Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/202

 

2025       04          22                                          2025/ШЦТ/202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П, 

улсын яллагч Э.Г,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч О.Э-д холбогдох эрүүгийн 2525000000154 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт О-ын Э /РД; ***********/,

2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан, шүүгдэгч О.Э нь;

2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 14.00 цагийн орчим 3.58 хувийн согтуурсан үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт **-**ОРХ улсын дугаартай “Sonata-7” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч О.Э “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

гэрч О.Ж-ийн “...2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр томилгоот үүргийн дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхдаа **-**ОРХ  улсын дугаартай “Sonata-7” загварын тээврийн хэрэгслийг зогсоон жолооч нь архи, согтрууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад 3.58% согтолттой байсан. Тухайн жолоочийн жолоодох эрхийг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

О.Э-гийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж эрхээ хасуулсан. Гэмт хэрэг гарсан өдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт дүү О.Э-ийн гэрт очих зорилгоор өөрийн эзэмшлийн **-**ОРХ  улсын дугаартай “Sonata-7” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон. Учир нь миний бие өвдөөд байсан, өвчин намдаах тариа хийлгэх зорилгоор тэднийх рүү явчихсан юм. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

О.Э согтуурсан эсэхийг төхөөрөмж үлээлгэн шалгахад 3.58% согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ЗШ/550 дугаартай шийтгэвэр /хавтаст хэргийн 43-46 дахь тал/,

шүүгдэгч О.Э-ийн;

жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 27 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 31 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрчээс болон О.Э-гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч О.Э дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,

гэрч О.Ж-ийн “...**-**ОРХ  улсын дугаартай “Sonata-7” загварын тээврийн хэрэгслийг зогсоон жолооч нь архи, согтрууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драгер багажаар шалгахад 3.58% согтолттой байсан. Тухайн жолоочийн жолоодох эрхийг шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн байсан.” гэх,

О.Э-гийн яллагдагчаар өгсөн “...Гэмт хэрэг гарсан өдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт дүү О.Э-ийн гэрт очих зорилгоор өөрийн эзэмшлийн **-**ОРХ  улсын дугаартай “Sonata-7” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон. Учир нь миний бие өвдөөд байсан, өвчин намдаах тариа хийлгэх зорилгоор тэднийх рүү явчихсан юм. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлгүүд,

мөн зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, О.Э 3.58% согтолттой байсан талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлүүд, Цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ЗШ/550 дугаартай шийтгэвэр зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч О.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.  

          Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

          шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч О.Э-г “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

 

          Шүүх шүүгдэгч О.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,

мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаарх улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн саналыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нь 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял

оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

          Шүүгдэгч О.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно. 

Бусад асуудал;

Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерийн бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт О-ын Э-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-г дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгч О.Эгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг,

          мөн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэргийн хамт ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.Э