| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2020/0098/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1514 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Амарзаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1514
2025 6 04 2025/ШЦТ/1514
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Т.Амарзаяа /томилолтоор/,
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ийн Тд холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ***********дугаартай хэргээс:
Улсын яллагч зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-6-р хуудас/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 4, 9-13-р хуудас/, жолооч Д.Тий согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1.70% согтолттой/, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 21, 49-р хуудас/, “Тоёота Харрьер” маркийн **** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-21-р хуудас/, камерын бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 25-27, 31-р хуудас/, хохирогч Б.Ч ий мэдүүлэг /1-р хх-ийн 94-95-р хуудас/, гэрч Х.Бий мэдүүлэг /1-р хх-ийн 16-р хуудас/, иргэний хариуцагч О.Ггийн мэдүүлэг /1-р хх-ийн 178-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4977 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 102-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2333 дугаартай Криминалистикийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /1-р хх-ийн 115-120-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2732 дугаартай авто техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /1-р хх-ийн 129-137-р хуудас/, Тээврийн цагдаагийн алыанй Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 21-22-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Тийн өмгөөлөгч Д.Батдулам шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтуудыг болон хохирогч Д.Ч ий гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Д.Т нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгт өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.70 хувийн согтолттой үедээ 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 57 минутын үед Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын их сургуулийн урд замд “Тоёота Харрьер” маркийн **** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 3.5, 12.3-т заасныг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн дүрмийн 3.5-д заасан заалтыг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “Зам тээврийн осол хэрэг гарсан газар нь Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр, Боловсролын их сургуулийн урд замд, “замын нөхцөл байдал нь асфальтан, тэгш шулуун, хуурай гадаргуутай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэгтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 6 эгнээ, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв” гэсэн тэмдэглэл /1-р хх-ийн 5-8-р хуудас/,
- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 3-4, 9-13-р хуудас/,
- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын техникийн шинжээчийн 546 дугаартай: “Тоёото Прадо” маркийн 52-58 ОРО улсын дугаартай тэвэрийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэл алга байна. 2. Тоёота Харьер маркийн **** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах; д/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох зорилгоор шинжилгээ авах хүртэл, эсхүл ийм шинжилгээ авах шаардлагагүй гэж цагдаагийн ажилтан шийдвэр гаргах хүртэл энэ төрлийн зүйл хэрэглэхгүй байх.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна”. 3. Явган зорчигч Д.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн залтын 5.12 “Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /2-р xx-ийн 21-22-р хуудас/,
- Жолооч Д.Тий согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1.70% согтолттой/, гэрэл зураг /1-р хх-н 21, 49-р хуудас/,
- “Тоёота Харрьер” маркийн **** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-21-р хуудас/,
- Камерын бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 25-27, 31-р хуудас/,
- Хохирогч Б.Ч ий: “...гэр бүлийнхээ хүмүүсээс би яагаад гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа талаар тодруулаад л зам тээврийн осолд орсон гэхээр нь би осолд ороод гэмтлийн эмнэлэгт ирсэн юм байна гэдгийг мэдсэн. Түүнээс биш одоо би яг яаж яваад зам тээврийн осолд орсон эсэхээ санахгүй байна, одоо жоохон явахаар ядраад үүнээс болж толгой их өвдөж байна. одоо тархины цусан хангамж сайжруулах тархины цусан хурааг шимэгдүүлж дуусгах чиглэлийн эмчилгээ хийлгэсэн. Намайг ямар хүн мөргөснийг мэдэхгүй байна. Ямар ч байсан эмчилгээний зардал, мөргүүлснээс хойш ажилгүй байх цалин 3 сар Бутанд тархины шинжилгээ өгөхөд гарах зардлаа авмаар байна...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 94-95-р хуудас/,
- Гэрч Х.Бий: “...2019 оны 4 дүгээр сарын 21-ний оройн 21:00 цагийн үед Зайсангаас Сансар орохоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Багшийн дээдийн автобусны буудлын урд замд явж байтал эсрэг урсгалаас саарал өнгийн Тоёота Харьер маркийн автомашин замаар гүйж гарч байсан хүнийг мөргөхөд тэр хүн нь шидэгдээд миний машины хажуу талд цохигдоод чимээ гарахаар би тэр даруй машинаа зогсоогоод түргэн тусламж, цагдаад мэдэгдсэн. Явган зорчигчийг мөргөсөн автомашин нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй талбай талруугаа чиглээд эгнээ солиод орж ирээд зам ....гарч явсан хүнийг мөргөөд зогсолгүй шууд зугтаасан. Тэр автомашин нь саарал өнгийн Тоёота Харьер маркийн автомашин байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-н 16-р хуудас/,
- Иргэний хариуцагч О.Ггийн: “**** УНИ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг боловч манай нөхөр Т цалингийн зээл авч худалдан авч Энэ машин гэр бүлийн дундын өмчлөлд байдаг машин. Эмнэлгийн зардалд урьдчилгаа болгож 5,500,000 төгрөг урьдчилж төлсөн байгаа. Тэгээд цаашид баримтаар гарах хохирлыг хариуцахыг зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 178-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 4977 дугаартай: “Б.Ч ий биед зүүн зулай яснаас чамархай, суурь ясны их, бага далавч, зүүн хацар ясны нум дайрсан нийлмэл хугарал, зүүн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа, зүүн талд суурийн түвшин дэх хатуу хальсан дээрхи цусан хураа, субарахноидал зайн цус харвалт, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны шарх, зүүн шагайн цус хурал, зөөлөн эдийн няцрал, зүүн далны зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 102-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2333 дугаартай: “ Шинжилгээнд ирүүлсэн том, саарал толь, жижиг эвэр толь болон саарал өнгийн 3 жижиг хэсгүүд нь харьцуулах загварт ирүүлсэн **** УНИ улсын дугаартай, саарал өнгөтэй, “MHU38-2018243” арлын дугаартай, Тоёота Харрьер маркийн автомашины эд анги мөн байна. Хэргийн газраас хураан авсан гэх 3 жижиг саарал зүйл нь өөр хоорондоо болон жижиг эвэр толины суурийн хагарсан хэсэгтэй, автомашины эвэр толины суурьт үлдсэн саарал өнгийн бэхэлгээний жижиг саарал хэсэг нь хэргийн газраас хураан авсан жижиг эвэр толины суурийн бэхэлгээний хагарсан хэсэгтэй, автомашины зүүн урд хаалганы толины суурийн хагарсан хэсэг нь хэргийн газраас хураан авч шинжилгээнд ирүүлсэн том толины суурины хагарсан хэсэгтэй тус бүрийн зах ирмэгтэй тэгж бус хэмийн дахин давтагдашгүй шинж тэмдгээрээ тохирч байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 115-120-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2732 дугаартай авто техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургууд /1-р хх-ийн 129-137-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх гэмт хэргийн үндсэн шинжийг заасан бол мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т “согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх хүндрүүлэх шинжийг тодорхойлон заасан ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг нь жолооч хэргийн газрын зориуд орхиж зугтаасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Тэгвэл Монгол Улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулсан байна.
Шүүгдэгч Д.Тий гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар түүнд оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хууль буюу 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, “шүүгдэгч Д.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн 1.70 хувийн согтолттой үедээ 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 57 минутын үед Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Боловсролын их сургуулийн урд замд “Тоёота Харрьер” маркийн **** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, хэрэглэсэн, үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Ч ийг мөргөж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Тээврийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч ий эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ч нь хохирол нэхэмжилсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т нь хохирогч Д.Ч ий эмчилгээний зардалд нийт 20,500,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Д.Ч ий шүүхэд бичгээр гаргасан хүсэлт /2-р хх-ийн 144-р хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад зааснаар өршөөн хэлтрүүлэх” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 ахдь заалтад зааснаар ялаас өршөөн хэлтрүүлж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” саналыг тус тус гаргасан болно.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлд “Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ”-г заасан ба уг зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хамаарахаар хуульчилжээ.
Шүүгдэгч Д.Тий гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 57 минутын орчим байх тул “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамаарна.
2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлд “Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-ийг хуульчилсан байх ба уг зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд хамаарахгүй байна.
Мөн тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заажээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Тий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй байхгүй болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд 2021 оны “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс хойш нийт 22 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины 1 ширхэг жижиг эвэр толь, 1 ширхэг том толь, 1 ширхэг вакус витамин зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи – 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
3. Шүүгдэгч Д.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг нэн даруй сулласугай.
4. Шүүгдэгч Д.Т нь энэ хэрэгт нийт 22 /хорин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн автомашины жижиг эвэр толь – 1 ширхэг, том толь – 1 ширхэг, вакус витамин – 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн “Эд мөрийн баримт шийдвэрлэх комисс”-т даалгаж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СиДи – 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ