Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 103/ШШ2021/00294

 

 




 

 

 

2021 9 6 103/ШШ2021/00294

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багт байрлах, Эрдэнэт Фүүдс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 86 дугаар байрны 34 тоотод оршин суух, Урианхад овогт Чинбатын Баярдулам, Ганзган овогт Алтанпүрэвийн Чойдорж нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 56.392.825 төгрөг гаргуулах тухай үндсэн, 3.600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амгаланбаяр, хариуцагч Ч.Баярдулам, А.Чойдорж, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Эрдэнэт Фүүдс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Баярдулам нь манай байгууллагатай 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн УБ-31/17 тоот Бэлэн бүтээгдэхүүн худалдах, худалдан авч борлуулах гэрээт борлуулагчийн гэрээ мөн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн УБ-18/035 тоот Төлбөр барагдуулах гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээгээр байгууллага бүтээгдэхүүнээ зээлээр нийлүүлэх, борлуулагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж байх нөхцлөөр харилцан тохиролцсон. Мөн борлуулалтын төлбөрийг хуваарь гаргаж төлж барагдуулахаар гэрээнд тусгасан боловч өнөөдрийг хүртэл хуваарийн дагуу төлбөрөө барагдуулаагүй байна. Иймд Ч.Баярдуламаас 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сар хүртэл зээлээр авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 37.628.550 төгрөг, алданги 18.764.275 төгрөг нийт 56.392.825 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Баярдулам нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Эрдэнэт Фүүдс ХХК-ийн удирдлагуудын хүсэлтээр бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулж, борлуулалтын явцад гарсан зардлыг хувааж хариуцахаар тохиролцон хамтран ажилласан. Компанийн эрх бүхий ажилтнууд надтай уулзан Багануур дүүрэгт нэрийн дэлгүүрээ нээн ажиллуулах үүргийг Ч.Баярдулам би, дэлгүүр ажиллуулахтай холбогдсон зардлыг Эрдэнэт Фүүдс ХХК хариуцахаар тохиролцсон. Ингээд би тохиролцсон ёсоор Хийморь, Хишиг дэлгүүрийг хэд хэдэн газар нээн, бүтээгдэхүүн борлуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байсан. Гэтэл Эрдэнэт Фүүдс ХХК-ийн бүтээгдэхүүний чанар болон нийлүүлэлтэд алдаа дутагдал гарснаас шалтгаалан бүтээгдэхүүн борлуулалтын ажил алдагдалд орж дампуурсан. Эрдэнэт Фүүдс ХХК-ийн удирдлага өөрчлөгдсөн шалтгаанаар тохиролцооноосоо буцаж дэлгүүр нээх, ажиллуулахтай холбогдон гарсан зардлыг тооцолгүй бүтээгдэхүүний борлуулалтын үнийн дүнгээр тооцон олон сая төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Одоогоор нотлох боломжтой байгаа Хишиг маркет гэсэн дэлгүүрийн гэрэлт хаягийн зардал болох 600.000 төгрөг, Хийморь дэлгүүрийн 10 сарын түрээсийн төлбөр болох 3.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Эрдэнэт Фүүдс ХХК-ийн төлөөлөгч Г.Амгаланбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дуламжавын дансанд Баярдуламын шилжүүлсэн 96.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцно. Бартер гэдэг нь Барс дээр байдаг Оюунгэрэл гэж хүн манайхаас байнга гурил авч зардаг, Баярдуламын дэлгүүр нь дан гурил биш сахар, гоймон зэрэг бусад бүтээгдэхүүнийг зарах хэрэгтэй болсон. Тэгээд Оюунгэрэл эгчээс хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг Баярдулам бартераар авч байсан. Энэ тооцоон дээр байгаа бүх барааг Баярдулам бүгдийг нь авч явсан. Тухайн үед Оюунгэрэл эгчтэй ч тэр, Баярдулам өөрөө ч тэр тооцоо нийлсэн тул одоо аваагүй гэж маргах үндэслэлгүй гэв.

Хариуцагч Ч.Баярдулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сард хамгийн анх Эрдэнэт Фүүдс компаниас хамтран ажиллах санал надад тавьсан. Зүүн бүсэд өөрийн нэрийн дэлгүүрүүд нээхээр төлөвлөж байгаа бөгөөд зүүн бүсийн хамгийн наад захын Багануур дүүрэгт дэлгүүрээ байгуулах санал тавьсан. Тухайн үед Алтанхуяг захирал, Лхагва-Орлом гээд маркетингийн албаны дарга ирсэн байсан. Тэгээд хамтарч ажиллахаар болоод 6 дугаар сарын 20 хэдэнд хамгийн анх 5 тонн гурил авчирч өгсөн. Тухайн дэлгүүрийг түрээслүүлж байгаа хүнтэй Лхагва-Орлом эгч ирж уулзаад түрээсийг нь сарын 300.000 төгрөг байхаар тохирч компаниас түрээсийг төлөхөөр болсон. Би 2017 оны 6 дугаар сард эднийхтэй хамтран ажиллах гэрээг байгуулсан. Яагаад би энэ мөнгийг зөвшөөрөхгүй байна вэ гэхээр хамтран ажиллана гэдэг чинь бүх зардлаа буюу түрээсийн төлбөр, бусад урсгал зардлуудыг хувааж төлж явна гэсэн үг гэж ярилцаад өдийг хүртэл явсан. Тухайн үед компани түрээс болон бусад бүх зардлаа хамтран хариуцна гэж ярьсан. Одоо ийм хэмжээний мөнгө надаас нэхээд байгаа нь ойлгомжгүй байна. Хамтран ажиллах тухай аман гэрээ байгуулсан. Бүх зардал гэдэг нь түрээс, урсгал зардлууд буюу дулаан, цахилгаан, хаяг реклам, тээврийн зардал, дэлгүүрт хэрэглэгдэх тоног төхөөрөмж, тавиур зэргийг хамтран хариуцна гэсэн. Эхний ээлжинд алдагдалтай явна, үйлчлүүлэгчдээ татахын тулд үйлдвэрийн үнээр ашиг харахгүй зарна гэж ярилцаж байсан. Би тооцооны дэлгэрэнгүй дээр 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4.000.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4.480.800 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2.140.300 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 7.252.430 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2.570.000, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 6.641.620 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 554.000 төгрөг, тэгээд бас эднийх 2017 оны 7 дугаар сарын 6-нд 10.470.000 төгрөг гэж нэхсэн байгаагаас 4.255.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа, харин 2017 оны 6 дугаар сарын 23-ны 6.215.000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Эрдэнэтфүүдс ХХК-ийн нэхэмжилсэн бараа бүтээгдэхүүний зарлагын падааны гарын үсэг миний гарын үсэг биш, зарим нь баримтгүй мөн бартерын барааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч А.Чойдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 6 дугаар сард Баярдуламтай хамтран ажиллах санал тавьж Эрдэнэтфүүдс компанийн удирдлагууд манайд ирж уулзаж байсан. Тэр хүмүүстэй уулзахад хажууд нь би байсан. Тухайн үед ярьж байсан зүйл нь яг л Баярдуламын ярьсан шиг байсан. Би Баярдуламын хийж байгаа ажилд гэр бүлийн хүний хувьд туслах зорилгоор хүнд ачаа барааг нь зөөх, хүүхдээ харж байх үед нь дэлгүүрт нь суудаг байсан болохоос биш компанид ажиллаагүй. Намайг хариуцагчаар татсаныг ойлгохгүй байна. Энэ компанийг Баярдуламтай хамтран ажиллах үед би Багануур сувилал-д харуулын ажил хийдэг байсан, ээлжээр ажилладаг байсан тул яг амарсан үедээ л би Баярдуламд туслах үүднээс дэлгүүрийн ажилд оролцдог байсан. Би тооцоонд оролцож байгаагүй, зарим үед дэлгүүрт л сууж байсан. Өмнө нь Баярдулам дэлгүүр ажиллуулж байхдаа дэлгүүрт суудаг байсан бөгөөд байнга компани руу мөнгө явуулдаг байсан, нэг удаа намайг компани руу мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гээд байхаар нь би банкаар мөнгө шилжүүлж байсан. Тухайн үед би ээлжийн ажилтай байсан тул Баярдуламын компанитай хамтран ажилласан санхүүгийн талын процессийг нарийн сайн мэдэхгүй гэв.

Хариуцагч Ч.Баярдулам шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрдэнэт фүүдс ХХК-ийн удирдлагуудын хүсэлтээр бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, борлуулалтын явцад гаргасан зардлыг хамтран хариуцахаар тохиролцон хамтран ажиллаж байсан. Компанийн эрх бүхий ажилтнууд надтай удаа дараа уулзаж ярилцахдаа компанийн нэрийн дэлгүүрийг Багануур дүүрэгт нээж ажиллуулах, энэхүү дэлгүүрийг эрхлэн ажиллуулах үүргийг Ч.Баярдулам би хүлээх, дэлгүүр ажиллуулахтай холбогдон гарах зардлыг Эрдэнэт фүүдс ХХК хариуцахаар тохиролцсон. Иймд дэлгүүр ажиллуулахтай холбогдон гарсан зардал болох Хишиг маркет гэсэн дэлгүүрийн нэрийн гэрэлт хаягийн зардал 600.000 төгрөг, Хийморь дэлгүүрийн 10 сарын түрээсийн төлбөр 3.000.000 төгрөг нийт 3.600.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баярдуламын дэлгүүрийн түрээсийг манайх төлнө гэсэн ямар ч гэрээ байхгүй, тийм учраас түрээсийн төлбөрийг манайх төлөх боломжгүй. Манайх борлуулагч нарын түрээсийг өмнөөс нь төлөхгүй, мөн хаяг рекламыг төлөх боломжгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эрдэнэт Фүүдс ХХК нь хариуцагч Ч.Баярдуламд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 37.628.550 төгрөг, алданги 18.764.275 төгрөг нийт 56.392.825 төгрөг гаргуулах тухай, хариуцагч Ч.Баярдулам нь Эрдэнэт Фүүдс ХХК-д холбогдуулан 3.600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа 96.000 төгрөгөөр багасгаж, 56.296.825 төгрөг нэхэмжилсэн болно.

Зохигчид нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, нэхэмжлэгч үндэслэл тайрбарлахдаа Баярдуламын ажиллуулж байсан дэлгүүр Эрдэнэт Фүүдс ХХК-ийн дэлгүүр биш учраас өөрөө хариуцлага хүлээх ёстой. Манайх борлуулагч нарын түрээс болон хаяг рекламыг төлөх боломжгүй гэж, хариуцагч үндэслэлээ тайлбарлахдаа Эрдэнэт Фүүдс ХХК-д гурилын үнэд 83.313.950 төгрөгийг төлсөн, 33.893.350 төгрөгийн гурил бартерын бараа аваагүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч тал 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 31/17 дугаартай Бэлэн бүтээгдэхүүн худалдах, худалдан авч борлуулах гэрээт борлуулагчийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээнд хариуцагчийн гарын үсэг зурагдаагүй, хуульд заасан бичгээр байгуулах гэрээний шаардлагыг хангаагүй байх тул уг гэрээг байгуулсан гэж үзэх боломжгүй юм. Гэсэн хэдий ч талуудын хооронд үүссэн харилцаанаас харахад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гурил худалдсан, хариуцагч гурил худалдан авч үнийг төлж байсан байна.

Зохигчийн хооронд худалдан авсан үлдэгдэл гурилын үнийг төлж барагдуулах талаар тооцоо нийлсэн баримт үйлдэгдсэн байгаа боловч тухайн баримтан дээр Баярдулам өөрөө гарын үсэг зураагүй, түүний гэр бүлийн хүн болох Чойдорж гарын үсгээ зурж баталгаажуулсаныг Баярдулам хүлээн зөвшөөрөөгүй. Түүнчлэн Эрдэнэт Фүүдс ХХК-ийн тооцооны дэлгэрэнгүй баримтаас 2017.8.17-ний өдрийн 4.000.000 төгрөгийн зарлага бүхий падаан, 2017.8.21-ний өдрийн 4.480.000 төгрөгийн зарлага бүхий падаан, 2017.11.10-ны өдрийн 2.570.000 төгрөгийн зарлага, 2017.11.17-ны өдрийн 2.000.000 төгрөгийн зарлага, 2017.9.19-ний өдрийн 2.140.300 төгрөгийн бартерын бараа, 2017.10.28-ны өдрийн 7.252.430 төгрөгийн бартерын бараа, 2018.01.10-ны өдрийн 6.641.620 төгрөгийн бартерын бараа, 2018.3.31-ний өдрийн 554.000 төгрөгийн бартерын бараа, 2017.7.6-ны өдрийн 10.470.000 төгрөгийн зарлагаас 4.255.000 төгрөгийн зарлагыг нь зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг.

Хариуцагчийн хүсэлтээр Авлага, өглөгийн тулган баталгаажуулалт, тооцоо нийлсэн акт /хх-27/, 2017.8.17-ны өдрийн 4.000.000 төгрөгийн зарлагын падаан, 2017.8.21-ний өдрийн 4.480.000 төгрөгийн зарлагын падаан зэрэгт зурагдсан Ч.Баярдуламын гарын үсэгт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2410 дугаартай, 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3107 дугаартай, 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3546 дугаартай шинжээчийн дүгнэлтэд .., гарын үсэг нь Ч.Баярдуламын гэх гарын үсгийн загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт тус тус гарсан.

Эрдэнэт Фүүдс ХХК нь үйл баримтад холбоотой зарим баримтыг шүүхэд өгөөгүй, бартерын барааны баримт байхгүй, тооцоо нийлсэн акт байгаа гэж тайлбарладаг ба уг тооцоо нийлсэн акт болон нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Эрдэнэт Фүүдс ХХК, Ч.Баярдулам нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул алданги нэхэмжлэх эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Хариуцагч А.Чойдорж нь тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан, өөрийн гарын үсэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч зөвхөн тооцоо нийлсэн актыг үндэслэн хэрэг маргааныг шийдвэрлэх нь шударга ёсны зарчимд үл нийцэх төдийгүй Эрдэнэт Фүүдс ХХК, А.Чойдорж нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж шууд дүгнэх боломжгүй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3.639.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэт Фүүдс ХХК-д олгож, шинжээчийн дүгнэлтээр Баярдуламын гарын үсэг биш гэж гарсан 2017.8.17-ны өдрийн 4.000.000 төгрөг, 2017.8.21-ний өдрийн 4.480.000 төгрөгийн зарлагын падаан, баримт байхгүй гэх 2017.11.10-ны өдрийн 2.570.000 төгрөг, 2017.11.17-ны 2.000.000 төгрөг, 4.255.000 төгрөгийн зарлага, бартерын бараа, 2017.9.19-ний өдрийн 2.140.300 төгрөгийн бартерын бараа, 2017.10.28-ны өдрийн 7.252.430 төгрөгийн бартерын бараа, 2018.01.10-ны өдрийн 6.641.620 төгрөгийн бартерын бараа, 2018.3.31-ний өдрийн 554.000 төгрөгийн бартерын бараа нийт 33.893.350 төгрөг, алданги 18.764.275 төгрөгийн шаардлага болон Чойдоржид холбогдуулан гаргасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Ч.Баярдулам нь байр түрээслэж үйл ажиллагаа явуулсан байрны түрээс, хаяг рекламын төлбөр 3.600.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

Эрдэнэт Фүүдс ХХК нь гэрээт борлуулагчийн үйл ажиллагаа явуулах байрны түрээсийн төлбөр болон хаяг рекламыг хийж өгнө гэж тохироогүй гэж тайлбарладаг, харин Ч.Баярдулам нь Эрдэнэт Фүүдс ХХК нь дэлгүүрийн түрээс болон хаяг рекламын мөнгийг төлнө гэж тохирсон гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгч байгууллага уг төлбөрийг төлөх талаар аман болон бичгээр тохирсон ямар нэгэн нотлох баримтгүй байна. Хариуцагч нь өөрийн худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг борлуулахын тулд байр түрээслэж, хаяг реклам хийлгэсэн нь хариуцагчаас гарах зайлшгүй зардал байх тул нэхэмжлэгчээс уг төлбөрийг гаргуулах боломжгүй юм. Хэдийгээр гэрч Л.Оюунцэцэг, Ц.Лхагва-Орлом нар нь түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч тал төлнө гэж ярилцаж байсан гэж мэдүүлдэг боловч гэрч нарын мэдүүлэг давхар баримтаар нотлогдоогүй, түрээсийн гэрээ хуульд заасан үндэслэлээр байгуулагдаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 3.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагчийн хүсэлтээр Эрдэнэт Фүүдс ХХК-ийн санхүүгийн баримт болох зарлагын падаанд шинжилгээ хийлгэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба шүүх хуралдаанд дахин нотлох баримтаар шинжлэн судлуулах шаардлагагүй гэсэн тул талуудын хүсэлтээр 15 хавтас санхүүгийн баримтыг нэхэмжлэгчид буцаасан болохыг дурдах зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжид төлсөн 439.915 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 87.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3.639.200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73.177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Урианхад овогт Чинбатын Баярдуламаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 3.639.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эрдэнэт Фүүдс ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33.893.350 төгрөг, алданги 18.764.275 төгрөг, хариуцагч Ч.Баярдуламын түрээсийн төлбөр 3.600.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч А.Чойдоржид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439.915 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 87.500 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Баярдуламаас 73.177 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эрдэнэт Фүүдс ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ