрийн дугаараас миний дугаарлуу 10.00 цагийн орчим залгаад “манай ах ажилласан масло авах гэж байгаа юм, бичиг гэхгүй гаргаад өгөөч” гэсэн.” гэх мэдүүлгүүдээр,

мөн мөрдөгч А.М-ийн “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас **-**ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан дизель түлш хулгайлан, үйлдвэрийн бүсээс зөвшөөрөлгүй гаргасан байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14.00 цагт хүлээн авсан тэмдэглэл, “Бамбай” харуул хамгаалалтын газрын ертөнцийн зүгээр ард талд байрлах том тэрэгний түр зогсох зориулалт бүхий хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дотоод тээврийн хэсгийн гадна талбайд үзлэг хийсэн, Г.Н-гийн “GalaxyA13загварын гар утсанд үзлэг хийсэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эзэмшлийн **-**ОРХ улсын дугаартай “Hyundai Mighty” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Гал түймэр унтраах аврах 68 дугаар ангийн авто гарашийн хойд талд байх 5 ширхэг төмөр торхтой эд зүйлд үзлэг хийж, шинжилгээнд зориулж дээж авсан тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Б.Ш, Г.Н, Ж.М нарын гар утасны дугаарын дуудлага болон илгээсэн мессежний лавлагаа,

Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2024 оны 1/146 дугаартай болон “Дамно” ХХК-ийн 2024 оны 24-252 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          “Хулгайлах” гэмт хэргийн тухайд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэмт хэргийг хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгжих бөгөөд энэ хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч Г.Н нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн дотоод тээврийн хэсэгт сэрээт ачигчийн жолоочоор ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн газраас түүнийг өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулж ажлын өдөр бүр 15л дизель түлш олгодог, олгосон дизель түлш зарим ажил багатай өдрүүдэд бүрэн дуусахгүй үлдэж, хуримтлагддаг болох нь 2 дахь хавтаст хэргийн 84 дэх талд авагдсан гэрч Ё.О-ийн “...Ажлын өдөр 15л түлш жолооч Г.Н-д болон жолооч нарт өгдөг, ...Түлш өгөхдөө өдөрт хийсэн ажлыг нь харгалзаж үздэггүй, ажлын өдөр авах ёстой нормоо авдаг.” гэсэн мэдүүлгээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч Г.Н нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас өдөр бүр итгэмжлэн хариуцуулан олгодог эд хөрөнгө болох 15л дизель түлшний үлдэгдлийг хуримтлуулж хоёр торх буюу 445л болгосон дизель түлшийг шамшигдуулах, завших санаа бий болж тус үйлдвэрийн эзэмшлийн **-**ОРХ улсын дугаартай “Hyundai Mighty” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, үйлдвэрийн бүсээс зөвшөөрөлгүй гаргасан өөрөөр хэлбэл, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдэх талаар Ж.М, Б.Ш, Г.А нартай санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч Ж.М, Б.Ш, Г.А нар шүүгдэгч Г.Нг дээрх гэмт хэргийг үйлдэхэд санаатай нэгдэж, урьдчилан үгсэн тохиролцож,  дэмжлэг үзүүлж, гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсоныг тус тус үгүйсгэх, няцаах баримтууд хэрэгт авагдаагүй.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагад учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”, 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.5-д заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ж.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.Н-г гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд,

шүүгдэгч Ж.М, Б.Ш, Г.А нарыг гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцож “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “...шүүгдэгч Г.Н-д 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Ж.М, Б.Ш нарт 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Г.А-т 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.А-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний эдлээгүй үлдсэн 11 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 8 сар 5 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,

өмгөөлөгч М.М, Ц.М, У.Т, О.Э нар “...шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдал, ар гэрийн ахуй амьдралыг нь тус тус харгалзан торгох ялыг оногдуулна уу.” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн байдал, шүүгдэгч нарын хувийн байдлууд болон ар гэрийн ахуй амьдрал, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу гурван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч Ж.М, Б.Ш нарыг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу гурван сая төгрөгөөр торгох ял,

          шүүгдэгч Г.А-ыг гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу гурван сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

          шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг нь харгалзан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулав.

Шүүгдэгч Г.А нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, өнөөдрийн байдлаар 11 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж,

2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж хуульчлан тодорхойлсон.

Шүүгдэгч Г.А нь 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бөгөөд шүүх түүнийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр холбогдсон гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу гурван сая хоёр зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, өөрөөр хэлбэл хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан үндэслэлд хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ... тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэснийг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас буюу өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 11 сар 5 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

шүүх шүүгдэгч Ж.М, Б.Ш нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг

нийт шүүгдэгч нарын хувьд мөн хуулийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцсон бөгөөд тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүх хуралдааны үед өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Г-ын  “...шүүгдэгч нар 597.550 төгрөг төлж байгууллагыг хохиролгүй болгосон тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг,

мөн шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч нарын шинээр гаргаж өгсөн, хохирол төлбөр төлж барагдуулсныг нотлох 1.597.550 төгрөг төлсөн тухай банкны баримтыг тус тус үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... гэмт хэрэг үйлдсэн хүн ... хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж,

3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж,

4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл ... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж хуульчилсан.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор энэ хэргийн эд мөрийн баримт болох,

хажуу дээд хэсэгтээ “Gozpromenet+205L” гэх бичигтэй цагаан өнгийн хоёр ширхэг төмөр торхтой,

дээд тагны хажуу хэсэгт “Cummins” гэх бичигтэй уг бичвэрийн доод хэсэгт “200L” гэх бичигтэй дээд болон доод хэсэг нь цагаан өнгөтэй гол хэсэг нь хөх өнгөтэй хоёр ширхэг төмөр торхтой,

хажуу талдаа “Avista” гэх цагаан бичигтэй хар өнгийн төмөр торхтой түлш мэт зүйлийг битүүмжилсэн байх бөгөөд уг 5 ширхэг төмөр торхтой эд зүйлүүд нь Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын 68 дугаар ангийн механик, жолооч ажилтай Баатарын Ганзоригт хадгалах, хамгаалах үүрэг хүлээлгэж, уг ангийн авто гарашийн хойд талд хадгалагдаж байна.

Иймд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаартай, “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэр Онцгой байдлын 68 дугаар ангийн авто гарашийн хойд талд хадгалагдаж байгаа хоёр ширхэг төмөр торхтой дизель түлшийг улсын төсөвт шилжүүлж,

хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аюултай хог хаягдал болох хоёр ширхэг төмөр торхтой ажилласан тосол, нэг ширхэг төмөр торхтой ажилласан масло болон шинжилгээний дээж болгон ашигласан 7 ширхэг шилтэй дизель түлш, ажилласан тосол, ажилласан масло зэргийг устгуулахаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зохих мэргэжлийн байгууллагад /цехэд/ хүргүүлэх нь зүйтэй.

Хэргийн хамт ирүүлсэн “хэмжилт үзлэг” гэсэн бичиглэл бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлдээж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ц овогт Г-н Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          шүүгдэгч Т овогт Ж-ийн М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          С овогт Б-ы Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          З овогт Г-ийн А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдчилан үгсэн тохиролцож, санаатай нэгдэж, гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцож, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-г гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-г гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-ыг гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.А-т энэ тогтоолоор оногдуулсан гурван мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3.200.000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.А, Г.Н, Ж.М, Б.Ш нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А, Г.Н, Ж.М, Б.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах 68 дугаар ангийн хашаанд хадгалагдаж байгаа 2 ширхэг төмөр торхтой дизель түлшийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

          7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар 3 ширхэг төмөр торхтой /хоёр ширхэг төмөр торхтой ажилласан тосол, нэг ширхэг төмөр торхтой ажилласан масло/, 7 ширхэг шилтэй шинжилгээний дээжийг устгуулахаар /шинжилгээний дээж болгон ашигласан дизель түлш, ажилласан тосол, ажилласан масло/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлж,

          хэргийн хамт ирүүлсэн нэг ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлдээж,

          шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний болон хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.Э