| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0185/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/200 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/200
2025 04 22 2025/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн 2525000000187 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Г-ын Б /РД; **********/,
Шүүгдэгч Г.Б нь;
2025 оны 3 дугаар сарын 07-ны шөнө 23.50 цагийн орчим согтуурсан үедээ Орхон аймаг Б-Өндөр сум Уурхайчин баг “Тэлмэн” караокены гадаа хохирогч Ц.М-гийн нүүрэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь “баруун чамархайд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;
хохирогч Ц.М-гийн “...2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр шагнал аваад манай ажлынхан “Тэлмэн” караокед баяраа тэмдэглэсэн, орой 00.00 цагийн үед караокеноос гарсан, ...“Эрдэнэт их дэлгүүр”, “Тэлмэн” караоке хоёрын голд явж байтал гартаа чулуу барьсан согтуу залуу араас ирээд...миний баруун шанаа руу чулуугаараа цохисон, ...намайг унагаж байгаад миний гэдэс рүү өшиглөөд байсан. ...Миний шанаанаас цус гараад нүүр, хувцас цус болсон. ...Цагдаа орчихоод эмнэлэг орж шанаандаа хоёр оёдол тавиулсан. ...зодуулсны улмаас чамархайд зүсэгдсэн гэмтэл тогтоогдсон бөгөөд эмнэлгээр явж үзүүлж харуулж, ...зардал чирэгдэл ихтэй байсан. ...Намайг зодсон залуу надтай уулзаж хохирол барагдуулж 6.000.000 төгрөг өгсөн. Миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13, 15 дахь тал/,
гэрч О.А-ын “... 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 21.00 цагийн орчим ажлын хамт олонтойгоо нийт арвуулаа Уурхайчин багт байрлах “Тэлмэн” караоке орж баяр тэмдэглэж үйлчлүүлээд 23.00 цаг өнгөрөөд караоке хаах болж бид нар гараад гадаа нь зогсож байтал үл таних ногоон куртиктэй гартаа чулуу барьсан залуу бид нар дээр ирээд “алив царайнуудыг чинь хараадхая” гээд гартаа барьсан том чулууг газар хаяж, оронд нь өөр чулуу газраас авч манай ажилтан М ахыг чулуугаараа нүүр лүү нь цохиод, нүүр, хөл, гаргүй өшиглөж зодсон. ...ямар шалтгаанаар зодох болсныг нь ойлгоогүй, үгийн зөрүүгүй “та нарын царайг харъя” гээд орилж, хашхирч М ахыг чулуугаар цохиж зодсон. ...Тухайн залуу маш их согтолттой байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
гэрч Д.Б-ын “...2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлынхнаараа март, цэргийн баяр тэмдэглээд “Идэр” төвд баяраа тэмдэглэж хоол идээд, ганц нэг пиво уугаад хэсэг сууж байгаад 21.00 цагийн үед “Тэлмэн” караоке орж сууцгаасан. ...нэг залуу М-г бариад авсан чирээд, замын хажуугийн явган хүний зам дээр унагаагаад өшиглөөд, зодоод байгаа харагдсан, Мг босгоод ирсэн чинь нүүр нь цус болсон, шанаа нь зүсэгдсэн байсан. ...Мг татаж гулдраад, өшиглөөд, цохиод байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
гэрч Л.М-ийн “...2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлынхнаараа март, цэргийн баяр тэмдэглээд “Идэр” төвд баяраа тэмдэглэж хоол идээд, ганц нэг пиво уугаад хэсэг сууж байгаад 21.00 цагийн үед “Тэлмэн” караоке орж сууцгаасан. ...23.00 цаг өнгөрч байхад М, А, Б, Б эгч бид нар караокеноос гарч “Эрдэнэт их дэлгүүр”-ийн ард талд зам руу гарах гэж байхад араас нэг залуу дуудсан, “хөөе зогсож бай, та нар” гээд байсан. ...Миний урд М, Б хоёр явсан, тэр хоёр дээр очоод “эмэгтэйгийнх нь царайг харъя” гээд орилоод, хүн хайгаад байгаа бололтой байсан, ...М-г заамдаад бариад авчихсан зууралдаад, газар өнхрөлдөөд, өшиглөөд зодоод байгаа харагдсан. М-г босгоод ирсэн чинь нүүр нь цус болсон, шанаа нь зүсэгдэж цус гарсан байсан. ...Цагдаа дээр очоод жоохон сэргээд, “би хүн андуурсан байна” гэж яриад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
гэрч Д.Б-гийн “...2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажлынхнаараа март, цэргийн баяр тэмдэглээд “Идэр” төвд баяраа тэмдэглэж хоол идээд, ганц нэг пиво уугаад хэсэг сууж байгаад 21.00 цагийн үед “Тэлмэн” караоке орж сууцгаасан. ... 23.00 цаг өнгөрч байхад М, А, Б, М бид нар караокеноос гарч “Эрдэнэт их дэлгүүр”-ийн ард талд зам руу гарах гэж байхад араас нэг залуу дуудсан. ...Миний урд М, Б хоёр явсан, тэр хоёр дээр явж очоод “эмэгтэйгийнх нь царайг харъя” гээд орилоод, хүн хайгаад байгаа бололтой байсан. М-г нөгөө залуу заамдаад авчихсан зууралдаад, чирээд замын хажуугийн явган хүний зам дээр унагаагаад, өшиглөөд, зодоод байсан, М-г босгоод ирсэн чинь нүүр нь цус болсон, шанаа нь зүсэгдсэн, цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Г.Б-ийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 3 дугаар сарын 07-ны орой ажил тараад ажлынхаа газрын зургаан хүнтэй март тэмдэглэж гадуур гарсан, 4-р микрт байдаг паб-д сууж байгаад орой 20.00 цагийн үед “Эрдэнэт их дэлгүүр”-ийн арын караокед ганцаараа орсон, тэнд ганц нэг пиво уугаад дуулаад суусан, оройхон гарах гэж байсан чинь оюутан ангийн хүүхэд таараад намайг ширээндээ суулгаад архинаасаа ганц нэг хийж өгсөн, би нэлээн согтсон ...Тэр залуу гараад явангуут би араас нь хайж гарахад миний зам дээр хүмүүс таараад, би тэр хүмүүсийг нөгөө залуу байна гэж андуураад, тэр дунд байсан ах руу дайрч зодсон байсан. ...Миний куртик, гар, нүүр цус болсон, надад зодуулсан гээд байгаа ах цагдаа дээр хамт ирсэн, нүүр нь цус болсон байсан. Маргааш нь надад зодуулсан гээд байгаа ахтай уулзаж, уучлалт гуйж буруугаа хүлээсэн, М гэдэг хүнийг цохиж, зодож гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна, ...хохирлын мөнгө 6.000.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 441 дугаартай; “...Ц.М-гийн биед баруун чамархайд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун чамархайд шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэзээ үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх баруун чамархайд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
хохирогч Ц.М-гийн;
Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 9 дэх тал/,
“Шуурхай удирдлагын төв”-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27, 28-29 дэх тал/,
уг камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 43 дахь тал/,
“...намайг зодсон Б гэдэг залуугаас хохирол, төлбөр болгож 6.000.000 төгрөг авсан, миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 50 дахь тал/,
шүүгдэгч Г.Б-ийн;
иргэний оршин суугаар газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 46 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/,
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрч нараас, хохирогч Ц.М-гаас болон Г.Б-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Г.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч Ц.М-гийн “...гартаа чулуу барьсан согтуу залуу араас ирээд...миний баруун шанаа руу чулуугаараа цохисон, ...намайг унагаж байгаад миний гэдэс рүү өшиглөөд байсан. ...Миний шанаанаас цус гараад нүүр, хувцас цус болсон. ...Цагдаа орчихоод эмнэлэг орж шанаандаа хоёр оёдол тавиулсан.” гэх,
гэрч О.А-ын “...бид нар гараад гадаа нь зогсож байтал үл таних ногоон куртиктэй гартаа чулуу барьсан залуу бид нар дээр ирээд “алив царайнуудыг чинь хараадхая” гээд гартаа барьсан том чулууг газар хаяж, оронд нь өөр чулуу газраас авч манай ажилтан М ахыг чулуугаараа нүүр лүү нь цохиод, нүүр, хөл, гаргүй өшиглөж зодсон.” гэх,
гэрч Д.Б-ын “...нэг залуу М-г бариад авсан чирээд, замын хажуугийн явган хүний зам дээр унагаагаад өшиглөөд, зодоод байгаа харагдсан, М-г босгоод ирсэн чинь нүүр нь цус болсон, шанаа нь зүсэгдсэн байсан. ...М-г татаж гулдраад, өшиглөөд, цохиод байсан.” гэх,
гэрч Л.М-гийн “...М, А, Б, Б эгч бид нар караокеноос гарч “Эрдэнэт их дэлгүүр”-ийн ард талд зам руу гарах гэж байхад араас нэг залуу дуудсан, “хөөе зогсож бай, та нар” гээд байсан. ...Мг заамдаад бариад авчихсан зууралдаад, газар өнхрөлдөөд, өшиглөөд зодоод байгаа харагдсан. Мг босгоод ирсэн чинь нүүр нь цус болсон, шанаа нь зүсэгдэж цус гарсан байсан.” гэх,
гэрч Д.Б-гийн “...Миний урд М, Б хоёр явсан, тэр хоёр дээр явж очоод “эмэгтэйгийнх нь царайг харъя” гээд орилоод, хүн хайгаад байгаа бололтой байсан. М-г нөгөө залуу заамдаад авчихсан зууралдаад, чирээд замын хажуугийн явган хүний зам дээр унагаагаад, өшиглөөд, зодоод байсан, Мг босгоод ирсэн чинь нүүр нь цус болсон, шанаа нь зүсэгдсэн, цус гарсан байсан.” гэх,
Г.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би тэр хүмүүсийг нөгөө залуу байна гэж андуураад, тэр дунд байсан ах руу дайрч зодсон байсан. ...Миний куртик, гар, нүүр цус болсон, надад зодуулсан гээд байгаа ах цагдаа дээр хамт ирсэн, нүүр нь цус болсон байсан. ...М гэдэг хүнийг цохиж, зодож гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 441 дугаартай, “...Ц.М-гийн биед баруун чамархайд шарх, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. ...баруун чамархайд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтээр,
мөн хохирогч Ц.М-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, “Шуурхай удирдлагын төв”-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд болон хохирогчийн “...намайг зодсон Б гэдэг залуугаас хохирол, төлбөр болгож 6.000.000 төгрөг авсан, миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлт зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Г.Б-ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Г.Б-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчид 6.000.000 төгрөг төлснийг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
мөн улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Ц.М-гийн “...намайг зодсон залуу надтай уулзаж хохирол барагдуулж 6.000.000 төгрөг өгсөн. Миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэргийн хамт ирүүлсэн “Шуурхай удирдлагын төв”-ийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэргийн хамт ирүүлсэн “Шуурхай удирдлагын төв”-ийн камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э