| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзайн Манлайбаатар |
| Хэргийн индекс | 166/2021/0017/Э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2021-04-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 24
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2021/0017/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч, Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ч.Мядагбадам /онлайн/
Хохирогч Н.Э- /онлайн/
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Ганзориг /онлайн/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар /онлайн/
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн Б-д холбогдох, 2118000000011 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. ********** регистрийн дугаартай, Б- овогт Б-ийн Б-.
Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 10 дугаар байрны 01 тоотод иргэн Н.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл хэвлийн хөндийн цусан хураа, сэмж, нарийн гэдэсний цоорол, чацархайн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Б- овогт Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Б-д 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Н.Э- давж заалдах гомдолдоо:
Хохирогч Н.Э- миний бие мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд мэдүүлэхдээ цаашид ямар эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна, Б.Б-д гомдолтой байгаагаа болон одоохондоо нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлдэг. Учир нь нэг мөсөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө холбогдох баримтын хамт нэхэмжилж болдог учраас шүүх хуралдаан дээр гаргаж өгөхөөр бодож байсан. Мөн шүүх шийтгэх тогтоолдоо /5-р хуудас/ хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн байна, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байна гэж дүгнэдэг. Гэтэл би хохирогчийн хувьд шүүгдэгч Б.Б-тай эвлэрсэн, уучилсан зүйл огт байхгүй байхад ямар нотлох баримт үндэслэж эвлэрсэн гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” мөн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 53 дугаар захирамжийн үндэслэх хэсгийн 2, 5-т шүүх хуралдааны товыг надад мэдэгдэхийг шүүгчийн туслахад үүрэг болгосон байхад надад огт мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийсэн нь хохирогч миний шүүх хуралдаан оролцох эрхийг зөрчиж, шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байдаг.
Иймд хэт нэг талыг барьж шүүгдэгчид ашигтайгаар, надад хохиролтой миний эрхийг зөрчсөн Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
Жич: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Н.Э- /9516-1897/, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг/9919-0475/ бид оролцох тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.Э- тайлбартаа:
Миний бие шүүгдэгчтэй эвлэрээгүй. Мөн анхан шатны шүүх хурал болсныг мэдээгүй бөгөөд анхан шатны шүүхээс надад шүүх хуралдааны товыг мэдэгдээгүйд гомдолтой байна. Шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох хүсэлттэй байсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ө.Ганзориг тайлбартаа:
Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүй шүүх хуралдааныг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүгчийн туслах тов мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдаан хойшлоод дахин тов мэдэгдэх байтал огт мэдэгдээгүй гомдолтой байна. Энэ үйлдэл нь шийтгэх тогтоолд ноцтой нөлөөлсөн гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байхгүй. Шүүгчийн туслах шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэдэг тайлбарыг өгч байсан. Иймд шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн 10 дугаар байрны 01 тоотод иргэн Н.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл хэвлийн хөндийн цусан хураа, сэмж, нарийн гэдэсний цоорол, чацархайн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж шүүгдэгч Боржигон овогт Б-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгөөр торгож шийтгэжээ.
Анхан шатны шүүх хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан тусгай журмаас гадна мөн хуульд заасан ердийн журмыг баримтлан шийдвэрлэх ёстой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт: Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагааг зохицуулсан ба мөн хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “... хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ хохирогч Н.Э-од шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааныг хийж, түүний шүүх хуралдаанд оролцож эрх ашиг сонирхлоо хамгаалах, тайлбар гаргах эрхийг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хохирогчийн эрхийг нь хангаагүй, хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзээд хэргийн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-ийн Б-д холбогдох, 2118000000011 дугаартай, 1 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Хохирогч Н.Э-ын гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.
4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР