| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 177/2020/0177/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2021-05-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 17
О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарт
холбогдох эрүүгийн хэргийн
тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолтой, О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарт холбогдох, 1935003000063 дугаартай эрүүгийн 4 хавтас хэргийг шүүгдэгч О.Нын давж заалдах гомдол, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдол, шүүгдэгч Х.А, Б.Э нарын өмгөөлөгч Б.Мөнхбатын давж заалдах гомдол, шүүгдэгч Х.Аын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Я.Дина, шүүгдэгч О.Н, Б.Э, Х.А, Д.Т, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Цагцалмаа, Ж.Энхжаргал, Ж.Жаргалбаяр, Н.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар оролцов.
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ...-ны өдөр Увс аймгийн ..... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ......-ийн хамт Увс аймгийн ...... сумын .... дугаар багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, гавьяа шагналгүй, Б ургийн овогт О-гийн Н /Регистрийн дугаар: ........./,
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам .....,-ийн хамт Увс аймгийн ..... сумын ... дугаар багийн ..... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш ургийн овогт Б-ийн Э, /Регистрийн дугаар: ........./,
Монгол Улсын иргэн, ...... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......., ..... нарын хамт Увс аймгийн ......сумын ..... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б ургийн овогт Х-гийн А /Регистрийн дугаар: ........./,
Монгол Улсын иргэн, ........ оны ..... дугаар сарын .....-ний өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл ......., ...... хамт Увс аймгийн ....... сумын .... дугаар багийн ..... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, А ургийн овогт Д-ын Т /Регистрийн дугаар: ........../,
Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нар нь бүлэглэж, 2019 оны 7 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Увс аймгийн ..... сумын ... дугаар багийн нутагт хохирогч Д.Бийг удаан хугацаагаар тохуурхан доромжилж, явган суулгаж явуулах, суниалгах, суулгаж босгох, зодох зэрэг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн үйлдэл хийж, улмаар хоолойг нь боож ухаан алдуулсны улмаас газар унаж, тархинд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт О-гийн Н, Б овогт Х-гийн А, Ш овогт Б-ийн Э, А овогт Д-ын Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч О.Нт 7 жил хорих ял,
-шүүгдэгч Д.Тд 6 жил 9 сар хорих ял,
-шүүгдэгч Х.А, Б.Э нарт тус бүр 6 жил 6 сар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-аас гэмт хэргийн хохиролд нэхэмжилсэн 37.172.660 төгрөгөөс 11.220.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Т 3.788.165 төгрөгийн хохирол төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүйг тус тус дурдаж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн гар утас 1 ширхэг, хохирогчийн 1 ширхэг цамц, 1 ширхэг жинсэн өмд, 1 хос сандаалыг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-т буцаан олгож, дүрс бичлэг бүхий дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээж,
шүүгдэгч Б.Эгийн Хаан банкны ......... дугаартай данс, дундын өмчлөлийн 804 м2 газар тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
шүүгдэгч нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийг зөрчсөн. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар бичсэн гомдлын үндэслэлээ тайлбарлая.
Нэг. Шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй хуулийг зөрчжээ. Хавтаст хэрэгт Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 сарын 22-ны өдрийн N906 дугаартай шинжээчийн дүгнэлтэд"... 3. Д.Бийн биеийн гадна хэсэгт учирсан нийт цус хуралт, зулгаралт, гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1.5 хувь орчим талбайг эзэлж байна. Биеийн гадаргууд учирсан гэмтлүүдийн талбайг тогтоох ба тархинд учирсан гэмтлийг биеийн гадаргууд учирсан гэмтэлтэй нийлүүлж тогтоохгүй. Д.Бийн биед учирсан зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд, зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтлүүд нь дангаараа буюу тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд биеийн гадаргуугийн 1 хувиас илүү талбайг хамаарч байгаа тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй ба Д.Бийн биед учирсан нийт гэмтлүүдийн аль хүндээр нь буюу Тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал гэмтлүүдээр гэмтлийн хүнд зэргийг тогтоосон"... гэх дүгнэлт /хх-ийн 151-152 дугаар хуудас/,
2019 оны 07 сарын 30-ны өдрийн гэрч Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэгт"...тэгж байтал миний утас дугараад манай найз Т над руу залгаад ороод ирсэн тэгэхээр нь би 5 минутын дараа очлоо гээд утсаа тасалсан ба би Б ахад одоо явъя гэхэд жаахан байж байгаад пиво жаахан гаргаж байгаад явъя гэсэн тэгээд сууж байтал миний утас дуугарсан ба тэгж байтал бид хоёр машины урд талын суудал дээр зэрэгцээд сууж байгаад миний сууж байсан суудлын түшлэгийг буулгаад намайг хойш хэвтүүлээд миний дээрээс дараад авсан тэгэхээр нь би орилоод та яагаад байгаа юм бэ? Гэхэд миний гараас дугарч байсан утсыг аваад суудал доогуур шидчихсэн тэгээд миний өмд, дотуур хувцсыг тайлаад намайг хүсээгүй байхад хурьцал үйлдэж бэлгийн ажил хийсэн тэгээд дуусгаад Б миний дээрээс босоход миний гар утас дугараад би уйлаад утсаар ярихад Т намайг хаана байгааг асуухад би улаан уулнаас хөдөлж байна гэсэн тэгтэл урдаас чинь тосоод очлоо гээд утсаа тасалсан. 1-р 10 жилийн хашаан дотор байх дотуур байрны урд талын саравчин дотор Т сандал дээр суучихсан Н зогсчихсон Бийг гарынхан нударган дээр суниалгаж байсан тэгээд бид нар ороод байж байтал Н Бийг зодох гэхэд Б би толгойндоо гэмтэлтэй гэсэн тэгтэл Н Бийг зодоогүй тэгтэл Э Бд хандаж тэгвэл цэргийн дэглэм ямар байдгийг харуулъя гээд "ялаа алуулах" гэсэн нэг зүйлийг Бээр хийлгэсэн ба тэр нь өсрөөд хоёр гараа толгой дээр ташаад байсан. Тухайн зүйлийг Б 2-3 минут хийсэн тэгээд мөн Бээр хоёр хөлийг нь газар дээр байлгаж байгаад гарын нуруун дээр нь бариулж байгаад тонгойлгоод газар толгойгоор нь тулуулаад байсан тэгж байгаад Б сандал дээр суусан тэгтэл тэд нар Бийг миний өмнө сөгдүүлээд надаас уучлалт гуйлгаад суулгаж байгаад Бийг босоход Н Брүү очоод нэг гараараа заамдаж аваад хоолойг нь шахаад боож байгаад боосон гараа тавихад Б шууд хойшоо толгойныхоо дагз хэсгээр саравчин дотор цементэн дээр гэдрэгээ саваад унасан. Т Бийг цохиогүй"... гэх мэдүүлэг /хх-ийн 88-89, / гэх мэдүүлэг,
2020 оны 01 сарын 29 -ны өдрийн гэрч Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэгт"...Ааа, Т бид гурав хоорондоо ярилцаад байж байтал гэнэт "хүн амьсгаадаж" сонин дуугарах чимээ гарахаар нөгөө хэд рүү харсан чинь Н, Бийг боогоод зогсож байхаар нь би тэр хоёр луу очоод Нт "яаж байнаа, наадах чинь үхлээ шдээ" гэсэн чинь Н Бийг боохоо болиод тавьтал Б эгцээрээ хойш гэдрэг цементэн газар дээр дагзаараа унасан. Н Бийг боож байхад боолт нь ороод Б ухаан алдсан байсан юм байна лээ. Б газар унаад хөдлөхгүй байгаад байхаар нь Бийн нүүр лүү ус цацаад байж 2-3 минутын дараа сэрээсэн чинь Б ухаан ороод чимээгүй толгойгоо бариад сууж байснаа "миний толгой өвдөөд байна, би гэртээ очмоор байна" гэж хэлсэн. Э "Гашууны гол" ороод Бийн нүүр, гар, толгойг угаалгая гээд явцгаасан. Тухайн үед Б сууж байгаад өөрөө босоод бид нартай цуг машинд суугаад гашууны гол орсон. Т Бийг цохиогүй"... гэх мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар/ гэх мэдүүлэг,
2020 оны 04 сарын 22-ны өдрийн О.Нын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт"... ..... УВА улсын дугаартай инсайт нэртэй машинаас Б уйлчихсан бууж ирээд бид нарын машинд суусан тэр машинаас Б буухад нөгөө машин нь шууд зугтаагаад явсан. Хоёр нударган дээр нь хэвтүүлээд би нуруун дээр нь гараараа нэг удаа цохисон. А ганц хоёр удаа нүүр лүү алгадаж шанааны тус газар нь цохисон тэгтэл Э наадахаар чинь ялаа алуулъя гээд босгож суулгаад байсан тэгж байгаад Э, А, Б, Т нар хоорондоо ярилцаж байхад би Бийн хоолойг бооход тэр хойшоо газар саваад унаад тэгээд огт хөдлөхгүй болохоор Э хоёр хацар дээр нь алгадахад босоод ирсэн"... гэх мэдүүлэг/хх-ийн 48-51 дугаар хуудас/,
2020 оны 04 сарын 22-ны өдрийн Х.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт"... Тэгээд Б, бид хоёр Бийг дагуулаад саравч руу ороход араас явж байсан Т, Н нар ирээгүй тэгж байтал араас ирээд бид нар Бийг яагаад хүчиндсэн юм бэ гэхэд Б аав, ээжид хэлэхгүй цагдаад мэдэгдэхгүй энд асуудлаа шийдье гэсэн тэгэхээр нь Т тэгвэл баримттай юм хийнэ гээд бичлэг хийсэн. Бид нар Бийг хоёр нударган дээр нь тулуулж хэвтүүлээд түүнээс биш тэнд зодож цохиод байсан зүйл байхгүй. Н бид хоёр Бийг нэг нэг удаа нүүрэн тус газар нь алгадсан. Тэгээд Б, Т, Э бид 4 юм яриад сууж байтал гэнэт тас хийж дуугарахаар нь эргээд харахад Б газар дагзаараа уначихсан дээш нь харж байсан тэгээд очоод сэгсрэхэд сэрэхгүй байхаар нь Э ухаан алдчихсан байна гээд хацар алгадахад сэрээд ирсэн"... гэх мэдүүлэг /хх-ийн 25-29 дүгээр хуудас/,
2020 оны 04 сарын 22-ны өдрийн Б.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт"... Тэгээд аав нь буцаад гэрлүүгээ орчихоор нь Бийг аваад цогцолбор 1-р сургуулийг чиглээд алхаж байхаар нь би бид нартай цуг явсан А гэдэг охиныг гэрт нь хүргэчхээд ирье гээд Аын машины түлхүүрийг авч Аг гашууны голд байрлах гэрт нь хүргэчхээд буцаж ирэхэд байхгүй байсан тул Аын утас руу залгахад Цогцолбор 1-р сургуулийн саравчинд хүрээд ир гэхээр нь би яваад очиход Б гэдэг залуу газарт хоёр нударган дээрээ тулчихсан хөлс нь гарчихсан хэвтэж байсан тэгэхээр нь би наадахаа зодоод яах нь вэ босгоод жаахан яргалчих суниалгаад ялаа алуул гэж хэлсэн тэгж байгаад бид нар чи Бийг яг яасан болохоо хэл Бээс уучлалт гуй сөхөрч суу гээд сөхөрч суулгаад Бийг хүчиндсэн юм бол хүчиндсэн гэдгээ хэл гэж хэлсэн тэгтэл тэр залуу сул дуугараад байсан. Би Т, Б, А бид 4 суугаад юм ярьж байтал Н зогсож байгаад Бийн хоолойг бооход Б шууд чигээрээ хойш нь газар савж цементен дээр унаад огт хөдлөөгүй тэгэхээр нь би очиж алгадахад сэрээд ирсэн"... гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 дүгээр хуудас/,
2020 оны 04 сарын 21-ны өдрийн гэрч Д.Тгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт"... Тэр үед бид нар саравчинд очоод Н Бийг хоёр гараа тулаад хэвт гээд гарыг нь зангидуулаад газар хэвтүүлээд нуруун дээр нэг цохисон. Яг тэр үед А, Б хоёр байхгүй байсан, сүүлд араас нь ирээд бид нар саравчинд суухад Э түүнийг босго гээд босгож ялаа алуулна гээд босгож суулгаад хоёр гарыг нь нийлүүлж цохиулаад байсан. Тэгж байгаад Э, А, Б бид 4 суучихсан юм ярьж байтал Н Бийг боочихсон ерөөсөө 10 секунд ч хүрээгүй байхад Б хойшоогоо дагз хэсгээрээ цементэн дээр газар саваад унаад өгсөн. Тэгээд бид нар босоод Э очоод харахад ухаангүй байхаар нь Э хацар луу нь алгадаад босгоод ирсэн"... гэх мэдүүлэг /хх-ийн 14-17дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээлэл, мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын гэрчээр өгсөн О.Н, Э, Х.А, Д.Т нарын мэдүүлгүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан "...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх.... эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно" гэснийг зөрчиж авсан байх тул дээрх гэрчээр өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй байна. Гэтэл анхан шатны шүүх нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна. Гэтэл хэрэг учрал болох үед хамт байсан цорын ганц гэрч Б нь шүүгдэгч Д.Тг хохирогч Бд гар хүрээгүй, түүнд гэмтэл, хор уршиг учруулаагүй талаарх үйл баримтыг нотолсон байхад хуулийг төсөөтэй хэрэглэж үндэслэлгүйгээр шүүгдэгч Д.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан үндэслэлээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн Хууль ёсны зарчим, 1.3 дугаар зүйлийн Шударга ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн Гэм буруугийн зарчим алдагдсан бөгөөд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй байна. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй байна.
Дээрх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч О.Н нь хохирогч Д.Бийн биед учирсан тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрх цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал гэмтлүүд учруулсан нь тогтоогдсон байх бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүй байна.
Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болох байтал зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолын дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Хоёр: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолд"... Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нар бүлэглэн 2020 оны 7 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт хохирогч Д.Бийг удаан хугацаагаар тохуурхан доромжилж явган суулгаж явуулах /галуун цуваагаар явуулсан/, гарын нударга дээр газарт суниалгах, толгойгоор нь газар тонгойлгон түгшүүлэх, суулгаж босгох /ялаа алах/, зодох зэрэг бие махбодын сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн үйлдэл хийж, улмаар хоолойг нь боож ухаан алдуулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ" гэж заасан. Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч нар хохирогчийг элэг доог хийж, цэргийн дэглэлт үзүүлэх /ялаа алуулах/ үйлдэл хийсэн, нударгаар нь газар суниалгах, явган буюу галуун цуваагаар удаан хугацаагаар явуулсан, газарт толгойгоор нь тонгойлгон тулуулж хоёр гарыг ард нь авхуулсан зогсоосон, үг дуугарч чадахгүй байхад нь заавал уучлал гуйлгах гэж элдвээр хэлж үүнийгээ гар утсан дээр бичиж, зургийг нь авсан, эцэст нь хоолойг нь өмсөж явсан цамцных нь захаар боож ухаан балартуулсан, үүний улмаас хохирогч ухаангүй болж газарт унасан нөхцөл байдал харагдаж байна"... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1.Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэж заасныг зөрчсөн байна.
2.1. Увс аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 1935003000063 дугаартай прокурорын тогтоолоор О.Нт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, гэрч О.Д, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэсэн байна. /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,
Увс аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 1935003000063 дугаартай прокурорын тогтоолоор Б.Эг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, гэрч О.Д, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэсэн байна. /хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Увс аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 1935003000063 дугаартай прокурорын тогтоолоор Х.Ат эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, гэрч О.Д, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэсэн байна. /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
Увс аймгийн Прокурорын газрын 2020 оны 04 сарын 21-ний өдрийн 1935003000063 дугаартай прокурорын тогтоолоор Д.Тд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, гэрч О.Д, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэсэн байна. /хх-ийн 9-12 дугаар хуудас/ тус тус яллагдагчаар татжээ. Дээрх яллагдагчаар татсан тогтоолуудад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй бөгөөд өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааны хувьд хохирогч Д.Бийн бусдыг буюу гэрч Б.Бийг хүчиндсэн гэх асуудлаас үүдэн хувийн сэдэлтээр үйлдсэн нь тогтоогдсон. Дээрх 4 шүүгдэгчийн хувьд хэрэг учрал болсон газарт очихдоо хохирогч Д.Бийг Б.Бээс уучлалт гуйлгуулах гэж очсон, түүнээс биш хохирогч Д.Бийг зодож, цохих санаа зорилго байгаагүй. Харин шүүгдэгч О.Нын хувьд гэмт хэргийн хор уршиг, хүнд гэмтлийг хохирогчид учруулсан болох нь тогтоогдсон, гэмт хэрэг үйлдэхдээ зөрж гүйцэтгэсэн байна. Үүнийг Улсын Дээд Шүүхийн 2019 оны 09 сарын 25-ны өдрийн №429 дугаартай тогтоолд"...гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран үйлдэгчид ял оногдуулахгүй"... гэж тайлбарлажээ.
Хэрэг учрал болох үед Д.Т нь 17 нас 11 сар 4 хоногтой, /1-р хх / эрх зүйн хувьд хагас чадамжтай, өсвөр насны хүүхэд байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч томилохгүйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. 2019 оны 08 сарын 16-ны өдөр Д.Тгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлд".... №2 саарал өнгийн малгайтай цамц Э хохирогч Д.Бийн шилэн хүзүүн дээр гараа тавьж авхуулсан зураг, бичлэг Бээс Д.Б өвдөг сөгдөж уучлалт гуйж байгаа 1 минут 45 секундийн бичлэг, хоёр, гурав дахь бичлэг харанхуйд хийгдсэн тул ямар ч дүрсгүй хүмүүсийн яриа бичигдсэн 4 минут 23 секундийн бичлэг хийсэн байсныг тэмдэглэн авч өөр эд зүйл, эд мөрийн баримт илрээгүй тул үзлэгийг дуусгав гэжээ. Гэтэл хоёр, гурав дахь бичлэг харанхуйд хийгдсэн, ямар ч дүрсгүй хүмүүсийн яриа бичигдсэн 4 минут 23 секундийн бичлэгт дуу таниулах ажиллагаа хийгдээгүй байхад эргэлзээтэй нотлох баримтыг үнэлсэнд гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй, шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарсангүй.
2.2. Шүүгдэгч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дэхь хэсгүүдэд зааснаар гэм буруутайд тооцохдоо хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1.энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хэргийг үйлдсэн гэж зүйлчлэхдээ 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн яг аль хэсгээр хүндрүүлсэн нь ойлгомжгүй байтал анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд дурдаагүй хуулийг зөвтгөж, дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэргийг хэтэрхий яллах талыг барьж хянан шийдвэрлэжээ.
Улсын Дээд Шүүхийн 2010 оны 5 сарын 19-ний өдрийн 13 дугаартай тогтоолд"... Тохуурхан даажигнаж, зовоон тарчлаах гэдэг нь хохирогчид олон удаагийн гэмтлүүд учруулах замаар буюу гэмтэл учруулахын тулд онц хүчтэй өвдөлт үүсгэх, сэтгэл санааны зовлонд оруулан шаналгах байнга буюу тодорхой нэг хугацаанд дааруулах, халаах, өлсгөх цангаах зэрэг зориуд санаатай хийсэн үйлдлүүдийг ойлгоно. "Тохуурхан даажигнах" гэж хүний нэр төр,А хүндийг гутаасан аливаа үйлдлийг хэлнэ"... ,Улсын Дээд Шүүхийн 2009 оны 5 сарын 22-ний өдрийн 14 дугаартай тогтоолд"...онц харгис хэрцгий аргад хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдэхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, эсхүл өлсгөж цангаасан, осгоосон, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд санаатайгаар саад учруулсан үйлдлийг хамааруулж ойлгоно"...гэж тайлбарласан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 4-д зааснаар Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрх зөвхөн Монгол Улсын дээд шүүхэд байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь Монгол Улсын дээд шүүхээс давсан тайлбар хийж хуульд байхгүй үг хэллэг хэрэглэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.
Гурав: Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолд"... Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь өөрийн үйлдэл, үйлдлийн улмаас бий болсон үр дагавар /хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан/, хууль зүйн дүгнэлт буюу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн гэмт хэргийн зүйчлэлийн талаар урьдчилсан нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрөхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нар нь өөрсдийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан талаараа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа гэм буруугийн шүүх хуралдаанд илэрхийлсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан ялыг хөнгөрүүлж оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно"... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах, хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэдэг хуулийн зохицуулалт юм. Харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйл шүүгдэгч Д.Тгийн гэмт хэрэгт холбогдох үедээ 18 насанд хүрээгүй байсан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 3 сартай жирэмсэн, хохирлоо хэсэгчлэн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байтал хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Мөн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр хохирогч Д.Бийн ээж Г.Оыг тогтоосон боловч иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байж хохирол гаргаж хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийг зөрчсөн байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 сарын 25-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтэд"... 1.Д.Б нь одоогоор сэтгэцийн хувьд эмгэгтэй. 2.Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бусдад зодуулсан гэх үед тархиндаа хэнд гэмтэл авсны улмаас одоогоор "Тархины доргилтын дараах хам шинж /энцефалопати/ хэмээх өвчнөөр өвчилсөн байна. Уг өвчин нь одоогоор эмчилгээний үе шатандаа байна. З.Д.Б нь одоогоор болсон үйл явдлыг зөв тусгаж үнэн зөв мэдүүлэг өгч чадахгүй. 4.Д.Б нь одоогоор хэрэг хариуцах чадваргүй байна"... гэх дүгнэлт /хх-ийн 166-168 дугаар хуудас/ авагджээ. Дээрх дүгнэлтэд нэгдсэн эмнэлгийн тамга дарагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1.Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжилгээ хийлгэхээр шинжээч томилно. Гэтэл уг дүгнэлтийг шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах мэргэшсэн шинжээч нар дүгнэлт гаргаагүй, нэгдсэн эмнэлгийн тамга тэмдэг дарсан байтал Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэсэн бланк хэрэглэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2.Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгахгүйгээр хэргийг хэтэрхий нэг талыг барьж хянан шийдвэрлэж байжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн З-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү.
Иймд Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Тд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Т, Х.А, Б.Э нарын өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэт нотлогдоогүй гэж үзэж байна.
Шүүгдэгч Х.А, Б.Э нар нь хохирогч Д.Бийн гэрийн гадна хохирогчийн аав болох О.Дийн хашаанд хөнгөн гэмтэл учруулсан байх магадлалтай юм. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг гарсан байдал мөн хэн яаж үйлдсэн гэх асуудал, бусад байдлуудыг тогтоохгүй орхигдуулсан байдаг. Хөнгөн гэмтэлтэй холбогдуулан ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байдаг.
Шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалган тогтоох ёстой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлд зааснаар илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоож, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр эсвэл мөрдөгч өөрийн санаачлагаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно гэж заасан байдаг.
Мөрдөгч яллагдагч Х.А, Б.Э, Д.Т, О.Н нарыг оролцуулан мэдүүлгийн үнэн зөвийг шалгахын тул хохирогчийн аав болох О.Дийн хашаанд буюу хэргийн газарт үзлэг хийх хуульд заасан үндэслэл байхад үзлэг хийгээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгах ажиллагааг дутуу орхигдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд “мөрдөгч хэрэг гарсан газрыг заавал шалган тогтоох үүрэгтэй. Хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор үзлэг хийнэ” гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн, үйлдэгдсэн байх болзошгүй гэх бодит үндэслэл байгаа бол хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг тохируулах зорилгоор орон байр бусад газар нийтийн эзэмшил газрын тодорхой хэсэгт хэргийн газрын үзлэг хийнэ гэж заасан байдаг. Иргэн О.Дийн хашаанд ямар үйл явдал болсон гэдгийг хэргийн газрын үзлэгээр тогтоогоогүй байж Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах 1 дүгээр цогцолбор сургуулийн хашаан доторх саравчинд хэргийн газрын үзлэг хийсэн байдаг. Яллагдагч Х.А, Б.Э, П.Т нарын мэдүүлэг, гэрч Б.Б нарын мэдүүлэгт “бид хохирогчийн гэрийн гадна буюу хашаанд очиж хохирогчтой уулзсан. Д.Бийг цохиж магадгүй гээд О.Н эргүүлэн хохирогчийн шанаа тус газар 1 удаа цохисон. Газар уначихсан байх үед нь хэн нэгэн өшиглөсөн гэх мэдүүлэг өгсөн байдаг. Иргэн О.Дийн хашаанд болсон эдгээр нөхцөл байдлуудыг бүрэн шалгаагүй байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэн учруулсан гэдгийг шалган тогтоогоогүй орхигдуулсан тул мөрдөн шалгах ажиллагаанд буцаах үндэслэлтэй” гэв.
Шүүгдэгч Д.Т болон түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Миний үйлчлүүлэгч Д.Тд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2дахь хэсгийн 2,1, 2,2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсний дагуу анхан шатны шүүхээс Д.Тд 6 жил 9 сарын хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Аймгийн Прокурорын газраас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр, мөн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 49 тоот тогтоолоор Д.Тд холбогдох хэргийн үйлдэл нь нотлогдон тогтоогдоогүй байна гэх үндэслэлээр 2 удаа хэрэгсэхгүй болгосон байгаа. Тэгтэл хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав Улсын Прокурорын газарт гомдол гаргаснаар Д.Тд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шууд ял сонсгож яллагдагчаар татаж, хуульд заасан ямар ч ажиллагаа хийхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь эрх зүйн байдлыг илт дордуулсан гэж үзэж байна.
Прокуророос Д.Тг О.Н, Э, Х.А нартай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Д.Бийг удаан хугацаагаар тохуурхан доромжилж, явган суулгаж явуулах, суниалгах, суулгаж, босгох, зодох зэрэг бие махбодын сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн үйлдэл хийж, улмаар хоолойг нь боож ухаан алдуулсны улмаас газар унаж тархинд нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэг үйлдсэн гэж ялласныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
О.Н нь хохирогч Д.Бийн тархинд хүнд гэмтэл санаатай учруулсан гэдгээ гэм буруугийн шуүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн, Д.Т нь тухайн үйлдэлд ямар ч хамааралгүй.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Аын “Д.Т нь гараараа Бийн хацарт зөөлхөн 1 удаа цохьсон”, Б.Эгийн “Д.Т “би нэг алгадчий” гээд Бийн хацар луу гараараа алгадах шиг болсон”, О.Нын “Т нь Бийн биед халдаж цохисныг хараагүй”, мөн гэрч Бийн “Т нь Бийг зодож, цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд Д.Тд холбогдох хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна. Д.Т нь найз Батцэцэгийг хохирогч Д.Бд хүчиндүүлснийг сонсоод найзыгаа хамгаалах зорилгоор Бтэй уулзсан бөгөөд түүнийг зодож гэмтээх ямар нэг санаа агуулаагүй байдаг.
Мөн гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтган нөхцөл нь тодорхой байхад Д.Т, Б.Э, А.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж буй нь ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: Х.А, Б.Э, Д.Т нар нь өөрсдийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан талаараа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа гэм буруугийн шүүх хуралдаанд илэрхийлсэн тул гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа Д.Т, Б.Э, X.А нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаараа маргаантай байсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж зааснаар ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийн бүрдэл хангагдаагүй, үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдоогүй, хэргийн зүйлчлэл тохироогүй байхад Д.Тд 6 жил 9 сарын хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар тогтоолд өөрчлөлт оруулан Д.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр надад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш өнөөдрийг хүртэл миний сэтгэл санаа болон биеийн байдал тааруухан байна. Анх цагдан хоригдох үед 3 сартай жирэмсэн байсан ба одоогоор 5 сартай жирэмсэн байгаа. Миний бие 5 сартай ургийн гажиг үзүүлэхээр нарийн мэргэжлийн үзлэг хийлгэж чадахгүй мөн жирэмсний хяналтад хамрагдаж чадаагүй тул надад хүндрэлтэй байна. Миний хувьд хохирогч Д.Бийн биед халдаж хүнд болон хөнгөн гэмтэл учруулсан зүйл байхгүй. Тухайн үед би 17 настай өсвөр насны хүүхэд байсан тул найзыгаа хүчиндүүлснийг сонсоод маш их цочирдсон. Ингээд Д.Бээр найз Б.Бээс уучлалт гуйлгахаар очиж уулзсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбартаа намайг эмнэлэг дээр ирээд 2 гараараа салаа гаргасан мэтээр ярьж байна. Би тийм үйлдэл гаргаагүй ба энэ талаар ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй. Миний хувийн нөхцөл байдлыг харгалзан үзээд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед хохирогчийг тийм нөхцөл байдалд хүрсэнд маш их харамсаж байгаа бөгөөд миний зүгээс ямар нэгэн санаатай үйлдэл хийгээгүй. Мөн хэрэг учрал болох үед би насанд хүрээгүй байсан учраас хуулиа мэдэхгүйн үүднээс иргэний үүргээ биелүүлж чадаагүйдээ маш их харамсаж, гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хохирогч Д.Бийг ялаа алуулж, өнцөг бариулж, цэргийн дэг хийлгүүлсэн тул тэрээр гэмтэх ямар ч учрал байхгүй. Би тийм хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна” гэв.
Шүүгдэгч О.Н давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Н надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ял ноогдуулсан.
Миний бие нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэтэл анхан шатны шүүх надад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан "Эрүүгийн хуулийг буруу" хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.2 дахь хэсэгт "Учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн", 1.4 дэх хэсэгт "Хохирогчийн хууль бус, зүй үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн" гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ журамлан хэрэглээгүй нь шүүгдэгч миний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байна.
Миний бие анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Увс аймаг дахь Эрүүгийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Х.А, Б.Э нарын өмгөөлөгч Б.Мөнхбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Эрүүгийн 1935003000063 дугаартай хэргийн шүүгдэгч Х.А, Б.Э нарын өмгөөлөгч Б.Мөнхбат би Увс аймаг дахь сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
1.1.Шийтгэх тогтоолд Х.А, Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбод, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, О.Н Д.Бийн хоолойг боож ухаан алдуулсны улмаас газар унаж, тархинд нь хүнд хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Харин Х.Аын нэг удаа алгадсан, Б.Эгийн суулгаж, босгосон үйлдлийн улмаас Д.Бийн тархинд хүнд хохирол учраагүй. Х.А, Б.Э нар нь Д.Бийн тархинд хүнд хохирол учруулахуйц ямар нэг үйлдэл хийгээгүй.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үнэлэгдсэн гэрч Б.Бийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан СД зэрэг нотлох баримтаар шүүгдэгч нар бүлэглэн хохирогчийн биед хүнд хохирол учруулсан гэх үйл баримт нотлогдоогүй байна.
1.2.Х.Аын Д.Бийг нэг удаа алгадсан үйлдэл нь 2019 оны 07 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, О.Дийн гэрийн гадна,
Б.Эгийн Д.Бийг суулгаж, босгосон /ялаа алуулах/ үйлдэл нь 2019 оны 07 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах 1-р сургуулийн саравчинд тус тус болсон үйл баримтууд.
Уг үйл баримт дууссаны дараагаар О.Н нь Д.Бийн хоолойг боож ухаан алдуулсны улмаас газар унаж, тархинд нь хүнд хохирол учирсан үйл баримт болсон. Өөрөөр хэлбэл дээрх үйл баримтууд нь өөр өөр газар, цаг хугацаанд болжээ. Ийм байхад анхан шатны шүүх шүүгдэгч тус бүр ямар үйлдэл хийсэн, хохирогчийн биед учирсан хүнд хохирол нь чухам хэнийх нь үйлдэлтэй шалтгаант холбоотой зэрэг дүгнэлт хийхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулсан.
Хоёр. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-т "Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ", 3.7 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ" гэж тус тус заасан .
Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцохын объектив шинж нь гэмт хэрэг үйлдэхэд хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэн /хамтын/ оролцоо байхаар тодорхойлогддог. Хамтын оролцоо нь гэмт хэрэг үйлдэхэд бие биедээ тус дөхөм үзүүлж, хамтран оролцогчдын үйлдлийн хооронд чиг үүргийн холбоо байх явдал. Гэмт хэргийн хор уршиг нь оролцогчдын хамтын үйлдэлтэй шалтгаант холбоотой байдаг.
Гэтэл хавтаст хэрэг авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаас үзэхэд О.Нын Д.Бийн биед хүнд хохирол учруулсан үйл баримтад Х.А, Б.Э нар оролцоогүй, боож ухаан алдуулахад тус дөхөм үзүүлээгүй, үйлдлээрээ нэгдээгүй.
Д.Бийн хоолойг боох нь О.Нын өөрийнх санаа, сэдлээс үүдэлтэй бөгөөд үүндээ бусад шүүгдэгч нараас оролцуулаагүй, дэмжлэг, туслалцаа аваагүй.
Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийг зүй бус үг хэллэгээр дарамталсан, олон хүний сүр хүчийг харуулсан үйлдлээрээ гэмт хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаатайг харуулна.
Хохирогчийн биед учирсан хүнд хохирол нь шүүгдэгч нарын хамтын үйлдэлтэй бус зөвхөн нэг шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх О.Нын үйлдсэн гэмт хэргийн хариуцлагыг Х.А, Б.Э нарт халдаан хэрэглэсэнд гомдолтой байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй" гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцохын субьектив шинж нь зөвхөн санаатай гэмт хэрэгт гэм буруугийн санаатай хэлбэрээр оролцож буйгаа ухамсарласан байдаг.
Хэдийгээр О.Нын Д.Бийн хоолойг боож байгаа үйлдэл нь санаатай гэм буруугийн хэлбэртэй хэдий ч боолтын улмаас ухаан балартсан Д.Бийг түшээгүй, суулгаагүйн улмаас газар унаж, тархиндаа хүнд гэмтэл авахад гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандаж байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1-т заасан санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр юм.
Зөвхөн санаатай гэмт хэрэгт хамтран оролцох боломжтой тул болгоомжгүй гэмт хэрэгт хамтран оролцсон байх эрх зүйн үндэслэлгүй байхад анхан шатны шүүх О.Нын Д.Бийн биед хүнд хохирол учруулсан гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсонгүй.
Оролцогч бүр үйлдэх гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн нэгдсэн зорилготой, гүйцэтгэгчийг нийгэмд аюултай үйлдэл хийхийг хүсэж байдаг онцлогоороо дангаараа гэмт хэрэг үйлдэгчээс ялгагддаг.
Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар Х.А, Б.Э нар нь саравчинд сууж байхад О.Н нь Д.Бийн хоолойг боосон, О.Н нь Д.Бийг суулгаж алхуулах, суниалгах зэрэг үйлдэл хийлгэж байхад Х.А, Б.Э нар байгаагүй, Х.А нь Б.Б, Б.Э нарын хамт саравчинд ирэхдээ Д.Бийн гар дээрээ суниаж байсныг зогсоожээ.
Уг үйл баримтаас дүгнэхэд Х.А, Б.Э нар нь Д.Бийн биед хүнд хохирол учруулах зорилгогүй, О.Ныг Д.Бийн хоолойг боох талаар мэдээгүй.
Ийм байхад анхан шатны шүүх Х.А. Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
2.2. Х.А, Б.Э нар нь Д.Бийг тохуурхан доромжлоогүй, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгээгүй, уг хүндрүүлэх шинж нь хэрэгт авагдсан баримтаар бүрэн нотлогдоогүй атал анхан шатны шүүх энэ үндэслэлээр гэм буруутайд тооцсоныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын үйлдлийг нэгтгэн зөвхөн хохирогчийн биед л хүнд гэмтэл учруулах гэсэн эцсийн ганцхан зорилготой үргэлжилсэн үйл баримт мэтээр "... эцэст нь хоолойг нь өмсөж явсан цамцных нь захаар боож ухаан балартуулсан, үүний улмаас хохирогч газарт унасан" гэсэн дүгнэлт хийжээ.
Ингэснээр хэргээ шүүлгэж буй шүүгдэгч тус бүрийн үйлдлийг ялгамжтай авч үзэн, тухайн үйлдэлд нь тохируулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг ялгамжтай оногдуулахад ноцтой зөрүүтэй байдлыг бий болгосон.
2.3. Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх, тэнсэх, хойшлуулах, албадлагын арга хэмжээ авах зэрэг эрх зүйн үр дагаврыг үүсгэж байдаг.
Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ойлголт”-ыг зөвхөн прокурорын яллах дүгнэлтийн зүйлчлэлийг урьдчилсан нөхцөлгүйгээр эргэлзээгүйгээр ойлгоно гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Х.А, Б.Э нарын эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.
Х.А нь Д.Бийг нэг удаа алгадсан, Б.Э нь Д.Бээр суулгаж, босгосон үйлдэлдээ гэм буруутайгаа тус тус хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-т заасан олон нийтийн амгалан тайван байдал адагдуулах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Учир нь уг гэмт хэргийн нийтийн хэв журмыг зөрчих, бусдад хүч хэрэглэх, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдах, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах шинж Х.А, Б.Э нарын үйлдэлтэй тохирсон гэж үзэж байна.
Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг Чандмань уул гэх газарт 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 28-нд шилжих шөнө Б.Бийг хүчиндсэн.
Х.А, Б.Э нар нь найз Б.Бийг хүчиндсэн Д.Бийн хууль бус үйлдэлд эгдүүцэн О.Дийн гэрийн гадна алгадах, сургуулийн саравчинд суулгаж, босгох үйлдэл хийлгэсэн нь олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй байна.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:
Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор Х.А, Б.Э, О Н, Д.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамлаагүй.
Мөн яллах дүгнэлтэд яллагдагч нарын холбогдсон гэмт хэргийн агуулгыг хэт ерөнхийлөн тусгасан, яллагдагч тус бүрийн холбогдсон гэмт хэргийн шинж байдлыг тусгаагүй, тус бүрт нь Эрүүгийн хуулийг хэрэглэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3,4 -т заасантай нийцэхгүй байна.
Ийм байхад анхан шатны шүүх яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийн алдааг залруулахгүйгээр хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1-т заасныг ноцтой зөрчиж байна.
Иймд Увс аймаг дахь сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Х.А, Б.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2019 оны 7 дугаар сарын 28-ны үдээс хойш 15 цагийн үед дөрвөн шүүгдэгч бид нар Бийн аав болох Даваадорж гэдэг хүнрүү яриад бид дөрөв
анх эмнэлэг дээр очиж эргэсэн. Эмнэлэгт очиход Бийг очиж хар гэж аав нь хэлээд Д.Т бид хоёр хамт очиж Д.Бийг эргэсэн. Б толгойндоо боолттой ямар нэгэн цус гарсан байдалгүй байж байсан.
Түүнээс 2 хоногийн дараа “нэг нь ирээд томографикт оруулж өгөөч ээ” гэж бид нарлуу ярьсан. Тэр үед би очиж Д.Бийг томографикт оруулах гээд тэргэнцэр дээр түрээд явж байсан. Д.Б Б.Бийг хүчиндсэний улмаас энэ хэрэг үйлдэгдсэн. Хийсэн хэрэгтээ, гэм буруудаа маш их гэмшиж байгаа тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.Нын өмгөөлөгч Н.Оюунчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоож, гэм буруутай эсэхийг тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хохирол хор уршгийг арилгуулах зорилготой байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар гэсэн зохицуулалтаараа явагдана гэсэн зарчимтай байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт бүрдүүлж, цуглуулж яллах цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хөнгөрүүлэх талын бүх нотлох баримтыг хангалттай цуглуулсны дараа шүүх рүү хэргийг шилжүүлсэн бол шүүх хавтаст хэргийн хүрээнд бүрэн дүүрэн дүгнэлт хийж гэм бурууг хуульд заасан үндэслэлээр тогтоох боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ мөрдөгч прокурор биелүүлээгүй учраас шүүх хавтаст хэргийн хүрээнд дүгнэлт хийсэн тул шат шатны шүүхэд хэргийн оролцогчдын хүрээнд мэтгэлцээ бий болгож дараа дараагийн шүүхэд гомдол гаргах шалтгаан болж байна. Шүүгдэгч нарыг хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан хэргийг бүлэглэн оролцсон гэж үзэж байгаа бол хэрэг эхлэхээс төгсөх хүртэл хамт байсан Б.Бийн үйлдлийг шүүх ямар байдлаар дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Д.Бийн Б.Бт учруулсан гэмт үйлдлийн улмаас дараагийн гэмт хэрэг үргэлжилж байгаа юм.
Шүүгдэгч нар хохирогч Д.Бтэй хувийн таарамжгүй харилцаатай байсан гэж шүүх дүгнэж байгаа бол шүүгдэгч нар хохирогчтой ямар хувийн харилцаатай байсныг тогтоох шаардлагатай байсан. Уг гэмт хэрэг О.Дийн хашаанаас эхлээд сургуулийн хашаанд үйлдэгдсэн байдаг. Сургуулийн хашаа буюу олон нийтийн газар бусдын эрх чөлөө эрүүл мэндэд халдсан үйлдэл явагдсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах ёстой байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дахь хэсэгт хүндрүүлэх бүрэлдэхүүн бас байгаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал гэдэг нь гэмт хэрэг хаана үйлдэгдсэнийг тогтоох гэж байгаа. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэрэг 1 дүгээр цогцолбор сургуулийн хашаан дотор үйлдэгдсэн байдаг. Гэмт хэрэг гарах үед хамт байснаар бүлэглэсэн гэмт хэрэг болохгүй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн зүйлчлэл маань Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэсэн зүйлчлэлээр гэм буруутайд тооцсон байдаг. Хохирогчид хүнд гэмтэл учруулсан үйлдэлд шүүгдэгч нэг бүрийн оролцоог тогтоох ёстой.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч тус бүр өөр өөрсдийн гаргасан үйлдэлд хариуцлага хүлээнэ гэдгээ илэрхийлсэн байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нар хохирогчид хүнд гэмтэл учруулахдаа зовуурь шаналал үүсгэж тарчлаасан гэж тайлбарласан байдаг. Гэтэл хууль зүйн хувьд хүнд гэмтэл учруулахыг хүсэж зорьж үйлдэхдээ хүнд гэмтэл учруулахын тулд зовоох тарчлаах шинж байхыг хэлнэ гэж тайлбарласан байдаг. Хүнд гэмтэл учруулах зорилгогүйгээр хохирогчийг явган суулгаж алхуулж байгаа үйлдэл нь хүнд гэмтэл учруулахыг зорьж хүсэх явцад гаргасан үйлдэл биш гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хэргийн газар байсан бүх хүмүүсийг гэмт хэрэг үйлдсэн гэж хамруулан ойлгож болохгүй гэж үзэж байна.
О.Н нь хохирогчийг цамцаар нь хоолойг нь боосон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч тухайн үед хүнд гэмтэл учруулах санаа зорилго агуулсан эсэхийг тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг хохирогчид хүнд гэмтэл учруулахын тулд үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч нар хэргийн газар нэг нэгнийхээ үйлдлийг хориглож болиулж байгаа нь гэрч нарын мэдүүлгээс харагддаг. Прокурор дүгнэлтэндээ “энэ хэрэг Улсын Ерөнхий прокурор хүртэл хянагдаад оролцогч нар гомдол гаргаснаар Д.Тгийн хэргийг сэргээсэн талаар тайлбар гаргасан.
Зөвхөн шүүхээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоодог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргах эрхийнхээ дагуу Улсын Ерөнхий прокурорт хэргээ хянуулж байгаа ажиллагаа байж болно. Улсын Ерөнхий прокуророос татаж шалга гэсэн болохоос биш татаж шалгаад Д.Тг гэм буруутайд тооц гэсэн зүйл байхгүй. Хохирогчийн зүй бус үйлдэл байсан эсэхийг шалган тогтоохын тулд Б.Бийг хүчиндсэн гэх үйлдэл гарсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай. Хохирол гэдэг нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын асуудал яригдана. Шүүгдэгч нар шүүхээр эрхээ хамгаалуулах гэм буруу дээр маргах эрх нь хуульд зааснаар хуульчлагдсан байгаа тул хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж шүүгдэгч нарын үйлдэл тус бүрд хэргийн зүйлчлэлийг өөрчилж, дутуу хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийж өгнө үү. О.Нын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Зөвхөн боолт хийсний улмаас хохирогч хойшоо ухаан алдаж унаж тархиндаа хүнд гэмтэл авсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байгаа тул О.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэж үзэж бусад шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзэж болохгүй. О.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаа хөнгөрүүлэх эрхээ эдлэх гэсэн боловч бусад шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдлын улмаас О.Нын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхгүй байгаа нь үндэслэлгүй байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд заагдсан дүгнэлт нь нэр томьёо болон хэргийн үйл баримтыг тайлбарласан тайлбар зэргээр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Мөн шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан дүгнэлт нь хэргийн бодит үйл баримттай нийцэхгүй байх тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. хэрвээ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах саналыг хүлээн авсан тохиолдолд шүүгдэгч нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өгнө үү” гэв.
Шүүгдэгч О.Нын өмгөөлөгч Ж.Жаргалбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О.Н анхан шатны шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг 100 хувь төлж шүүх хуралдаанд оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “..гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ журамлан хэрэглээгүй байна. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд зааснаар О.Нт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дахь хэсэгт анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн хуулийн 1.4 дэх хэсэгт хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зохицуулалтыг заасан байдаг. Анхан шатны шүүх хуралд эд мөрийн баримтаар хураагдсан CD/ сиди/ шинжлэн судалсан.
Уг бичлэгт хохирогч Д.Б нь Б.Б гэх хүнтэй харьцаж хүчиндсэн талаараа үгүйсгээгүй. Гэм буруутай үйлдэл хийсэн тул уучлаарай гэж уучлалт гуйж байгаа байдал нь бичлэг дээрээс харагддаг. Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би найзуудыгаа энэ гэмт хэргийг хийгээд өг гэж хэлээгүй, энэ гэмт хэрэгт оролцоогүй гэж мэдүүлэг өгдөг боловч уг хэрэг гарах үед Б.Б энэ хэрэгт үгээр оролцоогүй байж болох ч үйлдлээрээ хэрэгт оролцсон болох нь Д.Тгийн хийсэн бичлэгээр нотлогдон тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцаалгаж Б.Бийн үйлдлийг шалгуулах хүсэлтэй байна.
Хохирогчийн гэм хор арилаагүй учир иргэний журмаар нэхэмжлэх гэм хорын хохирлыг цааш төлнө гэдгээ миний үйлчлүүлэгч О.Н илэрхийлж байгаа. Б.Б өөр хүчингийн хэргийн хохирогч болж байсан ба тухайн хэргийн шүүгдэгч 1-6 жилийн ял авч байсан байдаг. Гэтэл энэ хэрэг үйлдэгдэж байх үед Б.Б хэргийн газар байж байсан боловч шүүгдэгч нарыг боль гэж хориглохгүйгээр хэрэг учрал болох үед үгээр биш үйлдлээрээ оролцоод хараад сууж байдаг. Өмгөөлөгч миний бодлоор Б.Б нь хохирогч Д.Бээс мөнгө материаллаг зүйл шаардах зорилготой болох байсан болов уу гэж үзэж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж Б.Б энэ хэрэгт ямар оролцоотой байсан талаар шалгуулах хүсэлтэй байна” гэв.
Шүүгдэгч Х.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Эрүүгийн 1935003000063 дугаартай хэргийн шүүгдэгч Х.А би Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан эрхийнхээ хүрээнд давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд: Д.Бийн биед учирсан тархины гэмтэл нь дангаараа хүнд гэмтэлд тооцогдоно бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ.
Хохирогчийн биед учирсан тархины гэмтлийг Х.А гүйцэтгэгчийн хувиар учруулсан эсэх, эсвэл бусдын үйлдэлд хамтран оролцсон эсэхийг тогтоох ёстой. Үүний тулд түүний үйлдлийн мөн чанарт эрх зүйн дүгнэлт хийхээс гадна шалтгаант холбоо байгаа эсэхийг нягтлах ёстой. Шалтгаант холбоог тогтоохын тулд нарийн шинжилгээ хийх ёстой. Нөгөө талаас О.Нын Д.Бийн хоолойг боосноос газар унаж тархины гэмтэл авсан явдалд хамтран оролцох ямар нэг хэлбэр байх боломжгүй, үүнд Х.Аын нөлөө байгаагүй.
Х.Аын цохилт нь Д.Бийн толгойн аль хэсэгт, ямар хүчээр, хэрхэн цохисноос хамаарч тархинд гэмтэл учруулахыг нарийн авч үзэх учиртай. Тэрээр Д.Бийг гэрийн гадаа цохисноос авахуулаад 1-р сургуулийн хашаанд, тархиараа газар унасны дараа, толгой өвдөж байна гэж түүний хэлэх хүртэл урт хугацаа өнгөрсөн. Энэ хугацааг мөрдөн байцаалтаар тодорхойлох боломжтой бөгөөд анагаах ухааны тархи судлалын эмч нараас гэмтэл ийм хугацааны дараа өмнөх үйлдлийн үр дагавар илрэх боломжтой эсэх, ийм хүнд гэмтлийг бий болгож байсан тохиолдлыг тодруулах боломжтой. Хэрвээ тодруулах боломжгүй гэсэн дүгнэлт хийх бол шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэх ёстой. Учир нь гэм буруугийн зарчим нь гэмт хэргийн бүрэлдэхүүний нэг хэсэг болдог.
Тэрээр Д.Бийг гэрийнх нь гадаа хацрын хэсэгт цохисноороо Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй буюу тухайн цохилтын улмаас хүнд хохирол бий болоогүй юм. Харин хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.
Иймд тархины гэмтлээс бусад гэмтэл дэх Х.Аын оролцоог тодруулан, гэм бурууд нь тохирсон хариуцлага хүлээлгэх учиртай.
Анхан шатны шүүх Х.Аыг Д.Бийн тархины хүнд гэмтэлд гэм буруутай гэж үзэн ял оноосон нь үндэслэлгүй, логикгүй дүгнэлт байсан. Учир нь хүнд гэмтлийг Х.А бий болгоогүй. Иймд нягтлах гол асуулт бол О.Нын Д.Бийн хоолойг боож ухаан алдуулан газар унагасан идэвхтэй үйлдэлд Х.А ямар хамааралтай болохыг тогтоох юм. Үүний тулд Х.Аын саравчинд сууж байсан үйлдэл буюу Д.Бийн хоолойг О.Н боох үед үзүүлсэн эс үйлдэхүй, цаашлаад энэ үйл явдалд түүний субьектив тал, гэм бурууг тухайлан авч үзэж дүгнэлт хийсэн бол Х.Аыг хамтран оролцогч биш гэж дүгнэлт хийх байсан.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой” гэжээ.
Шүүгдэгч Х.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Б нь Б.Бийг хүчиндсэний улмаас энэ хэрэг үйлдэгдсэн. Миний хувьд хохирогч Д.Бийн биед хүнд хохирол учруулсан зүйл байхгүй тул хэргийг минь ялгамжтай авч үзэж хөнгөлж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хүү Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр эхний хагалгаа, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хоёр дахь хагалгаа 2020 оны 4 дүгээр сард 3 дахь хагалгаанд орсон. Миний хүү 15 сувилагч, 6 асрагч, 15 эмч нарын бүрэлдэхүүнтэй 3 удаагийн хагалгаанд орж 2 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэж дөнгөж хөл дээрээ босдог болсон. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ хэргээс болж миний хүү эрүүл мэндээрээ хохирч үлдсэн. Одоо ч гэсэн байнгын эмчилгээ хийлгэж байгаа боловч нийгмийн харилцаанд орж, хүний асаргаагүйгээр амьдрах боломжгүй болсон.
Би зургаан настай хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг хүүдээ хүрд цээжлүүлж дэлгүүрт худалдаа наймаа хийлгэхээр хичээж байгаа боловч хүүгийн минь бие дээрдэхгүй байгаа бөгөөд хүүгээ нийгмийн харилцаанд оруулах зорилгоор гадуур, дотуур дагуулаад явахаар энэ хүмүүс харчхаад хүүг минь гадуур хэсээд явж байна гэж ярьдаг.
Энэ хэргийг цагдаагийн байгууллага маш удаан шалгасан учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа хүүхдээ авч агаар салхинд гармаар байна. Хүүг минь хүчингийн хэрэг хийсэн гэдэг нь шүүхээр нотлогдон тогтоогдоогүй байхад өмгөөлөгч шүүгдэгч нарын зүгээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо миний хүүг бүгд л хүчингийн хэрэг хийсэн мэтээр бичсэн байгаад гомдолтой байна.
Би Б.Б гэх охинтой уулзаж юу болсон талаар асуухад “Д.Б ах сайн хүн боловч манай найзууд уурандаа очоод цохичихсон” гэж хэлсэн. Үнэхээр миний хүү эрүүл саруул байсан бол хүүгээсээ юу болсон талаар асуумаар байна. Миний хүү эмэгтэй хүнийг хүчирхийлэх хүн биш. Хэрэг учрал болсны дараа хууль шүүхийн байгууллага үнэнийг олж тогтоож өгөх байх гэж бодоод хүүгийн минь амь нас чухал байсан тул хүүгээ аваад Улаанбаатар хот руу явж бүтэн 4 сар гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Миний хүү Гашууны голд цустайгаа холилдчихсон байхад Х.А хүүг минь бүжиглэ гэж бүжиглүүлсэн байсан. Д.Т татаж байсан тамхиныхаа ишийг хүүгийн минь нуруун дээр унтраах гэж байхад нь О.Н болиулсан байдаг.
Хүүгээ 2 дахь хагалгаанд орох гэж байхад би шүүгдэгч нарын аав ээжээс хүү минь эрүүл саруул болоход нь туслаад өгөөч гэж гуйж байсан боловч хэн ч надад урмын үг хэлээгүй. Би хүүгээ хагалгаанд орохын өмнө Х.А руу залгаад ээжтэйгээ яриулаад өг гэж хэлсэн боловч “зодсон хүндээ наад үгээ хэл” гэж хэлээд утсаа тасалсан. Би хүүгээ 2 хөл дээр нь босгож авсан боловч толгой тархинд нь юу ч байхгүй. Би хүүдээ хүрд цээжлүүлж, хасах тоо бодуулж байгаа мөн хүүгээ шөнө унтаж байхад нь 2-3 удаа өрөөнд нь очиж амьсгалж байгаа эсэхийг шалгадаг. Амьсгалахгүй байгаа юм шиг санагдаад байдаг тул би шөнөд унтаж чаддаггүй. Миний хүү эрүүл саруул байхдаа 40 тооны ачааны машин барьж байсан. Анх хүүгээ 2019 онд нүдний томографикт оруулж байсан ба хүүгийн минь нүдний хараа өдрөөс өдөрт муудаж байна. Одоо хүүгийн минь харах хүрээ багассан учир нүдэнд ямар ч найдвар байхгүй тул боломж байдаг бол гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Би хүүтэйгээ яг 6 настай хүүхэдтэй харьцаж байгаа юм шиг харьцдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлууд бүгд үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.
Хавтаст хэргийн 103 дугаар талд гэмтлийн эмнэлгийн их эмч Баясгалангийн мэдүүлэгт: Д.Б нь юм ярих чадваргүй, цаашдын амь насны эрстэлт байдлын талаар урьдчилан хэлэх боломжгүй гэсэн байдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх шаардлагагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал буюу бүлэглэсэн гэдэг нь тогтоогдсон.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хар ярианы хэллэг оруулж, Улсын Дээд шүүхийн тайлбараас давсан тайлбар хийсэн гэсэн боловч Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн тайлбараас давсан тайлбар хийгээгүй гэдэг нь харагддаг.
Шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нар хохирогч Д.Бийг удаан хугацаагаар тарчлаан зовоож, галуун цуваагаар явуулж, суугаа байдлаар дээшээ үсэргэж, бүжиглүүлсэн. Шүүгдэгч нарын үйлдлээс болж хохирогч удаан хугацаагаар зовж шаналсны улмаас босож чадахгүй тамирдсан байхад хохирогчийн ам руу пиво цутгаж байсан, хохирогч “би үхлээштээ намайг тавиач ээ” гэж хэлэх үед хохирогчийн дээрээс дэвсэж байсан байдаг. Тухайн цаг мөчид хохирогч Д.Бийн биед учирсан гэмтлийг шүүгдэгч нарын яг тэр нь үүсгэсэн гэж тогтоох боломжгүй, шүүгдэгч нарын бүх үйлдэл хохирогчид нөлөөлсөн.
Шүүгдэгч Д.Т давж заалдах журмаар гаргасан гомдолоо тайлбарлахдаа “хохирогчийг зодож хөнгөн болон хүнд гэмтэл учруулсан зүйл байхгүй тул хэргийг минь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулгатай тайлбар гаргаж байна. Гэтэл уг гэмт хэрэгт Д.Тгийн үйлдэл, оролцоо тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD /сиди/ бичлэгийг шинжлэн судлуулсан ба шүүгдэгч Д.Т анхан шатны шүүх хуралдаанд өөрөө оролцож энэ миний дуу мөн гэдгийг нотолж өгсөн. Тухайн бичлэгт шүүгдэгч Д.Т бусад шүүгдэгч нарыг удирдан “юугаа хийж зогсоод байгаа юм бэ наад пиздагаа зодооч ээ” гэж хэлсэн байдаг. Мөн хохирогчийн нуруу дээр татаж байгаа тамхиа унтаачих уу гэж шүүгдэгч Д.Т хэлсэн болох нь бичлэгт тусгагдсан. Хүчингийн хэргийн баримт болгох зорилгоор уг бичлэгийг хийсэн. Хохирогчийг биеэ авч явах чадваргүй болгож байгаад биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.
Д.Т гэмт хэрэг гаргах үед насанд хүрээгүй байсан учир найз Б.Бийг хамгаалахын тулд энэ гэмт хэрэгт оролцоод өнгөрсөн мэтээр тайлбар гаргадаг. Гэтэл Д.Т нь шүүгдэгч нарт хүч оруулж турхиран хохирогчийг зовоож, шаналгах эх үүсвэрийг тавьж өгсөн мөн энэ гэмт хэргийг таслан зогсоох үйлдэл хийгээгүй юм.
Шүүгдэгч О.Н, Б.Э, Х.А нь тайлбартаа: “Найзыг минь хохирогч Д.Б хүчиндсэн учир энэ гэмт хэрэг гарах шалтгаан болсон” мэтээр тайлбар гаргасан. Энэ гэмт хэрэгт Б.Бийг Д.Б хүчиндсэн гэдэг зүйл огт хамаарал байхгүй бие даасан хэрэг юм. Д.Бийг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэх хэргийн шалтгаан болгож Д.Бийг цагдаагийн байгууллагад өгөх эсвэл эд зүйлийг нь авах гэх мэт байнгын дарамтад байлгах зорилгоор бичлэг хийсэн байдаг. Прокурорын байгууллага Д.Тгийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон байхад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Улсын ерөнхий прокурор руу гомдол гаргасны үндсэн дээр хэргийг сэргээсэн мөн шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг огт шалгахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлсэн гэсэн тайлбарыг шүүгдэгч нарын өмгөөлөгч гаргасан. Энэ хэрэг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө гарсан тул мөрдөн шалгах ажиллагаа хангалттай 3 жилийн хугацаанд хийгдсэн.
Шүүгдэгч О.Нын үйлдлийн улмаас хохирогч толгойдоо хүнд гэмтэл авсан гэж шүүгдэгч нарын өмгөөлөгч тайлбарладаг. Гэтэл тухайн үед хохирогчийг зовоон тарчлааж биед нь зовуурь үүсгэж хүнд нөхцөл байдлыг бий болгосон учир хохирогч гэмтэл авсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг “гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” тохиолдолд хэрэглэх боломжтой байдаг. Шүүгдэгч нарын төлсөн хохирол төлбөр нь зөвхөн шүүгдэгчийг Улаанбаатар хот руу авч явж эмчлүүлсэн эмчилгээний зардал байсан. Гэтэл хохирогч маань тархины хүнд гэмтлийн улмаас нүд нь хараагүй болсон байгаа. Цаашид ямар үр дагавар гарахыг мэдэхгүй учир гэмт хэргээс учирсан хор уршиг бүрэн арилсан гэж үзэхгүй байна.
Шүүгдэгч нар үнэхээр гэм буруугүй байсан бол яагаад хохирлыг төлж барагдуулах болсон нь ойлгомжгүй. Д.Т энэ гэмт хэргийг үйлдээгүй байсан бол яагаад хохирол төлж байгаа нь ойлгомжгүй байна. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцаах шаардлага байхгүй.
О.Дийн хашаан дотор болсон үйл явдал энэ хэрэгт маш хамааралтай байхад шалгаж тогтоогоогүй гэдэг зүйлийг шүүгдэгч нарын өмгөөлөгч ярьдаг. Шүүгдэгч нар хохирогчид зовуурь шаналгаа, сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийллийг О.Дийн гэрийн гадна очсон үеэс эхлэн үзүүлж, улмаар энэ үйлдэл нь даамжирсаар хохирогчийг биеэ авч явах чадваргүй болгож үүний улмаас Д.Б биедээ хүнд гэмтэл авсан. Дан ганц нэг хүний үйлдэл бус шүүгдэгч Д.Т, Б.Э, Х.А, О.Н нарын үйлдлээр хүнд гэмтэл учирсан нь тогтоогдсон.
Шүүгдэгч нарын үйлдэл холбогдлыг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалган тогтоосон тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын хэргийг прокурорт буцаах саналыг хүлээн авах боломжгүй. Мөн шүүгдэгч Д.Тгийн үйлдэл оролцоог хэрэгсэхгүй болгох боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Тгийн хувьд өмгөөлөгч нар нь давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргахдаа уг хэрэгт Д.Тгийн үйлдэл оролцоо байхгүй. Хохирогч Д.Бийн бие эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулаагүй гэсэн агуулгатай гомдол гаргасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Т хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэдэг нь тогтоогдсон тул түүний үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулж шийдвэрлэсэн. Хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг шүүхэд ирүүлээгүй гэдэг тайлбар гаргаж байна. Хэрэг 2019 оны 7 дугаар сард гарсан учир 2 жилийн хугацаанд нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоосон. Шүүгдэгч Д.Тгийн өмгөөлөгч Б.Цагцалмаагийн зүгээс Д.Тгийн үйлдэл оролцоог Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор болон дээд шатны прокурор хэрэгсэхгүй болгосон байх тул Улсын ерөнхий прокурорын газраас сэргээж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа талаар тайлбар гаргасан. Хяналтын прокурорын зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол нь эцсийн шийдвэр биш бөгөөд Д.Тгийн үйлдэл оролцоо нотлогдсон учир Д.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хүчингүй болгож хэргийг сэргээж түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Энэ хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхжаргал “хэрэг анх иргэн О.Дийн гэрийн гаднаас эхэлсэн гэх тайлбар гаргасан. Иргэн О.Дийн гэрийн гадна шүүгдэгч нар хохирогч Д.Бтэй өөр хэргийн үйл баримтын талаар очиж уулзсан байж болно.
Харин хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл явдал нь Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт байрлах 1 дүгээр сургуулийн хашаан доторх саравчны дотор үйлдэгдсэн болох нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон тул иргэн О.Дийн гэрийн гадна үзлэг хийх ёстой байсан тул мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл оролцоо хангалттай нотлогдон тогтоогдсон учир шүүгдэгч нарын үйлдэл тус бүрд ял оногдуулж ялыг ялгамжтай оногдуулсан. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлаагүй гэдэг тайлбарыг шүүгдэгч нарын өмгөөлөгч тайлбартаа дурдсан. Энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Тухайн гэмт хэргийг хүндрүүлж үзэх нөхцөл байдлыг хуульд заасан тул шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон өөрөөр хэлбэл энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллаж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс хуулийг буруу хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж тайлбар гаргасан. Хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын эрхийг ноцтой зөрчсөн ажиллагаа хийгдээгүй. Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдээгүй гэх тайлбар гаргасан.
Прокурорын зүгээс мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно” гэсэн заалт байдаг. Энэ хэргийн хувьд илэрсэн нөхцөл байдал тодорхой, шүүгдэгч нар санаагаараа нэгдэж хохирогч Д.Бийг гэрээс нь гаргаж, 1 дүгээр цогцолбор сургуулийн хашаан дотор аваачсан байдаг. Анхнаасаа хохирогчийг сэтгэл санааны болон бие махбодын шаналал зовуурь үүсгэсэн. Ингэхдээ бүлэглэн санаагаараа нэгдэж сэтгэл санаа болон бие махбодын шаналал зовуурь үүсгэснээс болж хохирогч Д.Б эрүүл мэнддээ хүнд зэргийг хохирол авсан болох нь тогтоогдож байгаа. Энэ хэргийн хувьд шүүгдэгч Д.Т хамжиж оролцсон мөн шүүгдэгч Х.А хамжиж оролцсон гэдгийг тогтоох боломжгүй. Шүүгдэгч нарын нэгдсэн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учирсан учир ялгамжтай зүйлчлэх шаардлагагүй. Энэ хэргийн улмаас хохирогч Д.Бийн биед хүнд гэмтэл учирсан ба өнөөдрийг хүртэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол арилаагүй учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.4-д заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж шүүхээс үзсэн.
О.Нын хувийн байдлын хувьд бага насны хүүхэдтэй ба хүүхдийн эх хүүхдээ орхин явсан гэдэг нөхцөл байдлыг хэлж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн боловч гэр бүлээ цуцлуулсан шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх тул түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй гэж шүүх дүгнэсэн. Шүүгдэгч Х.А, Б.Э нарын хувьд хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учруулаагүй гэх тайлбар гаргадаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддсон тул анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарт ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд зэргийн хохирол учирсан мөн шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч сэтгэл санааны болон бие махбодын шаналалд хүрсэн гэдэг нь тогтоогдож байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD /сиди/-ийг анхан шатны шүүх бүрэлдэхүүн шинжлэн судалж байхдаа шүүгдэгч нараас бичлэгт хураагдсан дуу хэнийх болохыг асууж тодруулж шүүгдэгч нар өөр өөрсдийн дуу мөн гэдгийг нотолж тайлбар мэдүүлгээ гаргаж байсан.
Иймд CD /сиди/-д авагдсан дуу дүрсний бичлэгт таньж олуулах ажиллагаа хийх шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарт холбогдох, 1935003000063 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нарыг бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бийг удаан хугацаагаар тохуурхан доромжилж, явган суулгаж явуулах, суниалгах, суулгаж босгох, зодох зэрэг бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн үйлдэл хийж, улмаар хоолойг нь боож ухаан алдуулсны улмаас газар унаж, тархинд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн байх бөгөөд шүүхээс хэргийн үйл баримтад хийсэн хууль зүйн дүгнэлт, гаргасан шийдэл нь хэргийн бодит байдал нийцээгүй, үндэслэл муутай болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Тодруулбал, 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө хохирогч Д.Бийн биед учирсан хөнгөн болон хүнд зэргийн гэмтлүүд чухам хэний үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой учирсан, шүүгдэгч тус бүр хэрхэн оролцсон, тэдгээрийн үйлдэл нь бүлэглэн гүйцэтгэсэн шинжтэй эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг буруу зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн гэж үзвэл хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, улмаар хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой болно.
Шүүгдэгч О.Н, Б.Э, Х.А, Д.Т нар 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Улаангом сумын 7-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Бтэй “найз охин Бийг хүчиндсэн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн гэрийн гадна байх үед Х.А нь хохирогчийн нүүрний хэсэгт гараараа нэг удаа, шүүгдэгч О.Н мөн нүүрний хэсэг, гэдэс рүү нь гараараа цохисон, улмаар хохирогчийн гэрийн гаднаас 1-р сургуулийн хашаа уруу явах замд О.Н нь Бийг явган суулгаж /галуун цуваагаар/ явуулсан, сургуулийн хашаан доторх саравчны дор гар дээр суниалгасан, шүүгдэгч Б.Э нь Бээр “ялаа алуулах” гэх үйлдлийг хийлгэсэн, уг үйлдлийг хийлгэх явцад О.Н нь Бийн хөл, гуяны хэсэг рүү хөлөөрөө өшиглөх, мөн “галуун цуваагаар явуулах” үед бөгс рүү нь өшиглөсөн, мөн шүүгдэгч Н, Э, А нар Бийг газарт сөгдөж суулган, Бээс уучлалт гуйлгуулсан, шүүгдэгч Д.Т нь Бийн нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон, Б босоод сандал дээр сууж байсан, шүүгдэгч Х.А, Д.Т, Б.Э, гэрч Б.Б нар сандал дээр суугаад хоорондоо ярилцаж байсан, энэ үед О.Н нь Бийг нэг гараараа заамдаж бариад хоолойг нь шахаж боож байгаад гараа тавьтал Б хойшоо савж толгойны дагз хэсгээр цемэнтэн дээр гэдэргээ харж унасан зэрэг үйл баримт болсон нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тухайлбал, гэрч Б.Бийн “...намайг машинаас буухад Н гараараа Бийн нүүрний хэсэгт цохиж харагдсан, А, Э, Т нар бас хажууд нь байсан. Тэр үед Н Бийн хувцаснаас заамдаж бариад дагуулж яваад бид нараас 5-6 метр хол зайнд очсон, тэр 2-ын араас Бийн аав нь очсон, аавыг нь очих хооронд Н гараараа шанааны хэсэг болон гэдэс рүү цохиж байсан.
.....саравчин дотор гэрэл тусаж байхаар нь яваад очсон чинь нөгөө 3 байсан ба Т сандал дээр суучихсан, Н зогсчихсон, Бийг гарынх нь нударган дээр суниалгаж байсан, Т гар утасныхаа гэрэл тусгасан байсан. Тэр үед Э “ цэрэгт байхад ялаа алуулдаг байсан, тэрнийг хийлгэх үү” гэж хэлээд яаж алаа алуулахыг Бд Э, Н 2 зааж өгч, Б дээш үсрээд 2 гараа толгой дээрээ ташаад сууж босоод байсан, үүнийг хийж чадахгүй болохоор Н хөлөөрөө Бийн хөл, гуяны хэсэг рүү өшиглөсөн. Тэгж байтал хэн нь мэдэхгүй нэг нь галуун цуваагаар явуулахаар болж, саравчны дотор талыг тойруулаад явуулсан, Б галуун цуваагаар явахаа болиод зогсоод байсан чинь Н Бийн араас бөгс рүү нь өшиглөсөн. Тэр үед Ааа “ наад хүүхдээсээ уучлалт гуй” гэж хэлэхэд Н, Э 2 Бийг миний урд суу гээд сөгдүүлээд суулгасан. Б надаас уучлалт гуйсны дараа Э Бийг босгоод сандал дээр суулгасан. Тэр үед Ааа бид 2 сандал дээр сууж байсан, бид 2-ын хажууд Т суугаад бид 3 хоорондоо юм ярилцаж байтал гэнэт хүн амьсгаадах, сонин дуугарах чимээ гарахаар харсан чинь Н Бийг хоолойг боогоод зогсож байхаар нь би Нт “ яаж байна аа, наадах чинь үхлээ ш дээ” гэж хэлсэн чинь Н Бийг боохоо болиод тавьтал Б эгцээрээ хойш гэдрэг савж, цемэнтэн дээр дагзаараа унасан. Б газар унаад хөдлөхгүй байхаар нь нүүр лүү нь ус цацаад байж, 2-3 минутын дараа сэрсэн, Б ухаан ороод чимээгүй толгойгоо бариад сууж байснаа “ миний толгой өвдөөд байна, би гэртээ очмоор байна” гэж хэлсэн.Тэгтэл Э Гашууны гол ороод Бийн нүүр, гар, толгойг угаалгая гээд явцгаасан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 88-89, 91-92-р тал/,
шүүгдэгч Д.Тгийн яллагдагчаар өгсөн “ ... А, Э, Н 3 тэр залуу руу дөхөж очтол А уг залуугийн цамцны дал мөрний хэсгээс татаж бариад гараараа шанаа руу нь нэг удаа цохисон. ....тухайн үед бид нар хаашаа явах нь тодорхойгүй байсан. Зам дээр гараад А, Б 2 урд гараад түрүүлээд алхаад явсан, ард нь Н, Б бид 3 алхаж явсан. Тэгээд бид 3 засмал замын хажуугийн явган хүний замаар явж байтал Н Бийг “ доош нь суу, галуун цуваагаар яв” гэж хэлээд доош суулгаад явуулж эхэлсэн, Бийн гэрийнх нь урд талын 3 замын уулзварын явган хүний замаас эхлээд уг явган хүний зам дуусах хүртэл галуун цуваагаар явуулж байгаад босгосон. Тэгээд бид 3 1-р сургуулийн арын хашааны хаалгаар яваад саравчинд очиж суусан, тэнд бид 3-аас өөр хүн байгаагүй, тэгээд Н Бийг “ газарт тул, суниалганаа” гэж хэлээд нударгаар нь газар тулуулаад суниалгасан. Тэр үед би нөгөө 2-луу гар утасны гэрлээ тусгаад утсаараа оролдож байсан. Бийг суниалгаж байтал ойролцоогоор 5 минутын дараа А, Б, Э 3 ирсэн, Бийг суниалгахаа больсон, тэр үед Э “ялаа алуулна” гээд Бийг суулгаж босгоод гарыг нь дээр цохиулаад байсан. Тэр 2 Бийг “ялаа алуулна” гэдэг юм хийлгэж байгаад Бийг босгож зогсоосон. Тэр үед би Б рүү дөхөж очоод “ чи ичээчээ, арчаагүй амьтан бэ” гэсэн зүйл яриад найзыг маань хүчиндсэнд гомдоод мөр лүү нэг удаа зөөлөн чичсэн. Тэгээд Б, А бид 3 хоорондоо ярилцаад сандал дээр сууж байсан. Тэр үед гэнэт хүн эвгүй дуугарах чимээ гараад харсан чинь Бийн хоолойг Н 2 гараараа боогоод өргөсөн байснаас тийм эвгүй чимээ гарсан байсан. Нт “ болиоч ээ, яаж байгаа юм бэ, наад хүн чинь үхлээ ш дээ” гээд тал талаас хэлсэн. Тэгтэл Н боож байсан гараа тавьтал Б газарт уначихсан. Б чимээгүй болчихоор нь А, Б бид 3 дөхөж очоод босгох гэсэн чинь хөдлөхгүй байхаар ухаан алдсан юм байна гэж бодсон, хувцаснаас нь татсан боловч хөдлөхгүй байгаад байсан. Тэгтэл Э Бийн нүүр лүү ус цацсан чинь сэргээд ухаан орсон. Э Бийг өргөж босгоод суулгасан, тэр үед Э бид нарт “ Бийг гол авч яваад сэргээгээд гэрт нь хүргэж өгье” гэж хэлээд бид нар гол уруу явсан” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 15-17-р тал/,
шүүгдэгч Х.Аын яллагдагчаар өгсөн “ ..би машинаас буугаад шууд хашаа руу орсон, Э хамт орж ирсэн. .....тэгэхээр нь би Бийн хацарны хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл хажуунаас Э “ чи яагаад хүн хүчиндэж байгаа юм бэ” гэж хэлээд түүнийгнэг гараараа тэвэрсэн байдалтай бариад хаалга уруу чиглээд явсан, тэгтэл урдаас Н ирээд “ чи хүн хүчинддэг ямар овоо гар вэ ” гэж хэлээд гэдэс рүү жийх байдалтай өшиглөөд хувцаснаад нь бариаад хаалгаар гарсан. Энэ үед Т, Б 2 бид нарыг хараад зогсож байсан. .....тэгээд бид хэд “хаана очиж ярилцах вэ” гээд үогсож байтал хэн нэг нь 1-р сургуулийн саравч руу явъя гэж хэлсэн. Тэгээд тийшээ явахаар болж, Б бид 2 түрүүлээд замаар алхаад явсан. Бид 2-ын ард Т, Б, Н гурав явж байсан. Бид 2 шууд алхаад саравчин дээр ирэхэд хэн ч байхгүй , нөгөө 3 харагдахгүй байсан, бид 2 10 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь буцаж гараад явж байтал Э ганцаараа ирсэн. Тэгээд бид 3 машинд суугаад буцаад Бийн гэрийн гадна ирэхэд хэн ч байгаагүй. Тэгээд сургуулийн хашааны гадна машинаа тавиад саравчин дээр ирсэн. Саравчин дотор Н, Т, Б 3 байсан, Б суниасан юм шиг нударгаараа газар тулчихсан байсан, Т утасны гэрлээ асаачихсан, Н Бийн хажууд зогсож байсан. Би “ та нар хаагуур ирсэн юм бэ” гэж хэлсэн чинь Н “ бид нар замаар л ирлээ” гэхээр нь би “ямар удаан явж ирдэг юм” гэхэд галуун цуваагаар явж ирлээ гэж хэлсэн. ......Тэр үед би Бтэй ярилцаад сандал дээр сууж байсан, хажууханд Т, Э бас сууж байсан. Б, Н 2 зогсчихсон юм ярьж байсан тул бид нар нээх анзааралгүй юм яриад сууж байтал гэнэт “тасхийх” чимээ гарсан. Харсан чинь Б цементэн дээр дээш хараад хэвтэж байсан. Н хажууд нь зогсож байсан. Э тэр 2-т ойрхон сууж байсан тул босож очоод Бийн цээж хэсгээс тэврээд өндийлгөсөн чинь ухаан алдсан байсан. Э хацар луу нь ганц 2 алгадтал Б ухаан орж сэргэсэн, дуу нь их сул муу болсон байсан ба “толгой өвдөөд дотор эвгүйрхээд байна” гэж хэлсэн. Тухайн үед бид нар бүгдээрээ сандралдаж эхэлсэн” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 26-27-р тал/,
шүүгдэгч Б.Эгийн яллагдагчаар өгсөн “ Бийн хашаа уруу эхлээд А орсон, хашааны хаалганы хажууд зогссон, Н бас миний хажууд зогсож байсан. Тэр үед Б жорлонгоос гараад ирсэн чинь А түүний нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохих шиг болсон. Тэгэхээр нь би тэр 2-луу очоод Бийг хагас тэврэх байдалтай дагуулаад хашаанаас гарсан. Т Бтэй хэрүүл хийгээд байхаар нь болиулаад салгаад холдуулсан. Тэгтэл Н Бийг дагуулаад биднээс холдоод явсан. Тэгтэл Н Бийн нүүр хэсэгт гараараа цохиод өвдөглөх шиг болохоор нь би очоод салгаад автал аав ээж нь хүрээд ирсэн. ... Тэр үед би Аын машиныг аваад Аг гэрт хүргэхээр явсан, эргээд явах гэж байтал А над уруу утсаар залгаж “ 1-р сургууль дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би шууд явж очсон чинь А, Б 2 дотуур байрны тэнд хамт байсан, Т, Б, Н нар ирээгүй байна гэж хэлсэн. Бид 3 машиндаа суугаад буцаж яваад Бийн гэрийн гадна хүн байхгүй болохоор буцаад сургуулийн хашааны гадна ирж саравчин дээр ирсэн. Тэнд Н, Т, Б 3 ирчихсэн байсан, Б нударгаараа газар тулчихсан суниах байдалтай байсан, Б ингэж байхдаа хөдлөөд байсан чинь Н “ тэнцвэр алдаж байна” гээд нурууны хэсэгт нь цохисон. Тэр үед А Бийг босгосон. Тэгтэл Т “ би нэг алгадчихий” гэж хэлээд Бийн хацар луу гараараа сулхан 1 удаа алгадах шиг болсон. Үүний дараа би Бийг ялаа алуулах утасны гэрлээ асаачихсан, Н Бийг суулгаж байгаад “ялаа алуулсан”, “ялаа алуулж” байхад Н “олигтойхон үсэр” гэж хэлсэн байх, шилбэ хэсэг рүү нь өшиглөсөн. Ялаа алуулж дуусгаад Бийг босгочихоод буцаад толгой, хөлийг газар тулуулаад бөгс хэсгийг нь дээш нь өргүүлээд өнцөг бариулж байлгасан. Өнцөг бариулж байгаад би Бийг босгоод сандал дээр суулгасан.тэр үед А, Б, Т бид хэд сандал дээр суугаад хоорондоо юм ярилцаж байсан. Н тухайн үед зогсож байсан, нөгөө хэдтэй ярилцаж байтал гэнэт “таг ” гэх чимээ сонсогдохоор нь харсан чинь Б дээшээ хараад газар хэвтэж байсан, Н урд нь зогсож байсан. Бид нар Наас “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “ хүүхэд чинь боолт даасангүй” гэж хэлсэн. Тухайн үед би Бд ойрхон сууж байсан тул дөхөж очоод Бийг цээжээр нь тэврээд харсан чинь ухаан алдсан байсан,сандраад эргэн тойрноо хартал газарт тогтсон ус байсан тул би газарт байсан саванд тэр уснаас хийгээд Бийн нүүр лүү цацсан, тухайн үед нөгөө хэд бүгд Б уруу хараад зогсож байсан, А машин уруу явсан байсан. Би Брүү ус цацаад сэргэхгүй болохоор нь сандраад 1-2 удаа алгадсан чинь сэргээд ухаан орсон, Бийн дуу нь сул болсон, сонин байдалтай байхаар нь би “ чи гайгүй юу” гэсэн чинь аймаар сул дуугаар “гайгүй” гэж хэлсэн. Тэр үед А машинаас пиво авч ирээд стаканд хийгээд Бд өгсөн чинь амсаад буцаагаад өгсөн. Тэгээд тэндээсээ гашууны гол дээр очсон” гэх мэдүүлэг / 2-р хх-ийн 37-40-р тал/,
шүүгдэгч О.Нын яллагдагчаар өгсөн “ ....Б сууж байхдаа Бээс уучлалт гуйчаад босоод зогсож байгаад буцаад сандал дээр суусан. Нөгөө хэд хоорондоо юм ярилцаад инээлдээд байж байсан. Би Бийг босгоод хувцсаар нь хоолойг нь боосон чинь боолт ороод царай нь сонин болох шиг болохоор нь би сандраад боож байсан хувцсаа тавьчихсан. Б газар унасан....гэх мэдүүлэг / хх-ийн 48-51-р тал / -үүдээр дээрхи үйл баримт тогтоогдсон байна.
Шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн дээрхи мэдүүлгүүд нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, болсон үйл явдлыг дэс дараалалтай, тодорхой, тогтвортой мэдүүлсэн, энэ нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудтай нийцсэн байх тул эдгээр нотлох баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход нотолгооны ач холбогдолтой гэж үзнэ.
2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө хохирогч Д.Бийн бие махбодид учирсан гэмтэл, түүний зэргийн талаар шинжээчийн 2 удаагийн дүгнэлт гарсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан байх бөгөөд эхний дүгнэлтийг тодруулах зорилгоор 2 дахь буюу нэмэлт шинжилгээг хийлгэжээ.
Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 558 дугаар дүгнэлт/ 1-р хх-ийн 137-р тал/ -ээр хохирогч Д.Бийн биед “тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрхи цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал, зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд, зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл” учирсныг тогтоож, үүнээс тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрхи цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж,
шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээ хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06 дугаар шинжээчийн дүгнэлт / 1-р хх-ийн 151-152/-ээр “ 1. Д.Бийн биеийн гадна хэсэгт учирсан нийт цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1,5 хувь орчим талбайг эзэлж байгаа, эдгээр гэмтлүүд нь дангаараа буюу тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, нийлээд биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүү талбайг хамарч байгаа тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж, харин тархинд учирсан гэмтлийг биеийн нийт гадаргууд учирсан гэмтэлтэй нийлүүлж гэмтлийн зэрэг тогтоохгүй” гэдгийг шинжээч тодорхойлж, биеийн гадна хэсэгт учирсан нийт гэмтлүүдийг гэмтлийн хөнгөн зэрэг, тархинд учирсан гэмтлийг гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг тус тус тогтоосон байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан, хэрэгт ач холбогдол бүхий байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүд, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж дүгнэхэд :
- шүүгдэгч О.Н, Д.Т, Х.А, Б.Э нарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн биед зүүн нүдний эргэн тойрон, цээж, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, баруун сарвууны 2, 5 дугаар хуруунд, зүүн сарвууны 2 дугаар хуруунд, зүүн шагайн үений гадна хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан,
харин шүүгдэгч О.Нын санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Бийн биед тархины хүнд зэргийн няцрал, зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсны доорхи цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай хэсгийн, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины эд доторх цусан хураа, дагзны баруун хэсэгт хатуу хальсны дээрхи цусан хураа, дагз ясны баруун хэсгийн шугаман хугарал гэмтэл бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан гэж тус тус дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж үзлээ.
Учир нь, шүүгдэгч О.Н, Д.Т, Х.А, Б.Э нар хохирогчийг “найз охин Б.Бийг хүчиндсэн ” гэх шалтгаанаас үүдэж, түүний гэм бурууг хүлээлгэх, уучлалт гуйлгах зорилгоор түүн рүү чиглэсэн үйлдлүүд хийсэн, тухайлбал хохирогчийн гэрийн гадна байхад Х.А хохирогчийн нүүрний хэсэгт гараараа нэг удаа, шүүгдэгч О.Н мөн нүүрний хэсэг, гэдэс рүү нь гараараа цохисон, улмаар хохирогчийн гэрийн гаднаас 1-р сургуулийн хашаа уруу явах замд О.Н нь Бийг явган суулгаж /галуун цуваагаар/ явуулсан, сургуулийн хашаан доторх саравчны дор гар дээр суниалгасан, шүүгдэгч Б.Э нь Бээр “ялаа алуулах” гэх үйлдлийг хийлгэсэн, уг үйлдлийг хийлгэх явцад О.Н нь Бийн хөл, гуяны хэсэг рүү хөлөөрөө өшиглөх, мөн “галуун цуваагаар явуулах” үед бөгс рүү нь өшиглөх, мөн шүүгдэгч Н, Э, А нар Бийг газарт сөгдөж суулган, Бээс уучлалт гуйлгуулсан, шүүгдэгч Д.Т нь Бийн нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон зэрэг үйлдлүүдийн улмаас нэмэлт шинжээчийн дүгнэлтэд дурдсан, биеийн нийт гадаргуугийн 1,5 орчим хувийг хамарсан, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах дээрхи гэмтлүүд учирсан гэж үзэхээр байна.
Харин шүүгдэгч нар дээрхи үйлдлүүдийг хийгээд дууссан, өөрөөр хэлбэл, хохирогчийг Б.Бээс уучлалт гуйлгуулснаар тэдний санаа зорилго биелсэн, улмаар хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдлээ зогсоож, өөр хоорондоо ярилцаж байх зуур шүүгдэгч О.Н хохирогчийн хоолойг боож, газар унагасны улмаас түүний тархинд хүнд зэргийн гэмтэл учирсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Нын хохирогчийн хоолойг цамцных нь захаар боож ухаан алдуулж унагасан үйлдэлд бусад шүүгдэгч нарын зүгээс аливаа хэлбэрээр буюу дуу авиа, үг хэллэг, үйлдлээр дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тухайн үед О.Н хохирогчийн хоолойг боох үйлдэл хийх гэж буйг тэд анзаарч хараагүй, мэдээгүй болох нь гэрч Б.Б болон шүүгдэгч нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдсон.
Мөн хохирогчийн тархинд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд уг тархинд учирсан хүнд зэргийн гэмтэл нь шүүгдэгч О. Нын хохирогчийн хоолойг боож цементэн талбай дээр савж унагаасан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хэдийгээр шүүгдэгч нар нэг сэдэл, санаагаар хохирогч Д.Бийн эсрэг чиглэсэн үйлдлийг хийж эхэлсэн байх боловч хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлүүд төгссөний дараа шүүгдэгч О.Н дангаараа хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдэл хийсэн, уг үйлдэлд бусад шүүгдэгч нар оролцсон нь нотлогдоогүй байх тул тэдгээрийг үйлдлээрээ санаатай нэгдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.
Харин шүүгдэгч нар хохирогч Бийг Бээс уучлалт гуйлгуулах санаа зорилгод нэгдэж, хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдлүүд, тухайлбал хохирогчийн нүүр лүү алгадах, цохих, хөл, бөгс, гуяны хэсэг рүү өшиглөх, явган суулгаж явуулах, гар дээр суниалгах, “ялаа алуулах” зэрэг үйлдэл хийх явцад хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх тул тэдгээрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Н нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд хамтран оролцсон, мөн дангаараа хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан нь нотлогдож тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нэг хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан байх тул түүний үйлдлийг аль хүнд ялтай зүйл хэсэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Н нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийг тохуурхан доромжилсон, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй, тодруулбал, шүүгдэгчийн хохирогчийн эсрэг хийсэн нэг удаагийн буюу хоолойг боох үйлдлийн улмаас хүнд гэмтэл учирсан нь нотлогдсон.
Иймд Прокуророос шүүгдэгч О.Н, Д.Т, Х.А, Б.Э нарыг бүлэглэн, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн, шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Д.Т, Х.А, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шийтгэх тогтоолд зохих нэмэлт, өөрчлөлтүүд оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.
Анхан шатны шүүхээс хохирогч Д.Бийн эрүүл мэндэд хүнд хохирол учирснаас үүдэн гарсан эмчилгээ, оношилгооны болон бусад холбогдох зардлуудыг хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн, нийт учирсан хохирлыг 25.952.660 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч Х.А, О.Н, Б.Э нар хохирлоо бүрэн төлсөн, шүүгдэгч Д.Т нөхөн төлөхөө илэрхийлсэн 3.788.165 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө хохирогчид бүрэн төлсөн байна.
Шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үр дагавар, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Х.А, Б.Э нарт тус бүр долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Т энэ гэмт хэрэг үйлдэх үедээ насанд хүрээгүй байсан байх тул 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч О.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан дөрвөн жил хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нар анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл тус тус 75/ далан тав/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т “ шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “ Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нарын цагдан хоригдсон далан тав хоногийн нэг хоногийг найман цагаар тооцон, шүүгдэгч Б.Э, Х.А нарын эдлэх ялыг тус бүр нэг зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шүүгдэгч Д.Тг ялаа эдэлж дууссанд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Нын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 75/ далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Нын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг харгалзан шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалбаярын “ Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ял оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдол, тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Цагцалмаа, шүүгдэгч Б.Э, Х.А нарын өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүгдэгч Х.А нарын “шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулга бүхий гомдлуудыг тус тус хүлээн авах үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч Ж.Энхжаргал, Н.Оюунчимэг нарын “ хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж өгнө үү” гэх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолд дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай. Үүнд :
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Н, Х.А, Б.Э, Д.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн, шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон тус тус өөрчилсүгэй нэмэлт оруулж,
шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтыг:
-шүүгдэгч О.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж,
шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг:
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Нт дөрвөн жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Б.Э нарт тус тус 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй гэж,
шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан О.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай гэж тус тус өөрчилж,
шийтгэх тогтоолд:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х.А, Б.Э нарын тус тус цагдан хоригдсон далан тав хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, шүүгдэгч Х.А, Б.Э нарт тус тус оногдуулсан долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус бүр зургаан зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх нэг зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Д.Тгийн цагдан хоригдсон далан тав хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан гурван зуун жаран цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссанд тооцсугай гэсэн нэмэлт оруулж,
шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Нт цагдан хорих, шүүгдэгч Х.А, Б.Э, Д.Т нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Нын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 75 / далан тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.МӨНХЖАРГАЛ
Л.АЛТАН