| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2020/00320/И |
| Дугаар | 129/ШШ2020/00461 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 129/ШШ2020/00461
| 2020 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 129/ШШ2020/00461 | Архангай аймаг |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: А аймгийн С-гийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б овогт Э.У-д холбогдох
Төрд учруулсан хохирол 1,543,304 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, прокурор С.Б, иргэдийн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн С-гийн хяналт аудитын алба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар хуульчилсан байх тул А аймгийн Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Э.У-с төрд учруулсан хохирол 1,543,304 төгрөгийг гаргуулж төсөвт төвлөрүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С-гийн хяналт Аудитын албаны даргын баталсан 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот удирдамж болон А аймгийн Прокурорын газрын 2019 2/504 тоот албан бичгийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Х сумын ЕБС-ийн 2019 оны санхүүгийн тайланд хэсэгчилсэн шалгалт хийсэн. Шалгалтаар А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129/ШШ2018/00093 дугаартай захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүгчийн захирамжийг үндэслэн А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 сарын 03-ны 01/04 тоотоор Б.Д-гийн ажилгүй байсан хугацааны цалинд тус сургуулийн төсвөөс 1,543,304 төгрөгийг олгосон зөрчил илэрсэн. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт “Гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар” хуульчилсан байдаг. Дээрх заалтыг үндэслэн А аймгийн Х сумын Засаг дарга Э.У-гаар төлүүлэхээр 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17/02/17/03/63 дугаартай улсын ахлах байцаагч акт тогтоосон. Актыг тогтоох талаар хариуцагч Э.У-д утсаар мэдэгдэж сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн. Акттай танилцах талаар удаа дараа мэдэгдсэн боловч Э.У нь ирээгүй. Х сум руу 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр акт болон сонсох ажиллагааны тэмдэглэлийг явуулж, актын нэг хувийг буцааж явуулах ёстой байсан боловч ирүүлээгүй. Утсаар ярьж асуухад хүнээр явуулсан гэсэн тайлбар өгсөн. Гэтэл тэр акт нь одоог хүртэл ирээгүй. Иймд Э.У-гаас төрд учруулсан хохирол 1,543,304 төгрөгийг гаргуулж тус сургуулийн төсөвт төвлөрүүлэх нэхэмжлэл гаргаж байна гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А аймгийн С-гийн хяналт Аудитын алба нь А аймгийн Х сумын ЕБС-ийн захирал Э.У-гаас төрд учруулсан хохирол 1,543,304 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ: “...хяналт шалгалтаар А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 129/шш2018/00093 дугаар шүүгчийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийг үндэслэн А аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 01 сарын 03-ны өдрийн 01/04 тоотоор Б.Д-гийн ажилгүй байсан хугацааны цалинд тус сургуулийн төсвөөс 1543304 төгрөгийг олгосон зөрчил илэрсэн. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 17/02/17/03/63 дугаартай улсын ахлах байцаагчийн акт тавьж, Х сумын ЕБС-ийн захирал Э.У-гаас 1,543,304 төгрөгийг гаргуулж төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн тул дээрх мөнгийг гаргуулан тус сургуулийн төсөвт төвлөрүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А аймгийн Х сумын ЕБС-ийн захирал Э.У-д 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн хувийг гардуулж эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулан, тайлбарлаж өгсөн байна. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.
Мөн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч А аймгийн Х сумын ЕБС-ийн захирал Э.У-гаас 1,543,304 төгрөг гаргуулан А аймгийн Х сумын ЕБС-ийн төсөвт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Н амаар гаргасан дүгнэлтдээ “Э.У-гаас 1,543,304 төгрөгийг гаргуулах нь зөв” гэсэн болно.
Нэхэмжлэгч А аймгийн С-гийн хяналт Аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.У-гаас 39,643 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч А аймгийн Х сумын ЕБС-ийн захирал Э.У-гаас төрд учруулсан хохирол 1,543,304 /нэг сая таван зуун дөчин гурван мянга гурван зуун дөрөв/ төгрөг гаргуулан А аймгийн Х сумын ЕБС-ийн төсөвт оруулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Э.Угаас 39,643 /гучин есөн мянга зургаан дөчин гурав/ төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ч.ЖАРГАЛАН