| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0151/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/180 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/180
2025 04 09 2025/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Э.Г,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Н.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч М.Бд холбогдох эрүүгийн 2425004890107 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Д овогт М-ын Б /РД; *********/,
Шүүгдэгч М.Б нь;
2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэр “50” дугаартай худгийн хажуугийн замд “Toyota Sai” /Тоёота Сай/ загварын **-**УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа,
Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.3 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөний улмаас архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд босож чадахгүй уг зам дээр хэвтэж байсан явган зорчигч В.Б-ыг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч М.Б “…мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч В.Б-ын “...Би 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өглөө босоод ...найз Бат-Эрдэнэ болон барилга дээр ажиллаж байсан хүмүүстэй хамт архи уугаад 15.00 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явж байгаад Булаг багийн 6 дугаар эгнээнд замын хажууд хэвтээд унтаж байхад гэнэт нэг машин дайраад өнгөрөхөөр нь араас нь харахад цагаан өнгөтэй байсан, ...тухайн газартаа босож чадахгүй хэвтэж байгаад босоод худаг дээр хэвтэж байгаад орой гэр рүүгээ явсан. Өглөө нь босоод шээх гэхэд шээж чадахгүй, бие өвдөөд байхаар нь түргэн тусламж дуудаад түргэнээр эмнэлэгт ирээд “давсаг хагарсан байна” гээд яаралтай хагалгаанд орсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
“...хэрэг учрал болох үед дээшээ хараад хэвтэж байсан, унтаагүй, зам дээр хэвтэж байсан нь миний буруу. Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд биеэ авч явж чадахгүй, зам дээр хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
“...хэрэг учралаас болоод миний сэтгэл санаанд хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хор хохирол нэхэмжлэхгүй, шинжээч томилуулахгүй, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал 5.000.000 төгрөгийг Бгаас авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,
гэрч П.Э-ийн “...хүү В.Б 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 21.00 цагийн үед гэртээ орж ирээд “ам цангаад байна” гэхээр нь цай, ус уулгатал орон дээрээ хэвтээд өгсөн. Удалгүй “бие өвдөөд байна, намайг цагаан өнгийн машин Булаг багийн 3-4-р гудамжны тэнд байхад мөргөчихлөө, миний дээгүүр гараад явчихлаа” гэж хэлсэн. ...шөнө зүгээр унтаад, өглөө нь буюу 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө “миний шээс гарахгүй байна, бие өвдөөд байна, түргэн дууд” гэхээр нь түргэн дуудсан, эмнэлэг дээр ирээд эмч үзээд “яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гээд хагалгаанд орсон, хагалгаанд орсны дараа “давсаг нь задарчихсан байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29, 31-32 дахь тал/,
гэрч Д.М-ын “...2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр би өөрийн гэр болох Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 21 дүгээр хороо Ганцын задгай гэх газар байх үед охин Б гар утсаар залгаад “ааваа би машинтай явж байгаад гудамжинд хэвтэж байсан хүн дайрчихсан, та хүрээд ирээч” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
гэрч Б.Ж-ийн “...М.Б бид хоёр 2014 онд танилцаад тэрнээс хойш хамт амьдарч байгаад хоёр хүүхэдтэй болсон. 2024 оны 7 дугаар сараас бид хоёр гэр бүлийн маргаанаас болж тусдаа амьдрах болсон, одоо бид хоёр тус тусдаа амьдардаг, хамт амьдрахгүй байгаа. Би 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд ажил дээрээ байсан, тухайн өдөр бид хоёр хамт байгаагүй болохоор хэрэлдэж, маргасан асуудал байхгүй. 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Бгийн унаж явж байсан **-**УБО улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Sai” загварын тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний машин байгаа юм, тухайн машиныг эхнэртээ өгсөн, хоёр хүүхэдтэй болохоор хичээл сургуульд нь хүргэж өгч байг гэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
М.Б-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, ...замын хажууд хэвтэж байсан хүн хараагүй, хүн дайрсан талаараа мэдээгүй, ...тухайн үед гэрлүүгээ яараад явж байсан учир юу ч мэдээгүй. 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр...өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 1-154 тоотоос **-**УБО улсын дугаартай “Toyota Sai” загварын тээврийн хэрэгслээ унаж гараад “Мэнд-Амар” худалдааны төв орж өөрийн бөгжийг ломбардад тавьсан, ломбардаас 300.000 төгрөг аваад дэлгүүрээс идэх юм аваад гэрлүү явсан. ...буцаж гэрээс гараад “Танил” зах дээр очоод аккумлятор авсан, тэндээ солиулж байтал том хүү маань “дүү таталт өгөөд” гэж над руу мессенжирээр залгасан, тэгээд би сандраад машинаа унаад гэрлүү явсан, Вансэмбэрүүгийн зам засвартай байсан учир хороолол дундах гэр хорооллын замаар явсан, нэг мэдсэн гэртээ ирсэн. 4 хоногийн дараа манай гэрт цагдаа нар хүрч ирээд надад камерын бичлэг үзүүлсэн, тэр камерын бичлэг дээр би тээврийн хэрэгсэлтэй явж байгаад хүний дээгүүр гарчихсан байсан. …хохирогчид эмчилгээний зардал 5.000.000 төгрөг өгч хохирол төлбөрийг барагдуулсан, өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндийг хохироосондоо гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би 6 настай, 10 настай хоёр хүүтэй. Миний 6 настай хүү еплипси g-41 гэсэн оноштой, энэ нь дөрвөн мөчний саажилт гэсэн онош, хүү маань 4 сартай байхдаа тархиндаа бүтэн харвалт өгөөд ийм болсон, одоо бүрэн асаргаанд байдаг, хүү маань татаж унадаг ба бие нь мушгираад нүд нь солийгоод хэл нь амнаасаа цухуйдаг, 3 хоногт нэг удаа, эсхүл өдөр болгон таталт өгөх тохиолдол байдаг. Хамтран амьдрагч маань Өмнөговь аймагт ажилладаг, 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг. Бид хоёр сүүлийн жилүүдэд таарамжгүй харилцаатай байгаа, 14 хоног амрах хугацаандаа Улаанбаатар хотод байж байгаад энд ирэхгүй явчихдаг.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 127-128, 144-145 дахь тал/,
иргэн П.Э-ийн “...2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр миний хүү Б Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт машинд мөргүүлсэн.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймгийн Цагдаагийн газар 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 20.52 цагт хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэр хэргийн газарт 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “50” дугаартай хүрэн улаан, шар өнгөтэй худаг байх ба түүний хажууд буюу ертөнцийн зүгээр зүүн талд шороон зам байх ба камерын бичлэгийг үндэслэн хохирогч В.Бын хэвтэж байсан газрыг тогтоож “А” гэж дугаарлаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг шороон замын нийт урт нь 5.10м, “А” цэгээс шар худаг хүртэл 3.35м, “А” цэгээс баруун тийш хөвөө хүртэл 1.30м, “А” цэгээс зүүн тийш хөвөө хүртэл 3.80м, худгийн баруун хойд хэсэгт бетонон хөлтэй цахилгааны модон шон байх бөгөөд уг шонгоос “А” цэг хүртэл урагш өнцөг гарган хэмжихэд 5.50 x 4.75м хэмжээтэй байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-11, 12 дахь тал/,
“Toyota Sai” загварын **-**УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13, 14 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэгдсэн камерын хяналтын төв”-ийн “Булаг багийн 23-13 урд” гэсэн нэршилтэй хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...хяналтын камерт үзлэг хийж шүүж үзэхэд доороосоо дээшээ чиглэлтэй тээврийн хэрэгслүүд явж байгаад гүүрэн дээгүүр тээврийн хэрэгсэл гарч байгаа дүрс бичлэг хяналтын камерт бичигдсэн байна. Уг дүрс бичлэгт 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 42 минут 48 секундэд тухайн гүүрний баруун талд цагаан өнгийн улбар шар дээвэртэй худаг (ус түгээх газар) байх ба худгийн зүүн талд автомашины зорчих хэсэг дээр хэвтэж байх хүн дээр цагаан өнгийн “Toyota Sai” загварын тээврийн хэрэгсэл зүүн урд дугуй хэсгээрээ дайран гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн маршрутаар хяналтын камерыг шүүж үзэхэд 13 цаг 19 минут 30 секундэд тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шаркрат” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерт **-**УБО улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Sai” загварын тээврийн хэрэгсэл гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,
“Шаркрат” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Б-ийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1 дугаартай,
“...**-**УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Б нь;
Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 12.3.“Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.5.а.“тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5.б.“осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 3.5.г.“тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг,
В.Б нь; Замын хөдөлгөөний дүрмийн 5.12.б.“аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх”, 5.1.“Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 3.5.а, 3.5.б, 3.5.г заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 44-47 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн дарга, мэдээллийн технологийн мэргэшсэн инженер Д.М-ын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0225/200 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн DVD дискэнд хадгалагдаж байх “NVR_ch14_main_20240907134221_20240907134321(3)” гэсэн нэртэй дүрс бичлэг нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжилж буй “NVR_ch14_main_20240907134221_20240907134321(3)” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 13:42:51 секундэд дүрслэгдэх цагаан өнгийн суудлын автомашин хяналтын камерын тусгалын зайнд хол дүрслэгдсэн, улсын дугаар хэсэг 4x14 хэмжээст цэгээр дүрслэгдсэн тул тодрохгүй байна.
3.Шинжилж буй “NVR_ch14_main_20240907134221_20240907134321(3)” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 13:42:51 секундэд дүрслэгдэх цагаан өнгийн суудлын автомашин нь өнгө, овор хэмжээ, хажуугийн салхины шилний хэлбэр, хэв зэрэг ерөнхий шинжээрээ шинжилгээнд ирүүлсэн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл”-д гэрэл зургаар авагдсан суудлын автомашинтай ижил байна. Харин тухайн автомашины онцлог, содон шинж тэмдгийг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61, 62-64 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 806 дугаартай; “…В.Б-ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал, дотуур цус алдалт, хэвлийг нээж шалгах давсагны урагдалд оёдол тавих мэс заслын дараах байдал, баруун ташаа, хэвлийн доод хэсэг, баруун өвдөг, шагайн үеэнд цус хуралт, баруун өгзөг, гуя, өвдөг, шагайн үеэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал, дотуур цус алдалт, хэвлийг нээж шалгах давсагны урагдалд оёдол тавих мэс заслын дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15, 4.3.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун ташаа, хэвлийн доод хэсэг, баруун өвдөг, шагайн үеэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун өгзөг, гуя, өвдөг, шагайн үенд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын хэргийн материалаар хийсэн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1234 дугаартай; “…806 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. В.Б-ын биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал, дотуур цус алдалт, хэвлийг нээж шалгах давсагны урагдалд оёдол тавих мэс заслын дараах байдал, баруун ташаа, хэвлийн доод хэсэг, баруун өвдөг, шагайн үеэнд цус хуралт, баруун өгзөг, гуя, өвдөг, шагайн үеэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, шинэ гэмтэл байна. Амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15, 4.3.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 78-81 дэх тал/,
хохирогч В.Б-ын өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 86-125 дахь тал/,
хохирлын баримтууд /хавтаст хэргийн 171-174 дэх тал/,
Шүүгдэгч М.Б-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 148 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 151 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас, мөн М.Б-гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухайд;
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч М.Б 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэр “50” дугаартай худгийн хажуугийн замаар “Toyota Sai” загварын **-**УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан болох нь хавтаст хэргийн 15, 16-17 дахь талуудад авагдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэгдсэн камерын хяналтын төв”-ийн “Булаг багийн 23-13 урд” гэсэн нэршилтэй хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн “...Уг дүрс бичлэгт 2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 13 цаг 42 минут 48 секундэд тухайн гүүрний баруун талд цагаан өнгийн улбар шар дээвэртэй худаг (ус түгээх газар) байх ба худгийн зүүн талд автомашины зорчих хэсэг дээр хэвтэж байх хүн дээр цагаан өнгийн “Toyota Sai” загварын тээврийн хэрэгсэл зүүн урд дугуй хэсгээрээ дайран гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн маршрутаар хяналтын камерыг шүүж үзэхэд 13 цаг 49 минут 30 секундэд тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шаркрат” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерт **-**УБО улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Sai” загварын тээврийн хэрэгсэл гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байна.” гэсэн тэмдэглэл болон уг тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,
мөн М.Б-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр...өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 1-154 тоотоос **-**УБО улсын дугаартай “Toyota Sai” загварын тээврийн хэрэгслээ унаж гараад “Мэнд-Амар” худалдааны төв орж өөрийн бөгжийг ломбардад тавьсан, ломбардаас 300.000 төгрөг аваад дэлгүүрээс идэх юм аваад гэрлүү явсан. ...буцаж гэрээс гараад “Танил” зах дээр очоод аккумулятор авсан.” гэх,
хавтаст хэргийн 20-21 дэх талд авагдсан хохирогч В.Б-ын “...2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн...15.00 цаг өнгөрч байхад гэр рүүгээ явж байгаад Булаг багийн 6 дугаар эгнээнд замын хажууд хэвтээд унтаж байхад намайг гэнэт нэг машин дайраад өнгөрөхөөр нь араас нь харахад цагаан өнгөтэй байсан.” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдох бөгөөд энэ үед архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд босож чадахгүй уг зам дээр хэвтэж байсан явган зорчигч В.Быг дайрч, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
“Гэмт хэрэг” гэж Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд гэмт хэрэг нь хэлбэрийн болон материаллаг шинжийг агуулдаг.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдэл нь хохирол учирсан байхыг шаардахгүй, харин хэргийн газрыг орхиж зугтааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Энэ гэмт хэргийн объектив тал нь гэмт хэрэг үйлдсэн жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж холбогдох арга хэмжээг авалгүйгээр, хариуцлагаас зайлсхийх санаа зорилгоор хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан идэвхтэй үйлдэл байдаг бол субъектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Гэтэл шүүгдэгч М.Б өөрийгөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн болохоо мэдээгүй, өөрөөр хэлбэл цагдаагийн байгууллагын алба хаагч нар түүний гэрт очиж Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэгдсэн камерын хяналтын төв”-ийн “Булаг багийн 23-13 урд” гэсэн нэршилтэй хяналтын камерын бичлэгийг үзүүлэхэд нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдсэн болох нь түүний өгсөн “…архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, ...замын хажууд хэвтэж байсан хүн хараагүй, хүн дайрсан талаараа мэдээгүй, ...тухайн үед гэрлүүгээ яараад явж байсан учир юу ч мэдээгүй. ...4 хоногийн дараа манай гэрт цагдаа нар хүрч ирээд надад камерын бичлэг үзүүлсэн, тэр камерын бичлэг дээр би тээврийн хэрэгсэлтэй явж байгаад хүний дээгүүр гарчихсан байсан.” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй боловч шүүгдэгч нь 6-10 насны хоёр хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг, 6 настай хүүхэд нь “Еплипси G-41” гэсэн онош буюу дөрвөн мөчний саажилт өвчний улмаас байнга таталт өгдөг өвчтэй болохыг нотолсон баримтууд хэрэгт авагдсан бөгөөд тухайн үед 10 настай хүүхэд нь дүүгээ таталт өгсөн талаар утсаар нь залгаж хэлсний улмаас шүүгдэгч М.Б ихэд сандарч явсан талаар, мөн зам тээврийн осол гаргаснаа 4 хоногийн дараа мэдсэн гэх мэдүүлгийг үгүйсгэх, няцаах баримт хэрэгт авагдаагүй.
Шүүгдэгч М.Б-гийн үйлдэлд осол гаргаснаа мэдээд хэргийн газраас зориудаар зугтаасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн газрыг зориуд орхиж зугтаах зорилго бүхий идэвхтэй, санаатай үйлдэл хийгээгүй, энэ гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэргийн объектив болон субъектив шинжгүй байна.
Иймээс Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргээс “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэсэн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч В.Бын “...гэр рүүгээ явж байгаад Булаг багийн 6 дугаар эгнээнд замын хажууд хэвтээд унтаж байхад гэнэт нэг машин дайраад өнгөрөхөөр нь араас нь харахад цагаан өнгөтэй байсан, ...тухайн газартаа босож чадахгүй хэвтэж байгаад босоод худаг дээр хэвтэж байгаад орой гэр рүүгээ явсан. Өглөө нь босоод шээх гэхэд шээж чадахгүй, бие өвдөөд байхаар нь түргэн тусламж дуудаад түргэнээр эмнэлэгт ирээд “давсаг хагарсан байна” гээд яаралтай хагалгаанд орсон. ...зам дээр хэвтэж байсан нь миний буруу. Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд биеэ авч явж чадахгүй, зам дээр хэвтэж байсан.” гэх,
гэрч П.Э-ийн “...хүү В.Б...“бие өвдөөд байна, намайг цагаан өнгийн машин Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 3-4-р гудамжны тэнд байхад мөргөчихлөө, миний дээгүүр гараад явчихлаа” гэж хэлсэн. ...2024 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө “миний шээс гарахгүй байна, бие өвдөөд байна, түргэн дууд” гэхээр нь би түргэн дуудсан, эмнэлэг дээр ирээд эмч үзээд “яаралтай хагалгаанд орох шаардлагатай” гээд хагалгаанд орсон, хагалгаанд орсны дараа “давсаг нь задарчихсан байна” гэж хэлсэн.” гэх,
гэрч Д.М-ын “...2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр...охин Б гар утсаар залгаад “ааваа би машинтай явж байгаад гудамжинд хэвтэж байсан хүн дайрчихсан, та хүрээд ирээч” гэж хэлсэн.” гэх,
гэрч Б.Ж-ийн “...Б-гийн унаж явж байсан **-**УБО улсын дугаартай цагаан өнгийн “Toyota Sai” загварын тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний машин байгаа юм, тухайн машиныг эхнэртээ өгсөн, хоёр хүүхэдтэй болохоор хичээл сургуульд нь хүргэж өгч байг гэж өгсөн.” гэх,
М.Б-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2024 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр...өөрийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 1-154 тоотоос **-**УБО улсын дугаартай “Toyota Sai” загварын тээврийн хэрэгслээ унаж гараад “Мэнд-Амар” худалдааны төв орж өөрийн бөгжийг ломбардад тавьсан, ломбардаас 300.000 төгрөг аваад дэлгүүрээс идэх юм аваад гэрлүү явсан. ...буцаж гэрээс гараад “Танил” зах дээр очоод аккумлятор авсан, тэндээ солиулж байтал том хүү маань “дүү таталт өгөөд” гэж над руу мессенжирээр залгасан, тэгээд би сандраад машинаа унаад гэрлүү явсан, Вансэмбэрүүгийн зам засвартай байсан учир хороолол дундах гэр хорооллын замаар явсан.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Б-ийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 1 дугаартай, “...М.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3, 3.5.а, 3.5.б, 3.5.г заалтуудыг зөрчсөнөөс болж зам тээврийн осол гарсан байна.” гэсэн магадлагаа,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн дарга, мэдээллийн технологийн мэргэшсэн инженер Д.М-ын 2025 оны ЕГ0225/200 дугаартай, “...Шинжилж буй “NVR_ch14_main_20240907134221_20240907134321(3)” гэсэн нэртэй дүрс бичлэгийн 13:42:51 секундэд дүрслэгдэх цагаан өнгийн суудлын автомашин нь өнгө, овор хэмжээ, хажуугийн салхины шилний хэлбэр, хэв зэрэг ерөнхий шинжээрээ шинжилгээнд ирүүлсэн “Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл”-д гэрэл зургаар авагдсан суудлын автомашинтай ижил байна.” гэсэн,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 806 дугаартай, “…Хэвлийн хөндийн битүү гэмтэл, давсагны урагдал, дотуур цус алдалт, хэвлийг нээж шалгах давсагны урагдалд оёдол тавих мэс заслын дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15, 4.3.3-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун ташаа, хэвлийн доод хэсэг, баруун өвдөг, шагайн үеэнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн,
Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч нарын хэргийн материалаар хийсэн 2024 оны 1234 дугаартай, “…806 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтүүдээр,
Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн нутаг дэвсгэр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн, “Toyota Sai” загварын **-**УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нэгдсэн камерын хяналтын төв”-ийн “Булаг багийн 23-13 урд” гэсэн нэршилтэй хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн, “Шаркрат” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзсэн мөрдөгчийн тэмдэглэлүүд болон уг тэмдэглэлүүдэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр болон хохирогч В.Б-ын өвчний түүхийн хуулбар зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч М.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байдаг.
Харин “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” гэдгийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсныг ойлгоно.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хохирол, хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хохирол хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хохирол нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан, хамгаалагдсан эрхийн эсрэг хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас шууд учирсан гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч М.Б-гийн хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйлдсэн, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.Б-гийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч В.Б-ын эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч М.Б-гийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүх шүүгдэгч М.Б-г “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдсон хэдий ч түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн боловч нийгэмд учруулсан хор уршиг нь ялимгүй шинжтэй, мөн хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон тухайн хүний зан байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэрэг шалтгаанууд эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх үндэслэл болдог.
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэж гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс татгалзахыг өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байхыг ойлгох бол ялаас чөлөөлөх гэдгийг шүүхийн шийдвэр гарч, ял оногдуулсны дараа буюу ял шийтгүүлсэн этгээдэд /ялтан/ шүүхээс оногдуулсан ялыг эдлүүлэхээс татгалзсан шийдвэр гаргаж байгааг, эсхүл эдэлж байгаа ялаас хугацаанаас өмнө чөлөөлөхийг ойлгоно.
Ялаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь өөр өөр ойлголтууд бөгөөд хэлбэр, агуулга, үр дүнгээрээ ялгаатай юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,
хуулийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэж тус тус хуульчлан тодорхойлсон байна.
Шүүгдэгч М.Б-гийн холбогдсон гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан, гэвч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүний тухайн үеийн тулгарсан асуудлаас шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн болон хохирогчийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэснийг, мөн 6-10 насны хоёр хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг, 6 настай хүү нь “Еплипси G-41” гэсэн оноштой буюу дөрвөн мөчний саажилт өвчний улмаас байнга таталт өгдөг, байнгын асаргаанд байдаг хувийн байдал, мөн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс татгалзан, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
Шүүгдэгч М.Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилсан байгаа боловч шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул шүүх хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах шаадлагагүй гэж дүгнэсэн бөгөөд хэрэв шүүгдэгч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байсан бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах нь зөв юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг, 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улмаар шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч В.Б-ын “...хэрэг учралаас болоод миний сэтгэл санаанд хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хор хохирол нэхэмжлэхгүй, шинжээч томилуулахгүй, надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээний зардал 5.000.000 төгрөгийг Бгаас авсан.” гэсэн хавтаст хэргийн 25 дахь талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт хураасан “Шаркрат” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Д овогт М-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Хэрэгт хураан ирүүлсэн “Шаркрат” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт нь хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э