| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0166/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/201 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/201
2025 04 22 2025/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Д,
хохирогч, шүүгдэгч Н.З, Н.Ч нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Н.З, Н.Ч нарт холбогдох эрүүгийн 2525000000121 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
И овогт Н-ийн З /РД; ************/,
Монгол Улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Б овогт Н-н Ч /РД; ***********/,
Шүүгдэгч Н.З нь;
архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө ****** аймаг ******* сум **** баг **** хотхон **-**-** тоот гэртээ “чи миний өмнөх амьдралыг ярилаа” гэх шалтгаанаар хохирогч Н.Ч-тэй хэрүүл маргаан үүсгэж, түүн рүү аяга шидэж, эрүүл мэндэд нь “духанд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Н.Ч нь;
архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 1 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө ****** аймаг ******* сум **** баг **** хотхон **-**-** тоотод “аяга шидэж хөмсөг гэмтээлээ” гэх шалтгаанаар хохирогч Н.З-той харилцан зодолдож, гуяыг нь хазаж, түүний эрүүл мэндэд “хоёр гарын бугалга, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч нар “...мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;
хохирогч Н.Ч-ийн “...2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр...18.00 цагийн орчим М-ийн гэрт ороход М хоол хийсэн, манай нөхөр М, М хоёр 2.4л хоёр пиво уугаад байж байсан. ...надад 0.7гр “Sangria” дарс авсан байхаар нь уугаад байж байхад М-ийн эхнэр З орой 21.40 цагийн орчим гэртээ ирсэн, З бид хоёр “Sangria” дарс уусан. М, З нар тухайн өдрөөс 2-3 хоногийн өмнө гэр бүлийн маргаан болоод З гэртээ хоёр хоног ирээгүй байсан юм байна билээ, би тэрийг нь мэдээгүй “нөхөргүй, хүүхэдтэй найзыгаа битгий гэртээ авч ирж бай” гээд хэлсэн чинь З “чи хэнээс мэдсэн юм” гээд дарс ууж байсан аягаа над руу шидсэн, тэр шидсэн аяга нь миний зүүн хөмсөгний дээд хэсэгт оноод хөмсөгний дээд тал язраад цус гараад байсан. Тэгэхээр нь би жижигхэн хундага шиг зүйл дээр тавьсан байсан лааг аваад зөрүүлээд шидсэн, миний шидсэн зүйл З-г оноогүй, харин над руу шидсэн аяга тарж бутраад тэр хавиар шил болсон. Миний уур хүрээд З руу дайраад хоорондоо үсдэлцээд, З миний үснээс зулгаагаад дээр гарсан, нөхөр М нь салгах гээд ноцолдоод, би Згийн доор нь орсон, миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би гуянаас нь хазсан. Згийн нөхөр М бид хоёрыг салгаад, З цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. ...З миний зүүн хөмсөгний дээд тал руу аяга шидэж гэмтээсэн, үснээс зулгаагаад байсан, ...би гуянаас нь хазсан. Миний зүүн талын хөмсөгний дээд хэсэгт язарсан, толгойн орой хэсэг үсдүүлснээс болж хавдсан, ... хөмсөгний дээд талд үлдсэн сорвийг арилгахад ямар эмчилгээ гарна тэрийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
хохирогч Н.З-гийн “...Би 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 21.40 цагийн орчим гэртээ орсон чинь М, Ч нартай хамт манай нөхөр архи уугаад сууж байсан. Би юм ярингаа вино уугаад байж байсан чинь Ч нөхөр М-тайгаа маргалдаад, ширээн дээр байсан асаалттай лааны тосыг нөхөр лүүгээ цацаад, муудалцаад манай гэрээс гараад явсан. Би араас нь гар утсаар яриад аргадаад буцаагаад оруулаад ирсэн, дахиад нэмээд 2.4л хоёр пиво авч уугаад, юм ярьж сууж байгаад Ч миний өнгөрсөн амьдралын талаар яриад, хэрүүл өдөөд байхаар нь “нэгэнт өнгөрсөн юмны талаар яриад яахав дээ” гэж хэлсэн чинь Ч улам лавшруулаад хэрүүл өдөөд байсан, би виноны аяганд ууж байсан пивоо Ч рүү цацаад, аягаа шидсэн чинь гал тогооны тавилганы хаалгыг оноод хагарсан. Манай нөхөр М нь Ч бид хоёрын голоор орж салгасан чинь Ч “чи миний хөмсгийг зад цохилоо” гээд үснээс зулгааж үсдээд, бид хоёр дээр, доороо орж байсан чинь Ч миний гуянаас хазсан, би цээж, мөр гэх мэт газарт нь өшиглөөд бид хоёр салсан, салсан хойноо хэрүүл өдөөд, гарт таарсан юмаа аваад шидээд байсан, нэг таваг миний толгой хэсэгт оносон. ...Ч манай гэр бүлийн асуудлыг яриад, доог тохуу хийгээд, хэрүүл өдөөд байсан, ...миний үснээс зулгааж нүүр хэсэг рүү цохисон, таваг шидээд толгойг маань оносон, би үснээс нь зулгаасан, харин аяга шидэхэд оноогүй гал тогооны хаалгыг онож хагарсан, хэлтэрхий нь үсрээд зүсэгдсэн байх. Тухайн үед миний толгой дээр жижиг, жижиг шалбарсан, нүүр маажсан, дух зүсэгдсэн, уруул язарсан, гар, шуу хөхөрсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2025 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 325 дугаартай; “...Н.Ч-ийн биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 305 дугаартай; “...Н.З-гийн биед хоёр гарын бугалга, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41 дэх тал/,
****** аймаг ******* сум **** баг **** хотхон **-**-** тоот хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,
хохирогч Н.Ч-ийн “...2025 оны 1 дүгээр сарын 29-нд найз З-д зодуулж, цохиулсан, одоо бие биедээ гомдол, саналгүй нь үнэн.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 72 дахь тал/,
хохирогч Н.З-гийн “…найз Ч-т зодуулсан нь үнэн, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 73 дахь тал/,
шүүгдэгч Н.З-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/,
оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 47 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48 дахь тал/,
шүүгдэгч Н.Ч-ийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44 дэх тал/,
оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Н.З, Н.Ч нараас хохирогчоор, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх шүүх хуралдааны үед өгсөн тэдний “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх,
мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч Н.Ч-ийн “...З дарс ууж байсан аягаа над руу шидсэн, тэр шидсэн аяга нь миний зүүн хөмсөгний дээд хэсэгт оноод хөмсөгний дээд тал язраад цус гараад байсан. ...миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь би гуянаас нь хазсан.” гэх,
хохирогч Н.З-гийн “...би виноны аяганд ууж байсан пивоо Ч рүү цацаад, аягаа шидсэн чинь гал тогооны тавилганы хаалгыг оноод хагарсан. ...Ч “чи миний хөмсгийг зад цохилоо” гээд үснээс зулгааж үсдээд, бид хоёр дээр, доороо орж байсан чинь Ч миний гуянаас хазсан, би цээж, мөр гэх мэт газарт нь өшиглөөд бид хоёр салсан, салсан хойноо хэрүүл өдөөд, гарт таарсан юмаа аваад шидээд байсан, нэг таваг миний толгой хэсэгт оносон. ...Тухайн үед миний толгой дээр жижиг, жижиг шалбарсан, нүүр маажсан, дух зүсэгдсэн, уруул язарсан, гар, шуу хөхөрсөн байсан.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2025 оны 325 дугаартай, “...Н.Ч-ийн биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. ...Уг гэмтэл нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2025 оны 305 дугаартай, “...Н.З-гийн биед хоёр гарын бугалга, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлтүүд,
мөн ****** аймаг ******* сум **** баг **** хотхон **-**-** тоот хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүйгээс гадна нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” юм.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Н.З, Н.Ч нар харилцан зодолдож, бие, биенийхээ эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас тэдний эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,
шүүгдэгч нар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, харилцан зодолдож, бие биенийхээ эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, шүүгдэгч Н.З нь хохирогч Н.Ч-ийн эрүүл мэндэд “духанд сорви” бүхий хөнгөн хохирол,
шүүгдэгч Н.Ч нь хохирогч Н.З-гийн эрүүл мэндэд “хоёр гарын бугалга, баруун гуянд цус хуралт, баруун гуянд зулгаралт” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан,
тэдэнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, тэдний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Н.З, Н.Ч нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх тэднийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Н.З, Н.Ч нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгч нарт оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тэдэнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
тэдний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Н.Ч-ийн “...2025 оны 1 дүгээр сарын 29-нд найз Зд зодуулж, цохиулсан, одоо бие биедээ гомдол саналгүй нь үнэн.” гэсэн хавтаст хэргийн 72 дахь талд авагдсан,
хохирогч Н.З-гийн “…найз Ч-т зодуулсан нь үнэн, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан хүсэлтүүдийг тус тус үндэслэн тэднийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овогт Н-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Н-н Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.0000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч-ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.0000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З, Н.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.З, Н.Ч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э