Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00034

 

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Хохирогч Т.Амартүвшин,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Гочоо,
Шүүгдэгч Ж.Батмөнх, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамбалдоржийн Батмөнхөд холбогдох 132/2017/0032/Э индекстэй, эрүүгийн 201706000035 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 02 сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг В-7-6 тоотод оршин суух,
1.1998 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Булган аймгийн сум дундын шүүхийн 272 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар,
2. 2002 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Булган аймаг дах Сум дундын шүүхийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар,
3. 2003 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Булган аймаг дах Сум дундын шүүхийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
4. 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Булган аймаг дах Сум дундын шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар,
5. 2011 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 3 сарын баривчлах ялаар,
2
6. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 480 цагийн албан ажил хийлгэх ялаар
7. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Чонос овгийн Жамбалдоржийн Батмөнх /РД:ГЭ81020430/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Батмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө согтуугаар Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн нутагт иргэн Т.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар зодож түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Батмөнхийн өгсөн: Би 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагт дэлгүүрийн хажууд Амартүвшинтэй тааралдсан. Амартүвшин надад төрсөн өдрийн баяр болж байна гэсэн учраас бид 2 архи уухаар болсон. Амартүвшин дэлгүүрээс архи аваад гэрт нь орж уусан. Тэгээд гэрээс нь гараад явсан. Орой би 8 цагийн үед очиход том пиво ганцаараа уугаад сууж байсан. Би хонины өвчүү, хавирга авч ирсэн байсан учраас сүхээр хувааж тогоонд чанаж идэхээр болсон. Амартүвшин архи аваад ир гэхээр нь би дэлгүүрээс 0.75 граммын архи, пиво авчирсан. Тэгээд архи, пиво уугаад махаа идэж байсан. Махан дээр Амартүвшингийн хутга байсан. Бид өмнө нь зодоон хийж байсан талаараа яриад маргалдсан. Би өнгөрсөн явдлыг яриад яах юм бэ гэж хэлсэн. Хутгыг Амартүвшин барихаар нь би сүхийг авсан. Амартүвшин хутга бариад босохоор нь би сүхээр баруун дал, хөл рүү нь цохьсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Амартүвшингийн өгсөн: Би “Булган мээж” ТӨХК-д ажилдаг бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа буугаад гэр лүүгээ явж байсан юм. Замд дэлгүүрийн хажууд Батмөнхтай тааралдсан бөгөөд би түүнд миний төрсөн өдрийн баяр болж байгаа гээд хамт архи ууя гэсэн. Ингээд бид 2 дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад манайд очиж уусан. Мөн би Батмөнхийг дахин 1 шил архинд явуулсан. Бид архиа ууж дууссан бөгөөд Батмөнх манайхаас явсан. Би түүнийг явсаны дараа ахындаа оччихоод буцаад гэртээ ирсэн. Би гэртээ 2.5 литрийн пиво уугаад байж байхад Батмөнх 1 шил архитай ирсэн. Би Батмөнхийг мах чанаж идье гээд явуулахад мах авч ирсэн. Бид махаа чанасан. Бид өмнө нь маргалдаж байснаа ярилцахад Батмөнх уурлаад гэрт байсан сүхээр намайг цохьсон. Миний гутлыг өмсөөд, гар утсыг аваад явсан. Би хөл рүүгээ сүхээр цохиулсан учраас гэрээсээ гарч чадаагүй. Харин маргааш өглөө нь манайд Пүрэв ах орж ирсэн. Би түүнд болсон асуудлын талаар ярьсан. Пүрэв ах эмнэлэг, цагдаагийн тусламж дуудсан. Өмнө нь Батмөнх бид хоёр маргалдаж байсан. Түүнээс биш зодолдож байгаагүй. Батмөнхтэй хамт архи уусан нь миний буруу юм. Би хөлөө хугалуулж хохирсон. Би “Булган мээж” ТӨХК-д ажилд ороод 1 сар ч болоогүй байсан. Миний зүүн хөлний нарийн савх 2 хэсгээрээ хугарсан. Би хөлөө эмнэлэгт очиж хадуулах гэсэн боловч хадуулах эмчилгээний төлбөр нь 500000 төгрөг байсан. Миний санхүүгийн боломж болохгүй байсан учраас хөлөө шохойдуулсан. Би эм, тариа, эмчилгээний зардлаа өөрөө төлсөн. Би эмчилгээний
3
зардал 61000 төгрөг, 2 сарын ажилгүй байсан хугацааны цалин нийт 1748000 төгрөг нэхэмжилж байна. Миний Булган мээж ТӨХК-ийн 1 сарын ажлын цалин 482950 төгрөг юм. Би хэзээ ажилдаа буцаж орохоо мэдэхгүй байна гэв.
201706000035 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Гэрч Г.Энхжаргалын өгсөн: “...Намайг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд гэртээ байж байхад Булганаас дүү Амартүвшинг хүнд зодуулж хөлөө хугалуулсан талаар хэлсэн. Тэгээд би энэ талаар сонсоод маргааш нь буюу 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд ирж дүү Амартүвшинтэй уулзахад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ж.Батмөнхийн хамтаар архи ууж байгаад улмаар хоорондоо маргаж Ж.Батмөнх хөлийг нь сүхээр цохиж хугалсан талаар ярьсан. Мөн нилээдгүй зодож биед нь гэмтэл учруулсан байсан. Тэгээд цагдаад хандсан. Тэгээд дүүгээ шүүх эмнэлэгт үзүүлж дараа нь Булганы нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,
Гэрч Н.Туяасайханы өгсөн: “...Надад зодоон хийсэн талаар үзсэн зүйл байхгүй. Маргааш өглөө нь Амартүвшин орж ирээд өчигдөр шөнө чи намайг зодоо биз дээ гээд нүүр нь халцарсан, хөл нь хазагнаад доголоод орж ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/,
Гэрч Г.Баяржаргалын өгсөн: “...Т.Амартүвшин нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр над руу утсаар яриад Батмөнх надтай архи ууж байгаад сүхээр цохиж зодоод ална гээд дайраад байсан. Мөн намайг өшиглөж зодсон. Хөл гэмтэж Булганы нэгдсэн эмнэлэгт Олзмөнх эмчид үзүүлсэн гэж байсан. Рентгэн зураг авахуулахад хөлний яс нь хугарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №45 тоот дүгнэлтэнд:
1. Т.Амартүвшингийн биед шилбэ ясанд хугарал, зүүн шуу, баруун шилбэнд шарх, баруун, зүүн дээд зовхи, зүүн бугалга, эрүү, баруун мөр, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З.Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна…гэх дүгнэлт /хх-ийн 47-48 хуудас/,
Эрүүлжүүлэхийн бүртгэл / хх-ийн 13-30 хуудас/, Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 35 хуудас/, Эмчлүүлэгчийн эмнэлэгийн карт / хх-ийн 50-53 хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 66 хуудас/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-65 хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 72-87 хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Батмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны шөнө согтуугаар Булган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Т.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар зодож түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Би 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Амартүвшингийн төрсөн өдөр болж хамтдаа архи ууж байгаад өмнө нь зодоон хийж байсан талаараа ярьж байгаад маргалдаж сүхээр баруун дал, хөл рүү нь цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг, хохирогч Т.Амартүвшин өгсөн: “...Би Батмөнхтай
4
тааралдсан бөгөөд би түүнд миний төрсөн өдрийн баяр болж байгаа гээд хамт архи ууя гэсэн. Ингээд бид 2 дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад манайд очиж уусан. Бид өмнө нь маргалдаж байснаа ярилцахад Батмөнх уурлаад гэрт байсан сүхээр намайг цохьсон. Маргааш өглөө нь манайд Пүрэв ах орж ирэхээр нь болсон асуудлын талаар ярьж эмнэлэг, цагдаагийн тусламж дуудсан. Миний зүүн хөлний нарийн савх 2 хэсгээрээ хугарсан. Би эмчилгээний зардал 61000 төгрөг, 2 сарын ажилгүй байсан хугацааны цалин нийт 1748000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг, гэрч Г.Энхжаргал, Н. Баяржаргал нарын өгсөн: “...2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр дүү Амартүвшинг хүнд зодуулж хөл нь хугарсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хх-40,42 хуудас/, гэрч Н.Туяасайханы өгсөн: “...Маргааш өглөө нь Амартүвшин манайд орж ирээд Ж.Батмөнхийг өчигдөр шөнө чи намайг зодоо биз дээ гээд нүүр нь халцарсан, хөл нь хазагнаад доголоод орж ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “…Т.Амартүвшингийн биед шилбэ ясанд хугарал, зүүн шуу, баруун шилбэнд шарх, баруун, зүүн дээд зовхи, зүүн бугалга, эрүү, баруун мөр, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Ж.Батмөнхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөөлөгч Г.Гочоогоос шүүгдэгч Ж.Батмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь танхайрах гэмт хэргийн бүрэлдхүүнтэй тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэж мэтгэлзэж байгаа боловч хохирогч Т.Амартүвшингийн "...Тухайн үедээ бид хоёр хуучны юм яриад сууж байсан ба урьд өмнө Ж.Батмөнх бид хоёр хоорондоо маргаж зодоон хийж байсан талаараа ярьцгаагаад сууж байсан чинь Ж.Батмөнх гэнэт гэрийн үүдний цагаан шкафны дэргэд байсан цагаан модон иштэй сүхийг аваад над руу чамайг зодно, ална шүү гэж дайрсан. Тэгж сүх барьж над руу дайрахдаа баруун дал, зүүн; гарын булчин, хоёр хөлний шилбэ рүү цохьсон.." гэх мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт "Бид хоёр урьдны явдлаа ярьж байтал Ж.Батмөнх гэнэт уурлаад намайг сүхээр цохьсон.." гэх мэдүүлэг, шүүгдэгч Ж.Батмөнхийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт .. урьд бид хоёр маргалдаж намайг Т.Амартүвшин зодсон талаар ярилцаж байгаад би түүнийг сүхээр цохиж хөлийг нь гэмтээсэн.." гэх мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Батмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Т.Амартүвшинтэй түүний гэрт хамт архи ууж согтож, урьд өмнө болж байсан зүйлсээ ярилцах явцдаа харилцан маргаж улмаар хохирогч Т.Амартүвшинг зодсон үйлдэл нь тодорхой сэдэлттэй, тухайлбал тэдний хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн өөр хоорондоо маргалдан улмаар хохирогчийг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд олон нийтийг илтэд үл хүндэтгэн нийгмийн журмыг бүдүүлгээр зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч Ж.Батмөнх нь Т.Амартүвшинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар зодож түүний биед хүндэвтэр гэмт санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь түүний гэм бурууг нотолсон дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Ялтны ялын тооцоог 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөр тасалбар болгон Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
5
2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял оноосноос биеэр 15 хоног, нийт 5 сар 15 хоногийн ял эдлээгүй үлдсэн болохыг Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тодорхойлжээ.
Шүүгдэгч Ж Батмөнх нь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн байна. Шүүгдэгч Ж. Батмөнхийн шийтгүүлсэн дээрх байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасан заалтанд хамаарч байх тул энэ хуульд заасан журмыг баримтлан шийдвэрлэлээ.
Нөгөөтүйгээр уг шийтгэх тогтоолын дагуу Ж.Батмөнхийн ял биеэр эдэлж байсан хугацаа болох 15 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсон болно.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Амартүвшингийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан ба эмчилгээний зардал 61000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 1687000 нийт 1748000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 2017 оны 1 дүгээр сарын 23, 30-ны өдрийн “таван од” эмийн сангаас авсан эм 3050 төгрөг, 6600 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 6, 13, 23-ны өдрийн эмийн үнэ 2900 төгрөг, 9030 төгрөг, 4400 төгрөг, бэлэн мөнгөний орлогийн ордер мэс засал, ор хоногийн үнэ 35958 төгрөг, нийт 61938 төгрөгийг хангаж шүүгдэгчээс гаргуулах, нэхэмжлэлийн шаардагаас “МТ дархан”, “Магнай петролиум ХХК”-ийн бензины баримт нотлох баримтын шаардлага хангахгүй 42000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, 2 сар 27 хоногийн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 168700 төгрөгийн нэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэлээ.
Хохирогч Т.Амартүвшин нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаадлага гаргаж нотлох баримтаар тухайн байгууллагын даргын цалингийн тодорхойлолт, нийгмийн датгалын шимтгэл төлсөн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарыг гаргаж өгсөн боловч гаргаж өгсөн нотлох баримт/цалин/ хохирогчийн нэхэмжлэл зөрүүтэй байх тул хохиролыг тооцон гаргах боломжгүй байна гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ж.Батмөнхөд ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөлд тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 63 см урттай, модон иштэй сүх 1 ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Батмөнх нь энэ хэрэгт 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 78 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 295-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чонос ургийн овгийн Жамбалдоржийн Батмөнхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3-т заасныг баримтлан Ж.Батмөнхөд энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар баривчлах ялаас эдлээгүй үлдсэн 5 /тав/ сар, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялыг /хорих ялын 1 хоногтой тэнцүүлж/ нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 15 /арван тав/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнхөд оногдуулсан 1 /нэг/ жил, 11 /арван нэг/ сар, 15 /арван тав/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Батмөнхийн цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн 63 см урттай, модон иштэй сүх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батмөнхөөс 61.938 /жаран нэгэн мянга есөн зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Булган сумын 3В хэсгийн 6-7 тоот оршин суух Толъя овогт Амартүвшин /РД:ГЭ83011215/-д олгож, шатахууны үнэ 42000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нотлох баримтын шаардлага хангаагүй 2 сар 27 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 1687000 /нэг сая зургаан зуун наян долоон мянга/ төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын хэлэлцэхгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Батмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харъяа Цагдан хорих байранд цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ