| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 312/2025/0175/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/203 |
| Огноо | 2025-04-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/203
2025 04 22 2025/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Т,
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Д.Н-д холбогдох эрүүгийн 2525001470165 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Л овогт Д-ийн Н /РД; ***********/,
Шүүгдэгч Д.Н нь;
2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багт байрлах нийтийн байранд “хаалга цоожиллоо” гэх шалтгаанаар хохирогч Д.Дтай маргалдан гарыг нь мушгиж, хаалга савж түүнийг унагааж, эрүүл мэндэд нь “баруун бугалга, зүүн тохой, сарвуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Д.Н “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан;
хохирогч Д.Д-гийн “...2025 оны 2 дугаар сарын 14-ний шөнө гэртээ амарч байхад гэрийн гадаа согтуу хүн “хаалгаа онгойлго” гээд орилж, хашгираад байсан, би тухайн үед “хажуу айлын хүн байх, хаалга онгойлгож өгөх байх” гээд хэвтэж байтал цонх нүдээд унасан, босоод хартал хажуу айлын эмэгтэй Н байсан. Би хувцсаа өмсөөд “гадаа даарчихлаа даа” гэж бодоод онгойлгож өгтөл “яасан удаан балай авгай вэ, хаалга хурдан онгойлгож өгсөнгүй, нийтийн байранд амьдарч байхыг бодоход ямар л олигтой байв гэж” гэх зэргээр доромжилсон. Тэгээд “яах гэж хаалга түгжиж байгаа юм, наадах чинь нийтийн эзэмшлийн байр, чиний хувийн юм биш” гэж агсам тавиад байхаар нь “онгойлгож өгч байхад чи юу яриад байгаа юм, нөхөр лүүгээ залгаж онгойлгуулахгүй яасан юм, хөл муутай хөгшин хүн дуудаж босгож байхаар” гэсэн чинь гар, хуруу мушгиж сарвуу гэмтээсэн, хаалга руу өшиглөж, намайг хаалгаар саваад газар унагасан, би унахдаа тохой болон мөр, далаараа хүчтэй унаж бэртсэн, хөл, гар хөхөрч хавдсан, тэгээд цагдаа дуудсан. ...Надад гомдол санал байхгүй. Хэрэг болсноос хойш Н надад эмчилгээ хийлгэж, асарч, эмчилгээний зардлыг төлсөн болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч Б.Т-ын “...2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр би хорооллын хэсэгт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн, дуудлага мэдээлэл хүлээн авч ажиллаж байсан. 23.00 цаг өнгөрч байхад “Наран баг нийтийн байрны 6 тоотод согтуу эмэгтэй танхайрч, хүний биед халдаж, хэл үгээр доромжлоод байна.” гэх дуудлага ирсэн, дуудлагын дагуу очиход иргэн Д иргэн Н нар хэрэлдсэн байдалтай байсан. Д-гаас юу болсон талаар асуухад “Н согтуу ирж хаалга нүдэж орилж хашгирсан, хаалга онгойлгох гээд босохын хооронд цонх нүдэж, хаалгаа хурдан онгойлго балай авгай минь” гэх зэргээр доромжилсон, ...хэрэлдэж маргалдаж байгаад хаалгаар савж газар унагаасан, гар хуруу базаж мушгиж, эргүүлсэн гэж ярьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Д.Н-гийн яллагдагчаар өгсөн “...2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр... нөхөр Н, найз О, Ө нарын хамт “Vegas” бааранд 10.00 цагийн үед орж пиво ууцгааж бүжиглэсэн, манай нөхөр “харилаа” гээд 11.00 цагийн үед түрүүлээд баарнаас гараад явсан. Би найзуудаасаа салаад 00.00 цагийн үед такси бариад гэртээ харьсан, гэртээ очтол хаалга түгжчихсэн байсан. Гадаа нилээн зогсож даараад...хажуу айлын цонхыг тогшсон, ...манай байрны хажуу өрөөнд байдаг Д гэдэг хүн хаалга онгойлгож өгсөн, “хаалгаа ямар удаан онгойлгодог юм, балай авгай минь” гэсэн чинь “өөрийнхөө нөхрийг дуудаад онгойлгуулахгүй яасан юм” гээд байхаар нь “энэ чинь нийтийн байр, чиний хувийн юм биш” гээд маргалдаж байгаад хаалга хаах гээд савсан чинь Д-г оноод унагаачихсан. ... Зөрчлөө хүлээн зөвшөөрч хохирлыг барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 2 сарын 20-ны өдрийн 334 дугаартай; “...Д.Д-гийн биед баруун бугалга, зүүн тохой, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
хохирогч Д.Д-гийн;
“...хажуу хашааны эмэгтэй танхайрсан.” гэх гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 8 дахь тал/,
шүүгдэгч Д.Н-гийн;
эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 33 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Д.Н-гээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Д.Н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн үйл баримтын талаарх мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан,
хохирогч Д.Д-гийн “...2025 оны 2 дугаар сарын 14-ний шөнө...хажуу айлын эмэгтэй Н...“яасан удаан балай авгай вэ, хаалга хурдан онгойлгож өгсөнгүй, нийтийн байранд амьдарч байхыг бодоход ямар л олигтой байв гэж” гэх зэргээр доромжилсон. Тэгээд “яах гэж хаалга түгжиж байгаа юм, наадах чинь нийтийн эзэмшлийн байр, чиний хувийн юм биш” гэж агсам тавиад байхаар нь “онгойлгож өгч байхад чи юу яриад байгаа юм, нөхөр лүүгээ залгаж онгойлгуулахгүй яасан юм, хөл муутай хөгшин хүн дуудаж босгож байхаар” гэсэн чинь гар, хуруу мушгиж сарвуу гэмтээсэн, хаалга руу өшиглөж, намайг хаалгаар саваад газар унагасан, би унахдаа тохой болон мөр, далаараа хүчтэй унаж бэртсэн, хөл, гар хөхөрч хавдсан.” гэх,
Д.Н-гийн яллагдагчаар өгсөн “...манай байрны хажуу өрөөнд байдаг Д гэдэг хүн хаалга онгойлгож өгсөн, “хаалгаа ямар удаан онгойлгодог юм, балай авгай минь” гэсэн чинь “өөрийнхөө нөхрийг дуудаад онгойлгуулахгүй яасан юм” гээд байхаар нь “энэ чинь нийтийн байр, чиний хувийн юм биш” гээд маргалдаж байгаад хаалга хаах гээд савсан чинь Д-г оноод унагаачихсан.” гэх,
гэрч Б.Т-ын “...Дгаас юу болсон талаар асуухад “Н согтуу ирж хаалга нүдэж орилж хашгирсан, хаалга онгойлгох гээд босохын хооронд цонх нүдэж, хаалгаа хурдан онгойлго балай авгай минь” гэх зэргээр доромжилсон, ...хэрэлдэж маргалдаж байгаад хаалгаар савж газар унагаасан, гар хуруу базаж мушгиж, эргүүлсэн гэж ярьсан.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2025 оны 2 сарын 20-ны өдрийн 334 дугаартай,“...Д.Д-гийн биед баруун бугалга, зүүн тохой, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
хохирогч Д.Д-гийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, түүний гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл” байдаг.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэл нь тухайн хор уршигт зайлшгүй хүргэсэн нөхцөлд л шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоо нь гэмт үйлдэл болон хор уршиг хоёрын хоорондын хамаарлыг илэрхийлэгч бөгөөд хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас бус харин зөвхөн гэм буруутай этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн үр дүнд бий болсон байх ёстой.
Шүүгдэгч Д.Н-гийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой юм.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд шүүгдэгч Д.Н-гийн үйлдэл энэ гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
хэрэгт цуглуулсан нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Д.Н-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Д.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах үүднээс архи, согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг,
түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн саналыг тус тус харгалзан,
“эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Д.Д-гийн “...Н хэрэг болсноос хойш надад эмчилгээ хийлгэж, асарч эмчилгээний зардлыг төлсөн болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн хавтаст хэргийн 19 дэх талд авагдсан мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Д.Нг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л овогт Д-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгчид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.Э