Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Зоригоогийн Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга      М.Баярмэнд            

Улсын яллагч                       Ц.Мөнх-Эрдэнэ

Шүүгдэгч                              Ж...

Шүүгдэгчийн өмгөөлөгч   Б... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Нийслэлийн ... дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл- 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Завхан аймгийн ... сумын ... гудамж, ... тоотод оршин суух хаягтай, Завхан аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ... овогт .... /Регистрийн дугаар: ... /                       

Шүүгдэгч Ж... нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ... улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Завхан аймгийн ... сумын ... багийн нутаг “...” гэдэг газарт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын хажуу тал руу осолдож, Г.... эрүүл мэндэд өвчүү ясны хугарал, тархи доргилт, хүзүүний зүүн талд, өвчүүний дунд хэсгийн арьсанд цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр зэргийн хохирол, Р... эрүүл мэндэд тархи доргилт, баруун нүдний гадна хэсэгт, баруун хацрын хэсэгт, зүүн гуяны доод хэсэгт, баруун тойгийн доод хэсгүүдэд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан буюу  “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                  

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “ Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Р..., Г... нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч нар  шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ... овогт ... нь 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ... улсын дугаартай, Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Завхан аймгийн ... сумын ... багийн нутаг “...” гэдэг газарт замын хажуу тал руу унаж  зам тээврийн осол гаргасан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэлийн “...Уг зам тээврийн осол гарсан газар нь Завхан аймгийн ... сумын ... баг, ... ам гэдэг газар байх ба, хойноос урагш чиглэлтэй тэгш, шулуун гадаргуутай, хоёр эгнээтэй, эсрэг хөдөлгөөнтэй, суурьшлын гаднах хөдөлгөөнөөр зохицуулагддаг, 6,90 метр өргөнтэй асфальтан зам байх ба замын баруун хэсэгт ногоон саарал өнгийн ... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дээшээ харсан байдалтай байв. Уг тээврийн хэрэгслийн асфальтан замаас ертөнцийн зүгээр зүүн тийш гарсан хэсгийг “А” цэгээр авч тэмдэглэв. “А” цэгээс машин хүртэл 21,60 метр байх ба машины зүүн урд дугуйны голоос асфальтын ирмэг хүртэл  2,50 метр, зүүн хойд дугуйны голоос асфальтын ирмэг хүртэл 5,50 метр зайтай байв. “А” цэгээс автомашин хүртэл тээврийн хэрэгслийн эд зүйлс унаж хагарсан байх ба гэрэл зургаар бэхжүүлж авав. Үл хөдлөх цэгээр 156 дугаартай ус зайлуулах хоолойны баруун хойд буланг авч “А” цэг хүртэл хэмжихэд 120 метр зайтай байв. Уг машинд үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд урд хоёр дугуйны хий байхгүй, хойд хоёр дугуй хийтэй байв. Мөн тээврийн хэрэгслийн хойд хэсэг болон урд хэсэг хэлбэр дүрсээ алдаж эвдэрч хэмхэрсэн байв. Тээврийн хэрэгслийн дотор талд хянах самбарт гэрэл байхгүй, жолооны речак “Р” үсгэн дээр байрлалтай байх ба эд зүйлс доош унаж эмх замбараагүй байв...” гэсэн хэсгээр, 

уг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан хохирогч Р... ”...  гэдэг хүний хар саарал өнгийн ... улсын дугаартай, Приус-20 маркийн машин дотор би, нөхөр ..., дүү ... нарын хамт Завхан аймгийн ... сумаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн ... сумын Нэгдсэн эмнэлэгт дүү ... үзүүлж группийг нь сунгуулахаар ажлаар явж байсан. Гэтэл ... сум руу орохоос өмнө наад талд 10 гаруй км зайд гэнэт зам тээврийн осол гарсан. Би тухайн зам тээврийн осол гарах үед унтаад явж байсан. Тэгээд сэрэхэд осол гарсан байсан. Осол гарсны дараагаар тухайн машины цонхоор зорчигч нар цувж гарцгаасан. Тухайн машины жолоочийн суудлын эсрэг талын урд суудалд дээр дүү ..., жолоочийн суудлын чанх ар талын суудал дээр би, миний зүүн талд буюу арын суудлын гол хэсэгт манай нөхөр ... сууж явсан. Харин тухайн машиныг ... жолоодож явсан. Тухайн үед яг юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд замын машинаар ... Нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн. Эмнэлэгт үзүүлээд явж байхад ..., цагдаагаас залгаж байна, бид нарыг цагдаа дээр хүрээд ир гэсэн гэхээр нь бид дөрөв цагдаа дээр очсон. Жолооч архи уугаагүй байсан, мөн бид нар ч гэсэн уугаагүй байсан. ...Би өөрийн биед учирсан хохиролд сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Одоо миний хувьд гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

хохирогч Г.... “...2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би группэд орохоор Завхан аймгийн ... сумын чиглэлд ... гэдэг таксинд явдаг ахтай приус-20 маркийн тээврийн хэрэгслээр өглөөний 06 цагт ... сумаас хөдөлсөн. Тэгээд явж байгаад ... даваа даваад уруудаж байгаад нэг тойрог дээр л гэнэт машин нь осолдож 2-3 удаа бүтэн эргэсэн. Тэгээд тухайн осолдсон тээврийн хэрэгслээс намайг ... эгч, ... ах хоёр цонх хагалж байж гаргаж ирсэн ба ухаан алдаагүй байсан. Тэгээд замын унаа тосож Завхан аймгийн ... сумын нэгдсэн эмнэлэг орж үзүүлсэн. Таксины жолооч, .. эгч, .. ах гээд бид хэд дөрвүүлээ явж байсан ба би урд нь буюу жолоочийн эсрэг талын суудал дээр сууж явсан. Ямар нэгэн согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй.” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ш... “...Хар саарал өнгийн Приус-20 маркийн ... улсын дугаартай машин дотор би, ..., ..., жолоочоор ... нарын хамт ... сумаас 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 06 цагийн үед гараад ... ... сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явж байсан. Тэгээд ... сум руу орохоос 10-17 км зайд тухайн зам тээврийн осол гарсан юм. Тухайн үед машины зүүн урд талын дугуй хагараад эсрэг урсгал руу машин орох гэхэд буцаж жолооны хүрдийг эргүүлж уг осол гарсан. Тэгээд осол гарсны дараа тухайн машины цонхоор бид нар цувж гарцгаасан. Тухайн машины жолоочийн хажуу талын суудал дээр манай хадам дүү ..., жолоочийн суудлын чанх ар талын суудал дээр манай эхнэр ..., эхнэрийн зүүн талын суудалд би сууж явсан бөгөөд машиныг ... жолоодож явсан. Тухайн осол болоход ... сумын чиглэлээс явж байсан машин байгаагүй. Манай эхнэр ... биеийн ил харагдах хэсэг буюу баруун хацар, баруун нүдний хэсэгт зулгарсан, ... нь өвчүү хэсгээр хөндүүр оргиод байна гэж хэлж байсан бөгөөд хүзүүний зүүн талд зулгарсан байсан. Миний биед ямар нэгэн шинээр үүссэн шарх, сорви үүсээгүй. Мөн ... биед ямар нэгэн шарх, сорви үүсээгүй байсан. Тухайн үед ... архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн осол гарах хэсэгт зам дээр шар ус гүйгээд чулуунууд гарсан байсан. Тэгэхэд л ... машины дугуй хагараад уг осол гарсан байх, замд бага зэрэг гөлөөн үүссэн байсан. Осол гарсны дараагаар машины дугуйг харахад хээ муутай 4 дугуй байсан. Хагарсан дугуйны хээ нь муу байсан.” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч Ж.... мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн "... Тэгээд ... даваа уруудаж явах үед миний Приүс-20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуй хагарч руль булаагаад сандарсандаа замын хажуу тал руу уначихсан юм Тухайн газрын ... сумын ... багийн ... гэх газар юм билээ..." гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Зам тээврийн ослын улмаас хохирогч Р... эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол, Г.... эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай “...1. Иргэн Р... биед тархи доргилт, баруун нүдний гадна хэсэгт, баруун хацрын хэсэгт, зүүн гуяны доод хэсэгт, баруун тойгоны доод хэсгүүдэд цус хуралт гэмтлүүд учирсан байна. 2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлтээр,

Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай “...1. Иргэн Г... биед өвчүү ясны хугарал, тархи доргилт, хүзүүний зүүн талд, өвчүүний дунд хэсгийн арьсанд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан Ж... тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс болсон нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн “...2.2 ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэх үзэх үндэслэлтэй байна...” гэсэн магадлагаагаар тогтоогдсон байна.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Ж... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг  тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна.

Шүүгдэгч нь хохирогч Р..., Г... нар нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох тэдний хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч нар нь эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:           

Шүүгдэгч Ж... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан  эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн бөгөөд шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад  төлөх төлбөргүй, хохирогч нар эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж… тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, түүнд 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж... нь 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж... нь 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Ж... оногдуулсан  1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгчид 2025 оны 05 дугаар сарын ...-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид оногдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан, хохирогч нар нь эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.             

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар прокурор, оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ