Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/58

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Нарийн бичгийн дарга                    М.Баярмэнд

  Улсын яллагч                                      О.Билгүүндаш

  Шүүгдэгч                                              Б....

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б... холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны 05 дугаар сарын 18-ны өдөр                    Завхан аймгийн ... сумд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт гарсан, ам бүл-2, эхнэрийн хамт амьдардаг, Завхан аймгийн ... сумын .... багийн .... айлын ... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ... овогт ... /регистрийн дугаар: .../

Шүүгдэгч ... нь Завхан аймгийн ... сумын ... багт үйл ажиллагаа явуулдаг ... төв дотроос 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогч Б.... мартаж явсан Iphone 16 pro max загварын гар утас болох гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний буюу хохирогчид 3,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт хамаарч байна.

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд                                                    

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч Д.... шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хохирогч Д... нь 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн ... ... багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг ... төв дотор  өөрийн I phone-16 promax загварын гар утсаа гээсэн нь

хохирогч Д.... “... 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн орчимд буудлаас гараад машиндаа суугаад Завхан аймгаас ... сум руу явах замдаа хаалган дээр зогсоод утсаа үзэхэд миний утас байхгүй байсан. Тэгээд би өөрийнхөө ... дугаар руу 2 залгахад дуудаад дараачийн залгахад холбогдохгүй болсон юм. Тэгэхээр би Завхан аймгийн цагдаагийн газарт очиж утсаа алга болгосон талаараа бүртгүүлсэн. Миний утас нь шаргал өнгөтэй Iphone 16 рго мах загварын утас байсан...Надад хохирол учраагүй, гомдол саналгүй..." гэсэн мэдүүлгээр,

гэрч Х... "...2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тоглолт хийчхээд тухайн өдөр тэндээ Завхан аймагт ... гэх буудалд хоносон. Тэгээд маргааш өглөө нь Завхан аймгаас ... сум руу явах гээд аймгаас гарах гээд хаалган дээр ирээд машинаас буугаад Б... утсаа алга болгосон талаар мэдсэн..." гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Хохирогч Д... гээсэн гар утсыг шүүгдэгч Б... ... төвийн 1 давхрын хүлээлгийн танхимын сандлын хажуугаас олсон бөгөөд олсон гар утсаа хүү Ж... өгсөн хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

... төв дотроос гар утас олсон тухайгаа мэдүүлсэн Б... мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.. Би 2025 оны 03 сарын сүүлээр ... багт байдаг ... төв рүү ажил хөөцөлдөх гэж орсон. Тэгээд нэг давхрын хүлээлгийн танхимын сандал дээр сууж байтал тэр сандлын хажууд нэг утас байхаар нь би аваад тэндээсээ гарсан... Тэгээд би маргааш нь бил үү нөгөөдөр нь олсон гар утсаа ... хотод байдаг хүүхэд рүүгээ явуулсан...” гэсэн мэдүүлгээр,

Б... гар утас явуулсан тухай мэдүүлсэн гэрч Ж... “... Би аав Б. ... эсрэг мэдүүлэг өгөхгүй. Би болсон асуудлын талаар ярихад манай аав ... нь Завхан аймагт ажиллаж амьдардаг юм. Над руу (өдрийг нь санахгүй байна) утсаар ярьж "аав нь гар утас олсон юм. Миний хүү утасны эзнийг нь олоод шагналыг нь аваад өгчих" гэхээр нь за гээд аавыг нөгөө олсон гар утсаа над руу явуулчих гэсэн чинь аав автобусаар дайгаад явуулсан байсныг би авч энэ тухай гар утасны эзэн болох хүнд бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн юм..." гэсэн мэдүүлгээр,

Д... гээсэн гар утсыг шүүгдэгч Б... хүү Ж... авсан тухайгаа мэдүүлсэн гэрч М... ”... Б.... утсаа 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр алдчихаад би ай клоуд хаягаар нь харахад Завхан аймагт байгаад байсан. Тэгээд ... аймагт тоглолтоо дуусгаад ... хотод орж ирэхэд нь алдсан гар утас нь 1-р хорооллын ... хажуу талд байх гар утасны лангуун дээр заагаад байхаар нь цагдаа дуудаад гар утсаа авсан юм. Тэр үед надад гар утас авсан байсан хүн нь надаас 1.000.000 төгрөг нэхсэн. Намайг гар утас авахад скочоор ороогоод дээр нь хүүхдийнхээ дугаарыг тэмдэглэчихсэн байсан, дугаарыг нь санахгүй байна..... Гар утсыг нь асаалттай, онгоцны моод дээр нь тавьчихсан, сим картгүй байсан. ...” гэсэн  мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Д… 3,700,000 төгрөгийн хохирол учирсан нь "Ашид Билгүүн хөрөнгө үнэлгээ" ХХК- ны хөрөнгийн үнэлгээчин Б… 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №… дугаартай "..."Iphone 16 Pro max" маркийн гар утасны зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 03 сарын байдлаар 3,700,000 (гурван сая долоон зуун мянга) төгрөгөөр тогтоов." гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  харьцуулан шинжлэн судлах,  бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шийдвэрийнхээ үндэслэл болголоо.

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүйгээс хаяж гээсэн, аль нэг байршилд тавиад мартаж орхисон эд хөрөнгийг хэлэх бөгөөд тухайн хөрөнгийг олж авч байгаа этгээд хэнийх гэдгийг нь мэдээгүй байдаг онцлогтой.

Хохирогч Д... нь гар утсаа буудалласан буудлынхаа хүлээлгийн сандал дээр мартаж орхисон байх тул уг утсыг гээгдэл эд хөрөнгө гэж үзнэ.

Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар гээгдэл эд хөрөнгийг олсон хүн тухайн эд хөрөнгийг өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй ба мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.6-д зааснаар олон нийтийн газраас гээгдэл хөрөнгө олсон бол тухайн байгууллагын захиргаанд хүлээлгэн өгөхөөр тус тус заасан.

"Гээгдэл эд хөрөнгө завших" гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, өөрөөр хэлбэл гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, өөртөө авах эсхүл захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.

Б... нь бусдын өмчлөлийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авах нь хууль бус гэдгийг ухамсарлан ойлгосон атлаа Иргэний хуульд заасан үүрэг болгосон заалтуудыг зөрчиж буудлын хүлээлгийн танхимын сандал дээр бусдын мартаж орхисон гар утсыг мэдсэн атлаа тухайн  байгууллагын эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөлгүй өөрийн өмчлөлд авсан байна.

Шүүгдэгч Б... нь буудлын сандал дээр байгаа гар утсыг бусдынх гэдгийг, өөрөө авах эрхгүйг,  буцааж өгөх, эсхүл тухайн байгууллагын захиргаанд өгөх ёстой гэдгийг энгийн ухамсрын түвшинд ойлгож мэдсээр байж өөртөө авах нь хууль бус гэдгийг ухамсарлан ойлгосон атлаа, ухамсарлаж байгаа хор уршгаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна.

Иймд  түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “ бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан.

Шүүгдэгч Б... нь шууд санаатай үйлдлээр  гээгдэл эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж улмаар хүү Ж... өгсөн нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг, шүүгдэгчийн үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш буюу 3,700,000 төгрөгийн  хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл хөрөнгө завших гэмт хэргийн объектив шинжийг  тус тус хангаж байх тул шүүгдэгч Б...  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй байна.

Шүүгдэгч Б... нь хохирогч Б... Iphone 16 pro max загварын гар утсыг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан  хохирогч Б.... “...2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ... 1 дүгээр хороололд ... танихгүй залуугаас очиж авсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б... нь өөрт  холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлөх санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн байна.

Шүүгдэгч  тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр  дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж  шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялаас чөлөөлж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь тогтоол гаргахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй түүний эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,  36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  гээгдэл эд хөрөнгийг  бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б... 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Б... оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч  Б...  2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б... нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6 .Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.                          

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар прокурор оролцогчид гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг  дурдсугай.    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧЗ.НАНДИНЦЭЦЭГ