Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/443

 

 

 

 

 

 

 

  2025         06          12                                     2025/ШЦТ/443

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,

улсын яллагч Э.Баасанжаргал,

           шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, ........... тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ........ овогт Ж.П /РД:*********/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Ж.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ж.П нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн ............. тоотод эхнэр Н.М-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан сууж байхад нь өшиглөж унагаан шалны модоор гар, хөл хэсэгт нь цохиж “зүүн шанаа, шуу, бугуй, баруун тахимд цус хуралт, хацар зулгаралт, зүүн шанаа, тохой, шуу, бугуй, баруун тахим зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дэх хуудас/,

- Хохирогч Н.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нарантуул зах дээрээс би ажлаасаа гарахдаа нөхөр лүүгээ залгаад гэртээ харих болж байгаа юм уу гээд асуусан чинь арай болоогүй байна гээд байсан. Тэгэхээр нь би автобусанд суугаад гэртээ ирсэн чинь манай хүү, нөхрийн дүү 2 утсаар тоглоод хэвтэж байсан. ...хүүгээ цохичихсон чинь хадам ээж нөхөр лүү залгаад авгай чинь хүүхдээ зодоод байна хурдан ир гээд хэлчихсэн юм шиг байгаа юм.  Манай нөхөр над руу утсаар залгахаар нь би “чи болоогүй л гээд байсан, надтай хэрүүл хийх гээд хүрээд ирж байгаа юм уу” гээд хэлсэн чинь гаднаас орж ирээд та нар чинь яачхаад байгаа юм бэ? гээд хэлэхээр нь чи ээж, дүү хоёрыгоо өмөөрөх гээд орж ирсэн үү? гээд хэлчхээд хажууд нь яваад очсон чинь намайг түлхчихсэн. Чи яахаараа намайг түлхдэг юм, танайхан яагаад миний гэр бүлд ингэж орж ирдэг юм гээд хэлсэн чинь над руу цохичих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би чи ээж, дүү хоёртойгоо амьдраарай гээд хэлчхээд гэрээс гарах гэсэн чинь 2 удаа өшиглөчихсөн. Тэгэхээр нь би гэрээсээ гарч яваад дэлгүүр ороод 0,33 литрийн хэмжээтэй жимстэй Сэнгүр пиво хоёрыг аваад замдаа нэгийг нь уугаад, нэгийг нь гэртээ уугаад сууж байгаад лаазыг нь базаад ширээн дээрээ хүчтэй тавьсан чинь манай нөхөр тэр чигээрээ явахгүй яасан юм, архичин пязда гээд сандалтай минь өшиглөж унагаагаад шал угаадаг төмрөөр намайг зүүн гарын тохой, шуу, хоёр хөл рүү цохиод байсан чинь цаанаас унтаж байгаа хүүхдүүд босож ирээд зодохоо больчихсон. ...Тэгээд 3 хоногийн дараа цагдаад хандсан юм. ...Миний хувьд ямар нэгэн байдлаар сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дахь хуудас/,

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн: “1.Н.М-ын биед зүүн шанаа, шуу, бугуй, баруун тахимд цус хуралт, хацар зулгаралт, зүүн шанаа, тохой, шуу, бугуй, баруун тахим зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дахь хуудас/,

- Гэрч Н.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүүхдээсээ болоод хэрүүл маргаан үүссэн гэж хэлж байсан. Хадам ээж нь хүү рүүгээ утсаар залгаад хэлсэн гэсэн. Худлаа, үнэн хов зөөснөөс болоод хэрүүл маргаан болоод зодсон байсан. Тэгээд хөл нь гишгэж болохгүй, тархи толгой нь хавдсан бусад хөл гар нь бас хавдаж хөхөрсөн байсан юм. Би охинтойгоо хамтдаа явж цагдаагийн газарт ирээд гомдол гаргаж өгөөд дараагаар нь хамт яваад шүүх эмнэлэгт үзүүлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дахь хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дахь хуудас/,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 580 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 119-122 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 123 дахь хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 129 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Н.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Ж.П-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Ж.П нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 600,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.П нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Ж.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .......... овогт Ж.П /РД:*******/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ж.П-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.П нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.П-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР