| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/01909/И |
| Дугаар | 101/ШШ2022/02033 |
| Огноо | 2022-05-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2022/02033
| 2022 05 02 | 101/ШШ2022/02033 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт оршин суух, А.М-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 8,476,995.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Я.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Я.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 8,000,000 /Найман сая/ төгрөгийг 365 хоногт 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч А.М Хас Банк дахь тоот харилцах дансанд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 /Найман сая/ төгрөгийг шилжүүлэн зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь огт төлөлт хийгээгүй. Зээлдэгч нь банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний хуваарьт өдрөөс хойш төлөөгүй ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 128 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас банкны зүгээс зээл төлөх боломжоор хангаж хугацаа өгч, удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч А.М нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул талуудын хооронд байгуулсан 1030043591 дугаартай зээлийн гэрээний 5.1-д заалтыг үндэслэн гэрээг цуцалж байгаа болно.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан 1030043591 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна.Үүнд:
- Төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 8,000,000.00 төгрөг
- Зээлийн үндсэн хүү 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 128 хоногийн хүү болох 470,065.13 төгрөг,
- Нэмэгдүүлсэн хүү 6,930.00 төгрөг,
- Нийт 8,476,995.13 / Найман сая дөрвөн зуун далан зургаан мянга есөн зуун ерэн таван төгрөг арван гурван мөнгө/-г хариуцагч М-с гаргуулах.
Хариуцагчийн эзгүйд шийдүүлье. Үндсэн зээл 8 сая төгрөг, хүү 470 065.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 930 төгрөг, нийт 8 476 995.13 төгрөг гаргуулна. Нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулж 8 саяыг олгосон. Өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Гэрээ байгуулсан өдөр мөнгө олгосон. Үндсэн төлбөрт мөнгө төлөөгүй. Нийт 74 290.80 төгрөг буцаан төлсөн. Хариуцагчтай утсаар холбогдсон боловч зээлээ төлөөгүй. Улмаар хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэл гаргасан гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн зээлийн мэдэгдлийн хуудасны хуулбар /хх10/, мөн өдрийн дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх11-17/, А.М-н дансны хуулга /хх18, 19/, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх20/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч А.Мөнгөншагай нь хариу тайлбар болон нотлох баримт ирүүлээгүй.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Х” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 470,065.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,930 төгрөг, нийт 8,476,995.13 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч А.М-д 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй. Мөн шүүх боломжит хэлбэрээр хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, түүнчлэн зохигч хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Зохигчид 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдөр дугаартай, 8,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна. /хх14-17/
Зээлийн гэрээг 30 сарын хугацаатайгаар байгуулж, сарын 1.3 хувь, жилийн 15.6 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ.
Улмаар зээлийн гэрээний дагуу тухайн өдөр 8,000,000 төгрөг олгогдсон болох нь Хас банк дахь А.М-н тоот дансны хуулгаар тогтоогдсон тул гэрээ хүчин төгөлдөр болсон. /хх18,19/
Нэхэмжлэгч нь арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд болох нь дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ. /хх6/
Нэхэмжлэгч нь хариуцагчийг буцаан төлөлт хийгээгүй гэж тайлбарласан бол хариуцагч нь гэрээ байгуулсан, зээл олгогдсон, буцаан төлөлт хийгдээгүй гэх үйл баримтын талаар маргаагүй байна. Учир нь хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
Энэхүү үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зээлийн гэрээ нь 5 сар, 15 хоног хэрэгжсэн байна.
Үүнээс хариуцагчид үүссэн хүү төлөх үүргийг тооцвол:
1 сард 104,000 /8,000,000*1.3%/ төгрөг, 3 сард 520,000 төгрөг, 1 хоногт 3,419.17 /8,000,000*15.6%/365/ төгрөг, 15 хоногт 51,287.55 төгрөг, нийт 571,287.55 төгрөгийн хүү тооцогдоно. Гэвч нэхэмжлэгч нь зээлийн хүүд 470,065.13 төгрөг нэхэмжилсэн тул шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэмэгдүүлсэн хүүгийн хувьд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалсан тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.
Эдгээр үндэслэлээр хариуцагчид зээлийн гэрээний дагуу үүссэн нийт үүрэг нь 8,470,065.13 төгрөг болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 74,291.17 төгрөг буцаан төлсөн гэж нэхэмжлэлд дурдсан бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй.
Иймд хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн дүн нь 8,395,773.96 төгрөг байх тул нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хангасан хэсэгт холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч А.М-с зээлийн гэрээний үүрэгт нийт 8,395,773.96 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 81,221.17 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 150,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 149,282.38 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД